| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0131/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 133
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г.Ц-т холбогдох эрүүгийн 192100 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл гэх, ЖЯ регистрийн дугаартай, А овогт Г.Ц.
Шүүгдэгч Г.Ц согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Толон” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Гэлэгжамцын нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ж.Гэлэгжамц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим дэлгүүртээ зогсож байхад юм авъя, мобайлаар тооцоо хийе гэхээр нь тэг тэг гээд байж байгаад дэлгүүрт хүн орж ирэхээр нь барааны үнэ хэлж өгчихөөд буцаад ирэхэд нөгөө залуу лангуун дээрээс 1 ундаа аваад дур мэдэн шууд задлахаар нь чи төлбөр тооцоогоо хийгээч яагаад дур мэдэн ундаа задлаад байгаа юм? гэхэд чи ямар юм үзээгүй банди вэ? гэж хэлэхээр нь ахмад хүн зогсож байхад ах захаа мэдэхгүй хэний хүүхэд вэ? Чи тооцоогоо хий гэхэд хийхгүй гээд надтай маргалдаад зогсож байхад гаднаас манай эхнэр орж ирсэн. Тэгээд нөгөө залуу над руу хэрүүл өдөөд байхаар нь нүүр рүү нь гараараа түлхээд гар гэхэд гарахгүй зогсоод байхаар нь Цэндэнханд гар гээд татахад газарт унахаар нь би цээжин талаас нь чирээд гаргах гэхэд дэлгүүрийн гадна талын хаалганы хоёр талын баганаас бариад дийлэхгүй байхаар нь гарыг нь тавиулаад гаргахад нөгөө залуу босч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохихоор нь би уур хүрээд тэвэрч аваад унагаах гэхэд дийлэхгүй байхад эхнэр хүрч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/
Гэрч Б.Цэндэнханд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд Гэлэгжамц зүс танихгүй согтуу залуутай маргалдаж байхаар нь юу болсон юм бэ? гэхэд энэ залуу мөнгөө төлөхгүй дураараа ундаа задлаад уугаад намайг юм үзээгүй банди гэж хэллээ гээд маргалдаад зогсож байсан. Улмаар тухай залууг гар гээд гаргах гэхэд гарч өгөхгүй лангуунаас зуураад байхаар нь дэлгүүрийн хаалгыг онгойлгоход Гэлэгжамц татаад гарч байхад гадаа үүдний таамбарт хөндлөн хэвтээд хаалганы баганаас зуураад гарч өгөхгүй байсан. Тэгээд Гэлэгжамц татаад гаргах гэхэд шууд босч ирээд Гэлэгжамцын нүүр рүү цохихоор нь Гэлэгжамцын нүүр рүү нь харахад нүдний орчимд нь улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот дүгнэлтэд: "1. Ж.Гэлэгжамцын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 25/
-Шүүгдэгч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Толон” хүнсний дэлгүүрт хохирогч Ж.Гэлэгжамцтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой 19 цагийн орчимд найз Амартайваны гэрт очихдоо дэлгүүрээс 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч очоод Амартайвантай хамт ууж дуусаад найз нь явлаа гээд гараад явах замдаа хүргэн ах Баяр руу утсаар залгаад та намайг машинтай ирээд авч чадах уу гэхэд завгүй байна гэхээр нь гэр рүүгээ алхаж явахад ам цангаад байхаар нь “Толон” дэлгүүрээс ундаа авч уухаар ороход Гэлэгжамц ах дэлгүүртээ байхаар нь таны данс руу мөнгө хийе 1 ундаа авч ууя гэж хэлэхэд Гэлэгжамц ах зүүн талын лангуу руугаа явахад нь би өөрөө лангуун дээрээс нь 2.5 литрийн түмний ундаа аваад задлаад уусан. ... би Гэлэгжамц ах дэлгүүрээс гараад над руу ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/, түүнийг давхар нотолсон хохирогч Ж.Гэлэгжамцын өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим дэлгүүртээ зогсож байхад юм авъя мобайлаар тооцоо хийе гэхээр нь тэг тэг гээд байж байгаад дэлгүүрт хүн орж ирэхээр нь барааны үнэ хэлж өгчихөөд буцаад ирэхэд нөгөө залуу лангуун дээрээс 1 ундаа аваад дур мэдэн шууд задлахаар нь чи төлбөр тооцоогоо хийгээч яагаад дур мэдэн ундаа задлаад байгаа юм? гэхэд чи ямар юм үзээгүй банди вэ? гэж хэлэхээр нь ахмад хүн зогсож байхад ах захаа мэдэхгүй хэний хүүхэд вэ? чи тооцоогоо хий гэхэд хийхгүй гээд надтай маргалдаад зогсож байхад гаднаас манай эхнэр орж ирсэн. Тэгээд нөгөө залуу над руу хэрүүл өдөөд байхаар нь нүүр рүү нь гараараа түлхээд гар гэхэд гарахгүй зогсоод байхаар нь Цэндэнханд гар гээд татахад газарт унахаар нь би цээжин талаас нь чирээд гаргах гэхэд дэлгүүрийн гадна талын хаалганы хоёр талын баганаас бариад дийлэхгүй байхаар нь гарыг нь тавиулаад гаргахад нөгөө залуу босч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохихоор нь би уур хүрээд тэвэрч аваад унагаах гэхэд дийлэхгүй байхад эхнэр хүрч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, гэрч Б.Цэндэнхандын өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд Гэлэгжамц зүс танихгүй согтуу залуутай маргалдаж байхаар нь юу болсон юм бэ? гэхэд энэ залуу мөнгөө төлөхгүй дураараа ундаа задлаад уугаад намайг юм үзээгүй банди гэж хэллээ гээд маргалдаад зогсож байсан. Улмаар тухайн залууг гар гээд гаргах гэхэд гарч өгөхгүй лангуунаас зуураад байхаар нь дэлгүүрийн хаалгыг онгойлгоход Гэлэгжамц татаад гарч байхад гадаа үүдний таамбарт хөндлөн хэвтээд хаалганы баганаас зуураад гарч өгөхгүй байсан. Тэгээд Гэлэгжамц татаад гаргах гэхэд шууд босч ирээд Гэлэгжамцын нүүр рүү цохихоор нь Гэлэгжамцын нүүр рүү нь харахад нүдний орчимд нь улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот дүгнэлт /хх-ийн 25/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ж.Гэлэгжамцын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ц-ын хохирогч Ж.Гэлэгжамцын нүүрэн тус газарт нэг удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Ц-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ц-ын ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-н орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ц-т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ц-ын ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР