Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00653

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00653

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00262 дугаар шийдвэртэй

М ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК, Э ХХК, Эм ХХК холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 66,913,136,664 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М ХХК нь А ХХК-тай 2017 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан З-АТ-ЗҮ 2017-171 тоот зээлийн гэрээний дагуу 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн барилга угсралтын зориулалтаар 15,000,000 ам.долларыг жилийн 10.28 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 60 сарын хугацаатай олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 10 сарын 03-ны өдрийн Б-АТ-ҮХ 2017-176 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /Ипотек/-ний байгуулж, уг гэрээгээр А ХХК-ийн өмчлөлийн:

- Баянгол дүүргийн 00дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 00000000дугаар, 0055460 гэрчилгээний дугаартай, 3,948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын Б хэсэг хаягт байрлах, 00000000, 00000000 гэрчилгээний дугаартай, 1,873.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын С хэсэг хаягт байрлах, улсын бүртгэлийн оооооооо дугаар, 000142541 гэрчилгээний дугаартай, 540 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн өдрийн Б-АТ-ГЭ 2017-174 тоот газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу А ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөөнд байршилтай, 0000000000 улсын бүртгэлийн дугаар, 000012894 гэрчилгээний дугаартай, 1200 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

2017 оны 11 сарын 02-ны өдрийн Б-АТ-ҮХ 2017-177 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б-АТ-ҮХ 2017-177/1 болон Б-АТ-ҮХ 2017-177/2 тоот гэрээний дагуу Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 25 барилга тоот хаягт байршилтай, 0000000000 улсын бүртгэлийн дугаар, 00000 гэрчилгээний дугаартай, 10,452 м.кв талбайтай, Эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн өдрийн Б-АТ-ГЭ 2017-172 тоот газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу Э ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25 хаягт байршилтай, 0000000000 улсын бүртгэлийн дугаар, 0000000 гэрчилгээний дугаартай, 999 м.кв талбай бүхий Эмчилгээ, оношилгооны төв зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

2019 оны 07 сарын 09-ний өдрийн БГ-АТТ-ГЭ 2019-24 тоот газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу Эм ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25/2 хаягт байршилтай, 00000000 улсын бүртгэлийн дугаар, 000012688 гэрчилгээний дугаартай, 2430 м.кв талбай бүхий, Эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 2020 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн хүүгийн, 2020 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлбөрийн зөрчил үүсгэсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 13-ны өдөр дууссан. Зээлдүүлэгч зээлийн үндсэн төлбөр, хүүг гэрээнд тусгасан хуваарийн дагуу төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгсөн боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.

Зээлийн төлбөр 2022 оны 10 сарын 28-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 15,000,000 ам.доллар, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 4,397,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,066.49 ам.доллар, нийт 19,760,509.32 ам.долларыг гаргуулна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, Зээлийн гэрээний 10.1 дэх хэсэгт тусгасан нөхцөлийн дагуу 19,760,509.32 ам.доллар буюу Монгол банкны 2022 оны 10 сарын 27-ны өдрийн албан ханш 3,386.20 төгрөгөөр тооцож 66,913,036,664.02 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөг, нийт 66,913,136,664.02 төгрөгийг зээлдэгч А ХХК-аас гаргуулна.

1.3. А ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнүүдээр барьцаалсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулан төлүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү.

Хариуцагч сөрөг шаардлага гаргаагүй учраас 44,999.30 ам.долларын зардал яаж гарсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ буюу талууд зөвшөөрч, гэрээний чөлөөт зарчмын дагуу байгуулагдсан гэрээний 3.1.11-д 0.3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авна гэж маш тодорхой заасан. Урьдчилан төлөх үүргээ биелүүлэлгүйгээр зээл олгож байгаа тохиолдолд үл маргах журмаар суутган авна гэж маш тодорхой гэрээнд заасан. Шимтгэл 44,999 ам,доллар нь хариуцагчид бодитоор олгогдсон бөгөөд хариуцагч түүнийг аваад буцаагаад манайд шилжүүлж өгсөн.

1.4. Гэрээний 7.3-т зааснаар зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгаанд хорио цээрийн дэглэм, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үндэслэл болохгүй. Хугацаа хэтэрсэн тул нэмэгдүүлсэн хүү тооцно гэж талууд хоорондоо тохиролцсоноор төлөх үүргээсээ хариуцагч тал чөлөөлөгдөхгүй.

Талуудын тохиролцсон гэрээ болон хуулиар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнээр банк хугацаа хэтэрсэн үүргийг хойшлуулах, төгрөгт шилжүүлэх үүргийг хүлээгээгүй. Манай зүгээс ам.долларын зээл өгсөн тул ам.доллараар буцаан шаардана гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлдүүлэгчтэй байгуулсан З-АТ-ЗҮ 2017-171 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны валютын албан ханшаар тооцсон нийт 66,913,136,664.02 төгрөгийн дүнг зээлдэгч тал хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч тал нь 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 2017 оны 10 сарын 03-ны өдөр М ХХК-тай гэрээ байгуулан, 2017 оны 11 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд зээлийн санхүүжилтийг 7 удаагийн гүйлгээгээр авсан.

А ХХК нь М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ санаатайгаар зөрчөөгүй ба төрийн байгууллагууд зарим нэг хариуцлагагүй албан тушаалтнууд 2017-2021 он хүртэл гацааж, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай золгуулсны улмаас манай компани хүнд нөхцөл байдалд орж, зээлийн гэрээний үүргээ зөрчих нөхцөл үүссэн.

Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон удаа дараагийн арга хэмжээний улмаас А ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл 2020 оноос хэрэгжих боломжгүй болж 2022 оны 10 сар хүртэл зогссон.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, улс төрийн шийдвэр зэргийг судалж үзээд 2021 оны 04 сарын 29-ний өдөр 02/131 тоот Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээгээр хүнд нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас А ХХК-д М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсныг тодорхойлсон.

М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн А-36 тушаалаар Коронавирус халдвар, ковид-19 цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ыг баталж, А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, хугацааг 2026 оны 10 сар хүртэл сунгах асуудлыг 2022 оны 01 сарын 03-ны өдөр тус банкны зээлийн хорооны хурлаар орж дэмжигдэн, зээлийн нөхцөлийг баталгаажуулах хуудас зээлдүүлэгч талаас 2022 оны 01 сарын 11-ний өдөр манай компанид ирүүлсэн.

Манай компаниас 2022 оны 01 сарын 11-ний өдөр М ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ хүргүүлсэн боловч тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хэлэлцээгүй. 2022 оны 10 сарын 03-ны өдөр М ХХК-д дахин албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй.

М ХХК хариуцагч талын зээлийн нөхцөлөө өөрчлөх хүсэлтүүдийг шийдвэрлэж, зээлийн гэрээний үүргийг зөрчлийг зогсоож шүүхэд хандаж, барьцаа хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулаагүйн улмаас 2017 оны 10 сард 2,463 төгрөг байсан 1 ам.долларын ханш 30 гаруй хувиар өсөж 3,373.65 төгрөг болсноор зөвхөн валютын ханшийн өсөлтөөс 18 тэрбум төгрөгийн ханшийн алдагдалд ороод байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 66,913,136,664.02 /жаран зургаан тэрбум есөн зуун арван гурван сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг, хоёр мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох

 

- А ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 00000 хаягт байрлах, 000000000 улсын бүртгэлийн дугаартай, 9,948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

 

- А ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын Б хэсэг хаягт байрлах, 000000000 улсын бүртгэлийн дугаартай, 1873.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

 

- А ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын С хэсэг хаягт байрлах, оооооооо улсын бүртгэлийн дугаартай, 540 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

 

- А ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөөнд байршилтай, 1200 м.кв талбайтай, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;

 

- Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 25 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 10,452 м.кв талбайтай, Эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

 

- Э ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25 хаягт байрлах 999 м.кв талбай бүхий Эмчилгээ, оношилгооны төв зориулалттай, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газар;

 

- Эм ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25/2 хаягт байрлах 2,430 м.кв талбайтай, 00000000 улсын бүртгэлийн дугаартай, Эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх зээлийн шимтгэлийн тухай ойлголт, шимтгэл төлөх гэрээний нөхцөл хууль зөрчсөн эсэх, шимтгэлийн хэмжээг хэрхэн тогтоох, ийнхүү тогтоосныг болон уг шимтгэлийн мөнгийг зөвхөн хариуцагчид санхүүжүүлэхэд зээл олгох үйл ажиллагаанд гарсан зардлыг зарцуулсан эсэх болон ямар зардлуудыг санхүүжүүлсэн эсэх, суутган авсан зээлийн дүнгийн 0.3%-тай тэнцэх хэмжээний шимтгэл нь зээлийг олгоход гарсан зардлын хэмжээтэй уялдсан, нийцсэн эсэхийг нэхэмжлэгч баримтаар нотлох үүргийн талаар, шимтгэлийг суутган авсан үйлдэл нь хариуцагчийн хууль ёсны, эрх ашгийг зөрчсөн эсэх, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийн талаар хуульд нийцүүлэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэрэг, маргааныг тал бүрээс нь, бодитой хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль ёсны ашиг сонирхыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан ба Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй талаар гэрээгээр зохицуулсан байх тул цар тахлын улмаас тогтоосон хөл хорио нь хариуцагчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж хуулийг буруу, дутуу тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлсэн.

Нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхлын төлөө хүү хуримтлуулан тооцсоор байсан нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, телбер тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995 он)-ийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үүргээ буюу хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон гэдгийг аль хэдийн мэдэж байсан атлаа түүнтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг шаардах үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус үйлдэл юм.

Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсэгт заасан үр дагавар нэхэмжлэгчид үүснэ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчид бодитоор олгоогүй, ашиглуулаагүй, мөн үндэслэлгүйгээр, хууль бусаар суутган авсан нийт 44,999 ам.доллар, түүнд бодсон хүү 24.436 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 4,886 ам.доллар, нийт 74,321 ам.доллар буюу 251,650,906 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Талууд гэрээний 3.1.11-т шимтгэлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон энэ асуудлаар нэхэмжлэгчийг хариуцагчаар татсан гомдол шүүхэд гаргаагүй. Гэрээний энэ заалт хүчин төгөлдөр бус гэж үзэн маргаан үүсгээгүй байгаа тул зээлийн гэрээний заалтын дагуу суутгаж авсан гэж маргах нь үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүхэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар талууд мэтгэлцсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлэхээс өмнө хариуцагч нараас М ХХК-ийг хариуцагчаар татан давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн агуулга бүхий заалт нь хууль зөрчсөн болон хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дахин энэ асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй.

Давагдашгүй хүчин зүйл нийтээр тохиолдсон ба түүнтэй холбоотойгоор талуудын хооронд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг хүчингүй болгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК, Э ХХК, Эм ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,913,136,664 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А ХХК зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч Э ХХК, Эм ХХК-ууд бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. М ХХК нь А ХХК-тай 2017 оны 10 сарын 03-ны өдөр З-АТ-ЗҮ 2017-171 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 ам.долларыг жилийн 10,28 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, А ХХК-ийн хэрэгжүүлж буй 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн зориулалтаар хэсэгчлэн олгох, зээлдэгч нь эхний олголтоос хойш 17 дахь сараас эхлэн сар бүр тэнцүү дүнгээр, хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 20-25/

 

3.1. Талууд дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 2019 оны 07 сарын 09-ний өдөр З-АТ-ЗҮ 2017-171/1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээгээр 5.3-т заасан тухай бүр барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан зээлийг хэсэгчлэн олгохоор,

зээлийн гэрээний хугацааг 2022 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 2020 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл, эргэн төлөлтийн хуваарийг үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дуусмагц үндсэн зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн төлбөрийг эхний олголтоос хойш сар бүр гэж тус тус өөрчлөн, гэрээний 3.1.13, 8.5.6, 9.1.8, 9.2.15-д заасанд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 8.1.4, 8.1.5, 8.1.6-д заасныг хассан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2017 оны 11 сарын 03-ны өдөр Б-АТ-ҮХ 2017-176 дугаар барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК-ийн өмчлөлийн,

улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 00000т байрлах 9,948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 9,330,938,895 төгрөгөөр,

00000000т бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын Б хэсэгт байрлах 1,873.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 4,450,810,247 төгрөгөөр,

улсын бүртгэлийн оооооооо дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 00000ийн барилгын С хэсэгт байрлах, 540 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

 

4.2. Талууд 2017 оны 10 сарын 03-ны өдөр Б-АТ-ГЭ 2017-174 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, А ХХК-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах 1,200 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг,

 

4.3. М ХХК нь А ХХК, Э ХХК-ууд 2017 оны 11 сарын 02-ны өдөр Б-АТ-ҮХ 2017-177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0000000000тоот хаягт байрлах, 10,000 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 6,841,459,248 төгрөгөөр үнэлж тус тус барьцаалжээ. /1хх62-64/

 

4.4. Мөн тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 09-ний өдрийн Б-АТ-ҮХ 2017-177/1 дугаар, мөн оны 09 сарын 04-ний өдрийн Б-АТ-ҮХ 2017-177/2 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 95 хувьтай байхад нь 21,838,044,199 төгрөгөөр, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр нь 26,085,855,768 төгрөгөөр, /1хх65, 66-69/

 

2017 оны 11 сарын 02-ны өдрийн Б-АТ-ГЭ 2017-172 дугаар газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, А ХХК-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах, 2,340 м.кв талбайтай эмнэлгийн зориулалттай газар барьцаалж, улмаар 2019 оны 11 сарын 06-ны өдрийн шинэчлэгдсэн гэрчилгээний дагуу Э ХХК-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25 хаягт байрлах 999 м.кв талбайтай эмчилгээ, оношилгооны төвийн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.5. М ХХК нь А ХХК, Эм ХХК-уудтай 2019 оны 07 сарын 09-ний өдөр БГ-АЧТ-ГЭ 2019-24 дугаар газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, уг гэрээгээр Эм ХХК-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн 25/2 хаягт байрлах 2,430 м.кв талбайтай, эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 514,800,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан ба барьцааны гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. М ХХК-аас А ХХК-д 2017 оны 10 сарын 13-ны өдөр 7,282,983 ам.доллар, 2018 оны 01 сарын 19-ний өдөр 494,921 ам.доллар, 2018 оны 06 сарын 21-ний өдөр 1,500,000 ам.доллар, 2018 оны 09 сарын 04-ний өдөр 3,200,000 ам.доллар, 2019 оны 07 сарын 24-ний өдөр 1,600,000 ам.доллар, 2019 оны 09 сарын 07-ны өдөр 922,096 ам.доллар, нийт 6 удаагийн шилжүүлгээр 15,000,000 ам.долларыг олгосон талаар талууд маргаагүй.

 

5.1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 15,000,000 ам.доллар, зээлийн хүү 4,397,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066.49 ам.доллар, нийт 19,760,509.32 ам.долларыг Монголбанкны 2022 оны 10 сарын 27-ны өдрийн ханш 3,386.20 төгрөгт тооцон 66,913,036,664.02 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөг, нийт 66,913,136,664.02 төгрөг шаардсан.

 

5.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.7, 3.1.12-т тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч А ХХК нь үндсэн зээлийг төлөөгүй, зээлийн хүүд 2,476,762 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 52,671 ам.доллар нийт 2,529,433 ам.долларыг нэхэмжлэгч М ХХК-д төлсөн байна.

 

5.3. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч А ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д хандаж 2020 оны 03 сарын 25, 2020 оны 11 сарын 23, 2021 оны 11 сарын 09, 2022 оны 10 сарын 03-ны өдрүүдэд үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөх хугацааг сунгуулах, ам.долларын зээлийн төгрөгийн зээл болгон хөрвүүлэх зэрэг хүсэлтүүдийг гаргасан ба М ХХК-аас холбогдох хариуг хүргүүлж, ам.долларын зээлийг төгрөгийн зээлд хөрвүүлж шийдвэрлээгүй байна.

 

Хариуцагч А ХХК зээлийн гэрээний үүрэг зөрчсөнд нэхэмжлэгч М ХХК буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.4. Зээлийн дансны хуулга, талуудын тайлбар болон хэргийн бусад баримтуудаар хариуцагч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн буруутай байна.

 

Иймд нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А ХХК-аас үндсэн зээл 15,000,000 ам.доллар, зээлийн хүү 4,37,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066.49 ам.доллар буюу нийт 19,760,509.32 буюу 66,913,136,664.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага 19,760,509.32 ам.долларыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын албан ёсны ханш 3,386.20 төгрөгөөр тооцож 66,913,036,664.02 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

6. Хариуцагч А ХХК нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 02/131 тоот Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээг үндэслэн ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрээр хөл хорио тогтоож давагдашгүй хүчин зүйл бий болсон тул 2020 оны 03 сараас 2022 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,073,976 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066 ам.доллар буюу 8,251,824,212 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.1. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн А-36 дугаар тушаалаар Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам баталсан.

 

Уг журмын 1.2-т зааснаар гэрээний нөхцөл өөрчлөх зээлд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээтэй, 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс өмнөх хугацаанд зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй, төсөл хэрэгжиж байгаа, цаашид төслийн мөнгөн урсгалаар зээлийг төлөх боломжтой, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, зээл нь тусгай активын үйл ажиллагаа хариуцсан нэгжид болон шүүхийн шатанд шилжээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй зэрэг шаардлага хангасан зээлдэгч хамрагдана.

 

Хариуцагч А ХХК нь зээлийн гэрээний үүргийг 2017 оны 12 сарын 09-ний өдрөөс зөрчсөний улмаас уг журмын дээрх заалтад заасан нөхцөлийг хангаагүй тул цар тахлын улмаас зээлийн нөхцөлийг өөрчлөх буюу 2020 оны 03 сараас 2022 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,073,976 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066 ам.доллар буюу 8,251,824,212 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл, хариуцагч А ХХК-д олгосон Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээ нь М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журмын холбогдох зохицуулалтад хамаарахгүй, хариуцагч нарын төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.2. Түүнчлэн, А ХХК нь М ХХК-д холбогдуулан маргаан бүхий зээлийн гэрээний 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2017 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/00863 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

 

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

6.4. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зохицуулсан.

 

Маргаан бүхий гэрээний 7.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. гэж заасан тул Коронавирус /Ковид-19/-ын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь хариуцагч А ХХК-ийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шимтгэлд суутган авсан 44,999 ам.доллар, шимтгэлийн хүү 24,436 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,886 ам.доллар, нийт 74,321 ам.доллар буюу 251,650,906 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

7.1. Хариуцагч А ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д 2017 оны 10 сарын 13-ны өдөр 16,127.85 ам.доллар, мөн оны 11 сарын 14-ний өдөр 5,721.10 ам.доллар, 2018 оны 01 сарын 19-ний өдөр 1,484.76 ам.доллар, мөн оны 06 сарын 21-ний өдөр 4,500 ам.доллар, 09 сарын 04-ний өдөр 9,600 ам.доллар, 2019 оны 07 сарын 24-ний өдөр 4,800 ам.доллар, мөн оны 09 сарын 07-ны өдөр 2,765.59 ам.доллар, нийт 44,999.30 ам.долларыг зээлийн шимтгэлд суутган авчээ.

 

7.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.11-д олгосон зээлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа банкинд урьдчилан төлөх бөгөөд урьдчилан төлөөгүй тохиолдолд банк нь зээл олголт хийх үед үл маргах журмаар суутган авна. Зээлдэгчийн хүсэлтээр гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан аливаа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд банкны эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу зээлдэгчээс шимтгэл авч болно. гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-д 15,000,000 ам.долларын зээлийг хэсэгчлэн олгосон санхүүжилтээс зээлийн шимтгэлийг суутган авсан тухай бүрд хариуцагч гомдол гаргаж, маргасан талаар баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг шимтгэлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

7.3. Маргаан бүхий зээлийн гэрээний дээрх тохиролцоог талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд тодорхойлсон тул А ХХК-ийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

7.4. Түүнчлэн, хариуцагч А ХХК нь шимтгэлийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Хариуцагч Э ХХК, Эм ХХК-ууд нэхэмжлэлийн шаардлагыг А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан тул хариуцахгүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзжээ.

 

Хариуцагч А ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчаар А ХХК-аас гадна Э ХХК, Эм ХХК-уудыг тодорхойлон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

8.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүдийг үндэслэн хариуцагч А ХХК төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Нэхэмжлэгч М ХХК нь нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцсэн тул хэвээр үлдээнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,418,205 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ