Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 5022

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2016/05022

Улаанбаатар хот

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Ж.Э нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: Э ХХК,

 

Хариуцагч: ОСНААУГ холбогдох

 

     Сэтгэл санааны хохирол 3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, М.*******, иргэдийн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь “” ТББ байх үедээ “*******” ХХК -тай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан ажлын байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан юм. 5 дугаар сараас 10 дугаар cap хүртэлх хугацаанд дулааны улирал байдаг тул ямар нэгэн бэрхшээлгүйгээр түрээсийн гэрээ зөрчигдөөгүй, манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул манайх түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөд явж байсан болно. Түрээслүүлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний 5.2-т заасан ёсоор түрээслүүлж буй байраа дулаан, цахилгаан, усаар хангах асуудлыг хариуцаж хангагч байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах үүрэг хүлээсэн юм. Гэвч 10 дугаар сараас эхлэн хүйтэний улирал эхлэнгүүт энэхүү түрээслүүлэгч тал түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээгээ зөрчиж байсан тул түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж гэрээний үүргээ биелүүлэх эсэхийг нь харж хүлээлтийн байдалд орсон болно. “*******” ХХК нь манай шаардсан ёсоор ОСНААУГазрын Зүүн түгээх төвд хандаж 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 126 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 130 тоот, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 137 тоот, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Ерөнхий менежер Н.Бадралд хандаж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 136 тоот, “” ХК-ийн Ерөнхий инженерт хандаж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 135 тоот албан бичгүүдийг илгээж энэхүү албан бичгүүддээ манайд түрээслэж байгаа байрных нь халаалт маш муу, халаалтын өгөх температур 46 цельстэй ирж байгаа, ингэснээр байрны дотор халаалт 16 градусаас хэтрэхгүй байгааг анхааруулж халаалтыг хэвийн болгож өгөхийг шаардсан байдаг. Эдгээр албан бичгүүдийг манай шаардлагаар явуулсан тул нэг хувийг нь манайд тухай бүрд нь ирүүлж мэдэгдэж байсан болно. Байрны халаалтын дулаан 18 градусаас доош байх тохиолдолд хүн хэвийн ажиллаж амьдрах боломжгүй болдог тул дулаан хангагч байгууллага 18 градусаас доош оруулахгүй байх үүрэг хүлээдэг бөгөөд эмнэлэг, цэцэрлэг, сувиллын тухайд бол бүр 20 градусаас доош байхыг хориглодог болно. Энэ бүхнийг дулааны эрчим хүч хэрэглэх дүрмээр зохицуулсан байдаг. Манай компани энэ үед ашгийн бус ТББ-ын хэлбэрээр ажиллаж байсан бөгөөд түрээсийн төлбөр, ажилчидын цалин, эмчилгээний зардлыг үйл ажиллагаа явуулсанаар тухай бүрд нь төслөөс санхүүжүүлдэг байсан болно. Хүйтэн байранд буй манай сувилалд хэвтсэн хүн даарч хөрсөнөөс болж нэмж өвчин тусаж хүн эмчлүүлж сувилуулахаас шууд татгалзаж байсан тул эмчилгээ сувилгааны үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болсон юм. Ийнхүү манай сувилал бүтэн 3 cap дулаанаа сайжруулах байх хэмээн найдаж мөн шаардлага тавин хүлээсэн боловч ямар ч өөрчлөлт гаргаагүй бөгөөд эцэст нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******туяагийн гарын үсэгтэй манайд хандсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 139 тоот албан бичиг ирсэн болно. Уг албан бичигт “Та бүхний шаардсан ёсоор дулаанаар хангах асуудлыг шийдвэрлэх ямар ч найдваргүй боллоо. Яаж ч шаардлага тавиад дулаанаар хангах ёстой байгууллага арга хэмжээ авч өгөхгүй нь тодорхой боллоо. Иймээс танайх өөр дулаан байр олж нүүхээс аргагүй боллоо” гэснээр бид нүүж явахаас аргагүй болж хохирсон болно. Ийнхүү түрээслэгч тал 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, зөрчсөн тул түрээслэгч тал болох манай сувилал үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж хохирсон, дулаан хангагч байгууллага тасалгааны температурыг хүн хэвийн ажиллаж амьдрах нөхцөл болох 18 градусаас дээш байхаар дулаанаар хангаж чадаагүй болохыг энэхүү албан бичиг болон хувьцаат компани болон Нийслэлийн захирагчийн албанд “*******” ХХК-иас удаа дараа явуулсан албан бичгүүд нотолж байгаа болно. Ийнхүү түрээслүүлэгч байгууллага болон дулаанаар хангагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас бид түрээсийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хохирчихоод байхад дээрээс нь түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байж түрээсийн төлбөр нэхэж шүүхэд өгөн сэтгэл санааны хохирол учруулсан болно. Түрээслүүлэгч тал түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд түрээслэгч тал түрээсийн төлбөр төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн түрээслүүлэгч тал болох “*******” ХХК-ийн буруугаас манай компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хохирчихоод байхад “Хаш чулуун энхийнцэцэг” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгээс түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмж нэхэн хууль, шүүхийн байгууллагаар явуулан олон сарын хугацаанд сэтгэл зүйн дарамтанд оруулсан тул сэтгэл санааны хохирол болох 3,400,000 төгрөгийг “*******” ХХК болон дулаанаар хангах үүрэгтэй байсан “*******” ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. “” ХХК нь шүүхэд ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “Түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн түрээслүүлэгч тал болох “*******” ХХК-ийн буруугаас манай компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хохирчихоод байхад “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгээс түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмж нэхэн хууль, шүүхийн байгууллагаар явуулан олон сарын хугацаанд сэтгэл зүйн дарамтанд оруулсан тул сэтгэл санааны хохирол болох 3,400,000 төгрөгийг “*******” ХХК болон дулаанаар хангах үүрэгтэй байсан “*******” ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байна” гэжээ. Гэтэл “*******” ХХК 2014 онд “” ХХК-ийн түрээслэж байсан байранд 2014 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 01 хүртэл халаалт авахаар “Дулааны сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулж халаалт авч байсан. 2014 оны 12 дугаар сард зочир хүйтэрч хэвийн байсан дулаан тодорхой хэмжээнд алдсан бөгөөд энэ байдлыг далимдуулан дулаанаар хангаагүй гэж буй нь үндэслэлгүй юм.

            Иймд “Хаш чулуун энхийн цэцэг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч “*******” ОНӨААТҮГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, М.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь “*******” ХХК-тай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд “*******” ХХК нь түрээслүүлж байгаа объектынхоо халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, цахилгааны асуудлыг бүрэн хариуцахаар тохирсон байна. Харин “*******” ХХК нь манай байгууллагатай “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-г 2014 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулжээ. Манай байгууллага нь “” ТӨХК-ийн нийлүүсэн дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэж, хэрэглэгчдэд хүргэсэн дулааны төлбөрийг хураан авч “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-д төлдөг байгууллага юм. Өөрөөр хэлбэл зөвхөн инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэгчийн түрээслэж байсан байр нь дулааны тоолуураар хэрэглэсэн дулааныг тооцдог учир манай байгууллагатай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй болно. Дулааны тоолуур гэдэг нь халаалт хэр зэрэг ирж байгаа хэмжээгээр нь заадаг тул хэрэглэгчид хохиролгүй байдгаараа давуу талтай. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-иас ирж буй халаалт, халуун ус нь горимын дагуу ирэхгүй байх, доголдох зэрэг зөрчил гарах бүрд “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”-ийн дарга Н. нь горим доголдсон үеийн параметрийн мэдээ, хэрэглэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-д хүргүүлж байсан.

Иймд нэхэмжлэгч болох “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгийн сэтгэл санааны хохирол болох 3,400,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                   

                                                             ҮНДЭСЛЭХ  нь:

  

            Нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “*******” ХХК, “*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан сэтгэл санааны хохирол 3,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн түрээслүүлэгч тал болох “*******" ХХК-ийн буруугаас манай компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хохирчихоод байхад “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгээс түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмж нэхэн хууль, шүүхийн байгууллагаар явуулан олон сарын хугацаанд сэтгэл зүйн дарамтанд оруулсан тул сэтгэл санааны хохирол болох 3,400,000 төгрөгийг “*******” ХХК болон дулаанаар хангах үүрэгтэй байсан “*******” ОНӨААТҮГ-аас тус тус гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

            Хариуцагч “*******” ХХК, “*******” ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            “” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, 2013 оны 6 дугаар сарын 03-наас 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******-2” байранд 242.2 мкв талбай бүхий байрыг сувилалын зориулалтаар түрээслэхээр талууд тохиролцжээ.

 

            Уг гэрээний 5.2-т “Байрыг дулаан, цахилгаан, усаар хангах асуудлыг түрээслүүлэгч тал хариуцаж хэрэглээгээр хангагч байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллана. Гэнэтийн эвдрэл, гэмтлийг түрээслэгчийн дуудлага захиалгын дагуу шуурхай засварлах …” гэж заасан үүргээ түрээслүүлэгч болох “*******” ХХК нь зөрчсөнөөс болж манай байгууллага хугацаанаасаа өмнө түрээсийн байрнаас гарсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

            Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу “*******” ХХК нь эрх бүхий байгууллага болох “*******” ОНӨААТҮГ-ын Зүүн түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудад халаалт сайжруулах талаарх хүсэлт, албан бичгийг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Улмаар “*******” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 139 дугаартай албан бичгийг “” ХХК-д хүргүүлж, тус компани нь “*******” ХХК-ийн түрээсийн байрнаас гарсан байна.

 

            Дээрх түрээсийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгээс түрээсийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмж нэхэн хууль, шүүхийн байгууллагаар явуулан олон сарын хугацаанд сэтгэл зүйн дарамтанд оруулж, сэтгэл санааны хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           

            Түүнчлэн сэтгэл санааны хохиролд 3,400,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал Ж.Энхцэцэгийн хариуцагч “*******” ХХК, “*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохирол 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ЭНХЖАРГАЛ

 

 

               ШҮҮГЧИД                                                          Д.ГАНБОЛД

 

 

                                                                                             Б.УНДРАА