| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/05238/И |
| Дугаар | 170 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 170
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, нэгдсэн үндэсний гудамж, 35/14, Монруд ХХК-ийн байранд байрлах Монруд ХХК /РД: 2020629/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, олимпийн гудамж 12-1, Ди Би Бийлдинг ХХК-ийн байр, 903 тоотод байрлах Очир төв зам ХХК /РД: 4392396/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.413.987 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонпүрэв шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Манай компани Очир төв зам ХХК-тай 2015 оын 07 дугаар сарын 09-ний өдөр “Кемпийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний төслийг Очир төв зам ХХК-д хүргүүлж, 2015 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдын хотхоны гэр кемпэнд байрлан катеринг үйлчилгээг бодитоор үзүүлж эхэлсэн. Очир төв зам ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 22.413.987 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хатуу хучилттай автозам барих зориулалттай ажилчдын түр кемпэд 2015 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Монруд ХХК-аас катерингийн үйлчилгээ авсан билээ. Уг хугацааны үйлчилгээний төлбөр 55.913.987 төгрөг болсон бөгөөд үүнээс 33.500.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монруд ХХК-д шилжүүлсэн билээ. Манай компанийн санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа бөгөөд бидний тооцооллоор 2016 оны 07 дугаар сард багтаан үлдэгдэл төлбөр болох 22.413.987 төгрөгийг бүрэн барагдуулах болно” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Монруд ХХК нь Очир төв зам ХХК-д холбогдуулан 22.413.987 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 22.413.987 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Монруд ХХК нь хариуцагч Очир төв зам ХХК-иас 22.413.987 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Очир төв зам ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 22.413.987 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 270.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Очир төв зам ХХК-иас 270.020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монруд ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ