Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 398

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Н.С /өөрийгөө өмгөөлж/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Харнууд овогт Норслойн Содгэрэлд холбогдох эрүүгийн 1811 03148 0346 дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Харнууд овогт Норслойн Содгэрэл, 1976 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, SCHN ХХК-ний захиралын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо 5 дугаар хороолол Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр 12 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд өмнө 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 306 дугаар таслан Шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ХЙ76082510/

 

Шүүгдэгч Н.С нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ хохирогч С.Батхуягт “Солонгос улсын виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600.000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Сээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Н.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20, 25/ “..Би Сүхбаатар дуүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эс Си Эйч Эн ХХК-д захирал ажилтай бөгөөд гадаад худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Гантөмөр гэх манай хуучны найз над руу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний 88119231 дугаарлуу Гөнтөмөр өөрийн 99063636 дугаараас залгаад би 2 дүүгээ Солонгос явуулах гэсэн юм. Чи нийгмийн даатгалыг нь компани дээрээ бөглүүлж өгч чадах уу. Би чамд 600.000 төгрөг өгье гэсэн юм. Би зөвшөөрөөд 2 дүүтэй нь СУИС-ийн урд зогсоол дээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу маргааш нь 10 цагийн үед уулзтал 2 эмэгтэй байсан бөгөөд бид 2 Солонгос улсруу явах гэж байгаа юм. Тэгээд нийгмийн даатгалаа бөглүүлэх хэрэгтэй болоод Гантөмөр ахтай ярьсан юм. Гээд надад 600.000 төгрөгийг бэлнээр 2 нийгмийн даатгалын дэвтэртэйгээ өгөөд буугаад явсан. Би нийгмийн даатгалыг нь бөглүүлэх гээд нийгмийн даатгалын байцаагчтай очиж уулзахад болохгүй гэсэн. Би үунээс хойш удалгүй Баянхонгор аймаг руу ажилтай явж байгаад өчигдөр ирсэн юм. Ийм л зүйл болсон. Би мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэж өгнө гэж авсан. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж аваагүй. гэх мэдүүлэг

 

Хохирогч С.Батхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16/ “..би төрсөн эгч С.Батсүхийн хамтаар Солонгос улсруу 3 сараар аялалын виз гаргуулах гээд найдвартай гаргадаг хүн судалсан юм. Гэтэл манай төрсөн ах С.Гантөмөрийн танил Содоо гэх залуу найдвартай гаргадаг гэхээр нь эгч бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр 1 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ийн урд уулзахаар тохирсон. Тэгээд товолсон цагтаа СУИС-ийн урд иртэл замын нэгдүгээр эгнээнд 90-06 УБП улсын дугаартай цагаан өнгийн приус машин ирээд зогсоод эгч бид хоёр 2 очоод машинд нь суутал өөрийгөө Содоо гэж танилцуулсан 40 гаран насын эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд миний таньдаг Ким гэх хүн Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг. Ах нь саяхан 1 хүн Солонгосруу явуулж өгсөн надад дахиад 2 хүний виза гаргах эрх байгаа. Та 2 надад нийгмийн даатгалын дэвтрээ 2 хувь зураг урьдчилгаа болох 600,000 төгрөгийг бэлнээр өгөөрэй гэхээр нь ахаасаа дансаар 600.000 төгрөгийг аваад Метро моллын хаан банкны АТС машинаас авч өгсөн. Тэгээд нөгөө хүн 7-10 хоногийн дотор болчихно гэж хэлээд яваад өгсөн. Үүнээс хойш 88119231 дугаарлуу залгахаар ах нь хариу хэлье одоохондоо болоогүй байна гэсээр 2 cap болчихлоо..” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Гантөмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22/ “..манай төрсөн дүү Батхуяг Солонгос явах гээд хөөцөлдөж байсан юм. Тэгэхээр нь би Содгэрэл рүү залгаад манай дүү Солонгос явмаар байна гэнэ ямар арга байна гэсэн чинь Содгэрэл дүүгээ бичиг баримтыг нь өгөөд надруу явуулчих гэсэн. Тэгээд би дүү Батхуягт Содгэрэлийн утсын дугаарыг нь өгөөд очоод уулзчих гэж хэлсэн. Тэгээд Батхуяг надруу залгаад Содоо ахтай уулзлаа 600.000 төгрөг өгчих гэж байна. Мөнгө бэлэн авна гэнэ. Та миний данс руу мөнгө шилжүүлчих гэхээр нь би дүүгийнхээ дансруу 600.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Батхуяг одоо ах утсаа авахгүй зугтаагаад байна гэхээр нь би Содоо руу залгаад юу болж байгаа талаар асуухад 2 дүүг чинь гаргаж өгнө миний танил Солонгос хүмүүс холбоогүй байна бага зэрэг хүлээгдэх байх би найдвартай гаргаж өгнө гэсэн..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “миний таньдаг Ким гэх хүн Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг. Ах нь саяхан 1 хүн Солонгос руу явуулж өгсөн надад дахиад 2 хүний виза гаргах эрх байгаа. Та 2 надад нийгмийн даатгалын дэвтэрээ 2 хувь зураг урьдчилгаа болох 600.000 төгрөгийг бэлнээр өгөөрэй гэж хуурч хохирогч С.Батхуягаас 600.000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Сийг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.С нь хохирогч С.Батхуягт учруулсан 600.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Харнууд овогт Норслойн Содгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан  600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР