| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0398/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1911 00793 0446 дугаартай хэргийг 2019 оны 5 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Болдбаатарын Энхдаваа, 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, Газрын Харуул ХХК-д слесарь ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 975 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ90031953/.
Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 181-в тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Нарангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Эгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-24-25/ “..би эхнэр Нарангэрэлийг алга болсон шалтгаанаас болж маргалдаад би нүүр лүү нь нэг удаа алгадсан чинь хамарнаас нь цус гарсан. Тэгээд би уучлалт гуйгаад цусыг нь цэвэрлэж өгөх гэсэн чинь Нарангэрэл уурлаад гэрийхнийгээ дуудсан. Ингээд намайг цагдаад дуудлага өгч саатуулсан. Одоо бид хоёр сайн ярилцаж үзсэн хэргээ шийдүүлчихээд амьдралаа бодоод эв зүйтэй амьдрах гэж байгаа үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа надад хөнгөн шийтгэл оноож өгнө..” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Нарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11-12/ “..2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орой би нөхөр хүүхдийнхээ хамт хадам ээжийндээ очсон. Манай хадам ээжийнх хашаандаа нийтийн байр ажиллуулдаг бөгөөд уг нийтийн байранд манай нөхөр Энхдаваагийн ах Улаанаа гээд хүн нь амьдардаг юм. Тэгээд Улаанаа ахын гэрт Энхдаваа бид хоёр 22 цагийн орчимд пиво аваад орсон. Тэгээд хоол унд идээд пиво уугаад Энхдаваа нилээд согтсон. Тэгээд Энхдавааг орон дээр хэвтүүлэх гэсэн чинь хэвтэхгүй над руу агсрах маягтай болоод үснээс зулгаагаад байсан. Тэгээд Улаанаа ахын эхнэр нь гэх эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэйг бол би сайн танихгүй тэгээд Улаанаа ах намайг өмөөрсөн чинь Улаанаа ахтай маргалдаад байсан. Тэгээд Улаанаа ахын эхнэр нь гэх эмэгтэй намайг бас өмөөрөөд Энхдаваатай муудалцсан тэгээд маргаан намжаад би үсээ янзлаад сууж байтал Энхдаваа гэнэтхэн миний хамар луу цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад хамар уруул орчим хавдаад тэгээд би өөрийнхөө төрсөн ах Энхбаярыг утсаар дуудсан. Тэгээд ах маань хүрч ирээд эмнэлэг рүү дагуулж явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл хамар маань хугарсан байсан...", "..Энхдаваа намайг өмнө нь зодож цохиж байгаагүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Е.Нямсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13/ “..2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байсан манай эхнэр Нямдаваа мантуун бууз хийгээд байж байтал том эгчийн маань хүү Энхдаваа эхнэр Нарангэрэлийн хамт манайд 20:00 цагийн орчимд орж ирээд бид нар 2 том пиво хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад том эгчийнхээ гэрлүү орж охиноосоо сим картаа авчихаад буцаад гараад иртэл хашаан дотор Энхдаваа, Нарангэрэл хоёр хоорондоо маргалдаад зодолдсон байсан. Хамраас нь цус гарчихсан байсан. Би өөрөө нүдээрээ хараагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна...", ..би уг нь тухайн үед охин руугаа ороод сим авчихаад гараад ирэх хооронд 5-6 минут л болсон байх энэ хооронд л энэ асуудал болсон байсан. Тэр хоёр гадаа нь зодолдсон юм шиг байналээ..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №2896 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-18/ “..Э.Нарангэрэлийн биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, оочинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 181 в тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Нарангэрэлийн хамар луу цохиж түүний биед “хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, оочинд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол гэж үзлээ.
Шүүгдэгч хамтран амьдрагч буюу хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Эгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тохирч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Э нь хууль зүйн мэдлэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй бөгөөд прокуророос яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт дахь хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөн, дээрхи хүсэлтийг гаргасан байна. Гэтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хүндрүүлж буй нөхцөл байдал болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдэг нь зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг байхаас гадна хүчирхийлэл үйлдэж буй хэлбэр нь байнга давтагддаг шинжтэй байж хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг болно гэж шүүх үзэж байна. Гэтэл хэрэгт шүүгдэгч Б.Э байнга гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан, хүч хэрэглэсэн зэрэг баримт ирүүлээгүй, энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Эд сонсгож ирүүлсэн ялыг өөрчлөн сонсгохоор хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл хөнгөрсөн боловч шүүгдэгч Б.Э, прокурор нарын тохирсон ял шийтгэл хөнгөрсөн зүйл заалтын торгох ялын хэмжээнд нэг адил байх тул шүүх зүйлчлэлийг өөрчлөн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Б.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч Э.Нарангэрэл нь шүүгдэгч Б.Эгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Боржигон овогт Болдбаатарын Энхдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР