Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

    2019          5            17                                   409

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Д.Болд, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /0317/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Данаажавын Болдод холбогдох эрүүгийн 1805022650123 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамж, 77 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЮ 68032511, Боржигон овогт Данаажавын Болд.

 

Шүүгдэгч Д.Болд нь 2017 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 18-17 тоот хиамны цехэд иргэн Х.Нямын үлдээсэн эд хөрөнгө болох Бабулай зайрмаг хийдэг сүү тарагны машиныг завшиж, 1 709 207 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Болд мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сард Ням өрөө түрээслэнэ гэж ирж үзчихээд алга болсон. Сарын дараа ирж, 1 өрөөг түрээслээд шкаф, усны сав, тараг хийдэг машин зэрэг эд зүйлээ тавьсан. Тэгээд хааяа шөнө ирж юм хийгээд явдаг байсан ба хулгайгаар үйлдвэрлэл эрхэлдэг байсныг нь сүүлд мэдсэн. Ням түрээсэлж байсан өрөөгөө хүйтэн байснаас тарагны үйлдвэрлэл эрхэлж чадаагүй гэж худлаа мэдүүлсэн байна. Өмнө нь тэр өрөөнд талхны үйлдвэр ажилладаг байсан. Хэрвээ хүйтэн байсан бол тэнд талх хийж болохгүй байх байсан. Гэтэл Ням түрээсэлж байсан өрөөнд эд зүйлээ орхиод 1 жил 3 сарын хугацаанд таг чиг алга болсон. Бид хүний эд зүйлтэй өрөөг бусдад түрээслүүлэх боломжгүй болсон. Тэр түрээсийн төлбөрөө өгөөд юмаа авна гэдэг байсан боловч ирээгүй. Тэгээд мөнгөний шаардлага гараад машиныг нь 1 000 000 төгрөгөөр хүнд зарсан. Машин худалдах зарыг манай эхнэр өгсөн, харин би авах гээд ирсэн хүнд өгөөд явуулсан. Үнэлгээний компани тэр машиныг 1 709 207 төгрөгөөр үнэлсэн байхад тэдний өмгөөлөгч нь дарамталсаар байгаад биднээр 3 500 000 төгрөгөөр машин авахуулсан. Би Нямыг залилж, эд зүйлийг нь зараагүй, тэр түрээсийн төлбөрөө төлөхгүй эд зүйлээ түрээслэж байсан өрөөнд үлдээж, орхиод явсан. Би хэрэг хийгээгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Ням мэдүүлэхдээ:

Би Болдтой ярилцаж тохиролцоод эд зүйлээ оруулж тавьсан. Болдын эхнэр Уранчимэг гэх хүнийг танихгүй. Би энэ газарт орохдоо ганцхан Болдтой л ярилцаж орсон. Түүний эхнэрийг Уранчимэг гэдгийг одоо л сонсож байна. Эхнэртэй нь нэг ч удаа ярилцаж, уулзаж байгаагүй. Намайг анх хот руу орж ирэхэд Тэмүүжин гээд миний борлуулагчаар ажиллаж байсан хүн “надад хотод нэг таньдаг хүн байгаа, хиамны цехтэй” гэж хэлээд өөрөө тэр хүмүүстэй уулзсан. “Та нэг очиж уулзаад үзээч” гэж хэлэхээр нь Болдын утсыг Тэмүүжингээс аваад Болд гэх эрэгтэй хүнтэй утсаар ярихдаа “манай дүү Тэмүүжин гэх хүн надад хэллээ. Танд ажлын байр, өрөө байгаа юм байна” гэж хэлэхэд “тийм ажлын өрөө байгаа, ирээд үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Болдын Баягол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 18-77 гэсэн хаяг руу очиход үл таних, барзгар, улаан нүүртэй эрэгтэй гарч ирсэн. Тэр үед энэ хүнийг Болд гэдгийг нь мэдсэн. Тэгээд би тэр газарт орж үзэхэд өмнө нь оймсны цех байсан гэх нэг өрөөг үзүүлэхэд тэр дотор нь оймсны цехийн машин байсан юм. Тэгээд би уг өрөөг нь үзээд 7 хоногийн дараа өөрийн тоног төхөөрөмжөө авчирч ирээд, шууд Болдтой уулзаад би өөрийнхөө тоног төхөөрөмжийг аваад ирлээ гэж хэлээд нөгөө өмнөх үзсэн өрөөндөө оруулж тавьсан. Тухайн үед Болд байсан, бас Тэмүүжингийн хоёр найз нь байсан. Би анх 250 000 төгрөг өгсөн. Би хоёр сар ажиллуулсан бөгөөд нэг сарын мөнгийг нь өгөөгүй. Тэгээд би машинаа үлдээгээд “эргэж ирээд машинаа авахаараа үлдсэн нэг сарын мөнгөө өгнө” гэж хэлээд явсан. Түүнээс 10 хоногийн дараа манай авгай Болдтой утсаар яриад машинаа авах гэсэн юм гэж хэлэхэд Болд хариуд нь “тэгээ тэг, ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд бас надтай 1-2 удаа байх машинаа ирээд аваач гэж хэлж байсан. Тэр үед миний боломж болохгүй байсан юм. Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр ороод 2017 оны цагаан сарын өмнөхөн гарсан. Би тэр газар хоёр сар л болсон. Би ажиллуулсан тогны мөнгө болох 20 000 төгрөг өгөөгүй, дээр нь нэг сарын мөнгө өгөөгүй. Би мөнгийг өгч чадахгүй бол машиныг зарчихаарай гэж зөвшөөрөл өгөөгүй гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад- гэрч О.Тэмүүжин мэдүүлэхдээ:

Би 2016 оны 5 дугаар сараас эхлэж Төв аймгийн Алтанбулаг сумын төвийн “Их саруул хайрхан” ХХК-ийн захирал Х.Ням ахын удирдлаганд сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулагчаар ажилладаг байсан юм. Тэгээд 2017 оны эхээр 1 сард байх Х.Ням ах Төв аймгаас шилжин Улаанбаатар хотод ирэхээр болсон юм. Тухайн үед өөрийн нэг таньдаг хиамны цех ажиллуулдаг Болд ахтай танилцуулсан. Тэгээд Х.Ням ах Болдын хиамны цехийн гардаг хаалганы үүдний баруун талын хэсгийг сарын 250 000 төгрөгөөр түрээслэж, тараг, сүүнийхээ үйл ажиллагааг явуулахаар болсон юм. Тухайн үед хиамны цехийн хажуу талын оймсны үйлдвэрийн өрөөнд орох гэсэн боловч оймсны үйлдвэр нь гарахгүй гээд үүдний хэсэгт тарагны машин зэрэг багаж төхөөрөмжөө тавьсан юм. Тухайн үед Ням ах “арай дулаан ороогүй байна, тарагныхаа ажлыг жаахан дулаан орохоор эхлээд, түрээсээ өгнө” гэж хэлж байсан. Тухайн үед би Ням ах дээр ирэн очин ажилладаг байсан. Ням ах уг газрыг түрээслээд хоёр удаа л тараг хийсэн байх. Хүйтэн болохоор сайн болохгүй байг шиг байсан. Тэгээд Болд ахын хашаанаас хэзээ нүүсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг өдөр над руу утсаар “ах нь Болдын хашаанаас нүүчихлээ, нүүх машин олдчихлоо, харин тарагны машинаа аваагүй үлдээчихлээ шүү, мөнгө төгрөгтэй болохоороо чам руу шилжүүлье, ахын дүү очиж аваад хүргээд өгөөрэй” гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би Болд ахтай өвөлжингөө Ням ахын тарагны машиныг авъя гээд ярьж байхад “машин нь байгаа байгаа, манай эхнэр хагалгаанд орж байгаа, чи 3-4 хоногоос ирээд уулзаарай” гэж хэлсэн. Тухайн үед Ням ах ажлаар Говь-Алтай аймаг явсан байсан. Тэгээд би хамгийн сүүлд утсаар Болд ахтай яриад нэг сарын 250 000 төгрөгний түрээсээ өгөөд нөгөө тарагныхаа машиныг авъя гэж хэлэхэд “юу гэж та нараас нэг сарын түрээсийн мөнгө авдаг юм бэ, танай тарагны машин 7-8 сар энд байсан” гэж утсаар хэлэхээр нь би Болд ахтай очиж уулзахад “манай эхнэр хагалгаанд ороод мөнгөний хэрэг болоод хүнд 1 000 000 төгрөгөөр өгөөд явуулчихсан” гэж хэлэхээр нь би өөрөө тарагны машин байсан өрөө рүү орж үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь би Болд ахад энэ тарагны машин чинь хүний эд хөрөнгө шүү дээ. 4 000 000-5 000 000 төгрөгөөр аваад Төв аймагт ажиллуулж үзээгүй, шинээрээ байсан машин шүү дээ гэж хэлэхэд тэгвэл та нар шүүхдээд аваарай, би өгч чадахгүй гэж надад хэлэхээр нь би нэг их зүйл ярилгүй гарч явсан. Тухайн үед Ням ах хөдөө явж байсан болохоор утас нь холбогдохгүй, харин дараа нь нэг сүлжээтэй газар очоод над руу залгаад машинаа авсан уу гэж асуухаар нь би Болд ахын надад хэлсэн үгийг хэлэхэд “за, за ах нь өөрөө очиж байгаад учрыг нь олъё” гэж надад хэлсэн. Би ер нь бол өвөлжингөө Болд ах руу залгаад тарагны машин байгаа биз дээ, хэзээ очиж авах вэ гэж асуухаар чи заавал Ням ахтайгаа холбогдуулж байгаад ирээд аваарай гээд байсан юм гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад- гэрч Г.Болдбаясгалан мэдүүлэхдээ:

Миний санаж байгаагаар 2016 оны хавар шиг санагдаж байна. Тухайн үед би “РЭС” ХХК-д хангамжийн менежерийн ажил хийж байхад манай хадам аав Ням “Бабуулай” гээд зайрмагны талаар яриад өөрөө “тараг, сүүний үйлдвэр ажиллуулмаар байна, тоног төхөөрөмжийн үнийг судлаад өгөөч” гээд надад тарагны машины зураг үзүүлж байсан. Миний ажил бол хятад хүмүүстэй холбогдож ажилдаг ажил болохоор би Хятад руу нөгөө хадам аавын машины зургийг явуулаад таньдаг хятад хүмүүсээс асуугаад, иймэрхүү машин ямар үнэтэй байгаа талаар сурагаад өгөөч гэж явуулсан юм. Тэгээд надад хятадаас хариу ирээд уг машиныг авахаар болоод тухайн үед яг хэдэн төгрөгөөр авсан гэдгийг хадам аав мэдэж байгаа. Тухайн үед хятадаас хоёр ширхэг сүү тарагны машин авчраад хадам аав Нямд өгсөн юм. Тухайн үед уг машины тээврийн зардал, худалдан авалтын зардал гээд их зардал гарсан. Тэгээд хадам аав Төв аймгийн Алтанбулаг суманд нөгөө машинаа ашиглаж сүү тарагны үйлдвэрийн ажлаа эхлүүлж байсан юм. Би хятад улсад ажиллаж байгаад ирсэн чинь манай хадам аав над руу яриад чиний авчирч өгсөн машиныг чинь аав нь алдчихшиг боллоо гэж надад хэлсэн гэжээ. (хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 709 207 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 40-41 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Болд ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 104 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Болд нь 2017 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүннарангийн 18 дугаар гудамжны 17 тоотод байрлах хиамны цехэд хохирогч Х.Нямын “түрээсийн мөнгөө өгөхдөө авна” гэж итгэмжлэн үлдээсэн 1 709 207 төгрөгийн үнэтэй “Бабуулай” зайрмаг хийдэг сүү, тарагны машиныг бусдад зарж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Х.Ням, гэрч Г.Болдбаясгалан, О.Тэмүүжин, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Болдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Х.Ням тарагны машиныг Д.Болдоос 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан тул гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээ 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдууллаа.   

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Ням гэдэг хүн өрөө түрээслэж авсан атлаа 1 жил 3 сарын хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй, эд зүйлээ түрээслэсэн өрөөндөө үлдээгээд сураггүй алга болсноос Д.Болд нь тэр өрөөг бусдад түрээслэж орлого олох боломжоо алдаж хохирсон. Иймд түрээсийн төлбөртөө Нямын үлдээсэн тарагны машиныг зарж, өөртөө тусалсан. Болд хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн саналыг гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Х.Ням, гэрч О.Тэмүүжин,  гэрч Г.Болдбаясгалан нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүний саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар түрээсийн төлбөрийг хохирогчоос жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Данаажавын Болдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Болдыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Болд нь торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Болд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Х.Нямаас түрээсийн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Болдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН