Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ч.Лхагважаргал,

            Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

            Улсын яллагч Ц.Хулан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа,

            Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могойн нүдэн овогт Тэрбишийн Содномд холбогдох 1911 00440 0132 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Могойн нүдэн овогт Тэрбишийн Содном, 1976 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-599 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:ХЕ76120214),

 

Шүүгдэгч Т.С нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 01 дүгээр сарын 29-30 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 30 дугаар гудамж 613 тоотод иргэн Д.Болдбаатартай хамт архидан согтуурч, улмаар заазуур, лоом ашиглан түүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар доорхи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Т.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад талийгаач ална гээд гал тогооны өрөөнд байсан заазуурыг аваад дайраад агсам тавиад байсан. Зодолдож байх үед олон тооны шарх үүссэн гэж бодож байна. Заазуурыг булааж авах гээд ноцолдож байх үед олон тооны шарх, сорив үүссэн гэж бодож байна. Талийгаач гаднаас барьж орж ирсэн. Толгойн тус газарт нь нэг удаа цохисон..” гэв.

Шүүгдэгч Т.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /135-138/ “..Болдоо ах архи уухаараа өөрөө их агсам согтуу тавиад байдаг хүн шиг санагдаад бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд маргаж байгаад Болдоо ах том өрөөнд байдаг гал тогооны шүүгээний шургуулганаас саарал иштэй маягийн заазуур гаргаж ирээд намайг ална гээд дайраад би Болдоо ахтай ноцолдож байгаад заазуурыг нь булааж аваад заазуурыг нь өөрөөс нь салгаад гэрийнх нь аль нэг хэсэгт шидсэн юм. Тэгээд Болдоо ах надаас салаад гэрээсээ гараад эргэж орж ирэхдээ гартаа лоом барьж орж ирээд миний нуруун тус газарт лоомоор цохьсон тэгээд би Болдоо ахаас лоомыг нь булааж өөрөөс нь салгаж аваад би лоомоор нь Болдоо ахыг толгойн тус газарт нь яг хаана нь гэдгийг мэдэхгүй 2-3 удаа цохисон. Тэгээд Болдоо ах надад лоомоор цохиулаад газарт унасан..” гэх мэдүүлэг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би хохирогчийн хамгийн бага дүү юм. Би ажилтай байж байгаад 17 30-ын үед аав маань цагдаагаас ярьж байна ах чинь нас барсан гэж байна гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллага руу аавыгаа аваад очсон. Ганпүрэв мөрдөгч ах чинь хүнд алуулсан байна. Хэрэг хийсэн хүн нь өөрийгөө илчилсэн. Та бүхнээс нэг хүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох талаар хэлсэн. Цагаан сарын үеэр энэ асуудал болсон учраас оршуулах талаар хүсэлт гаргаад оршуулсан. Тухайн өдөр Т.Сын эх надтай уулзах санал тавьсан. Би аавын бие муу байгаа оршуулгын ажилтай байна уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн. Би эхэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад санамсаргүй амь насанд нь хүрсэн гэж бодсон. Оршуулгын зардал 5.400.000 гарсан. 2.000.000 төгрөгийг нь 3 дугаар сард, 2.000.000 саяыг нь өнөөдөр өгсөн. Нийт 4.000.000 төгрөг өгсөн ба 1.400.000 гаруй төгрөг үлдсэн. Одоогийн байдлаар оршуулгын зардлын үлдсэн мөнгийг нэхэмжилж байна. Хэхэргтэй танилцахад харахаас нүт халтирам байдалтай болгосон байсан. Миний ах согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэггүй. Солонгос улсад удаан хугацаанд амьдарч байгаад ирсэн. Нийтэч, өргөн хүрээний мэдлэгтэй, ямарч сэдвээр хүнтэй харилцдаг хөгжилтэй хүн байсан. Булган гэх хүнтэй хамтран амьдардаг байсан ба муудалцаад Турк улс руу Булган гэх хүнийг явсанаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон. Тухайн үед ямар учраас маргаан болсонд гайхаж байна..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-41-45/ “..Талийгаач нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхээс 5 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Талийгаач нь доороо 2 дүүтэй миний дээр 2 эгч байдаг тэр хоёр эгч маань хөдөө орон нутагт байдаг болохоор наашаа цаашаа явах боломжгүй гээд эцэг Дамдиндоржтой ярилцаж байгаад намайг уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон юм.. тэгээд маргааш өглөө нь талийгаачийн гэрт нь лам авч очиж ном уншуулах шаардлагатай гэхээр нь очиход гэрийнх нь гал тогооны хэсэгт газраар бүхэлдээ цус болсон эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан тэгээд талийгаачийг чандарлах гээд салах ёс хийхээр зан үйл үйлдэх болон шүүх эмнэлэгийн моорогт очиж талийгаачийг ар гэрийнхнээр таниулах гэж харахад талийгаачийн нүүрэн тус газарт нь маш олон тооны зүсэгдсэн шарх болон хүзүүн тус газраа хүртэл шархтай байсан тэгэхэд л талийгаачийг маш хэрцгийгээр хүний гарт нас барсан байна гэдгийг мэдсэн юм.. Талийгаач нь гэр бүлтэй, эхнэр Булгантай гэр бүл болоод 2008 оноос хойш амьдарч байгаа юм. Тэгэхдээ дундаасаа гарсан хүүхэд байхгүй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрагч Булган нь одоогоор Турк улсад ажиллаж амьдарч байгаа юм.. Талийгаач нь бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1975-1985 оны хооронд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургууль төгсөөд Оросын холбооны улсын Ленинград хотод худалдааны чиглэлээр 2 жил суралцаж байгаад төгсөөгүй ирсэн. Тэрнээс 1987 оноос 3-4 жилийн хугацаанд Буян ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж байгаад ажлаасаа гараад 2 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байж байгаад 1996-2006 оны хооронд Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад баригдаад Монгол улсад ирснээс хойш төмрөөр эд зүйл хийдэг ажил хөдөлмөр эрхэлж байсан юм.. Би маш их гомдолтой байна. ..талийгаач нь Солонгос улсад амьдарч байхдаа л шүд нь өвдөөд авахуулаад гэж ярьж байсан. Тэгээд хиймэл шүд хийлгэсэн гэж ярьдаг байсан. Надад үзүүлсэн шувууны дүрс бүхий металл бугуйвч нь миний талийгаач ахын маань бугуйвч  мөн байна..” гэх мэдүүлэг,

Гэрч С.Чулуунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-46-48/ “..урд шөнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-30-ны шилжих шөнө 01:30 цагийн орчим миний хүү Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай баруун хөлдөө гуталгүй, оймстойгоо дээгүүрээ куртикгүй ноосон хар саарал өнгийн цамцтайгаа орж, толгойн тус газартаа нилээд хагарсан байдалтай, зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн шархтай орж ирээд.. “хэлэхдээ өчигдөр цуг архи уусан хүн маань үхчихсэн байна та цагдаад дуудлага өг би тэр явдаг газар нь очиж шалгуулъя” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Дашжамцаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-49-51/ “..би 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг худалдаж аваад Д.Болдбаатар ахын гэрт явж очиход Д.Болдбаатар ах гэрийнхээ хаапгыг өөрөө онгойлгож өгсөн юм... Хараа нэртэй архийг бид хоёр хувааж уугаад архи дуусах гээд байж байхад би Т.С гэх манай гэрийн ойролцоо байх олон жил болж байгаа залуугийн 99968954 дугаарын утасруу запгаж хаана явж байгаа юм бэ.. хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй ганцаараа эрүүл орж ирсэн юм. Тэгээд Д.Болдбаатар ах бид хоёрын ууж байсан архийг бид гурав уугаад дуусгасан юм. Тэгээд Т.С бид хоёр гарч явж доод талд байх Чандмань нэртэй хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг аваад Д.Болдбаатар ахын гэрт орж бид гурав хувааж уугаад хоорондоо онц гойд зүйл яриагүй ойр зуурын юм ярьж байгаад авч ирсэн архиа дуусгаад 19:30-20:00 цагийн орчимд Т.С бид хоёр Д.Болдбаатар ахын гэрээс гарч явж Д.Болдбаатар ах гэртээ ганцаараа үлдээд бид хоёр тэдний гэрээс гараад урд талын гудамжны үзүүрт байх усны худгийн хажууд очиж би гэр рүүгээ орох гэхэд Т.С би гэртээ орчоод гараад ирье чи энд байж бай гэж хэлэхэд нь би яах юм бэ гэр рүүгээ орлоо гээд гэртээ орсон.. Намайг Д.Болдбаатар ахын гэрт явж ороход Болдбаатар ахын биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шархтай байгаагүй. Т.С бид хоёрыг гэрээс нь гараад явахад нь ямар нэгэн гэмтэл шархтай байгаагүй.. Болдбаатар гэх хүн нь архи согтууруулах ундааг миний мэдэж байгаагаар сайн хэрэглэдэг.. архи хэрэглэсэн үедээ ямар нэгэн илүү дутуу ааш зан гаргадаггүй, байдгаараа байж байгаад унтаад өгдөг.. Би анх Д.Болдаатар ахын гэрт ороход Д.Болдбаатар ах эрүүл гэртээ байсан... Т.Сын хувьд бид хоёрын ууж байсан 0.75 Хараа нэртэй архи дуусч байхад орж ирээд хундгаар 2 удаа татсан, дараа нь бид гурав 0.5 литрийн харааг хувааж уусан намайг харахад Т.С нь гайгүй хэвийн хэмжээнд байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-63-64/ “..Талийгаач тухайн өдөр ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй ирсэн юм. Ирэхдээ ямар нэгэн өөрчлөлтгүй ирсэн..” гэх мэдүүлэг,

 

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ: 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд: /хх-72-76/ “..Талийгаач Д.Болдбаатарын цогцост хийсэн шинжилгээгээр суурь ясны хөндлөн хугарал, зулай ясны бүрэн бус хугарал, баруун чамархай, дух зулайн хуйхны цус хуралт, баруун чамархайн булчингийн няцрал, хуйх, нүүрэнд зүсэгдсэн шарх, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн авчилт, баруун сарвууны шарх, баруун сарвуу дунд, долоовор хурууны алганы шивнүүр дэх бүрэн бус хугарал, шөрмөсний тасрал, зүүн зовхи: нүдний алим баруун бугуй, чихний дэлбэнд цус хуралт, зүүн мөр, цээжинд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Уг гэмтлүүд нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаапийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 3.4 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлээс бусад гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Цогцост учирсан гэмтлүүд нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байх ба биеэ хамгаалан тэмцэлдэх явцад үүсэх боломжтой..” гэх дүгнэлт,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилнээ №1919: /хх-80/ “..Содномын биед зүүн зулай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

 

Биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1002 дугаартай дүгнэлтэнд: /хх-83/ “..Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн иштэй заазуур, 148 см урттай лоом, 28 см диаметртэй төмөр ахуйн хэрэглээний сав, гялгар ууттай хэсэг үс мэт зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь О/l/ бүлгийн харъяалалтай байна..” гэх дүгнэлт,

 

Биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1003 дугаартай дүгнэлтэнд: /хх-93/ “..Хохирогч Д.Болдбаатарын хэрэг болох үед өмсөж байсан гэх хар өнгийн ноосон майк, хар өнгийн цамц, хар өнгийн подволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн нимгэн өмд, саарал өнгийн дотуур зузаан өмд: 1 хос хар өнгийн оймс, хар өнгийн дотоож, хар өнгийн гутал, хар өнгийн нэхий дээл дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна..” гэх дүгнэлт,

 

         Криминалистикийн шинжээч Г.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай дүгнэлтэнд: /хх-94-95/ “..Т.Сын хэрэг болох үед өмсөж явсан хувцас... шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал цамцны зах хурц иртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр 450 мм хэмжээтэй зүсэгдэж таслагдсан, хагас энгэрийн 1. 2. 3 дахь товчнууд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэгдэж таслагдсан байна. Цагаан саарал цамцанд 15 мм, хагас ханцуйтай цамцанд 5x3 мм, 5x5 мм, 10x3мм, 15x8мм, 10x3мм, 5x2мм, 3x2мм, 3x3мм, 5x3мм, 3x3мм, 1x1мм хэмжээтэй 11 ширхэг гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт ханзралт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Хагас ханцуйтай цамцанд 10x20 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрийн гэх 6 ширхэг гэрэл зураг шинжилгээнд тэнцэхгүй байна..” гэх дүгнэлт,

 

Криминалистикийн шинжээч Ө.Тамираагийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 822 дугаартай дүгнэлтэнд: /хх-103-104/ “..Шинжилгээнд ирүүлсэн хар үстэй дотортой нэхий гадуур хүрмэнд 35x20 мм, 40x35 мм, товч унасан, хагас ханцуйтай хар цамцанд 70мм, 30 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Харин дугуй захтай хар цамцанд 15 мм, хагас ханцуйтай хар цамцанд 20 мм, 30 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна... Мөн дугуй захтай хар цамцанд 50x12 мм ир үзүүртэй зүйлээр гарсан шинэ зулгаралт байна. Мөн жинсэн өмдөнд 60x60 мм, саарал дотуур өмдөнд 63x60 мм хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ халцралхууд байна... Дээрх хувцаснуудад гарсан гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй..” гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 447 дугаартай дүгнэлтэнд: /хх-110-111/ “...Содном нь хэргийн талаар зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.С нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. Т.С нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт,

 

Биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1810 дугаартай дүгнэлтэнд:/хх-113/ “..Шинжилгээнд ирүүлсэн Т.Сын гэх цус нь АВО системээр АЛ1/ бүлгийн харъяалалтай байна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Г.Ханхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-115-116/ “..Талийгаачийн зүүн талын 2, 3, 4, 5, 6-р хавирганууд суганы урд шугамаар, баруун 3, 4, 7, 8-р хавирга суганы урд шугамаар, баруун талд 5-р хавирганы эгэмний дунд шугамаар шууд хугарал гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлийн үйлчлэлд зураг дээрх лоом хамаарна.. Дээрх гэмтлүүдийг авсан хүн хөдөлгөөн хийх боломжтой. Шууд үхэлд хүргэхгүй. Талийгаачийн биед учирсан баруун 3-р хурууны алганы шивнүүр. 2-р хурууны угийн шивнүүрт бүрэн бус цавчигдсан хугарал гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүсэлтээс үүсэх боломжтой.. Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Лоомоор цохиход үүсэх боломжгүй. Хүнд согтолттой хүн орон зай орчны баримжаа алдагдсан байна, өөрийгөө бүрэн хянах чадвараа алдсан байна. Ноцолдох, үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай байна. Талийгаачийн биед шууд үхэлд хүргэх боломжтой гэмтэл байхгүй байна. Учирсан гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн хавсарсан олон гэмтлийн улмаас болж нас барсан. Аль гэмтэл нь түрүүлж үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй. Бүх гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байгаа юм..” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-117/ “..Т.Сын биед учирсан зүүн зулай, баруун эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эрхий хурууны шарх гэмтэл, шөрмөс өргөгч нь нэг механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийг хүн өөрөө өөртөө учруулах боломжтой. Үзлэгээр дурдаагүй учраас нуруунд шарх гэмтэл байгаагүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Т.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-150/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-154/, зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

2019 оны 01 дүгээр сарын 29-30 ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 30 дугаар гудамж 613 тоот гэртээ Д.Болдбаатар нь шүүгдэгч Т.Стой архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар зодолдож, ноцолдон шүүгдэгч Т.С нь Д.Болдбаатарын биед тархины суурь ясны хөндлөн хугарал, зулай ясны бүрэн бус хугарал, баруун чамархай, дух зулайн хуйхны цус хуралт, баруун чамархайн булчингийн няцрал, хуйх, нүүрэнд зүсэгдсэн шарх, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн авчилт, баруун сарвууны шарх, баруун сарвуу дунд, долоовор хурууны алганы шивнүүр дэх бүрэн бус хугарал, шөрмөсний тасрал, зүүн зовхи, нүдний алим баруун бугуй, чихний дэлбэнд цус хуралт, зүүн мөр, цээжинд зулгаралт бүхий гэмтлийг заазуураар зүсэж, лоомоор цохин үүсгэсэн бөгөөд дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас Д.Болдбаатар нас барсан байна. Шүүгдэгч Т.Сын биед зүүн зулай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ.

Дээрхи үйл явдал болохоос өмнө 15 цагийн орчимд талийгаач Д.Болдбаатар, гэрч Н.Дашжамц нар 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг худалдаж авч Д.Болдбаатарын гэрт хуваан ууж байхдаа шүүгдэгч Т.Сыг дуудан дахин 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг авч хамтдаа ууж дуусган 19:30-20:00 цагийн орчимд гэрч Н.Дашжамц шүүгдэгч Т.С нар талийгаач Д.Болдбаатарын гэрээс гарч явцгаасан байна. Гэрч Н.Дашжамц ойролцоо байх гэрлүүгээ явсан бол шүүгдэгч Т.С дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч талийгаач Д.Болдбаатарын гэрт буцаж очин архиа хувааж уужээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч болон талийгаач хоорондоо юунаас болж маргалдсан нь тодорхойгүй боловч талийгаач ширээний шургуулганаас заазуур гаргаж ирсэн, түүнийг нь ноцолдох явцад шүүгдэгч булааж авсан, талийгаач гаднаас лоом барьж ирэн дайрахад мөн түүнийг нь шүүгдэгч булааж авсан, энэ зэвсгүүдээр талийгаачид дээрхи гэмтлүүдийг учруулан гарч явсан бөгөөд түүнийг гарахад талийгаач газарт ухаангүй хэвтэж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлсэн байна.

Шүүгдэгчийн ээж гэрч С.Чулуунцэцэгийн мэдүүлгээр шүүгдэгч Т.С 29-30-ны шилжих шөнө 01:30 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, баруун хөлдөө гуталгүй, оймстойгоо дээгүүрээ куртикгүй ноосон хар саарал өнгийн цамцтай, толгойн тус газартаа нилээд хагарсан байдалтай, зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн шархтай орж ирэн унтаад өглөө нь Д.Болдбаатарын гэрт буцаж очин түүнийг нас барсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн байна.

Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Сын согтолтын зэргийг тогтоогоогүй бол хамт уусан талийгаач хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Сын мэдүүлснээр талийгаач агсам тавьж эхэлсэнээр маргаан үүссэн, зодолдсон ноцолдон цаг хугацаа, зэвсэг хэрэглэл, орчин тойрны байдал зэргийг мэдэж байгаа болон шинжээчийн дүгнэлтээр тэрээр сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар зөв мэдүүлэг өгөх чадвартай зэргээс үзэхэд түүний санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан байдал тогтоогдсонгүй.

Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Т.С нь Д.Болдбаатарыг алсан болох нь тогтоогдож байна. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр талийгаач Д.Болдбаатарт учирсан гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн олон тооны хавсарсан гэмтэл байх бөгөөд эдгээр гэмтлийн улмаас тэрээр нас барсан болох нь тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэн хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн “ойролцоогоор нэг цаг орчим зодолдож, ноцолдсон” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Т.С нь Д.Болдбаатарт олон тооны шарх, гэмтэл үүсгэн, удаан хугацаанд өвтгөж, шаналган онц харгис хэрцгийгээр алсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Могойн нүдэн овогт Тэрбишийн Содномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг бүрэн цуглуулсан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон талийгаач нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэх үед аль аль нь согтуурсан байсан бөгөөд хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдлал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь судлан дүгнэж, шүүгдэгчид дээрхи хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 5.418.620 төгрөгийг /оршуулгын зардал, баримт хх 159-163/ нэхэмжилсэнээс шүүгдэгч Т.С 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд үлдсэн 1.418.620 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй хохирол, гэм хорын зардлыг зөвшөөрсөн гэж үзээд 1.418.620 төгрөгийг шүүгдэгч Т.Соос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаад олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эрэгтэй хүний нэхий куртик 1 ширхэг, 24 см урттай 17.3 см ажлын хэсгийн урттай хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, 148 см урттай 6 талт төмөр лоом 1 ширхэг, 29.5 см диаметртэй хайруулын таваг 1 ширхэг бариулын хамтаар, металл бугуйвч 1 ширхэг, хүний доод хиймэл шүд, хараа нэртэй архины шил 2 ширхэг, хагарсан шилэн стакан, шилэн хундага 1 ширхэг, бөөгнөрсөн үс, цагаан өнгийн сүүн шинжтэй аяга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн сэжигтнээр 2 хоног баривчлагдаж, 2019 оны 02 сарын 01-ны өдрөөс 5 сарын 15-ны өдрийг хүртэл 103 хоног, баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Могойн нүдэн овогт Тэрбишийн Содномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын баривчлагдсан, цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Т.Соос 1.418.620 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Дамдиндоржийн Болормаад /РД:УШ81041404/ олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн эрэгтэй хүний нэхий куртик 1 ширхэг, 24 см урттай 17.3 см ажлын хэсгийн урттай хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, 148 см урттай 6 талт төмөр лоом 1 ширхэг, 29.5 см диаметртэй хайруулын таваг 1 ширхэг бариулын хамтаар, металл бугуйвч 1 ширхэг, хүний доод хиймэл шүд, хараа нэртэй архины шил 2 ширхэг, хагарсан шилэн стакан, шилэн хундага 1 ширхэг, бөөгнөрсөн үс, цагаан өнгийн сүүн шинжтэй аяга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                             Б.ХАЛИУН

 

                                                                                        Д.РЕНЧЕНХОРОЛ