| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0126/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 129
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 182100 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1982 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын болон электроникийн инженер мэргэжилтэй, Дорнод инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 6-15 насны 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ПЮ регистрийн дугаартай, Г овогт Б.Г.
Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн “Бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Хангамж, үйлчилгээний хэлтэст” инженерээр ажиллаж байхдаа “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр 2017 оноос 2018 онд ажиллах хугацаандаа Суудлын автомашины сэлбэг худалдан авах 34,596,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, Тусгай тоноглолын автомашины сэлбэг худалдан авах 38,571,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 49,409,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, дулааны тоолуурын заалт авагч, нөүтбүүк худалдан авах 5,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, секц холбогдогч 58,84-д вакум таслуур, микро процессорын реле монтажлах 50,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, 2018 онд Суудлын автомашины сэлбэг худалдан авах 35,136,500 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 30,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, КРУ-6 Кв I секцийн шугамын вакум таслуур худалдан авах 36,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, компьютер техник хэрэгсэл худалдан авах 36,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил тус тус харьцуулалтын аргаар тендер зарлаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Зоригоо, Б.Болортуяа нарын нэр дээр үүсгэн байгуулсан “Стандарт материал”, “Электрон тоног төхөөрөмж” ХХК-нуудтай гэрээ байгуулах саналыг уламжлан “ДБЭХС-ТӨХК-д бараа, материалыг өөрөө нийлүүлэх боломж нөхцөлийг хангаж өөртөө давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэрч Н.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ДБЭХС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/40 дугаартай тушаалаар “Бага оврын автомашины сэлбэг худалдан авах” 49,409,000 төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Уг ажиллагааг Үнэлгээний хорооны даргаар манай байгууллагын хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Г ажилласан. Худалдан авах ажиллагааг цахим болон өдөр тутмын сонинд зар “Стандарт материал” ХХК үнийн саналаа ирүүлсэн. Үнэлгээний хорооны гишүүд материалтай танилцаж уг ХХК-ыг шалгаруулж, гэрээ олгох эрхийг захиалагчид уламжилсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/,
Гэрч Д.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сард А/98 дугаартай тушаалын дагуу “Бага оврын автомашины сэлбэг худалдан авах” 30,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Уг ажиллагааг цахимаар зарлаж үнийн саналаа “Стандарт материал” ХХК ганцаараа үнийн санал ирүүлснийг хүлээн авч захиалагчид шаардлага хангасан талаар уламжилсан. ... Үнэлгээний хороо байгуулагдсаны дараа ашиг сонирхолгүй гэсэн мэдүүлгээ өгдөг байгаа. Дээрх тендерийн ажиллагаануудыг цахимаар явж байгаа учраас ХХК-ийн хүмүүстэй уулзах, харьцах ямар ч шаардлага байхгүй. Би “Стандарт материал” ХХК болон “Электрон тоног төхөөрөмж” ХХК-ийн захирал албан тушаалтан нарыг мэдэхгүй. Манай үнэлгээний хорооны дарга, гишүүдтэй ямар харилцаа холбоотой асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,
Гэрч Б.Хасархүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ДБЭХС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/98 дугаартай тушаалаар “Бага оврын сэлбэг нийлүүлэх” үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилласан. Үнэлгээний хорооны даргаар Б.Г, гишүүнд Сийлэгмаа, Бямбажав, Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Тендерийн урилгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд зарлаж тендерийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээхэд үнийн санал ирүүлсэн компани байгаагүй. Дахин тендерийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин нээхэд “Стандарт материал” ХХК нь 30,753,800 төгрөгийн санал ирүүлсэн тул төсөвт өртөгт багтсан үнийн санал ирүүлсэн учраас үнэлгээний шийдвэрээр шалгаруулж захиалагчид гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Мөн “ДБЭХС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/158 дугаартай тушаалаар “Бага оврын сэлбэг нийлүүлэх” үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилласан. Үнэлгээний хорооны даргаар миний бие, нарийн бичгийн дарга Б.Г, гишүүд Гантулга, Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Үнэлгээний хорооны гишүүд нь КРУ-6 1 секцийн шугамын вакум таслуур худалдан авах тендер сонгон шалгаруулалтын харьцуулалтын аргаар цахимаар зарлаж тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээхэд “Электрон тоног төхөөрөмж” ХХК нь 35,780,950 төгрөгийн үнийн саналаа ирүүлсэн. Уг үнийн санал нь төсөвт өртөгтэй нийцэж, шалгуурыг хангаж байсан учраас захиалагчтай гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,
Гэрч Д.Зоригоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2006 онд Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Дорнод аймагт байхад Баднаагарав нь манай эхнэрийн найз нь байсан юм. Би бол энэ хүмүүсийг мэдэхгүй. Баднаагарав нь хотод ирэхээрээ манайд ирээд орж гардаг байсан. 2017 оны 01 сард Баднаагарав чиний нэр дээр нэг компани байгуулъя, барилгын засал хийх гэсэн юм. Хотын паспорттой хүний нэр дээр байгуулах шаардлагатай байна гээд итгэмжлэх хийлгээд аваад явсан. “Стандарт материал” ХХК гэж байгуулсан. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар би сайн мэдэхгүй. Би ачигч хийдэг хүн, өдөртөө мөнгө олох гээд гараа сайртал ажил хийгээд л явдаг хүн. Тэд нарыг ямар тендерт оролцсоныг мэдэхгүй, Г-ийг хаана ажилладаг талаар мэдэхгүй. Манай эхнэрийн нэр дээр бас “Электрон тоног төхөөрөмж” гэх компани байгуулсан гэж байсан. Энэ компанийн үйл ажиллагааг эд нар өөрсдөө удирддаг, санхүү, мөнгөний асуудлыг эхнэр бид хоёр мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/,
Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-15/, /3-р хх-ийн 171-172/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Г нь Дорнод аймгийн “Бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн Хангамж, үйлчилгээний хэлтэст инженерээр ажиллаж байхдаа буюу “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын тушаалаар үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр 2017 оноос 2018 онд томилогдон ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж суудлын автомашины сэлбэг худалдан авах 34,596,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, Тусгай тоноглолын автомашины сэлбэг худалдан авах 38,571,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 49,409,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, дулааны тоолуурын заалт авагч, нөүтбүүк худалдан авах 5,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, секц холбогдогч 58,84-д вакум таслуур, микро процессорын реле монтажлах 50,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, Суудлын автомашины сэлбэг худалдан авах 35,136,500 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 30,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, КРУ-6 Кв I секцийн шугамын вакум таслуур худалдан авах 36,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, компьютер техник хэрэгсэл худалдан авах 36,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг тус тус харьцуулалтын аргаар тендер шалгаруулалтыг цахимаар зарласан боловч үнийн санал ирүүлсэн компани, аж ахуйн нэгж байхгүй шалтгаанаар өөрийн үүсгэн байгуулсан Д.Зоригоо, Б.Болортуяа нарын нэр дээр байгаа “Стандарт материал”, “Электрон тоног төхөөрөмж” ХХК-нуудтай гэрээ байгуулах саналыг уламжлан “ДБЭХС-ТӨХК-д бараа, материалыг өөрөө нийлүүлэх боломж нөхцөлийг хангаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...ДБЭХС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дугаартай тушаалаар “Суудлын автомашины сэлбэг худалдан авах 34,596,000 төгрөгийн төсөвт өртөгтэй” үнэлгээний хороонд үнэлгээний хорооны даргаар миний бие, нарийн бичгийн дарга Н.Батзориг, гишүүд Б.Батзориг, Д.Уугантуяа нарын бүрэлдэхүүнтэй тендер шалгаруулалтыг цахимаар зарласан. ...Дээрх шалгаруулалтыг 2 удаа зарласан боловч үнийн санал ирүүлсэн ХХК, аж ахуйн нэгж байгаагүй. Ийм учраас үйлдвэрийнхээ ажлыг бодоод “Стандарт материал” ХХК-ийг сонгож захиалагчтай гэрээ байгуулсан. Гэрээнд захиалагч нарын гарын үсгийг зурсан бол “Стандарт материал” ХХК-ийн захирал Д.Зоригоогийн гарын үсгийн дардсыг нь би дарж баталгаажуулсан. ...“Стандарт материал” ХХК-тай гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлж, гэрээг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 62 нэр төрлийн 38,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй сэлбэг нийлүүлж “Стандарт материал” ХХК-ийн захирал Д.Зоригоогийн гарын үсгийн дардсыг нь мөн би дарж баталгаажуулсан... “Электрон тоног төхөөрөмж” ХХК-тай гэрээг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулж “Секц холбогдогч 58,84-д вакум таслуур монтажлан микропроцессорын реле монтажлах 54,684,050 төгрөгний ажил гүйцэтгүүлэхээр болсон. “Электрон тоног төхөөрөмж” ХХК-ний захирал Болормаагийн гарын үсгийн дардсыг би дарж баталгаажуулсан. “Электрон тоног төхөөрөмж” ХХК-ны захирал Болортуяа, “Стандарт материал” ХХК-ны захирал Зоригоо гэж хүмүүс албан ёсны бүртгэлтэй боловч эдгээр хүмүүс ХХК-ны үйл ажиллагааг мэдэхгүй. Зоригоо, Болортуяа хоёр гэр бүлийн хүмүүс байгаа юм. Зоригоо Болортуяатай би уулзаад “Улаанбаатар хотод бүртгэлтэй хүний нэр дээр ХХК байгуулах шаардлагатай байна” гэж хэлээд өөрсдийнх нь нэр дээр “Электрон тоног төхөөрөмж”, “Стандарт материал” ХХК-ыг байгуулсан. ХХК-ны гэрчилгээ, тамга тэмдэг надад байдаг, Болортуяа, Зоригоо хоёрын гарын үсгийн нэрийн дардсыг хэвлүүлж гэрээнд гарын үсэг болгон хэрэглэдэг байсан. Болороо, Зоригоо хоёр тендер шалгаруулалтын үйл ажиллагааны талаар мэдэхгүй. Тендер сонгон шалгаруулах материал, үнийн саналыг би өөрөө хийгээд цахимаар хүргүүлдэг байсан. “Электрон тоног төхөөрөмж” ХХК нь Хаан, Хас банкуудад, “Стандарт материал” ХХК нь Хас банкинд данс эзэмшдэг. Данснаас гүйлгээ хийх асуудал, бараа худалдан авах ажиллагаанд Зоригоо, Болороо нар оролцоогүй. Интернет банкаар нэвтрэх код надад байдаг учраас би цахимаар гүйлгээ тооцоо хийдэг. “Электрон тоног төхөөрөмж”, “Стандарт материал” ХХК-уудын гэрээгээр нийлүүлж байгаа сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг интернетээс мэдээлэл, үнийн судалгааг авч захиалан авдаг байсан... Би өөрөө “Стандарт материал” ХХК-ны данснаас эхнэр Баднаагаравын дансаар гүйлгээ хийсэн. Энэ мөнгийг эхнэртээ ажлын мөнгө байгаа юм гэж хэлээд бэлнээр эсвэл өөрийнхөө дансаар хүлээж авсан тохиолдол бий. ... 2017, 2018 оны хугацаанд “Электрон тоног төхөөрөмж” 4 удаа, “Стандарт материал” ХХК-н 5 удаа бараа ажил үйлчилгээг ДБЭХС ТӨХК-нд нийлүүлсэн. Энэ талаараа өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-15/, /3-р хх-ийн 171-172/, түүнийг давхар нотолсон гэрч Н.Батзориг /1-р хх-ийн 23-24/, гэрч Д.Мөнхбаяр /1-р хх-ийн 25-26/, гэрч Б.Хасархүү /1-р хх-ийн 29-30/, гэрч Д.Зоригоо /1-р хх-ийн 32-33/ нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52/, “Электрон тоног төхөөрөмж”, “Стандарт материал” ХХК-ийн арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 133-145/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 /гурав/ ширхэг DVD хуурцгийг хэрэгт хавсаргаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Г-ийн ПЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 /гурав/ ширхэг DVD хуурцгийг хэрэгт хавсаргаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Г-ийн ПЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР