Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2024/00053

 

А- сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга (Засаг дарга Ш.А)-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******багт оршин суух “Ц” ХХК-ийн захирал ажилтай, Н овогт Х-ны Б, хамтран хариуцагч ******* багт оршин суух “Ц” ХХК-ийн гишүүн, Н овогт Х.Х нарт холбогдох,

 

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай тухай” иргэний хэргийг хариуцагч Х.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Х.Б, Х.Х нарт А- сумын Хаш багийн нутаг дэвсгэр Бурхад нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №********* тоот гэрчилгээ олгосон байна.

1.2. Иргэн Х.Б, Х.Х нарт Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж байна.

1.3. Иргэн Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, Х.Б, Х.Х нар өмчлүүлсэн Бурхад гэх газар нь А- сумын Газар тариалангийн бүс нутаг-т огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм. 

1.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д ...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэжээ. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б, Х.Х нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д заасныг ноцтой зөрчсөн явдал мөн.

1.5.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар үнээр нь худалдах, эсвэл 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

1.6.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийн ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б, Х.Х нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан ...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэснийг ноцтой зөрчиж байна.

1.7.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан юм. Гэтэл Х.Б, Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар 200 га газрыг газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан атлаа 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг хадлангийн бус хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна.

1.8.Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж хатуу заасан тул Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

1.9.Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б, Х.Х нарт А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасан үндэслэлээр А- сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай А/47 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.10.  Мөн хариуцагч нараас газраа өмчилж авсан тул дархан эрхтэй, тухайн өмчлөх эрхэд хэн ч халдаж чадахгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Өмчлөх эрхийг хязгаарлаж, хүчингүй болгож болдог, энэ талаар хуулийн заалт байгаа.

1.11.Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах гэж заасан байгаа.

1.12.Эдгээр хуулийн заалтын дагуу сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар авсан газрыг уг зориулалтаар ашиглахгүй байгаа нь сумын Засаг даргад нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар өмчлөгч иргэний үүргийг зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар газраа өмчилж авсан бол зөвхөн уг зориулалтаар өмчлөх үүрэг хүлээдэг байгаа.

1.13.Хариуцагчдад уг газарт мод тарих, хадлан бэлдэх зориулалтаар газрыг олгоогүй байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах гэж газар өмчлөгчид хориглох заалтыг заасан. Энэ заалтын дагуу хариуцагч нар 200га газрыг 2008 онд өмчилж авснаас эхлэн газар тариалангийн зориулалтаас бусдаар ашиглахыг хориглосон байгаа.

1.14.Сумын Засаг даргад ард иргэдээс ажил хүсэх тухай, газар олгох тухай өргөдөл их ирдэг. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлнэ гэж заасан. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй ба тэд өмчлөлд авсан газрын суурь үнэ болох 230,770,200 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 5.1, 8.1-т заасан заалтыг ноцтой зөрчсөн.

1.15.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх тохиолдолд Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т зааснаар үнээр нь худалдах эсхүл, 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх ёстой байтал хариуцагч нарт тухайн маргаан бүхий газрыг А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

1.16.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэлгээ 230.770.200 төгрөг байна. Гэвч Х.Б, Х.Х нар нь газрын суурь үнийг одоо хүртэл төлөөгүйн Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан Иргэн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авсан газрын үнийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэх заалтыг зөрчиж байна.

1.17.Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах гэж заасан. Гэтэл хариуцагч Х.Б, Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар газар тариалангийн зориулалтаар 200 га газар өмчилж авсан атлаа 2008 оноос хойш өнөөг хүртэл тухайн газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй, үр тариа тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй. Харин тухайн газраас байгалийн өвсийг хадаж, худалдан борлуулж ашиг олж байна.

1.18.Хариуцагч нар уг газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглахгүй байвал 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хуулийн хориглох заалтыг зөрчиж ирсэн гэсэн үг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэж хуулийн хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохоор зааж өгсөн. Газрыг хураан авах нэхэмжлэлийг Засаг дарга гаргахаар заасан тул нэхэмжлэл гаргасан.

1.19.Хариуцагч нар өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь 2020 оны Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн удаа дараагийн гаргасан шийдвэр, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа.

1.20.Хариуцагчийн зүгээс “Ц” компанийн мод тарина, амралтын газар байгуулна зэрэг төсөл боловсруулсан байна. Энэ нь өнөөдрийн хэрэг маргаан, уг газрыг зориулалтаар ашиглахад ямар ч холбоо хамааралгүй. 2019 онд анх маргаан гарахад мөн адилхан алимын мод, чацарганын мод тарина зэргээр тайлбарлаж байсан. Үүнээс одоо биелэгдсэн зүйл байхгүй байна. Тоног төхөөрөмж худалдаж авсан гэж хавтаст хэрэгт зураг хавсаргасан байна. Уг техник, тоног төхөөрөмж хариуцагч нарын тоног төхөөрөмж мөн эсэх нь эргэлзээтэй, бусад хүний тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан байж болно. Уг техник хэрэгслүүд өөрийн гэдгийг нотлох баримт, техникийн гэрчилгээ байх ёстой, үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй юм байна.

1.21.Хариуцагч уг өмчлөлийн газарт компани байгуулан 10-аад хүнийг ажиллуулж байгаа гэж мэдүүлж байгаа ч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цалин олгож байгаа талаар баримтаа ирүүлээгүй, дандаа хуурамч нотлох баримт бүрдүүлдэг.

1.22.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Монгол Улсын иргэнд ахуйн зориулалтаар 0,07 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлж, бусад зориулалтаар, мөн хэмжээ нь 0,07 га газраас их бол дуудлага худалдаагаар худалдахаар заасан байхад өмнөх Засаг дарга байсан М.Нурахмет, хариуцагчийн хамт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн байна.

1.23.Сумын иргэдэд хадлангийн газар олдохгүй байхад 2 хүнд 200 га газрыг өмчлүүлсэн хэрэг зохимжтой шийдвэр бэ гэдэг асуулт бий. Мөн уг газраа зориулалтаар нь ашиглахгүй байна.

1.24.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хариу тайлбарт:

2.1.А- сумын Засаг дарга асан С.Б-ийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/47 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй. Өмчилсөн газрыг хууль зөрсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг.

2.2.Хариуцагч Х.Х бид хоёр А- сумын Хаш 1-р багийн нутаг болох Бурхад хэмээх газраас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан. Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий Бурхад хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос А- сумын Хаш 1-р багт харьяалагдах болсон түүхтэй.

2.3.Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн хашаа, саравч, эргүүлэгтэй худаг, склад, халуун ус, өвсний фондын чулуу хашаа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдэн хэрэглэж байгаа.

2.4.Тэрнээс хойш Бурхад толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй, чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацаргана томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгийн) ХХААХҮЯамны ЖДҮХСанд болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа. Доод хэсэгт миний аав болох А-ийн Х-ны өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Бурхадад) Х гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Бурхад гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой байгаа юм.

2.5.Бурхад хэмээх газар газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан.

2.6.Иймээс 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж ХААГазар, ХХААЯам, УИХ-ын ХХАА-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн Ц ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, МАА, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Бурхадад амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Х-ны айлын Х.Б, Х.Х нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан.

2.7.Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын ХАА-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн **********тоот гэрчилгээг олгосон.

2.8.Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модон ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх халдлагаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж Бурхад хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан.

2.9.Санхүүгийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа, татвар төлөгдөж байгаа, ямаа, тэмээний ферм байгуулсан, жил болгон зохих дээд шатны газарт хүсэлт явуулж байгаа. Байгал орчны сайдын фермерийн аж ахуй тасралтгүй явуулах боломжтой гэх дүгнэлт, тухайн газар өмчилж авснаас өмнө болон өмчилж авсны дараа газрын төлөв байдлын өөрчлөлтийн зураг зэрэг нотлох баримтууд байгаа. Зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэх ямар ч боломжгүй юм.

2.10.Маргаан бүхий газрыг 2008 онд өмчилж авсны дараа тухайн газрын төрх байдал өөрчлөгдсөн. Бид хүч хөдөлмөр зарцуулсан. Усалгаа хийх гээд ус гаргаж чадахгүй 2-3 жил явсан. Баян-Өлгий аймаг болон Ховд аймгаас мэргэжлийн хүн аваачиж, шуудуу татаж байсан. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотой Ховд голын усны нөөц нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн 3-4 жил устай болсон. Бидний гаргасан шуудуу гол урсах хэмжээний болсон. Уг газрын өнгө төрх 2008 онд анх өмчилж авснаас өөрчлөгдсөн. Чулуу багасаж, ялзмагийн агууламж багассан учир зориулалтын дагуу усалгаа хийгээд фермерээ байгуулаад компани үйл ажиллагаа явуулж байна.

2.11.Манай Ц ХХК нь улсын бүртгэл болон татварын албанд бүртгэлтэй, жилд нэг удаа санхүүгийн тайлан өгдөг. Мөн татварын тайлан өгч татвар төлдөг. Тухайн газарт амьдарч байгаа 4-5 айл хувь нийлүүлж Ц ХХК-ийг байгуулсан. Тэмээ, ямааны энгийн ферм ажиллуулж байгаа. Жил бүр мал тоолуулдаг. Бид Ховд аймгаас 2 удаа тэмээ худалдаж авсан. Мөн Ховд аймгаас 1000 толгой ямаа авчирсан. Ховд аймгаас эхний удаа 60 тэмээ, дараа нь 40 тэмээ худалдаж авчирсан. Эхний удаа авчирсан тэмээнийхээ талыг нь Хозыбай гэх хүнд худалдсан. Тухайн үед бидний явуулж байгаа бодит үйл ажиллагааг үнэлээд А- сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчийн хурал, газрын даамал, байгаль орчны байцаагч нар бид нарын гаргасан хүсэлтийг хянаж үзээд шийдвэр гаргасан.

2.12.Бид уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгийг татвар төлж байгаа баримт бичиг болон холбогдох нотлох баримтуудыг хараад мэдэх ёстой. Компани байгуулаад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байхад нэхэмжлэгч зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэж хэлэх ёсгүй. Нэхэмжлэгч төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлж байгаа хүн. Бид нарыг компанитай, хэдэн тооны мал хөрөнгөтэй, ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдгийг мэдэж байгаа атлаа зориуд ингэж хандаж байгаа гэж үзэж байна.

2.13.Би улсын бүртгэлийн гэрчилгээг өөрөө үйлдэж авах боломжгүй. Улсын бүртгэлийн хэлтэс албан ёсны эрхийн актыг үндэслээд гэрчилгээ бичиж өгдөг гэдгийг хэлмээр байна. Үүнийг саяхан Захиргааны хэргийн шүүх нотолсон. Тухайн газар чацарганын мод тарих, хүнсний ногоо тарих асуудал шууд санхүүжилттэй холбоотой. Би 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хөтөлбөр боловсруулаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газарт өгч байсан боловч шийдэгдээгүй. Хэрэв тэр төсөл хэрэгжсэн бол Өвөрхангай аймгийг Хархорин чацаргана компанитай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий газарт чацарганын цэцэрлэг байгуулах байсан.

2.14.Компани байгуулаад мал аж ахуй, фермерийн үйл ажиллагааг эрхлээд явж байна. Анх газрыг өмчилж авах үед 5-6 машин өвс хаддаг байсан. Бид тухайн газрыг хамгаалж, усалсны үндсэн дээр одоо тухайн газраас 100 гаруй машин өвс хаддаг болсон. Бид ой модыг хамгаалж, тухайн газарт эзэн болсны үндсэн дээр 100 гаруй өвс хаддаг болсон. Би ард иргэдийг хөөсөн асуудал байхгүй. Хэрэв ийм асуудал байвал шүүхэд хандах ёстой.

2.15.Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн байна уу, хууль бус өмчлүүлсэн байна уу, хуулийн дагуу өмчлүүлсэн эсэх талаар Захиргааны хэргийн шүүхийн шүүх хоёр удаа манай талд шийдвэр гаргасан.

2.16.Google map-аас 2003 оны сансар авсан зураг бий. Тухайн зургаас харвал Ховд гол фермийн байгууламжаас нэлээд зайтай байгаа нь харагддаг. 2019 оны үерээс шалтгаалан тухайн газарт жижиг гол, цөөрөм бий болсон байдаг. Шинжээчид тухайн хашаанд байсан байр, хүн, мал нь яагаад одоо тухайн газарт байхгүй байгааг нягтлаагүй байна. Гол бий болсон тул тухайн газарт байсан байрнуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Иймд тухайн гол өөрөө сүүлд бий болсон тул усны асуудал зөрчигдсөн гэх үндэслэлгүй байгаа. Байгал орчны шинжээч Болатханы дүгнэлт нь бас буруу, зөрүүтэй гарсан. Байгал, орчин аялал жуулчлалын газрын ерөнхий шинжээч Мандатын дүгнэлтээр Фермер байгуулах бүрэн боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. 2022 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэмжлэгээр 5га газарт төмс, хүнсний ногоо тариалах жагсаалтад багтааж, санхүүжилт олгохоор болсон ч санхүүжилт одоогоор олгогдоогүй байгаа.

2.17.Мал аж ахуй фермерийн үйл ажиллагаанаас тогтмол татвар төлж байгаа. Анхнаасаа тариалангийн зориулалттай газар биш, хадлангийн зориулалттай газар байсан. Газар тариалангийн хувьд энэ жилээс хийхээр төлөвлөж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын яамд байгаа төсөл Байгал орчин, аялал жуулчлалын яамд уламжлагдаж байгаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд энэ жил 50 га-д чацаргана тариалах гэрээ, хэлэлцээр хийж, Өвөрхангай аймгийн компаниас 83,000 ширхэг суулгац худалдаж авахаар болсон.

2.18.Уг төслийг Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Ойн ангитай хамтран хэрэгжүүлэхээр болж байгаа. 2022 онд Байгал орчин, аялал жуулчлалын газраас бүх сумдад чацаргана тариалахыг хүссэн албан бичиг манай аймгийн бүх сумдад хүргүүлсэн байдаг ч санхүүжилт нь олгогдоогүй тул энэ жилээс чацарганын суулгац авахаар болсон. Тухайн газрыг өмчилж авснаас хойш фермерийн аж ахуй эрхэлж байгаа. Газрыг өмчилж авсны дараахан Ховд аймгаас 37, Увс аймгаас 20 гаруй толгой тэмээ авч ирж үржүүлж 2 жилийн дотор тэмээний тоог 80 толгойд хүргүүлсэн байгаа. Уг тэмээн сүргээсээ 30 толгой тэмээг Их булан гэх газарт байдаг тэмээ үржүүлэх сонирхолтой хүн худалдсан байдаг. Тэмээний сүү, хоормог, тэмээний ноос зэргийг захад байнга нийлүүлдэг байгаа.

2.19.Манай компани 5 гишүүнтэй. Манай компани 2008 онд байгуулагдаж, тухайн жилдээ газар өмчилж авсан байдаг. Компанийн 5 гишүүн нь 5 малчин гэж ойлгож болно. Манай эцэг, эх олон жил нутагласан болохоор уг газрыг давуу эрхтэйгээр өмчилсөн, уг газарт биднээс өөр этгээдийн эрх үүсээгүй байгаа. Тухайн газраас хадлан авдаг 3-4 хүн байдаг. Тухайн хүмүүсийг миний өмчлөл газраас хадлан авсан гэж хэд хэдэн удаа хадлан авахыг нь хорьсон үе байгаа.

2.20.Байгаль орчин аялал жуулчлалын яамд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга явуулсан бичигтээ ...Тус аймгийн А- сумд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК нь 2022 онд Засгийн газраас зарласан тариаланчдад олгох 3 хувийн зээлд хамрагдсан боловч санхүүжиж чадаагүй нь үнэн болно. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд уг компани өөрийн өмчлөлийн газрын 50 га-д чацаргана, 5 га-д төмс тариалахаар төсөл боловсруулж яамд хүргүүлсэн тул дэмжиж өгнө үү... гэх бичиг өгсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл манай компанийн үйл ажиллагаа зогсох, доголдох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.

2.21.Иймд өмчлөлийн газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага, зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрээр:

3.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Н овогт Х-ны Б, Н овогт Х-ны Х нарт Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаар захирамжаар фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ********** дугаартай, улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэгдсэн, Баян-Өлгий аймгийн А- сумын 1 дүгээр баг, Бурхад гэх газарт байрлах 200 га газрыг хурааж,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нараас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож. шийдвэрлэжээ.   

 

            4. Хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Х.Бын давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрийг 2024.04.09-ний өдөр гардан авч, тус шийдвэрийг эс зөвшөөрсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэснийг үндэслэн хариуцагч бөгөөд хариуцагч Х.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б миний бие энэхүү давж заалдах гомдлыг хуулийн хугацаанд гаргаж байна.

4.2. Энэ нь: Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэг /13-14-р хуудас/-ийн: 9.14 Хариуцагч Х.Б, Х.Х нарын үүсгэн байгуулсан “Ц”ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлаагаагаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023.01.12-ны өдрийн 65 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн байна. Энэхүү “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд:

1. Регистрийн дугаар: ******.

2. Хуулийн этгээдийн нэр: “Ц”

3. Үндсэн мэдээлэл: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2008.03.31-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн.

4. Хуулийн этгээдийн төрөл: “Ашгийн төлөө”

5. Хуулийн этгээдийн хэлбэр: ХХК.

6. Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр: Хувийн

7. Үүсгэн байгуулсан баримт бичиг: Дүрэм

8. Дүрмийн он, сар, өдөр: 2008.03.27

9. Шийдвэрийн дугаар: 01

10. Хаягийн мэдээлэл: Баян-Өлгий аймгийн А- сумын 1-р баг. Хаш.

11. Утас: *********.

12. Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл:

 

Д/д

Хувьцаа эзэмшигчийн

овог, нэр

Хувьцааны  хэлбэр

Хувьцааны тоо

 

1

Х. А

энгийн

25.000

2

Х .Х

энгийн

25.000

3

Х. М

энгийн

25.000

4

Х. Ба

энгийн

25.000

5

Х. Б

энгийн

30.000

 

Бүгд

энгийн

120.000

 

13. Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл: Захирал Х Б. 2008.03.31-ний өдөр бүртгэсэн.

14. Үүсгэн байгуулагчдын мэдээлэл: Үүсгэн байгуулагчдыг 2008.03.31-ний өдөр бүртгэсэн. Овог нэрс:

           

1

Х. А

2

Х. Х

3

Х. М

4

Х. Ба

5

Х Б

 

15. Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл: бүртгэсэн огноо:2008.03.31

 

Д/д

Код

Эрхлэх үйл ажиллагаа

 

1

0150

Газар тариалан, мал аж ахуй хослох.

2

0141

Таван хошуу мал, цаа буга, сүүний ферм.

3

0210

Ойн аж ахуй, мод бэлтгэл.

 

 

16. Мөн шийдвэрийн 1.1.-д “Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А- сумын 1-р баг. Бурхад гэдэг газраас ********** нэгж талбарын дугаартай, “фермер байгуулах, газар тариалан”-гийн зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-************ дугаарт бүртгэж, 2008.05.22-ны өдөр олгосон ********* дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас анх олгосон гэжээ.

17. Шүүхээс “Газрыг зориулалтаар ашиглах үүргээ биелүүлээгүй, фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалт бусаар буюу хадлангийн талбай болгон ашиглаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А- сумын 1-р баг. Бурхад гэдэг газраас ********** нэгж талбарын дугаартай, “фермер байгуулах, газар тариалан”-гийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-************ дугаарт бүртгэж, 2008.05.22-ны өдөр анх олгосон ********* дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд бичигдсэн өмчлөлийн 200 га газрыг хурааж шийдвэрлэсэн.

4.3. Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А- сумын 1-р баг. Бурхад гэдэг газраас ********** нэгж талбарын дугаартай, “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-************ дугаарт бүртгэж, 2017.09.21-ний өдөр олгосон ************ дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас гэмтээсэн гэрчилгээг шинэчилж дахин олгосон. Энэхүү дахин олгосон гэрчилгээг баталгаажуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар хуулийн хучин төгөлдөр болсон шийдвэрийн 6. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 6.1. ...Дараа нь 2017.09.21-ний өдөр гэмтээсэн гэрчилгээг дахин олгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэж бүртгэсэн, улсын бүртгэлийн мэдээллийн санд хориглолт хийх талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр ирүүлээгүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй юм. Мөн “6.2. Нэмж тайлбарлахад нэхэмжлэгч нар шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хууль бус гарсан, тухайн бүртгэлийг хүчингүй болгох талаар аливаа өргөдөл гомдол гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ” гэжээ.

Энэхүү сүүлд олгосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр баталгаажсан хүчинтэй байгаа ************ дугаартай гэрчилгээний өмчлөлийн буюу “Гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалттай 200 га газрыг “зориулалтын дагуу ашиглахгүй байгаа” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль, эрх зүйн үндэслэл байх боломжгүй учраас “Гэр бүлийн хэрэгцээ”-ний буюу өмчлөлийн 200 га газрыг хураах шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр гэж үзэхээргүй байна. Учир нь өмчлөлийн буюу Гэр бүлийн хэрэгцээ”-ний гэх 200 га газрыг чухам ямар зориулалтаар, яаж, юунд ашиглах нь өөрөөр хэлбэл фермер байгуулах уу, газар тариалан эрхлэх үү, хадлан хадах уу, жимс , ногоо тарих эсэх нь зөвхөн дан ганц тухайн гэр бүлийн бүрэн эрхийн, өөрсдийн дотоод асуудал болохоос бусдын эрх ашиг хөндөгдсөн гэхэд хамрагдах, эсхүл ямар нэгэн зориулалтаар ашиглах эсэх, эсхүл хэн нэгний хөндлөнгөөс шаардах шаардлага огтхон ч биш асуудал байгаа.

4.4. Мөн өмчлөлийн буюу “Гэр бүлийн хэрэгцээ”-ний газрыг хураах тухай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тусгасан, зохицуулсан журам огт байхгүй байна. Гэтэл шүүхээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн “27.2.Газар өмчлөгч иргэн дараах үүрэг хүлээнэ. 27.2.2.газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах. 28 дугаар зүйл.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл. 28.1.4. газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах” заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн хуулийн “35 дугаар зүйл /Иргэний өмчийн газрыг хураах/-ийн 35.1.Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно.” гэснийг баримтлан “гэр бүлийн хэрэгцээ”-ний буюу өмчлүүлсэн 200 га газрыг хураасугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий хууль ёсны бус шийдвэр гэж үзэхээр байна.

4.5. Шүүхээс хэрэглэсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хууль хэрэглээний шаардлага, зохицуулалтыг шинжлэн судалбал: 28 дугаар зүйл.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл..., 29 дүгээр зүйл. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дээрх холбогдох зүйл, заалтыг шүүхээс хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн ба хууль хэрэглээний журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь мөн хуулийн “27.2.Газар өмчлөгч иргэн дараах үүрэг хүлээнэ. 27.2.2 газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах, 28 дугаар зүйл.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл. 28.1.4 газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах” гэсэн болохоос “гэр бүлийн хэрэгцээ”-ний гэж тусгаагүй байна. Мөн хуулийн “28 дугаар зүйл.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл ...гэсэн хуулийн утга, агуулга, зорилт нь хуулийн хүчинтэй байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-************ дугаарт бүртгэж, 2017.09.21-ний өдөр олгосон ************ дугаартай “гэр бүлийн хэрэгцээ”-ний гэж тусгасан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд үйлчлэл үзүүлэх, түүнд холбогдох, хамрагдах зохицуулалт хэрхэвч биш гэж үзэхээр байна.

4.6. Мөн хуулийн 35 дугаар зүйл /Иргэний өмчийн газрыг хураах/-ийн “35.1.Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно.гэх нь зөвхөн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хамааруулахаас бус өмчлөгч этгээд буюу “гэр бүлийн хэрэгцээ”-ний нөхцөл, шаардлагад үл хамрагдахаар зохицуулсан заалтыг илт зөрчсөн гэж үзэхээр байна.

4.7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Миний бие энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг маань Захиргааны болон иргэний хэргийн шүүхэд удаа дараа шийдвэрлэгдсэн. Монгол Улсын Дээд шүүх хүртэл хяналтын журмаар хянуулж шүүхийн тогтоол гарсан.  Нэхэмжлэлийн шаардлага нь зориулалтын бусаар өмчилсөн газрыг хураах тухай байсан. Хариуцагч Х.Б, Х.Х нар Баян-Өлгий аймгийн А- сумын  1 дүгээр баг  Бурхад гэх газраас А- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар фермер байгуулах газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлөлдөө авсан. Өнөөдөр хүртэл маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон. Дараах нотлох баримтуудаар тогтоогдсон шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.  

5.2. Мөн хариуцагч 200 га газрыг газар тариалан эрхлэх зориулалтаар авсан боловч тухай газарт хөрөнгө оруулалт оруулах асуудал нь шийдэгдээгүй болохоор газар тариаланг эрхэлж чадаагүй юм гэж хариу тайлбар өгсөн байсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх  хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан. Тэгэхээр газар өмчлүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргадаг. Газар өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа гэрчилгээ өөрөө газар өмчлүүлж байгаа шийдвэр биш юм. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Газар өмчлүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга зөвхөн захирамж гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Өнөөдөр 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн газар өмчлүүлэх тухай  А- сумын Засаг даргын захирамжид заасан асуудал шийдэгдэх ёстой. Энийг үндэслэж Иргэний бүртгэлийн байгууллага Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар газар өмчлөх эрхийг баталгаажуулах үүднээс гэрчилгээ олгодог. Иргэд баталгаажуулах үүднээс гэрчилгээ олгосноор өмчлөх эрх нь үүсэж байгаа. Түүнээс биш өмчлөх эрхийг заах асуудал нь зөвхөн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа.  Энэ асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 21.2 дахь хэсэгт Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний бүртгэлийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрд оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана. Хуулийн энэхүү зохицуулалтаар газар өмчлөлийн зориулалтыг Иргэний бүртгэлийн байгууллага өөрчлүүлж чадахгүй гэж заасан. Ийм учраас гэр бүлийн зориулалтаар өмчлүүлж авсан гэдэг асуудал үгүйсгэгдэнэ.

5.3. Мөн гэр бүлийн зориулалт бүхий 200га газрыг 2 хүнд өмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй.  Газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 га хүртэл, сумын төв, тосгонд 0.5 га хүртэл гэж  тодорхой тусгасан байдаг. Тэгэхээр 2 хүн 1 га газрыг өмчлүүлж авах эрхтэй. Энэ хэрэг маргааны хянан шийдвэрлэх явцад фермер байгуулах газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг Х.Б, Х.Х нар газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй байгаа талаар шинжээчийн дүгнэлтээр болон шүүхийн зүгээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.  Үүнийг хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

5.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах” талаар заасан.

5.5. Иймд А- сумын Засаг дарга холбогдох хуульд заасан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах талаар заасан. Тэгэхээр зориулалт газрыг бусад байдлаар ашиглахыг хуулиар хориглосон байгаа. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар иргэн Х.Б, Х.Х газар өмчлөх үүргийг ноцтой зөрчсөн байгаа.

5.6. Мөн тус хуулийн 28 дугаар зүйлд Газар өмчлөх иргэнд хориглох хуулийн зохицуулалт байгаа. Үүний 28.1.4 дэх хэсэгт зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон. Харин хариуцагч нар хариу тайлбартаа дурдсанчлан бид хадлангийн зориулалтаар ашиглаад, жилд манай хэдэн айлууд 100 машин өвч авч ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа гэж тайлбар өгсөн. Иймд газар тариалангийн зориулалт бүхий газрыг зориулалтын бус ашиглаж байсныг хариуцагч нар хариу тайлбар дээр хүлээн зөвшөөрсөн байгаа.

5.7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж сэргээн тогтоож, түүнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын хариуцагч Х.Б, Х.Х нарт холбогдуулан гаргасан “А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар Хаш багийн Бурхад гэдэг газраас өмчлүүлсэн 200га газрыг шүүхийн шийдвэрээр хураан авах” тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй учир шүүхийн шийдвэрээр хурааж авах” гэж тайлбарласан бол хариуцагч нар уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тус газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлж байна. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилтээ хүлээж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд ... хамгаалж, усалгааг сайжруулсан... Өвс, хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж, хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон гайхамшигтай үр дүн гарсан...” гэж хариу тайлбар гаргасан. 

 

8. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 110/ШШ2020/0015 дугаар шийдвэр, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШЗ2023/0065 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2023/0581 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 200 га газрыг Х.Б, Х.Х нарт хууль бусаар өмчлүүлсэн тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “тус 200 га газрын өмчлөх эрхтэй холбоотой, анх хууль тогтоомжийг зөрчиж өмчлүүлсэн” гэх үндэслэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх ба энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлтийг хийжээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүхэд дахин нотлохгүй.

 

9. Харин Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжийг үндэслэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний ************ дугаартай, Баян-Өлгий аймгийн А- сумын нутаг, Бурхад гэдэг газарт байрлах, нэгж талбарын ********** дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-************ дугаарт бүртгэгдсэн 200 га талбай бүхий газрыг өмчлөгч нар болох Х.Б, Х.Х нар өмчилж авсан цагаас эхлээд өнөөг хүртэл тус сумын Засаг даргын захирамж болон улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан фермер байгуулах, газар тариалан эрхлэх зэрэг зориулалтын дагуу тус тус ашиглаж байгаагүй болох нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “Уг газарт иргэн Х.Хы өвөлжөө бүхий байшин, малын хашаа хороо, Х.М-ын хаваржаа бүхий байшин, малын хашаа хороо, Х.Ж-ын өвөлжөө бүхий байшин, малын хашаа хороо, Х.А-ийн өвөлжөө бүхий байшин, малын хашаа хороо, өвсний хашаа зэрэг объектууд байрлаж байв. ... тухайн газарт байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байна” гэж тусгаснаар,
  2. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Хариулт 1: Газар дээр нь очиж үзэхэд, маргаан бүхий 200 га газрыг өмчлөгч Х.Б, Х.Х нар ферм болон тариалангийн газарт хамгаалалтын зориулалтаар хашаа татаагүй, ямар нэгэн тариалангийн талбай харагдаагүй, мөн фермийн зориулалттай баригдсан хашаа байхгүй ба зөвхөн өвөлжөөний чулуун хашаа, модон байшин байсан. Ферм байгуулсан гэсэн чулуун хашааны хэмжилтийг авч сансрын зурагт оруулахад 2003 оны сансрын зурагт харагдаж байна. /Зураг-1/. Иргэдэд өмчлүүлэхээс өмнө баригдсан хашаа байна. Гэвч уг хашааг багийн хилийн цэст оруулж үзэхэд Бугат сум Буга баг болон А- сумын Хаш багийн хилийн зурваст давхацсан байна /Зураг-2/” гэж тусгаснаар,
  3. Тус шинжээчийн дүгнэлтийн Хариулт 3-т “Одоогийн байдлаар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас байгаль экологид сөрөг нөлөөгүй” гэж тэмдэглэснээр,
  4. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай албан бичгийн “тухайн аж ахуйн нэгж нь фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар LHIS буюу малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх тэмдэглэл, дүгнэлт, тодорхойлолтоор хангалттай тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлж, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоосон байна.

 

            10. Хариуцагч нар өмчилж авсан 200 га газраа сумын Засаг даргын захирамж болон улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан фермерийн аж ахуй эрхлэх, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан гэж тайлбарлан, “Т” ХХК-ийн тодорхойлолт, “Ц” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гаргаж байсан хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Чацарганын суулгац худалдах-худалдан авах гэрээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 1-01/1099 дугаар албан бичиг, 2015 оны 17 дугаартай Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, “Ц” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид гаргасан 2023 оны 1 дугаартай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, 2015 оны Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт, “Ц” ХХК-ийн “Ногоон байгууламж” чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн танилцуулга, Хөрөнгө оруулалтын зардлын тооцоо, тус компанийн санхүүгийн бусад баримтууд болон хараат бус аудиторын тайлан болон түүний хавсралт материал зэргийг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр нь хариуцагч нарыг өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашигласныг бодитой нотлохгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үндэслэлгүй, мөн дээр дурдсан (1)-(4) төрлийн баримтаар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байна.

 

11. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч А- сумын Засаг даргын шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн сумын Засаг даргын бүрэн эрхийг тогтоосон 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.5 дахь заалтад “...газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, ... тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах... гэж заасныг үндэслэлтэй зөв тайлбарласан ба өмчлүүлсэн газрыг захирамж болон улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглаагүй тохиолдолд тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг даргын “шүүхийн журмаар тус газрыг хураан авах” тухай шүүхэд мэдүүлэх эрх нь төрийн төлөөлөгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх түүний үндсэн чиг үүргээс нь улбаатай байна.

 

12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар газар өмчлөгч иргэн энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болох бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 заалтаар газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг газар өмчлөгч иргэнд хориглодог.

Гэтэл хариуцагч Х.Б, Х.Х нар 200 га газраа зориулалтын дагуу, тодруулбал газар тариалангийн болон фермерийн аж ахуйн зориулалтаар өмчилж авсан цагаас эхлэн ашиглаагүй нь тогтоогдсон, тэдгээрт өмчлүүлсэн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг даргын шаардлагаар, газрыг шүүхийн шийдвэрээр хураан авах хуульд заасан дээрх урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн, тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бын “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь давж заалдах гомдолд дурдсан асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            13. Хариуцагч нарын давж заалдах гомдолд А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжийг үндэслэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны ************ дугаартай гэрчилгээг гэмтээсний улмаас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ************ дугаартай дахин, шинээр гэрчилгээ авсан ба уг гэрчилгээнд “гэр бүлийн хэрэгцээнд” зориулж гэж бичигдсэн гэх боловч уг давж заалдах гомдлын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй, шинэчилж авсан гэх гэрчилгээг хариуцагч нар анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар талуудын дунд мэтгэлцээн өрнөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй учраас уг гомдлын талаар дүгнэлт хийх, хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.

            А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжид заасан хариуцагч нарт газар олгосон зориулалтыг өөрчилсөн талаарх үйл баримт хэргээс тогтоогдоогүйг энд тэмдэглэх нь зүйтэй.

 

            14. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн журмаар өмчлөгч нараас хураасан Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны гэрчилгээтэй Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын нэгж талбарын дугаарыг ********** гэж зөв тусгасан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг “*********” гэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарыг “Г-**********” гэж тус тус буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

            Хэргийн 1 дүгээр хавтасны 5 дахь тал, 76 дахь талд тус тус авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл, тус гэрчилгээний дугаар ************, Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар нь Г-************ гэсэн дугаартай байна.

Шүүхийн шийдвэрт гарсан дээрх техникийн шинжтэй алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэх замаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч бөгөөд хариуцагч Х.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК