Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1599

 

 

Ц.Гаамаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Гаамаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-д холбогдох

 

Эмчилгээний төлбөрт илүү төлсөн 683 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бумдарь,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэдэвгалсан овогтой Гаамаа нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн нөхөр Банзрагчийн Энхтүвшинг “Элэг” эмнэлгийн доктор, профессор, хүний гавъят эмч Дагвадорж гуайд үзүүлж зөвлөгөө авсан юм. Зөвлөх эмч Дагвадорж нь Гэгээ мед эмнэлэгт очиж цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэ гэсэн. Ингээд Гэгээ мед эмнэлгийн эмч С.Юндэнд үзүүлж хэвтсэн. Миний нөхөр 49 настай, усжилт, ногооролт, элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн ба ногооролтыг цэвэршүүлэх эфферент эмчилгээ буюу аппаратад оруулна гэсэн. Бид 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл энэ эмнэлэгт ердийн хуурай эм ууж, тариа, дусал зэргээр эмчлэгдэж байсан. Энэ хооронд эмнэлгийн зүгээс гоц гойд эмчилгээ хийгээгүй, нарийн шинжилгээ ч аваагүй. Лхагва гарагт 2л ус, баасан гарагт 4л ус Б.Энхтүвшингийн хэвлийн хөндийгөөс авсан. Харин надаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1 350 000 төгрөг бэлнээр авсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4л ус авчихаад дусал ердөө залгаагүй, уураг нөхөж хийгээгүй, хэдэн хуурай эм өгсөн. Цусны бүлэг тогтоогдож, цус хийх гэтэл маш өтгөн цус нь дуслаар дусахгүй, том шприцээр асган цутган байж хүчээр шахсан. Улмаар үхэх нь ойлгомжтой гэж үзэн шууд морфейн тарьсан. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний нөхөр эмчийн буруу эмчилгээнээс болж маш их зовж нас барсан. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийгээгүй. Талийгаачийг хөдөөлүүлчихээд Гэгээ мед эмнэлгийн эмч С.Юндэн, захирал гэх Энхтуяа нартай ярьж төлбөрийн зөрүүгээ тооцъё гэхэд төлбөр нь таарчихсан гэсэн. Гэгээ мед эмнэлэг нь ажлын ямар ч хариуцлагагүй өвчтөнг очсон өдөр нь буюу маргааш нь өлөн бие дээр нь шинжилгээ авч шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хийх байтал 4 хоногийн дараа бие нь муудахад шинжилгээ авч цусны бүлэг тогтоож ажилласан. Шинжилгээний хариуны дагуу эмчилгээний зардал нь гарах байтал шууд их мөнгө нэхэж, хүний өвчинг эдгээх биш мөнгөний хойноос хөөцөлдсөн. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ нь ердөө л энэ. Эмнэлгийн төлбөр нь өдрийн 60 000 төгрөг, эрчимт эмчилгээтэй хүнд 150 000 төгрөгөөр үйлчилдэг тарифтай юм байсан. Надаас 2 500 000 төгрөгөөр эмчилнэ гэхээр би байгаа мөнгө нь 1 350 000 төгрөг байна гээд бэлнээр өгсөн. Энэ эмнэлэгт 5 хоногт эрчимт эмчилгээ хийгдээгүй. Иймд би 5 хоногийн мөнгийг 60 000 төгрөгөөр бодож 300 000 төгрөгийг, цусны шинжилгээний төлбөр 56 500 төгрөг, зүрхний бичлэг 10 000 төгрөг, нийт 666 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин илүү төлсөн 683 500 төгрөгийг Гэгээ мед ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Гаамаа нь “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт холбогдуулж, 1 050 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Түүний нөхөр, талийгаач Б.Энхтүвшин нь тус компанийн эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлж байхдаа нас барсан. Түүний онош нь элэгний хатуурал өвчний хүнд шатанд орсон, эдгэх найдваргүй болоод Чингэлтэй дүүргийн эмнэлгээс гэртээ гарсан байдаг. Манай эмнэлэгт ирж хэвтэхдээ маш хүнд ирсэн бөгөөд гэдэсний усжилт ихтэй комын шинжтэй ирсэн. Манайх өвчтнийг өөрийн эмнэлгийн дотоод журамд заасны дагуу хүлээн авч эмчилсэн ба ямар нэг байдлаар эдгээнэ гэж амлаагүй. Анх эмнэлэгт хэвтэхэд нь эмчлгээ болон эмнэлгийн төлбөрийг ар гэрийнхэнд нь сайн танилцуулсан. Бид эмнэлгийн дотоод журам болон эмчийн ёс зүйг чанд баримтлан эмчилгээ хийсэн. Иймд Ц.Гаамаагийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 1 050 000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг баримтлан “Гэгээ мед” ХХК-иас 600 000 төгрөг гаргуулан Ц.Гаамаад олгож, нэхэмжлэлээс 83 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээ мед ХХК-иас 18 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гаамаад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талийгаачийг анх эмнэлэгт 10 хоногийн хугацаатай эмнэлэгт хэвтэхэд нь нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож гэрээний үнийн дүнг 2 000 000 төгрөгөөр тохирсон байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ үнийн дүнг бүр 2 500 000 төгрөг гэж хүлээн зөвшөөрсөн байна. Зохигчид анх тохирсон 2 000 000 төгрөгийн үнийн дүн дээр маргадаггүй. Үүнийг гэрч ч нотолдог. Гэтэл шүүх гэрээний үнийн дүнг тохироогүй мэтээр дүгнэж санал хүлээн авсан талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Талууд нэгэнт тохиролцоод эмчилгээний нийт зардлыг 2 000 000 төгрөгөөр тохирч нэхэмжлэгч урьдчилгаа болгож 1 350 000 төгрөг төлснөө хүлээн зөвшөөрсөн байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадсангүй гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээ буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ харилцан тохиролцож 2 000 000 төгрөгөөр эмчлүүлэхээр тохиролцсон төлбөрөөсөө илүү төлсөн мөнгө нэхэмжлэгч талд байхгүй байхад илүү төлсөн гэх 683 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний үнээсээ илүү төлсөн гэж байгаа бол тохиролцсон 2 000 000 төгрөгөөсөө илүү төлсөн мөнгийг ойлгоно. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ тухай би хэлсэн. Хэрэв тохиролцсон хөлсөндөө тааруулж эмчилгээ хийгээгүй, хийсэн эмчилгээ нь төлсөн төлбөрөөс нь бага байх юм бол Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэх ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, үндэслэлтэй байсан бол хариуцагч эмчилсэн эмчилгээний зардлаа сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжилж хууль зүйн хувьд талуудын мэтгэлцээн эрх, тэгш явагдах байсан гэж үзэж байна. Гэтэл илүү төлсөн төлбөрт нь эмчилгээ хийгээд байгаа ч юм шиг, нөгөө тал нь тохиролцсон эмчилгээний төлбөрөөсөө илүү төлбөр төлчихсөн ч юм шиг шүүх хуралдааны уур амьсгалан нэг л биш байсныг онцлох хэрэгтэй. /Шүүх хуралдааны тэмдэглэл талуудад танилцуулагдаагүй/ хх-70 талд байгаа өвчтөнд хийсэн эм, тарианы үнийн дүнг тооцоолж гаргасан /1 383 200 төгрөг/ баримтаар нэхэмжлэгчийн тушаасан 1 350 000 төгрөгөнд тохирсон хангалттай эмчилгээг өвчтөнд хийсэн байгаа нь нотлогддог. Энэ бүх эмчилгээг хийж байсан талаар өвчтний эгч ч гэрчээр мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Гаамаа нь хариуцагч “Гэгээ мед” ХХК-д холбогдуулан эмчилгээний төлбөрт илүү төлсөн 683 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт нэхэмжлэгч Ц.Гаамаа нь нөхөр Б.Энхтүвшингийн элэгний хатуурал өвчний улмаас хэвлийн хөндийн усчсан, элэгний ногоорол болсныг цус цэвэршүүлэх эферент эмчилгээ хийлгэхээр хэвтүүлсэн боловч өвчтний биеийн байдлаас хамаарч уг эмчилгээг хийх боломжгүй байсан тул биеийн байдал сайжруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хаван хөөх, зовиур намдаах эмчилгээг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хийсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Талууд цус цэвэршүүлэх эмчилгээг хийлгэхээр тохиролцож төлбөрт 2 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 1 350 000 төгрөг төлсөн, цус цэвэршүүлэх эмчилгээ хийгдээгүй талаар маргахгүй байна. Харин 5 хоногийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт хэдэн төгрөг тооцох талаар талууд маргажээ.

 

Хариуцагч байгууллага эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 1 350 000 төгрөг урьдчилгаанд авсан боловч өвчтөн эмчилгээний явцад нас барж гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн зөрүүг буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч эрчимт эмчилгээ хийгээгүй тул ор хоногийн 60 000 төгрөгийн төлбөрөөр тооцно гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Хэргийн 35 дугаар талд хариуцагч талаас хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүхийг баримтаар өгсөн уг баримтад ор хоногийн мөнгийг 60 000 төгрөгөөр тооцож оруулж ирсэн гэж нэхэмжлэгч маргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын талаарх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт талийгаач Б.Энхтүвшин хэвтэж эмнэлгийн үйлчилгээ авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэг нь нийтэд хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нөгөө талдаа үйлчилгээнийхээ тарифийг санал болгосныг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ.

 

Шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний стандарт нөхцлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хэрэглэгчид ашигтай байдлаар тайлбарлана гэснийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг хооронд харьцуулан үзвэл талийгаач Б.Энхтүвшин элэгний хатуурал өвчний улмаас элэгний дутагдалд орсон тул “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлгийн элэгний хатуурлын үеийн элэгний дутагдал комын эмчилгээг тухайн эмнэлгийн 150 000 төгрөгийн тарифаар 5 хоногийн үйлчилгээ авсан гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн тул буруутгах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Талууд хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсантай холбоотой маргасан байхад шүүх хэрэгт хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, нөгөө талаар хариуцагч хууль хэрэглээний талаар гомдол гаргаагүй тул шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                        

                                      ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ