Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Б холбогдох эрүүгийн 108 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1974 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 1-19 настай 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖД регистрийн дугаартай, Х овогт С.Б

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Дөрвөлжин” гэх газарт иргэн Д.Батбаярын гэрт Д.Батбаяртай маргалдаж, улмаар Д.Батбаярын чихний ард хуйханд, Б.Одбаярын баруун хацар хэсэгт хутгаар зүсч, Д.Батбаяр, Б.Одбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би зүгээр орон дээрээ нүцгэн сууж байсан. Улмаар Б халааснаасаа хутга гаргаж ирээд шууд над руу далайж гараа савсан. Улмаар би нүцгэн хөлөөрөө цааш жийхэд миний чихний ар хэсэгт хутгаар эсгэсэн. Тэгээд манай хүү Одбаяр босч ирээд Б-ыг барьж аваад хутгыг нь авах гэж ноцолдож байхдаа хутгаар зүсүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Хохирогч Б.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Гурванзагал сумын 2 дугаар баг “Цагаан Хошуу” гэх газарт байх гэртээ унтаж амарч байхад шөнийн 01 цагийн орчим манай гэрт Намжилдорж, Батбаяр ах нар орж ирэхээр нь би сэрсэн. ...Б ах надад хандан надад нэг шил архи байна. Энийг танай гэрт ороод уучихъя гээд ... 0.5 граммын талаас нь дээш байсан архиа аваад манай гэрт орж аав Батбаярыг сэрээгээд ...архиа ууцгаасан. ... Батбаяр болон Б ах нар малын бэлчээрээ сэргээе, нүүе гэх зэрэг юм ярьж сууж байгаад маргалдсан. Улмаар Б ах халааснаасаа жижиг эвхдэг  хутга гаргаж ирээд аавын өөдөөс хатгах гээд дайрахад аав хажуу тийш болоход аавын чихэн тус газарт нь зүссэн. ... Тэгээд би Б ахын хутгатай гаран дээрээс нь барьж аваад хойш нь татаад унагахад миний шанаа хэсэгт хутгаараа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Ж.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр залуучууд манай худ Батбаяртай уугаад ах, дүү болцгоогоод л байсан улмаар согтоод нутаг усныхаа талаар ярьж байсан. Гэнэт л маргалдсан, тэгээд худ Батбаяр хүүе хутгатай байна гэж хэлсэн. Улмаар манай хүргэн Одбаяр тэр залуугийн араас тэвэрч аваад хутгыг нь авах гээд байгаа бололтой ноцолдоод байсан, тэгэхэд худ Батбаярын барилддаг бага хүү Өлзийбаяр нь тэр залуугийн гарнаас хутгыг нь авсан. Тэгээд хүргэн Одбаяр ноцолдож байгаад хацартаа хутгаар зүсүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч Б.Биндэръяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг сэрээд харахад гэрт Б, Намжаа, Нийслэлхүү гэх хүмүүс орж ирсэн хадам аавтай жижиг шилтэй шар архи ууж байсан. ... Тэр үед Б хадам аавтай энд нүүж ирсэн талаараа ярилцаад сууж байсан. Гэтэл Намжаа ах гэнэт танай Шинээ чинь Ооёог алсан шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. ...Б ах босч ирээд халаасаа ухаад баруун гараараа аав руу дайрах шиг болсон. Тэр үед хадам аав орон дээрээ сууж байснаа хөлөөрөө Б хойшоо жийгээд хадам аав хутгатай байна гэж бахирхад манай нөхөр байшингийн голын баганын цаана сууж байгаад гүйж очоод Б хоёр гараар нь тэвэрч аваад хойшоо унасан. ... тэгээд харахад манай нөхрийн баруун талын чамархай орчимд 4 см орчим урттай зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 168 тоот дүгнэлтэд: "1. Д.Батбаярын биед хуйханд сорви тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 48/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд: "1. Б.Одбаярын биед баруун хацарт сорви тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 49/

-Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Дөрвөлжин” гэх газарт байх хохирогч Д.Батбаярын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Батбаяртай маргалдаж, улмаар Д.Батбаярын чихний ард хуйханд, хохирогч Б.Одбаярын баруун хацарт хутгаар зүсч, хохирогч  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой би Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн билэгт” гэх газарт байх өөрийн хөдөө гэртээ очсон юм. Би хөдөө гэртээ очоод Улаанбаатар хотоос авсан 1 шил архиа Намжилдорж, Батбаяр нарт гаргаж задлаад тэр архинаас би 1-2 хундага татсан бусдыг нь Намжилдорж, Батбаяр нар хуваагаад уусан. Ингээд орой Намжилдорж манай гэрт байхдаа би гэрийнхээ галыг түлээгүй хамт манай гэрт очоод гал түлье гэхээр нь би Батбаяр, Намжилдорж нарыг аваад Намжилдоржийн гэрт багцаагаар 22 цагийн үед очсон. Намжилдорж тухайн үед гэрийнхээ хаалгаа мяндсаар уясан байсан, тэр мяндсан уяа нь зангираад тайлдахгүй байхаар нь би тэр хоёроос энэ мяндсан уяаг таслахаар юм байна уу? гэж асуухад Батбаяр нь халааснаасаа эвхдэг хутга гаргаад ирсэн. Би тэр хутгыг нь аваад хаалганы мяндсан уяаг таслаад тэр хутгыг тэр хэвээр нь куртканыхаа халаасанд хийсэн. Ингээд бид нар Намжилдоржийн гэрт орж галыг нь түлээд 20 орчим минут болоод буцаад манай гэр рүү очихоор хөдлөөд явсан, ингээд бид нар буруу замаар нь салаад төөрч явсаар байгаад нэг айлын гадаа очсон юм. Тэр айл нь Батбаяр ахын гэр байсан. ... Батбаяр ах архи ууж байхдаа  морь, мал ярьж байснаа надад хандаж танайх нүүхгүй байна гэх мэтийн юм ярьсан улмаар би Батбаяр ахад хандаж манай нээх их хоньгүй болохоор булаг руу орохгүй байгаа гэж хэлсэн. Тэгсэн Батбаяр ах Намжилдоржтой маргалдаад байсан. Батбаяр ах дахин над руу хандаж та нар муу сайн алуурчинтай хувилдаж Эрдэнэбатыг ялгүй салгасан гэх мэтээр яриад байсан. ... Батбаяр ахад цохиулж магадгүй гэж бодоод айлгах санаатай халаасанд байсан хутгаа гаргаж ирээд Батбаяр ах руу далайсан юм. Улмаар Батбаярын хүү Одбаяр босч ирээд миний араас барьж аваад намайг унагаасан тэр үед би санамсаргүй Одбаярын хацрыг зүссэн байна. Би Батбаяр ахад хутгаар хүрч амжаагүй гэж бодож байсан юм. Харин Батбаяр ах намайг хутгаар зүссэн гэж байсан. Би Батбаяр ахыг хутгалъя, алъя гэсэн санаа огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Батбаяр /хх-ийн 17-18/, хохирогч Б.Одбаяр /хх-ийн 20-21/, гэрч Ж.Энхцэцэг /хх-ийн 31-32/ нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 167, 168 тоот дүгнэлтүүд /хх-ийн 48-49/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 /хоёр/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

  Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн эвхэгддэг хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Б-ын ЖД регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Х овогт С,Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 /хоёр/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн эвхэгддэг хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Б-ын ЖД регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР