Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч П.Түмэндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Дуламсүрэнд холбогдох

Гэм хорын хохирол 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Түмэндэлгэр нь 2015.05.01-нд Nissan X-trial машин унаж замын хөдөлгөөнд оролцон зогсож байтал ар талаас Дуламсүрэн гэх эмэгтэй жолооч Prius-11 маркийн машинаар хүчтэй ирж мөргөн миний машины эд ангийг эвдэлсэн. Хэргийн газар замын цагдаа Эрдэнэбаяр ирж танилцсан. Дуламсүрэн гэгч нь зохицоод засуулж өгье гэж хэлээд өнөөг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй сураг чимээгүй алга болсон. Иймд Дуламсүрэн гэгчээс хохирол 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Эвдэрсэн Nissan X-trial машины эд анги түүнийг дахин авч засварлахад гупер 350.000 /зөвхөн худалдан авах үнэ/, арын хаалга 300.000 төгрөг /худалдаж авах үнэ/, яндан /кушител/ 250.000 төгрөг /худалдаж авах үнэ/, тэнхлэгийн гажилт засах 100.000 төгрөг, дээрх эд ангийг Улаанбаатар хотод /Вьетнам засвар/ засуулах үнэ, замын зардал /ирж очих/, бензиний өртөг, машины эвдэрсэн цагаас өнөөг хүртэлх зорчсон таксины мөнгө, эдгээрийг тооцож нэг сая зургаан зуун мянган төгрөгийг Дуламсүрэнгээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож байхад Д.Дуламсүрэн замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж миний автомашиныг ирж мөргөсөн. Автомашинд хойд гупер, арын хаалга, яндан, тэнхлэг тохиргоо зэрэгт гэмтэл учирсан. 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж нийт 760.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс машин маань эвдрээгүй байсан бол би автомашиндаа 264.000 төгрөгийн бензин авч хийх байсан тул уг мөнгийг 760.000 төгрөгөөс хасч тооцоод 496.000 төгрөгийн бодит зардал надаас гарсан байна. Үүн дээр хойд гупер 350.000 төгрөг, арын хаалга 300.000 төгрөг, яндан 250.000 төгрөг, тэнхлэг тохиргоо 100.000 төгрөгөөр засуулахаар байгаа. Ингээд нийт зардал 1.868.000 төгрөг болж байгаа ба анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1.600.000 төгрөг нэхэмжилж түүнд тохирох тэмдэгтийн хураамж төлсөн тул 1.868.000 төгрөгөөс 104.000 төгрөгийг хасч байна. Энэ нь Улаанбаатар хот руу автомашинаа авч явж засуулахад гарах бензиний зардал 372.000 төгрөгөөс      268.000 төгрөгийг хассан юм. Иймд 1.600.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 01-нд жолооч П.Түмэндэлгэр нь Nissan X-trial маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зогсох дохио өгөхгүйгээр аймгийн Цагдаагийн газрын өмнөх замын хэсэгт гэнэт зогссоны улмаас осол гарсан. Энэ осолд жолооч П.Түмэндэлгэр өөрөө буруутай, осол гарах тухайн үед осол гарангуут бидний хажууд ирсэн цагдаагийн газрын орлогч дарга н.Уртбаяр гэгчид таныг авах гэж гэнэт зогсоод л ийм асуудалд орчихлоо шүү дээ гэж хэлж байснаар нотлогдоно. Уртбаяр нь тэгэхэд наадах машин чинь сүртэй гэмтээгүй байна, зохицоод л засварын газар очоод засуулчихаач гэж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа 102-т дуудлага өгөхөд Эрдэнэбаяр гэдэг замын цагдаа ирж үзсэн боловч хэмжилт хийж тэмдэглэл үйлдээгүй, ул мөрийг бэхжүүлж аваагүй. Тухайн үедээ би машинаа зогсоох арга хэмжээ авсан, тормослосон мөр нь ч тодорхой байсан. Энэ машин миний машины урд хөдөлгөөнд оролцож байхдаа маш удаан эсвэл гэнэт хурд аваад явсан. Үүнийг миний машинд зорчиж явсан Үнэнбат, Хандармаа нар гэрчлэх бөгөөд тухайн үедээ машин дотор хоорондоо энэ машин чинь явах гээд байгаа юм уу, зогсох гээд байгаа юм уу дохио ч өгөхгүй ухас ухас гээд байх юм гэж ярилцаж явсан. П.Түмэндэлгэрийн машины хойд гуперын зүүн булан цуурсан боловч машиндаа бэхэлгээтэй хэвээр байсан. Тухайн үедээ П.Түмэндэлгэр бид 2 тохироод хамгийн сайн засварын газар гэж үзээд Анхаагийн засварын газар очсон. Засварын хүн үзээд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн төлбөрөөр засаж хэвийн байдалд оруулж болно гэж үзсэн. Би тэр үед нь засварчинд 80.000 /наян мянга/ төгрөгийг нь бэлнээр өгсөн. Түмэндэлгэрт 40.000 /дөчин мянга/ төгрөг өгөөд салсан. Ингээд энэ асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гэмтэл тухайн машинд үүсээгүй байсан. Хэрэв ийм гэмтэл учирсан байгаа бол тухайн ослоос хойш болсон тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тийм хэмжээний эвдрэл тухайн үед гараагүй. Осол гарсны дараа газар дээр нь тохирч жолооч П.Түмэндэлгэрийн зөвшөөрснөөр авто засварын газарт очиж уг гуперийг осол гарахаас өмнөх байдалд оруулж сэргээн засварлах ажлын үнэлгээг тодорхойлуулахад 120.000 төгрөг болж байсан. П.Түмэндэлгэр засварлуулахыг зөвшөөрсөн учир машины засварт 120.000 төгрөгийг П.Түмэндэлгэрт өгсөн. Одоо 200.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Харин 1.600.000 төгрөг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Дуламсүрэнгээс гэм хорын хохиролд 496.000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Түмэндэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.104.000 / нэг сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Түмэндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 / дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Түмэндэлгэрээс 15.530 / арван таван мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр нь хариуцагч Д.Дуламсүрэнгээс гэм хорын хохирол 1.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 22-ны хооронд буюу зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явсан зардал гэх 496,000 төгрөгийн нотлох баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байхад хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч таксины мөнгийг өдөр тутам Д.Гончигшарав гэх хүнд өгч байсан гэж тайлбарладаг. Хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд байгаа “2015.05.01-нээс 2015.08.22-ны өдөр хүртэл Д.Гончигшаравт нийт 760.000 төгрөг төлсөн нь үнэн болно” гэсэн бичгийг 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн байхад нотариатч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрчилсэн байх ба 760.000 төгрөгийг Д.Гончигшарав авсан эсэхийг нотариатч өдөр тутам тухайн хоёр хүн хоорондоо таксины мөнгийг өгч, авалцаж байсныг хараагүй байж ямар баримтыг үндэслэн гэрчилсэн нь тодорхойгүй, мөн нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй байгаа баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохиролд 1.600.000 төгрөг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт байхгүй болно. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгөөс анхан шатны шүүх гэм хорын хохиролд 496.000 төгрөгийг гаргуулж үлдсэн 1.104.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагчаас гэм хорын хохиролд 496.000 төгрөгийг гаргасан хэдий ч Nissan X-trial маркийн машины эвдрэлийг засварласан, ажлын хөлс 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулаагүйгээр шийдвэрлэснээс гэм хорын хохирлыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан машины эвдрэл засварласан баримт нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эвдрэл засварласныг нотолсон. Үүнийг үгүйсгэсэн үйл баримт хэрэгт авагдаагүй байхад үүнийг үнэлж шийдвэрлэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж засварын хөлс 600.000 төгрөгийг хариуцагч Д.Дуламсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1.600.000 төгрөгийг  хариуцагч Д.Дуламсүрэнгээс  нэхэмжилсэн байх ба хариуцагч нь “П.Түмэндэлгэр өөрөө буруутай, машин нь хойд гуперын зүүн булан цуурсан боловч машиндаа бэхэлгээтэй хэвээр байсан тухайн үед хоорондоо тохиролцож мөнгө төлсөн тул хохирлыг хариуцахгүй” гэж маргажээ.

Хариуцагч Д.Дуламсүрэн нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Prius” маркийн 37-69 УБА улсын дугаартай авто машин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас П.Түмэндэлгэрийн “Nissan Х.Trail” маркийн 49-15 УНВ улсын дугаартай автомашиныг мөргөж, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан нь зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 33-34-р хуудас/, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь  автомашинд  бодит хохирол учирсныг нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, засвар хийлгэх зардлаа нэхэмжилсэн байх тул  анхан шатны шүүхийн  “нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засварласны дараа гарсан бодит зардлыг нэхэмжлэх ёстой атал гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхгүй” гэсэн  дүгнэлт  нь үндэслэлтэй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн   иргэн Д.Гончигшараваар үйлчлүүлсний хөлс 760.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж 496.000 төгрөг болгосныг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь Д.Гончигшаравт ямар үндэслэлээр 760.000 төгрөг төлсөн нь ойлгомжгүй, автомашинаар нь үйлчлүүлсэн гэх тайлбар гаргасан байх боловч хэрэгт /хх-ийн 82-р тал/ авагдсан баримтад энэ талаар тусгаагүй, мөнгө хүлээлгэн өгснийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, баримтыг үйлдсэн болон нотариатаар гэрчлүүлсэн огноо зөрүүтэй байх тул хариуцагчаас 496.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна.Иймд  хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.Дуламсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа автомашинд засвар хийлгэсний  600.000 төгрөг нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...600.000 төгрөгийг хариуцагчаас гаргаагүй, гэм хорын хохирлыг дутуу шийдвэрлэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь дээрх шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэхдээ “хариуцагч П.Түмэндэлгэрээс”  гэж  хариуцагчийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “496.000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/” гэснийг “200.000 /хоёр зуун мянга/ гэж, “1.104.000  /нэг сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг” гэснийг “1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/” гэж, 2 дахь заалтын “хариуцагч П.Түмэндэлгэрээс 15.530 /арван таван мянга таван зуун гуч/” гэснийг  “хариуцагч  Д.Дуламсүрэнгээс 6.650 /зургаан мянга зургаан зуун тавь/” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  М.ХҮРЭЛБААТАР

                                                                     Т.ГАНБАТ