Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

  2019          4            12                                    311

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

улсын яллагч: Н.Ням-Очир,

шүүгдэгч: Э.Насан,

            шүүгдэгч: О.Манлай, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Жавзандулам /1194/,

            шүүгдэгч: Б.Хишиг,

шүүгдэгч: Ш.Баатар, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтантуяа /2230/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар, Насан, Манлай, Хишиг нарт холбогдох эрүүгийн 1705 0005 30032 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баатар,

 

 Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Насан,

 

 Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Манлай,

 

 Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хишиг.

 

Шүүгдэгч Э.Насан, О.Манлай, Б.Хишиг, Ш.Баатар нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Гантын 40с байрны гадна иргэн Н.Нямбаярын биед хүч хэрэглэн, 110 000 төгрөгийг дээрэмдэн авсан,

мөн Э.Насан, О.Манлай, Б.Хишиг, Ш.Баатар нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэн иргэн Н.Нямбаярын биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Баатар мэдүүлэхдээ:

Тухайн өдөр бидэнд хүн дээрэмдэх зорилго байгаагүй явсан. Надад 50 000-60 000 төгрөг байсан. Хишиг хохирогчийн түрийвчийг нь авсан гэдгийг би тухайн үед мэдээгүй. Харин Модны 2-ын ТҮЦ-ний дэргэд очоод харуулахаар нь мэдсэн. Дотор нь 1200 төгрөг байсан. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Цаашдаа ийм зүйл хийхгүй, маш их харамсаж байна. Зөв сайхан амьдарна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Насан мэдүүлэхдээ:

Би Хишигийг хүний түрийвч авсныг мэдээгүй. Эхлээд Баатар бид 2 явж байхад тэр ах Баатар бид 2-ыг хөөхөөр нь бид 2 салж зугтсан. Би түрүүлж гүйсэн бөгөөд нэг хүн гараад ирэхээр нь янз бүрийн хэрэгт холбогдох байх гэж бодоод айгаад зугтсан. Энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Сайн хүн болно, маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Манлай мэдүүлэхдээ:

Бидэнд дээрэм хийх ямар нэгэн зорилго байгаагүй. Бид хэд “Писи” тоглоом тоглох гээд урьд өдөр нь яриад тохирчихсон байсан учраас шууд “Писи” тоглоомын газар уулзсан. Тэнд тоглож байгаад гарахад Баатар хэдүүлээ бааранд орох уу надад мөнгө байна гэсэн. Баатарын найз нь Модны 2-т байдаг гээд тэндээс түүнийг авч, хамт явахаар явж байсан. Хишиг, Тэмүүжин бид 3 урд нь явж байсан бөгөөд ард хүмүүс муудалцаад байхаар нь буцаж очсон. Тэгтэл Насан гүйгээд явсан. Тэмүүжин тэр хүнийг цохисон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би хохирогчийг цохиогүй, дээрэм хийх санаа зорилгоор нэгдээгүй. Цаашдаа суруулиа төгсөөд сайн хүн болно. Маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Хишиг мэдүүлэхдээ:

Бид нар хамт явж байхад Тэмүүжин, Манлай бид 3 урд нь 20-30 метрийн зайтай явж байсан. Тэр үед хүнээс байр асуух гэж байсан. Гэтэл ард явж байсан хэд маань ирэхгүй байхаар нь бид 3 буцаад очсон. Тэгсэн 1 согтуу хүн тэд нар руу дайрахаар Тэмүүжин найзуудаа өмөөрч тэр хүнийг цохисон байх. Тэр үед газарт  нэг түрийвч байхаар нь манай найзуудын нэгнийх нь байх гэж би бодоод, авчихсан юм. Тэр үед орцноос нэг хүн гараад ирэхээр нь бид зугтаасан. ТҮЦ-ний дэргэд ирээд тэр түрийвчийг хүнийх гэдгийг нь мэдээд, нээж үзэхэд бичиг баримт болон 1200 төгрөг л байсан. Тэр түрийвчийг тэнд нь хаячихсан. Баатар ах, бид 2 эхэлж цагдаад баригдсан. Цагдаа бид хоёроос хүчээр мэдүүлэг авч, чи түрийвчийг халааснаас нь аваа биз дээ гээд байсан. Намайг үнэнээ хэлэхээр битгий худлаа яриад бай гээд хүчээр мэдүүлэг авсан. Тухайн үед цагдаа миний тохой, эрүү рүү бороохойгоор цохисон. Миний бие бага зэрэг улайсан байснаас өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Энэ талаар хэлэх юм бол цагдаа нар дараа нь дарамтлаад байх болов уу гэж айгаад хэлээгүй. Тэгээд хохирогчийн халааснаас түрийвч авсан гэж мэдүүлсэн. Хохирогч намайг хөөж байснаа буцаад явсан. Тэгэхээр нь би түүний араас цохисон. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй, маш их гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Нямбаяр мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьтын 40с байрны гадна өөрийн эзэмшлийн 33-75 УБТ улсын дугаартай автомашиныхаа толийг нь эвхэж байхад миний араар 2, урдуур 2 залуу эргэлдээд байсан. Тэгээд эвгүй санагдаад зугтаагаад орц руугаа гүйтэл араас тус 4 залуу гүйж ирээд, нүүр рүү цохиод миний үүдэн шүдийг унагаасан. Тэгээд нэг залуу хутга мэт зүйл гаргаж ирэхээр нь би тус залууст “та нар авдагаа ав” гэхэд миний өмдний баруун талын халааснаас нэг залуу нь түрийвч авсан. Тэгээд зугтаасан. Миний үүдэн шүд унасан, түрүүвчинд 110 000 мянган төгрөг бэлнээр болон бусад бичиг баримтууд байсан.

Миний шүдийг хугалсан хүмүүс хохирлоо бүрэн барагдуулсан. О.Манлай, Э.Насан болон тухайн үед байсан хүмүүс надад хохирлын 500 000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар учраа олж, бие биенээсээ уучлалт гуйгаад сайн дураараа эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 11-13, 108 дугаар хуудас),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9154 тоот дүгнэлтэд:

1. Н.Нямбаярын биед үүдэн дээд, зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Баатар ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 117 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулса гэжээ. (хэргийн 118 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Насан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Хишиг нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 120 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Насан, О.Манлай, Б.Хишиг, Ш.Баатар нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Гантын 40с байрны гадна хохирогч Н.Нямбаярын биед хүч хэрэглэн, 110 000 төгрөгийг дээрэмдэн авсан,

Э.Насан, О.Манлай, Б.Хишиг, Ш.Баатар нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэн хохирогч Н.Нямбаярын биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь үүдэн дээд, зүүн 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Н.Нямбаярын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9154 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Насан, О.Манлай, Б.Хишиг, Ш.Баатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан бөгөөд хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилжээ.  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар  шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ нь өмнөх хуульд заасан хорих ялын хэмжээнээс багассан тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Прокурор шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т  зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй тул шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамласан болно. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Иймд шүүгдэгч Ш.Баатар, Э.Насан, О.Манлай, Б.Хишиг нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно.

Шүүгдэгч Ш.Баатар, Э.Насан, О.Манлай, Б.Хишиг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан тул Ш.Баатар, Э.Насан, О.Манлай, Б.Хишиг нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.  

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Э.Насан 18 нас, 6 сар, 16 хоногтой, О.Манлай, 18 нас, 02 сар, 12 хоногтой, Б.Хишиг 16 нас, 10 сар, 20 хоногтой байсан нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Хишиг, Э.Насан, О.Манлай нарт ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, тэднийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй. 

 

Ш.Баатарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Э.Насан, О.Манлай нар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 74 хоног цагдан хоригдсон, Б.Хишиг цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 1705 0005 30032 дугаартай хэргээс Тэмүүжинд холбогдох 175 00811 дугаартай хэргийг тусгаарласныг тус тус дурдаж, Ш.Баатарын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баатар, Насан, Манлай, Хишиг нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Баатар, Насан, Манлай, Хишиг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тустай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Ш.Баатарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Баатарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хишиг, Э.Насан, О.Манлай нарт ял оногдуулахыг тэнсэж, тэдэнд 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Хишиг, Э.Насан, О.Манлай нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эх болон Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Хишиг, Э.Насан, О.Манлай нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

8. Шүүгдэгч нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хишиг, Э.Насан, О.Манлай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

шүүгдэгч Ш.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Баатарын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Э.Насан, О.Манлай нар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 74 хоног цагдан хоригдсон, Б.Хишиг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

11.  Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

12. Энэ хэргээс Тэмүүжинд холбогдох 175 00811 дугаартай хэргийг тусгаарласныг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Насан, О.Манлай, Б.Хишиг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН