Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

    2019           4          10                                     303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэн,

хохирогч: Х.Лхагвадорж,

шүүгдэгч: Б.Энхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манхи овогт Балжиннямын Энхчимэгд холбогдох эрүүгийн 1903 0006 90098 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Энхчимэг.

           Шүүгдэгч Б.Энхчимэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 16 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын “Ганзам” зочид буудлын баруун хойд замд “Тоёота Приус-20” маркийн, 08-37 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлэг, Хорооллын доторх хөдөлгөөн: 19.4-д заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчидод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Лхагвадоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Энхчимэг мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зам тээврийн осол гаргаж, хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Осол гарах үед хохирогч машины доод тал руу унасан. Тухайн үед сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 530 000 төгрөг төлсөн. Цаашид хохирогч өөрт учирсан гэмтлээ эмчлүүлсэнтэй холбоотой зардал  нэхэмжлэвэл төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Лхагвадорж мэдүүлэхдээ:

Ослын улмаас миний нурууны 12 дугаар үе хугарсан. Энэ нь нугасандаа нөлөөлөх магадлалтай гэж эмч хэлсэн болохоор хэвтрийн дэглэм сахиж байгаа. Би хувиараа барилгын заслын ажил хийдэг бөгөөд тухайн үед ажил хийхээр гэрээ байгуулсан байсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Одоо миний бие ядраад, өвдөг чичирдэг болсон. Би хохирол, эмчилгээний зардлын талаар нотлох  баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч надад эм тариа, өвчин намдаах эм, кальци, барагшун зэрэг зүйлсийг авч өгч, 540 000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашдаа би 3 500 000 төгрөгийн эмчилгээ хийлгэхээр байгаа тул шүүгдэгчээс 3 500 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг төлбөл надад гомдол, санал, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Намхайнямбуу мэдүүлэхдээ:

“Тоёота приус” маркийн, 08-37 УНК улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх биш бөгөөд манай найз Т.Дөлгөөний машин юм. Дөлгөөн нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хувийн ажлаар Швед улс руу явахдаа өөрийнхөө машиныг намайг иртэл унаж байгаарай гэж хэлээд явсан юм. Тэгээд би найзыгаа иртэл машиныг нь унаж хэрэглэж байсан. Энхчимэг бид хоёр Төмөр замын орон сууцны конторт дуудлагын засварчин ажилтай бөгөөд нэг ээлжинд хамт гарахдаа энэ машиныг ээлжилж унаж дуудлаганд явдаг байсан. Осол гарсны дараа манай найз Энхчимэг над руу утасдаж осол гарсан талаар мэдэгдсэн. Энхчимэг надад эрхээ хасуулсан талаараа хэлээгүй болохоор түүнийг машин жолоодох эрхтэй гэж бодоод найзынхаа машины түлхүүрийг би өгсөн гэжээ.  (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Хишигт мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би ээжтэйгээ хамт дэлгүүр орчихоод гэр рүүгээ харих гээд явж байсан юм. Гэхдээ би ээжээсээ түрүүлээд зам хөндлөн гарчихаад орцны үүдэнд ээжийгээ хүлээгээд зогсож байтал байрны хойд талын зам дээр машин тооромзлох дуу гараад түс гэсэн хүчтэй чимээ гарахаар нь зам руу хартал ээж харагдахгүй болохоор би зам руу гүйж очоод хартал ээж машинд мөрүүлээд зам дээр хэвтэж байсан. Ээжийн хажууд нь манай ээжийг мөргөсөн гэх бараан өнгийн “Тоёота приус” маркийн машин зогсож байсан. Тэгээд би өөрийн 94008718 дугаарын утаснаас түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. 20 орчим минутын дараа түргэн тусламж ирээд ээжийг гэмтлийн эмнэлэг авч явсан гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1510 тоот дүгнэлтэд:

1. Х.Лхагвадоржийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шилбэ, шагай үе, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 124 тоот дүгнэлтэд:

1. Т.Приус-20 маркийн, 08-37 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Энхчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлэг. Хороолол доторх хөдөлгөөн, 19.4 /жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Х.Лхагвадорж нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Энхчимэг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Энхчимэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 16 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын “Ганзам” зочид буудлын баруун хойд замд “Тоёота Приус-20” маркийн, 08-37 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлэг, Хорооллын доторх хөдөлгөөн: 19.4-д заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчидод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч Х.Лхагвадоржийг мөргөж, эрүүл мэндэд нь сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шилбэ, шагай үе, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Лхагвадорж, гэрч Л.Намхайнямбуу, М.Хишигт нарын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1510 тоот, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 124 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.Энхчимэгн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 

Хохирогч, шүүгдэгчээс 3 500 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй тул үүнийг хангах боломжгүй байна. Б.Энхчимэг нь хохирогчид 530 000 төгрөгийг төлжээ.

Хохирогч Х.Лхагвадорж нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлсэнтэй холбоотой болон цаашид гарсан эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Б.Энхчимэггийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг түүнд хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Манхи овогт Балжиннямын Энхчимэгг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхчимэгг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Б.Энхчимэг нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Энхчимэг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 530 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан, цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхчимэгд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН