Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуун мод сум, 1-р баг, 4-р байр, 8 тоотод оршин суух, Хангай овогт Содномын Саруул-Ундрах/РД: НЮ79061700/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Хас банк” ХХК-д холбогдох

 

Харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, В/290 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Саруул-Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, гэрч А.Галиндэв, Ш.Анхбаяр, С.Нямхүү, Г.Оюунтогтох, Л.Пүрэвбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                        

Нэхэмжлэгч С.Саруул-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Содном овогтой Саруул-Ундрах нь 2008 оны 8 дугаар сарын 21-нээс Хас Банкны Зуунмод салбарт Бичил зээлийн мэргэжилтэнээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийж ажилд орсон. 2010 оны 10 дугаар сарын 01-нээс эрсдэлийн менежерээр томилогдон ажиллахдаа менежер Д.Пүрэвсүрэнг ажилдаа ортол гэсэн хөдөлмөрийн гэрээгээр, 2011 оны 5 дугаар сарын 27-ноос харилцагчийн мэргэжилтэнээр ажиллах хөдөлмөрийн гэрээг хийхдээ хугацаагүйгээр хийсэн болно. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ХасБанкны ажил олгогчийн санаачлагаар ажпаас үндэслэлгүй халах тушаал танилцуулан, дарамталж байж өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичүүлж, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тушаал гарган халсан. Би Хасбанкинд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Ямар нэгэн сахилгын болон нөлөөллийн арга хэмжээ авахуулж байгаагүй болно.

Ажлаас халах тушаалд нь Хасбанкны Амар үйлчилгээ болон Интернэт банкны үйлчилгээний бүртгэлийн хуудсанд харилцагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэсэн үндэслэлээр халж байгаа гэсэн байсан. Энэ тушаалыг нь би хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэдгээ тушаал танилцуулсан захирлуудад хэлэхэд чамайг 3-6 cap хориогүйд баярла хорих эрүүгийн хуультай гэхчлэн дарамталсан. Тухайн тушаалд нь миний нэрийг буруу бичсэн байсан тул зөв болгож авая гээд тушаалыг нь аваагүй гарсан. Дараа нь дарамтлуулж байж өөрөө гарах хүсэлт бичиж өгсөн. Тушаалаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь тухайн үед ажиллаж байсан захирал менежер нар нь төлөвлөгөө өгч байгууллагуудад сургалт хийлгэн байгууллагаас нь жагсаалт аван жагсаалтын дагуу бүртгүүлж байсан. Энэ нь компанит ажил болон бүх харилцагч нарыг амар болон интернэт банкинд бүртгэх аян явуулж байснаас биш би ямар нэгэн хувийн сонирхол болон ашиглангийн ямар нэгэн санаа агуулаагүй. Шалгаж өгнө үү гэдгээ би тушаал гарахаас өмнө надаас тайлбар авахад нь бичиж өгсөн боловч тушаалаа танилцуулахдаа ямар нэгэн акт баримт үзүүлээгүй болно. Ажлаас халж байгаа тушаалд нь ямар нэгэн нэхэмжлэгч, хохирогч байхгүй, хохирол байхгүй байхад ажлаас урьдчилан мэдэгдэлгүй шууд халсан. Мөн шат дараалсан арга хэмжээ аваагүй.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, В/290 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 150 000/гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэгчийг халах боломжгүй. Өөрийн хүсэлтээр, санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.

Миний үйчлүүлэгч өөрөө хүсэлтээ өгөөгүй тул ажилд эгүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хас банкны ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халах тушаал танилцуулан, дарамталж байж өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичүүлж, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тушаал гарган халсан.” гэжээ. Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” нь Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд Шүүхээр хянан шийдвэрлэгдэхээр харьяалуулсан хэрэг маргаан юм. Хуулийн тус заалтын агуулга болон хууль тогтоомжийн тайлбараас харахад уг хэрэг маргааны шинж нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан шийдвэр түүний үндэслэлийн талаар маргадаг билээ.

Харин бодит нөхцөл байдлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээг үндэслэж цуцалсан тушаал нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “С.Саруул-Ундрахтай байгүулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай” В/290 дугаартай Хүний нөөц хариуцсан захирлын тушаал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа, хүчин төгөлдөр болгож гаргаагүй "Ажлаас халах тушаал”-ын талаар тайлбар, татгалзал хийх боломжгүй юм.

Хас банкны хувьд уг гомдол нь агуулга, хэлбэр болон бусад нөхцөл байдлаараа хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байгаа учир эс зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Саруул-Ундрах хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдуулан харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, В/290 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 150 000/гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Хас банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс харилцагчийн мэргэжилтний ажилд ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн/хх-10-12/ болон 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний/3-8/ хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх тайлбар гаргаж байна.

 

Хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасныг үндэслэн ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн № В/290 тушаалын хуулбар баримтаар/хх-9/ авагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.1-т “ажилтан санаачилсан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хариуцагчид харилцагчийн мэргэжилтнээр ажилласан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн/хх-10-12/ болон 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний/3-8/ хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч халах тушаал битгий гаргаач гэж гуйсан” гэх тайлбар, гэрч А.Галиндэвийн “ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг танилцуулахаар очсон .... С.Саруул-Ундрах зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэсэн”, гэрч Ш.Анхбаярын “ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг авч очсон”, гэрч Г.Оюунтогтохын “ажлаас халах тушаал танилцуулсан”, гэрч Л.Пүрэвбаатарын “ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан тушаал уншсан” гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байна. 

 

Хариуцагчийн “нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх тайлбар, татгалзал баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т “хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох ....” гэж заасан.

 

Хариуцагч “Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № В/290 С.Саруул-Ундрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Саруул-Ундрахыг хариуцагч “Хас банк” ХХК-ийн “Зуун мод” салбарын харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-ныий өдөр хүртэлх ажлын 77 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 3 395 161/гурван сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун жаран нэг/ /нэг хоногийн цалин 44 093х77 хоног=3395161/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.                                                                                                                                     

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хас банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 3 395 161/гурван сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Саруул-Ундрахад олгож, хариуцагч “Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № В/290 С.Саруул-Ундрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Саруул-Ундрахыг хариуцагч “Хас банк” ХХК-ийн “Зуун мод” салбарын харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хас банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 3 395 161/гурван сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Саруул-Ундрахад олгож, хариуцагч “Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № В/290 С.Саруул-Ундрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Саруул-Ундрахыг хариуцагч “Хас банк” ХХК-ийн “Зуун мод” салбарын харилцагчийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Саруул-Ундрах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69272 төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ