Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0682

 

 

   “Тб ф ББСБ” ХХК-ийн

 гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.С, хариуцагч Д.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Тб ф ББСБ” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Д.С-д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Тб ф ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Д.С-гийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: “ ... Энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл “Тб ф ББСБ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагаа эрхэлсэн, энэхүү зөрчил нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар илэрч, таслан зогсоогдсон байх тул энэхүү банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчлийг тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гэж” дүгнэсэн байдаг. Уг дүгнэлтээс үзвэл тухайн зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй буюу олон өдөр сар дамжин үйлдэгдсэн гэдэг утгаараа зөвхөн зөрчил үйлдэгдэж эхэлсэн өдрөөр хөөн хэлэлцэх  хугацааг тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.-д зааснаас үзвэл тухайн зөрчил үйлдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх зөрчил үйлдэгдэж эхэлсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

          Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэсэн байх бөгөөд уг заалтын гол агуулга нь зөрчил үйлдсэн буюу зөрчил төгссөн үйлдлээр хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор зохицуулсан зохицуулалт бөгөөд нэг үйлдлээр төгссөн эсхүл нэг өдөрт болж дууссан зөрчилд тухайн өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тогтоох агуулгатай байна.

          Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахи хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасны дагуу “Тб ф ББСБ”-ийн гаргасан зөрчил нь 2013 оны 08 дугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилсэн гэж үзвэл тухайн зөрчлийн үйлдэгдэж дууссан хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж үзэхээр байна.

          Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасны дагуу “Тб ф ББСБ” ХХК-ийн үйлдсэн зөрчил нь 2017 оны 11 дүгээр сарын 15-нд дууссан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусах тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

          Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгосон чиг үүргийн дагуу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэтгээд нь өөрийн салбаар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнууд газар дээрх хяналт, шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 23-ны байдлаар “Тб ф ББСБ” ХХК нь ямарваа нэгэн салбарын зөвшөөрөлгүй байсан.

          Хяналт шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтнуудыг очиход “Тб ф ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр 6 салбар нээн ажиллуулсан зөрчлийг үйлдэж байсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон уг зөрчил нь илтэд зөрчил гэдэг нь холбогдох фото зураг, гадаад валют арилжаа эрхэлсэн төлбөрийн баримт зэргээр нотлогддог. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн түүнчлэн “Тб ф ББСБ” ХХК нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дүгээр тушаалаар батлагдсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Д.С “Тб ф ББСБ” ХХК-ийн үйл ажиллагааны 2015.01.01-ний өдрөөс 2017.11.15-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, мэдээ болон бусад баримтад тулгуурлан хяналт шалгалт хийж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр шийтгэлийн хуудсаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4-д заасныг зөрчиж 2015 оноос хойш хугацаанд хорооны зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн “Тб ф ББСБ” ХХК-д 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... зөрчил үйлдэгдэж эхэлсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасанд нийцээгүй, гомдол гаргагчийн гаргасан зөрчил нь  2013.08.13-2017.11.15-ны өдөр хүртэл үргэлжилсэн, зөрчил илрүүлсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно, зөвшөөрөлгүйгээр 6 салбар нээн ажиллуулсан зөрчлийг үйлдэж байсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон нь илтэд нотлох баримтуудаар нотлогддог тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  ... ” гэжээ.

          Хариуцагч улсын байцаагчийг хяналт шалгалт хийх явцад зөвшөөрөлгүйгээр 6 салбар нээн ажиллуулсан нь гадаад валют арилжаа эрхэлсэн төлбөрийн баримт, оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдсон байх бөгөөд энэхүү зөрчил үйлдэгдсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн атлаа зөрчил таслан зогсоогдоогүй үргэлжилсээр байсан нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж, зөрчилд тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.  

          “Тб ф ББСБ” ХХК-ийн дээрх зөрчил буюу зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан нь 2013 оноос эхэлсэн боловч 2017 оны 11 сард хяналт шалгалт хийх хүртэл таслан зогсоогдоогүй, арилаагүй, хэвээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол  үндэслэлтэй байна.

   Мөн нэгэнт санхүүгийн хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийг дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн нь мөн үндэслэлгүй.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.