Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 404

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор сумын 2-2-14 тоотод оршин суух, эрэгтэй, ВГ60062911 регистрийн дугаартай, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Түмэнбаярын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Түмэнбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1977 онд цэргийн албанд татагдаж, 1980 оны 06-р сарын 22-ны өдөр халагдаж ирээд 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орж Тонгоргын рамд мод бэлтгэгчээр ажиллах болсон. Энэ үеэс тасралтгүй ажилласаар 1990 оны 03-р сарын 22-ны өдөр мод бэлтгэх тасаг татан буугдаж Тонгоргын хоршоонд үргэлжлэн 1993 оны 06-р сарын 20-ны өдрийг дуустал ажилласан. Энэ хугацаанд байгууллага дотроо буюу Нэгдэл дундын үйлдвэртээ барилга барих зэрэг туслах ажил хийдэг байсан. Энэ талаар миний хөдөлмөрийн дэвтэр дээр тодорхой бичигдсэн. Миний хийж байсан ажил бол хөдөлмөрийн нөхцлөөр хүнд нөхцөлд ордог байсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэхээр хөдөлмөрийн дэвтэр дээр туслах ажилчнаар ажилласан зарим он сар өдрийг буруу бичсэн . Миний авч байсан цалингийн талаар архиваас лавлагаа авахад зарим сард цалин аваагүй юм шиг хүснэгт онгорхой байгаа нь бидний цалинг зарим сард нэгтгэж олгодог байсан юм. Иймд намайг Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт уулын мод бэлтгэгчээр 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 03-р сарын 20-ны өдрийг дуустал хүнд нөхцөлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт уулын мод бэлтгэгчээр 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 03-р сарын 20 ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хэвээрээ гэв.

Шүүх хуралдаанаар Д.Түмэнбаярын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 371 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаал, МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Р.Тогтохын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.Түмэнбаяр нь 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт уулын мод бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь түүний 1980 -1989 онуудад авч байсан цалинг төрийн авхивын тасгийн сан хөмрөгийн Х№57, Б№01, ХН19, 21-23, 25-26, 31, 33 дугаар хадгаламжийн нэгж хадгалагдаж нэгжээс түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 371 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, 1980-1988 онуудад сарын цалингаасаа татвар төлж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн МҮЭ-ийн гишүүний 351143 тоот бат илэрхийлэх, “ажилд түр томилох тухай” Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тушаал, Нэгдэл дундын үйлдвэр нь Тонгорог хоршоолол болж мод бэлтгэгч Д.Түмэнбаярыг уг хоршоололд шилжүүлсэн талаар бичигдсэн “ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн НДҮ-ийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тушаал, гэрч О.Тогтохын мэдүүлэг зэргээр

1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Тонгорог хоршоололд мод бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэр нь Тонгорог хоршоолол болж мод бэлтгэгч Д.Түмэнбаярыг уг хоршоололд шилжүүлсэн талаар бичигдсэн “ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн НДҮ-ийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тушаалаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Д.Түмэнбаярын 1983 оны хөдөлмөрийн дэвтэрт “Тонгорог хоршоолол нь 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татан буугдсан” талаар тэмдэглэж хоршооны тэмдэг дарсан байдал нь гэрч Р.Тогтохын хөдөлмөрийн дэвтэрт уг хоршоололыг татан буугдсан талаар бичигдсэнтэй тохирохгүй байх тул хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн Р.Тогтохын мэдүүлэг болон хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтийг үнэн зөв гэж үзэж татан буугдсан хугацааг бичсэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр ажилласан хугацааг тооцох нь үндэстэй гэж үзнэ.

Харин 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дуустал ажилласан байдлын талаар бичигдсэн байдлыг нотлох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дамдинсүрэнгийн Түмэнбаярын 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт уулын мод бэлтгэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Тонгорог хоршоололд мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.Түмэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ