Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 92

 

Ц.Т-д холбогдох

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, Ц.Т-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 51/7 дугаар байр 23 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-н Т- /РД:***/

Ц.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Прокуророос 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч Ц.Т- нь ял эдэлж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн, ...цахим бугуйвчийн оосрыг тастсан, мөн техникийн эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн тул түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоног буюу 641 хоногийн хугацааны зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар дүгнэлт бичжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Т-г өмнөх 914 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас биелүүлээгүй үлдсэн 1 жил 9 cap 2 хоногийн хугацааг зорчих эрхийг хязгаарласан ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 9 cap 2 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Ц.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т- нь 57 хоног цагдан хоригдсоныг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд:

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбогдуулж гаргах санал байна уу

гэхэд,

Т-гээс: Би өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна гэв.

Даргалагчаас: Өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан юм уу гэхэд,

Т-гээс: Тийм гэв.

Даргалагчаас: Хэзээ өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан бэ гэхэд

Т-гээс: Давж заалдах гомдол гаргахдаа өмгөөлөгч авсан. Манай ээж гэрээ байгуулж, өмгөөлөгч авна гэсэн.

Даргалагчаас: Та гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авах ёстой биз дээ гэхэд Т-: Өмгөөлөгч хүрч ирж уулзана гэсэн гэв.

Даргалагчаас: Өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул таныг өмгөөлөгчтэй гэж ойлгох боломжгүй байна гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна.

Давж заалдах шатны шүүхээс Ц.Т-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасныг зөрчсөн.

Т- нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авсан өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцохоо өөрөө биечлэн илэрхийлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно.” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчин үйлчлүүлэгчид маань өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул таныг өмгөөлөгчтэй гэж ойлгох боломжгүй байна гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад Ц.Т- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч авч буй талаараа хэлсэн байдаг. Миний хувьд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгчийн ээжтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд 03 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгчтэй очиж уулзахад тухайн өдрийн өглөө хурал болсон талаар хэлсэн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчсөн агуулга бүхий гомдол гаргасан. Иймд хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гавтай холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт хэлнэ” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ялтан Ц.Т-д холбогдох зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солисон тухай асуудлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, ялтан Ц.Т-г өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Т- нь ял эдэлж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэсэн, ...цахим бугуйвчийн оосрыг тастсан, мөн техникийн эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн үндэслэлээр прокуророос түүний эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар дүгнэлт бичин анхан шатны шүүх уг зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Дээрх үндэслэл, шалгуурын дагуу дүгнэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч Б.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн байхад түүнд тухайн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаа олголгүйгээр, хуульд заагаагүй үндэслэл дурдан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2, 5.2 дугаар зүйлийн 2, 5.3 дугаар зүйлийн 2, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                             Б.ЦОГТ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН