Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0787

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа

улсын яллагч: Н.Уранбайгаль

шүүгдэгчийн өмгөөлөгч : З.Алтангэрэл

насанд хүрээгүй хохирогч : Ө.Н

түүний хууль ёсны төлөөлөгч : Ж.Б

шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт С овогт Л Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903001640136 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Л Б, 19 оны 7 дугаар  сарын 04-ний  өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мебельчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг,  ам  бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн  дугаар хороо дүгээр байрны  тоотод суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Л.Б нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүүн дөрвөн замын уулзварын Жаст-ойл Шатахуун түгээх станцын баруун замд Инвектор ББСБ-н эзэмшлийн Ниссан Караван маркийн  УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний акт болох МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Ө.Н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Л.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 18-ны яг 21:00 цаг болж байсан. Зүүн 4 замын бензин колонкоос бензин авах гээд явж байгаад өөрийн анзаараггүй байдлаас болоод энэ хүүхдийг мөргөчихсөн. Машинаа лаборторт шинжлүүлэхэд машины эд анги сайн гарсан гэв.

         Насанд хүрээгүй хохирогч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 21.00 цагийн орчим 13 дугаар хорооллын автобусны буудлаас зам гарах гээд байж байтал нэг эгч орилсон би нэг мэдсэн газар унасан байсан. Тэнд байсан нэг ах намайг өргөхөд миний хөл эвгүй болсон байсан. Би гэмтлийн эмнэлэгт очоод эхлээд зурагаа авахуулсан. Эмч юу гэж хэлснийг би сайн мэдэхгүй байна эмч ээжтэй л юм яриад байсан. Өвдөөд байсан болохоор өвчин намдаагч хийлгэсэн. Дараа нь толгой нурууны зураг авахуулсан гэв.

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Охин маань шарга морьтын автобусанд суугаад гэр рүү ирдэг. Утас руу нь залгатал ээж би машинд мөргүүлчихлээ гэсэн. Би яваад очтол охин мөргүүлчихсэн хөл нь эвгүй болчихсон гээд уйлаад байж байсан. Гэмтлийн эмнэлэгт охиноо үзүүлэхэд хөлний дээд хэсгийн арьс зулгарсан, шагайн ясны тэр хэсгээр хугарсан байсныг гипс тавиулж боолгоод, томографикын зураг авахуулсан ингээд нийт гарсан зардал болох 260.000 төгрөгийг шүүгдэгч гэх Баярхүү гуай төлсөн. Ажилгүй байсан зардлыг Б авсан. Охин маань 37 дугаар сургуульд сурахаасаа гадна хүүхдийн ордны дугуйлан, хажуугаар нь урлан бүтээхийн дугуйланд сурдаг байсан. Одоо энэ осол шалтгаанаас болоод миний охин сурах боломжгүй болсон. Би хүүхдийн ордны жилийн төлбөр болох 250.000 төгрөгийг төлчихсөн байсан. Энэ осол болсноос хойш яваагүй хагас жилийн төлбөр болох 125.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулмаар байна гэв.

         Шүүгдэгч  Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тэр өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21.00 цагийн орчимд Инвескор ББСБ-ийн нэр дээр эзэмшилтэй байдаг Ниссан Караван маркийн  УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон зүүн дөрвөн зам орох санаатай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зорчиж яваад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Зүүн 4 замын уулзварын баруун урд талд байрлах Жаст Ойл ШТС-ын баруун талын гарцаар баруун гар тийш эргэж орон авто машиндаа шатахуун хийх санаатай явж байгаад уг гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд засмал зам хөндлөн гарч явсан сургуулийн насны хүүхэд гэнэт жолоодож явсан автомашины хажуу талаас гарч ирээд би тэр хүүхдийг хараад арай ороод ирэхгүй байлгүй гэж хараад явтал тэр хүүхэд миний жолоодож явсан авто машины баруун урд булангийн хэсэг болон баруун талын толь, баруун урд талын дугуйны хэсэгт мөргүүлэн зам дээр унасан. Би тэр дор нь жолоодож явсан машинаа зогсоогоод машинаасаа буун нөгөө хүүхэд дээр ирсэн. Тэгэхэд нөгөө хүүхэд өмсөж явсан куртикнийхээ малгайг өмсчихсөн, нүдний шил нь цанатчихсан хөл өвдөж байна гээд орилоод байсан. Тухайн үед надтай хамт явж байсан З утсаараа цагдаад мэдэгдсэн. Тэгээд түргэн дуудсан. Мөн хүүхдийн ээжид утсаар нь хэлсэн. 10 орчим минутын дараа 103 ирээд хүүхдийг үзсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг авч явсан. Би цагдаад бүх зүйлээ шалгуулаад үлдсэн. Тухайн үед охины аав хамт байсан. Тухайн үед зам орчны нөхцөл байдал, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, сийрэг хөдөлгөөнтэй, цас ороогүй, зорчих хэсэг хуурай зорчих хэсгийн гэрэлтүүлэг ассан байсан гэжээ. /хх-ийн 57/

        Насанд хүрээгүй хохирогч Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тэр өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр орой 21.00 цагийн орчимд шиг санагдаж байна гэртээ харих санаатай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буун зам гарах гээд буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Зүүн 4 замын уулзварын баруун урд талд байрлах Жаст Ойл ШТС-ын баруун талын гарцны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гарч явтал хойноос нэг эмэгтэй хүн орилох шиг болсон тэгтэл гэнэт хажуунаас Ниссан Караван маркийн 91-95 УБД улсын дугаартай авто машин орж ирээд намайг баруун урд хэсгээрээ мөргөөд унагаасан. Тэгээд би айж сандраад бие маань чинэрч баруун хөл маань хөдөлж болохгүй өвдөөд уйлхад уг машины жолооч ах машинаасаа бууж ирээд надтай юм яриад байсан. Тэгж байхад ээж над руу залгаад би машинд мөргүүлчихлээ гэж үнэнээ хэлсэн. Уг ослоос болж миний баруун хөл шагайн хэсгээрээ дотор талдаа хугарсан, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн арьс зулгарч хөхөрсөн гэмтэл бэртлүүд учирсан гэжээ. /хх-н 17-19/

          Насанд хүрээгүй хохирогч Ө.Н хууль ёсны төлөөлөгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр орой 21.00 цагийн орчимд гэртээ харих санаатай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Зүүн 4 замын уулзварын баруун урд талд байрлах Жаст Ойл ШТС-ын хойд талд өөрийн төрсөн охин Ө.Наранжаргалыг хүлээгээд байж байсан. Н ирэхгүй байхаар нь яасан юм бол гэж бодоод  утас руу нь залгатал машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би сандраад охин дээрээ иртэл охин маань уйлчихсан хөл өвдөөд байна гээд байж байсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг авч явна гэж хэлсэн. Би охиноо эмнэлгээр үзүүлж харуулахад 272.000 төгрөг гарсан. Уг мөнгийг Б гуай өгсөн. Дараа нь бусад зардал мөнгө болох 872.000 төгрөгийг Б гуай өгсөн. Хүүхдийн бие гайгүй болсон болохоор ямар нэгэн гомдол санал алга гэжээ. /хх-н 22-24/

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зэргийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н  4-15/

        Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/

         Гэрч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баярхүүг 1982 оноос хойш мэддэг юм. Бид хоёр нэг нутгийн хүмүүс буюу нэг дор амьдарч байсан юм. Б нийтэч, шударга зантай, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, нийгмийн идэвхи сайтай, хөдөлмөрч, үр хүүхэддээ халамж сайтай муу зуршилгүй, архи ууж тамхи татдаггүй, хэрэг төвөгт холбогдож байгаагүй юм гэжээ.  /хх-н 25/

         Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Миний төрсөн эцэг Б 19 оны 7 дугаар сарын 4-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн одоо  настай, дээрээ нэг ахтай доороо 3 дүүтэй. Миний аав бол нийтэч зантай, бид нарт халамж анхаарал сайн тавьдаг их сайн хүн, өмнө нь ямар нэгэн хэрэг түвэгт холбогдож байгаагүй юм гэжээ. /хх-н 27/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2332 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Ө.Н биед баруун шагайн дотор хашлага ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 30/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32-33/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

         2019.2.20-ны өдрийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 7039 дугаартай дүгнэлт: /хх-н 37-41/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/

         2019.3-01-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн  168 тоот дүгнэлт:

1.Ниссан Караван маркийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Л овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Ө овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх-н 45-46/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 47-48/

          Л.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63/,

          Л.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 53-55/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-59/

          Л.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 49-50/ зэрэг болно.

          Л.Б нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр зүүн дөрвөн замын уулзварын Жаст-ойл Шатахуун түгээх станцын баруун замд Инвектор ББСБ-н эзэмшлийн Ниссан Караван маркийн  УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний акт болох МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Ө.Н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

        Насанд хүрээгүй хохирогч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...  2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим 13 дугаар хорооллын автобусны буудлаас зам гарах гээд байж байтал нэг эгч орилсон би нэг мэдсэн газар унасан байсан. Тэнд байсан нэг ах намайг өргөхөд миний хөл эвгүй болсон байсан. Би гэмтлийн эмнэлэгт очоод эхлээд зургаа авахуулсан. Эмч юу гэж хэлснийг би сайн мэдэхгүй байна эмч ээжтэй л юм юм яриад байсан. Өвдөөд байсан болохоор өвчин намдаагч хийлгэсэн. Дараа нь толгой нурууны зураг авахуулсан гэсэн мэдүүлэг

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2332 тоот шинжээчийн дүгнэлтээр Ө.Н биед баруун шагайн дотор хашлага ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна.

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Утас руу нь залгатал ээж би машинд мөргүүлчихлээ гэсэн. Би яваад очтол охин мөргүүлчихсэн хөл нь эвгүй болчихсон гээд уйлаад байж байсан. Гэмтлийн эмнэлэгт охиноо үзүүлэхэд хөлний дээд хэсгийн арьс зулгарсан, шагайн ясны тэр хэсгээр хугарсан байсныг гипс тавиулж болгоод, томографикын зураг авахуулсан ингээд нийт гарсан зардал болох 260.000 төгрөгийг шүүгдэгч гэх Б гуай төлсөн. Ажилгүй байсан зардлыг Баярхүүгээс авсан гэсэн мэдүүлэг.

         Шүүгдэгч  Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... баруун гар тийш эргэж орон авто машиндаа шатахуун хийх санаатай явж байгаад уг гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд засмал зам хөндлөн гарч явсан сургуулийн насны хүүхэд гэнэт жолоодож явсан автомашины хажуу талаас гарч ирээд би тэр хүүхдийг хараад арай ороод ирэхгүй байлгүй гэж хараад явтал тэр хүүхэд миний жолоодож явсан авто машины баруун урд булангийн хэсэг болон баруун талын толь, баруун урд талын дугуйны хэсэгт мөргүүлэн зам дээр унасан. Би тэр дор нь жолоодож явсан машинаа зогсоогоод машинаасаа буун нөгөө хүүхэд дээр ирсэн. Тэгэхэд нөгөө хүүхэд өмсөж явсан куртикнийхээ малгайг өмсчихсөн, нүдний шил нь цанатчихсан хөл өвдөж байна гээд орилоод байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 57/    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Л.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ө.Н мөргөж унагасанаас баруун шагайн дотор хашлага ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний гарсан зардлыг Л.Б дор бүр нь бүрэн төлсөн, одоо дугуйланд явж байгаад хөлөө гэмтээсэнээс хойш явж чадахгүй байгаа, үүний  төлбөрт оны эхэнд төлсөн  төлбөрийн 125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэснийг шүүх үндэслэлтэй байна гэж үзээд шүүгдэгч Л.Б гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгийн улмаас Л.Б цагдан хоригдсон хоноггүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. С овогт Л Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг   тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б 125.000 төгрөгийг гаргуулж Ж.Б олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН