| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0436/Э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Е |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М-ы Нид холбогдох эрүүгийн 1709019530480 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8-238 тоотод оршин суух,
Архангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:АЮ 92112213 / Боржигон овогт М-ы Н нь:
- Б.Жуулайтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн задгайд байрлах хохирогч Д Болор-Эрдэнийн өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Еталон үйлдвэрийн халаагуур, Кен маркийн цахилгаан хөрөө, майхан, хивс зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Б.Жуулайтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ зуслангийн задгайд хохирогч Я.Баяраагийн өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтэрч булган шуба хулгайлан авч, 3.000.000 төгрөгийн, нийт бусдад 3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт / хх 7-11 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38-40 /
Хохирогч Д.Болор-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний зуслангийн байшин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоотод байдаг юм. Өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай вакум цонхны салхивчийг хагалаад хулгай орсон байсан. Манай гэрээс еталон маркийн тен, кен маркийн цахилгаан хөрөө, саарал өнгөтэй майхан Чингис хааны зурагтай 1x1.40 см хэмжээтэй хананы хивс алдагдсан байсан гэжээ. / хх 12-18 /
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/452 дугаартай дүгнэлт / хх 27 /
Яллагдагч М.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хойд аав болох Бат-Оршихын Жуулайтай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон юм. Хойд аав Жуулай гэртээ манай ээж Мэндсайхантай хамт амьдардаг. Тэр орой Б.Жуулайгийн гэрийн урд талд байдаг байшинд очоод би байшингийнх нь цонхыг түлхсэн чинь хагарчихсан юм. Бид хоёр хоёулаа дотогш ороод тен, майхан, барилгын багаж хулгайлсан гэжээ. / хх 51-53 /
Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт / хх 77-78, 79-82 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 106-107 /
Хохирогч Я.Баяраа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний зуслангийн байшин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн задгай тоотод буюу Сэлбэ рестораны баруун дээд хэсэгт байдаг юм. Манай байшинд 2017 оны 10 сарын 22-ны өдрөөс 24-ний хооронд байшингийн 2 давхрын өрөөний вакум цонхыг гадна талаас нь түлхэн хулгай орж, эхнэрийн булган шуба хулгайлагдсан байсан гэжээ. / хх 92-95 /
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/435 дугаартай дүгнэлт / хх 115 /
Шинжээч Б.Түвшинбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гарын мөрийн шинжилгээ хийдэг программ нь Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн программ байдаг бөгөөд уг программыг монгол хэл рүү орчуулж буулгахад овог нэр хоорондоо зөрөх тохиолдол их гардаг. Жишээ нь: гарын санд бүртгэхдээ овог дээр нь Мэндсайхан гэж бичихэд санд хадгалахдаа нэр хэсэгт автоматаар шилжих тохиолдол гардаг. Бид уг санд хадгалагдсан овог нэрээ шууд хэвлэн гаргадаг гэжээ.
Шүүгдэгч М.Нийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 12-14 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 158 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд нь энэ хэргүүдээ нэгтгүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хохирлыг ажил хийж төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч М.Нийг Б.Жуулайтай бүлэглэн
- 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн задгайд байрлах хохирогч Д Болор-Эрдэнийн өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, Еталон үйлдвэрийн халаагуур, Кен маркийн цахилгаан хөрөө, майхан, хивс зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 500,000 төгрөгийн,
- 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ зуслангийн задгайд хохирогч Я.Баяраагийн өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтэрч, булган шуба хулгайлан авч, 3,000,000 төгрөгийн, нийт бусдад 3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 7-11 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38-40 /, ... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай вакум цонхны салхивчийг хагалан орж, еталон маркийн тен, кен маркийн цахилгаан хөрөө, саарал өнгөтэй майхан, Чингис хааны зурагтай 1x1.40 см хэмжээтэй хананы хивс алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Болор-Эрдэнийн мэдүүлэг / хх 12-18 /, ...Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/452 дугаартай дүгнэлт / хх 27 /, ... Б.Жуулайгийн гэрийн урд талд байдаг байшинд очоод би цонхыг түлхсэн чинь хагарчихсан юм. Бид 2 хоёулаа дотогш ороод тен, майхан, барилгын багаж хулгайлсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Нийн мэдүүлэг / хх 51-53 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 77-78, 79-82 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 106-107 /, ... Манай байшингийн 2 давхрын өрөөний вакум цонхыг гадна талаас нь түлхэн хулгай орж, эхнэрийн булган шубыг хулгайлсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Я.Баяраагийн мэдүүлэг / хх 92-95 /, ...Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн 03/435 дугаартай дүгнэлт / хх 115 /, ... Гарын мөрийн шинжилгээ хийдэг программыг монгол хэл рүү орчуулж буулгахад овог нэр хоорондоо зөрөх тохиолдол их гардаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Б.Түвшинбаатарын мэдүүлэг / хх 209-212 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Нийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 2 жилийн хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 11 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Н нь Б.Жуулайтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн тул хохирлын түүнд холбогдох хэсэг болох 1.750.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Болор-Эрдэнэд 250.000 төгрөг, хохирогч Я.Баяраад 1.500.000 төгрөг тус тус олгож, М.Нийн цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч М.Нтой гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн Б.Жуулай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 190901328 дугаар тогтоолоор / 2 дугаар хавтас 15 / тусгаарласан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт М-ы Нийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-ы Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар М.Нид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 11 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Нийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Ноос 1.750.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Болор-Эрдэнэд 250.000 төгрөг, хохирогч Я.Баяраад 1.500.000 төгрөг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Нийн цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ