Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00668

 

 

 

 

 

 

2023 03 29 210/МА2023/00668

 

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дугаар шийдвэртэй,

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ц, М.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 290,828,074 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Э.Ц, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Э.Ц, М.Э нар нь ХХБ ХХК-тай 2012 оны 12 сарын 17-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 04 сарын 18-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 100,000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Э.Ц-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000000000 хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй.

Ам.долларын үндсэн зээлийн нийт үлдэгдэл 95,976.62 ам.долларыг Монгол банкнаас зарласан 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ам.долларын албан ханш болох 2,849.80 төгрөгөөр тооцож төгрөгт хөрвүүлсэн болно. Зээлдэгч нь 2021 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 235,523,801.35 төгрөг, үндсэн хүү 55,301,680.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,593.32 төгрөг нийт 290,828,074.79 төгрөгийг гаргуулна.

1.2.Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Э.Ц-ын өмчлөлийн, улсын бүртэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000000000 хаягт байрлах 120 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Ковидын үед бүх зээл хойшлуулаагүй, МИК-ийн буюу ипотекийн зээл л хойшилсон, хариуцагчийн авсан зээл бол өөрийн эх үүсвэрээс авсан ам.долларын зээл учраас хамрагдахгүй гэжээ.

 

2. Хариуцагч Э.Ц-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2012 онд орон сууц худалдан авахын тулд зээл авахаар ХХБ ХХК-д хандахад төгрөгийн зээл гаргах боломжгүй, ам.долларын зээл олгох боломжтой гээд улмаар 2012 оны 12 сарын 17-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу 100,000 ам.долларын зээл авсан.

2012 оны 12 сараас хойш хугацаанд нийт 124,992 ам.долларыг банкинд төлсөн. ХХБ ХХК-ийн зээлийн тооцоололын дагуу 8 жилийн хугацаанд зээлийн хүүд 106,942 ам.доллар, үндсэн төлбөрт 18,050 ам.доллар төлсөнөөр тооцож байгаа нь үндсэн зээлээс бага хасагдаж зээлдэгчийг хохироосон тул зээлийн тооцоололыг зөвшөөрөхгүй.

2.1. Мөн ам.долларын ханш 2012 онд 1,390 төгрөг байхад уг зээлийг авч өнгөрсөн хугацаанд ханшийн өндөр өсөлтөөс хамаарч зөрүү төлөлт төлж хохирол хүлээсэн ба банкинд энэ талаар 2018, 2019 онд удаа дараа санал хүсэлт гаргаж зээлийн эдийн засагч, салбарын захиралтай уулзаж, төгрөгийн зээлд шилжүүлэх, төгрөгийн зээлд шилжүүлэхдээ хэлцлийн ханшаар тооцохыг 2020 оны 01, 08, 10 дугаар сард удаа дараа хүсэлтээ бичгээр гаргасан ч ам.долларын ханшийн өсөлтийн талаар шийдвэрлээгүй.

ХХБ ХХК нь 2021 оны 03 сарын 19-нд шүүхэд хандаж 273,538,671 төгрөгийг нэхэмжилж, улмаар 2021 оны 08 сард шүүх хуралдаанд ирээгүй атлаа дахин шүүхэд хандаж гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, өмнөх нэхэмжилсэн дүнгээ 290,828,074 төгрөг болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ам.долларын ханшийн өсөлтөөр 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ханшаар үүргийг шаардаж байгаа нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул бодитоор тогтоолгож маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч М.Э-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2012 онд Э.Цацрал нь орон сууц худалдан авахаар зээл авсан нь үнэн, банкнаас хамтран зээлдэгч хэрэгтэй байна гэхээр нь очиж гарын үсгээ зурсан. Түүнээс уг зээлнээс би аваагүй, Э.Цацрал авсан байхад зээлийн гэрээний үүргийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ХХБ ХХК, Э.Ц, М.Э нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/292 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г гэрээг цуцлаж, хариуцагч Э.Ц, М.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 263,174,641 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,653,433 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Ц, М.Э нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Э.Ц, М.Э нарын барьцааны гэрээний зүйл болох Э.Ц-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон 00000000000 орон сууцны зориулалттай 120 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч М.Э-ийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Миний бие Э.Ц-ын авсан орон сууцны зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан боловч уг зээлийг аваагүй тул ХХБ ХХК-д зээлийн төлбөр төлөх үүрэггүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байдаг ба миний нэр дээр зээлийн данс нээж зээл олгоогүй зөвхөн Э.Ц-ын нэр дээр зээлийн данс нээж зээл олгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр М.Э гарын үсэг зурж, зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлд хамтран зээлдэгчээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн агуулгад хамаардаг.

Иймд ХХБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд үндсэн болон хамтран зээлдэгчийн хэн алинаас тухайн мөнгийг нэхэмжилдэг.

6.2. Хоёр зээлдэгч нь орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар тухайн зээлийг авсан ба орон сууц худалдаж авсан этгээд Э.Ц-ын дансанд мөнгө орсон. Энэ талаар хариуцагч тал маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн адил дурдсан. Иймд ХХБ ХХК-аас нэхэмжилсэн мөнгийг Э.Ц, М.Э нараас гаргуулах нь үндэслэлтэй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э.Ц-ын тайлбарын агуулга:

7.1. Орон сууц миний нэр дээр байгаа бөгөөд тус байрандаа амьдарч байгаа ба шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч 263,174,641 төгрөгийг төлнө. Мийн аав болох М.Э-ийн гаргасан гомдлыг хангаж, хамтран хариуцагчаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч М.Э-ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Э.Ц, М.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 290,828,074 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Цацрал зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч М.Э бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. ХХБ ХХК нь Э.Ц, М.Э нартай 2012 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100,000,000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх10-13/

 

4.а. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000000000 хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, хариуцагч Э.Ц-ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх17-20/

 

4.б. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба тэдний хүсэлтийг үндэслэн талууд 2017 оны 04 сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн ерөнхий хугацааг 20 жил буюу 240 сар байхаар өөрчлөлт оруулжээ. /хх 14/

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК, хариуцагч Э.Ц, М.Э нар зээл болон барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж хуульд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

5. Хариуцагч М.Э зээлийн мөнгөн хөрөнгийг Э.Цацрал авсан, надад хамааралгүй тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

5.а. Хариуцагч М.Э зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Э.Ц, М.Э нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

Иймд нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Э.Ц, М.Э нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй зөрчлийг анхан шатны шүүх зөв тогтоож, зээл, хүүгийн шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Харин зээлдэгч нар ам.долларын ханшийн зөрүүтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч шийдвэрлээгүй, дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн короновириуст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлээр хүү 55,301,680.12 төгрөгийн 50 хувь болох 27,650,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,593.32 төгрөг, нийт 27,653,433 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

 

Иймд хэргийн баримтыг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 235,523,801 төгрөг, хүү 27,650,840 төгрөг, нийт 263,174,641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

8.1. ХХБ ХХК, Э.Цацрал нарын хооронд 2012 оны 12 сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нарыг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э.Ц-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000000000 хаягт байршилтай, 120 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,473,830 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ