Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 402

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт оршин суух, эмэгтэй, ВЙ66051208 регистрийн дугаартай, Таван ханхар овогт Хишигтийн Дэнсмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.Бүрнээбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Дэнсмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрнээбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би 1982 онд Бууцагаан сумын 8 жилийн сургууль төгсөөд илгээлтийн эзнээр тус сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж эхлээд одоог хүртэл 30 гаруй жил мал маллаж байна. Би өөр газар очиж ажиллаагүй байнга сумандаа ажиллаж амьдарч байгаа. Миний хөдөлмөрийн дэвтрийн нэр засвартай болсноос ажилласан жилээ тогтоолгох болсон. Иймд 1982 оны 6-р сарын 1-нээс 1991 оны 9-р сар хүртэл Ургац нэгдэлд малчнаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Х.Дэнсмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивийн тасгийн 386 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоол, 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар тогтоол, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар тогтоол , 1989 оны баярын бичиг, гэрч С.Чинбатын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Х.Дэнсмаа нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр, Х.Дэнсмааг шагнаж байсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоол, 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар тогтоол, ажлын амжилт гаргаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан тухай 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичиг, Х.Дэнсмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.Чинбатын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Харин Х.Дэнсмаагийн 1991 оны 09 сар хүртэл ажиллаж байсан талаар бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байх боловч хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсэг болон эхэлсэн ажлыг бичсэн хэсэг тэмдэггүй, энэ дэвтрийг нотлох бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 1991 оны 01-09 сар хүртэл хугацаанд ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Таван ханхар овогт Хишигтийн Дэнсмаагийн 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож 1991 оны 01-09 сар хүртэл ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Х.Дэнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ