| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0256/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 422
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багт оршин суух, ВН55021601 регистрийн дугаартай, Тэргүүн овогт Дашцэдэнгийн Адъяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Тэтгэмжийн 5258072 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Адъяа, хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Д.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Адъяа нь 1955 онд төрсөн. 1971 оноос эхлэн улсад нийтдээ 44 жил, 3 сар, үүнээс төрийн албанд 38 жил ажиллаад 2016 онд тэтгэвэртээ гарсан. 1995 оноос эхлэн Богд сумын нийгмийн даатгалын байцаагчаар 21 жил гаруй ажилласан. 2012 оны 9 сард Хаан банкны миний данс болох 5246033075 тоот дансанд 19619300 төгрөгийн тэтгэмж орж ирсэн. Тэтгэмж орж ирснээс 2 хоногийн дараа тухайн үедээ нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Одонтунгалаг надтай утсаар ярьж тоног тэтгэмж илүү орсон байна. Та 5258072 төгрөгийг буцааж хий гээд дансны дугаар өгсөн. Би удирдлагаас өгсөн үүргийг хүндэтгэн үзэж, 5285072 төгрөгийг 5246172383 гэсэн Хаан банкны дансанд хийж юм. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2016 онд тэтгэвэрт гарах болсон тул төрийн албан хаагчид тэтгэмж олгох журмын дагуу олгох тэтгэмж нь тэтгэвэрт гарахын өмнөх 36 сарын дунджаар байна гэсэн заалтыг үндэслэн 2015 оны 12 сард зөрүүг бодож, олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан юм. 2012 оны 9 сард орж ирсэн тэтгэмж болох 19619300 төгрөгөөс 14361228 төгрөгийг би авсан. Харин үлдэгдэл 5258072 төгрөгийг Д.Одонтунгалаг авсныг батлах баримтуудыг хавсарган мөн, 2012-2015 онд авч байсан, сүүлийн 36 сарын үндсэн цалингаа тооцон гаргаж, зөрүүг олгож өгнө үү гэсэн өргөдөл явуулсныг нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваад Нийгмийн даатгалын ерөнхий газарт дамжуулан явуулсан байна. Тэгээд би 2016 оны эхээр тайлан тушаах ажлаар аймагт ирээд өргөдлийн хариугаа юу болж байгааг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Мэндбаяраас утсаар ярьж, асуухад хуулийн зөвлөхөд өгсөн гэсэн хариу өгсөн. Тэр үедээ хуулийн зөвлөхтэй ярих гээд утасны дугаар нь олдоогүй. Дараа нь хуулийн зөвлөхтэй 2 дахин утсаар ярьсан боловч Д.Одонтунгалаг даргыг шийдвэрлэнэ гэж, хуулийн зөвлөх хэлсэн. Гэхдээ танд ахиж, тэтгэмжийнзөрүү бодохгүй, 1 удаа олгоно гэсэн хуулийн заалттай гэдгээ хэлсэн. Ингээд би 2016 оны 3 сард, ер нь 2012 онд авсан тэтгэмжийг яагаад буцаан авсныг тодруулах, мөн тушаал яаж гарсныг үзэхээр шийдээд Нийгмийн даатгалын хэлтсийн архивт хандан, хүсэлт өгч, хэлтсийн даргын тушаалыг олж, аваад хотод ирсэн. Ирээд Д.Одонтунгалаг даргатай утсаар ярих гэсэн боловч авахгүй байсан тул мэссэж бичиж, энэ талаараа асуухад семинартай их завгүй байна гэсэн хариу ирсэн. Тэгээд би тэтгэмжийн зөрүү ахиж, бодогдохгүй юм чинь тушаалаар гарсан 19619300 төгрөгөөс буцааж тушаасан 5258072 төгрөгийг хөөцөлдөж, авах нь зөв гэж бодоод НДЕГазраас төсвөөр батлагдсан мөнгийг бүрэн шилжүүлсэн тул аймагтаа асуудлаа шийдүүл гэсэн. Д.Одонтунгалаг дарга буцааж авсан 5258072 төгрөгийг танд өгөх мөнгө биш байсан гэж хэлсэн. Харин би тушаалын дагуу орж ирсэн 19619300 төгрөгөөс буцааж тушаасан 5258072 төгрөг миний авах ёстой мөнгө гэж бодож байна. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Одонтунгалагийн надаас авсан 5258072 төгрөгийг буцаан олгож өгнө үү. Энэ мөнгийг Д.Одонтунгалаг эрх мэдэл, албан тушаалаа ажиллаж авсан гэж би ойлгож байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Би 1955 онд төрсөн. Улсад 44 жил 8 сар ажиллаж, 2016 оны 03 сард ажлаасаа чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд төрийн алба хаасан ажилласан жил хангалттай гүйцэж байгаа учраас төрийн албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасан эрх нь үүссэн гэж ойлгож байгаа. 2012 онд би 19619300 төгрөгийн тэтгэмж авсан.
2015 оны 08 сард гарсан төрийн албан хаагчид буцалтгүй тусламж олгох журмын дагуу би сүүлийн 3 жил дараалан авсан цалингийн дунджаар бодохоор 22780837 төгрөгийн тэтгэмж авахаар байгаа. Энэ мөнгөнөөс 2012 онд авсан 19619300 төгрөгийг хасаж бодохоор дутуу нь 3089537 төгрөгийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч төсөв хөрөнгөд суугдаагүй учраас олгох боломж байхгүй гэсэн хариу өгсөн тул энэ мөнгөө нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын хэлтэстэй холбогдуулан Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Адьяагийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот тушаалаар 19619300 /арван есөн сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тушаал гарч, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Адьяагийн 5246033075 тоот дансанд 19619300 /арван есөн сая зургаан зуун арван есон мянга гурван зуун/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу шилжүүлсэн боловч хүсэлтээ гаргалгүй үргэлжүүлэн ажиллаж, дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.
2. Нэхэмжпэгч Д.Адъяаг 2012 онд ажлаас чөлөөлөгдсөн эрх зүйн акт гараагүй өөрөөр хэлбэл 2012 оноос 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/26 тоот тушаалаар ажпаас чөлөөлсөн нь нэг удаагийн буцалтгуй тусламж олгуулахаар гаргасан тушаалыг илт хууль бус болохыг нотолж байна. Д.Адъяа нь Терийн албаны тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцуулж авах эрх нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн үүсэж байгаа.
3. Нэхэмжпэгч Д.Адъяад 2 удаа биш, зөвхөн 1 удаа буцалтгүй тусламж олгох тухай зохицуулалт нь Төриин албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “...нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж илэрхийлэгдсэн байна.
4. Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн захиргааны болон тусгай албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгодог.
Д.Адьяагийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр ажпаас чөлөөлөгдөөгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр гараагүй, ажлаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хийж байсан.
5. “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1-т зааснаар тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгодог.
Гэтэл нэхэмжлэгч Адьяагийн хувьд 2012 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгоогүй байхдаа авсан нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
6. “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”- ын 3-т зааснаар “Төрийн захиргааны болон тусгай албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албан тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд нийт 26 болон түүнээс дээш жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх,... хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус тус олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 6 дахин нэмэгдүүлснээс багагүй байна гэжээ.
Гэтэл Д.Адьяагийн хувьд 5258072 /таван сая хоёр зуун тавин найман мянга далан хоёр/ төгрөгийг нэхэмжилж байгаа нь, мөн 2012 онд 14361228 /арван дөрвөн сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авсан байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжпэгч Д.Адьяад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот 19619300 /арван есөн сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор гарсан тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дээрх заалтуудыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д "Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно” гэсний дагуу илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжпэгч Д.Адьяагийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч: Б.Адъяа байцаагчийн хувьд манай Нийгмийн даатгалын байгууллагад олон жил ажилласан. 2016 оны 03 сараас өндөр насны тэтгэвэртээ гарч ажлаасаа чөлөөлөгдөж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгох заалтын дагуу авахаар байгаа. Гэхдээ 2012 онд Б.Адъяа байцаагч 19619300 төгрөгийн тэтгэмж авсан учраас нэхэмжилж буй мөнгийг байгууллагаас олгох боломж төсөв байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Адъяагийн иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн талаарх тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал, 2014 оны тэтгэвэр тогтоолтын хуудас, цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор гаргасан Д.Адъяагийн өргөдлийн хуулбар, Д.Адъяагийн 2011-2016 оны нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажиллтийн хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2015 оны тэтгэвэр тогтоолтын хуудас, Д.Адъяагийн цалингийн тодорхойлолт, Д.Адъяагийн хөдөлмөрийн хөлс төлсөн шимтгэлийн хуулбар, цалингийн жагсаалт, Д.Адъяаг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Адъяа нь тэтгэмжийн 5258072 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3089537 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Д.Адъяа нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Богд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон,2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтууд хэрэгт авагдсан байна./Хэргийн 55,57-61 дүгэр тал/
Д.Адъяаг Баянхонгор аймгийн Богд сумын ниймгийн даатгалын байцаагчаар ажиллаж байхад нь Баянхонгор аймгийн ниймгийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоол зэргийг үндэслэн Д.Адъяад 19619300 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэр гарсны дагуу уг мөнгийг Д.Адъяа аваад харин 5258072 төгрөгийг 5246172383 тоот дансанд буцаан хийсэн болох нь мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдсон байна./хэргийн 7-8 дугаар тал/
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “энэ хуулийн 24.1.1,24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхдаа буюу 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буцалтгүй тусламж авсан үйлдэлд Д.Адъяаг буруутгах үндэслэлгүй,нэгэнт Д.Адъяа нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул түүнд хуульд зааснаар олговол зохих тэтгэмжийг албан тушаалтан бүрэн олгох үүрэгтэй юм.
Д.Адъяа нь тэтгэврээ тогтоолгож,2016 оны 03 дугаар сарын14-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын нийгмийн даатгалын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх тул газрын 2014 оны 405 тоот тогтоолоор батлагдсан жумрын дагуу түүний авбал зохих тэтгэмжийг тооцоход 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 3089537 төгрөг авах талаар тооцсон зохигч талуудын тооцоо үндэслэл бүхий байх тул Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 3089537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Адъяад олгож шийдвэрлэв.
Д.Адъяа, ниймгийн даатгалын хэлтсийн төлөөлөгч нар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжилгээний дүгнэлт гаргасан ажлын хөлс 440000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон байх тул тэдгээрээс 220000 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Адъяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,харин хариуцагч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 64383 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмжийн зөрүү 3089537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Адъяад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Адъяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн ажлын хөлс 220000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Адъяагаас, 220000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д,улсын тэмдэгтийн хураамжийн 64383 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ