Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 224/МА2024/00017

 

Д.Ц нэхэмжлэлтэй,

Г.О, Х.Н нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00061 дүгээр шийдвэртэй,

Д.Ций нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О, Х.Н нарт холбогдох, Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Г.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж,  464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Г.От хоёрдугаар дулаанд холбогдсон, гэр хороололд байрлалтай, 2 өрөө байрыг 22,000,000 төгрөгөөр үнэлж, худалдсан. Мөн зохих хэмжээний газрыг хамтаар бэлэглэх журмаар өгсөн. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Харин нэхэмжлэлийн шаардлага болох 464,000 төгрөгийн талаар тайлбар хийе. Би Г.О, Х.Н нартай найрсаг сайн харилцаатай, үр хүүхэдтэйгээ адил санаж дараах бэлгийг өгсөн. Үүнд: 240,000 төгрөгийн үнэтэй гар утас, би Улаанбаатар хот уруу явж ирээд Х.Нт 20,000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг, Г.О 10,000 төгрөгийн үнэтэй бэлэг, манай хоёр гэр дундаа нэг тоолууртай учраас тус тусын тоолууртай болоход нь зориулж 69,000 төгрөгийн үнэтэй 30 метр кабелийн утас, 8,000 төгрөгийн үнэтэй гар утасны цэнэглэгч, 15000 төгрөгийн үнэтэй газ, газны хошуу, 2000 төгрөгийн үнэтэй ялааны цохиур зэргийг  өөрийн мөнгөөр худалдан авч, бэлэглэсэн. Нийт 464,000 төгрөг болсон.

Яагаад би өгсөн бэлгээ буцааж авах болсон бэ гэвэл нөхөр Х.Н нь архи ууж ирээд намайг зодсон. Эхнэр Г.О нь намайг элдвээр хэлж, худал үг зохиож, хэл амаар доромжилсонд гомдсон учраас хуулийн байгууллагад хандаж байна. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй, 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, 80 настай өвгөн байна. Энэ 2 хүүхэд архи ууж амгалан тайван байдал алдагдуулдаг. Хүний үг авдаггүй, маш их хүмүүжлийн доголдолтой хүмүүс гэдгийг хууль хэрэгжүүлэгч та бүхэнд ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.Ц миний бие 2022 оны 4 дүгээр сард иргэн Г.От гэр хороололд байрлалтай, хоёр өрөө байрыг 22,000,000 төгрөгөөр худалдсан. Хашаан дотор тэдний талд 166 м.кв сул чөлөөтэй газар тэдний талд байсан учир би өөрийн төрсөн хүүхдүүдтэйгээ адил санаж, кадастрын зураглал гаргуулж, тусад нь газрын гэрчилгээ гаргуулж өгсөн. Х.Н, Г.О нар нь миний үнэ төлбөргүй өгсөн 166м2 газарт буй хоолны амбаар, хогийн цэг зэргийг надад эзэмшүүлэхгүй, амбаараа нурааж ав, хогоо тусдаа өөр газарт асга, бид тусдаа хашаа барина гэж аашилсан. Хашааны дотор дахиад хашаа барих юм гэнэ.

Ингээд миний ая тухтай амьдрах нөхцөлийг хааж боогдуулж, хүн чанаргүй үйлдэл үзүүлсэн болохоор 166м2 газар өгсөнтэй холбоотой зардал болон газрын үнийг нэхэмжилж байна. Иймд үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг, нийт 8,772,000 төгрөг гаргуулж өгнө үү ”  гэжээ.

3. Хариуцагч Г.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний газрын гэрчилгээн дээр 250 мкв хэмжээтэй гэж байгаа. Би 166 м.кв газар нь ямар газар байгааг ойлгохгүй байна. Анх Д.Ц ахаас хашаа байшин худалдаж авахаар тохиролцсон. Ингэхдээ 500 мкв газрыг 250, 250-аар хувааж авсан. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээд дээрх газар болон хашаа, байшинг худалдаж авсан. Тухайн газрын кадастрын зураг гаргуулахаар мөнгө гаргасан гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа боловч байраа зарж байгаа хүн тухайн газрынхаа кадастрын зургийг гаргуулах л байсан. Бидэнд газар бэлэглэсэн асуудал байхгүй.

Манай гэрт ямар ч хүн орж ирсэн байсан, араас нь Д.Ц ах ороод ирдэг. Нөхөр бид хоёрын амьдралд Д.Ц ах хэтэрхий их хөндлөнгөөс оролцдог бөгөөд хашаанаас машинаа гаргаж тавь, ингэ тэг гэдэг байдлаар байнгын хяналт тавьж амьдралд оролцдог. Би ийм байдалтай байдаг талаар Д.Ц ахын хүүхдүүдэд хэлсэн байгаа. Анхнаасаа тохиролцож худалдах худалдан авах гэрээ хийсэн бөгөөд тухайн байшин авахдаа газартай нь хамт худалдан авсан гэж ойлгож  байна. Газар байхгүй бол би зөвхөн байшинг 22.000.000 төгрөгөөр худалдан авах шаардлагагүй байсан. Харин илүү газар байгаа гэдгийг би ойлгохгүй байна” гэжээ.

4. Хариуцагч Х.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц ах Улаанбаатар хот уруу явахдаа хашаагаа сайн харж байгаарай гээд надад гар утас, цаг өгөөд явсан. Би байшинг худалдаж авахдаа газрыг нь бас хувааж авч байгаа гэж ойлгож байсан. Газар болон байшин тусдаа гэрчилгээтэй гэдгийг сая ойлголоо” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00040 дүгээр шийдвэрээр:

- Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Г.О, Х.Н нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

6. Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар давж заалдсан гомдолдоо: “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2, 280 дугаар зүйлийн 280.2-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00061 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтдаа гомдол гаргасан учраас эхлээд би тайлбар гаргая.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон бол бэлэглэгч өгсөн бэлгээ шаардах эрхтэй гэсний дагуу анхан шатны шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж, Д.Ц хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлж оролцсон.

Анхан шатны шүүхээс Д.Ц гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, 7 хоногийн дараа иргэний хэрэг үүсгээд Г.От гардуулахад Г.Оийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, эсвэл бүхэлд нь зөвшөөрөх эсэх талаар ямар нэгэн хариу шүүхэд ирүүлээгүй. Шүүх Иргэний хэрэг хянан хянан шийдэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.  Шүүх талуудын хооронд бэлэглэлийн гэрээ албан ёсоор байгуулаагүй, бэлэглэгчийг гомдоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь 464,000 төгрөгийн бэлгийг хариуцагч нарт бэлэглэсэн гэдгийг анхан шатны шүүх дээр хоёулаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 166 м.кв газрыг худалдаж авсан байранд дагаж ирсэн гэж ойлгосон гэх тайлбарыг Г.О хэлдэг. Д.Д.Ц, Г.О нар 215 м.кв, 2 өрөө байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй.

Шүүх хурлын явцад 166 м.кв газрын талаар тодруулах үүднээс иргэний бүртгэлд буцаасан, гэтэл ямар нэгэн хариу ирээгүй. Гэтэл ямар нэгэн тодруулга ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Д.Ц газар уу, Г.Оийн газар уу гэдгийг тогтоогоогүй. Учир нь газар давхацсан бол иргэний бүртгэлийн гэрчилгээ гаргахгүй шүү дээ. Тэгэхээр 166 м.кв илүү гарсан газартаа Д.Ц хариуцагч нарын амьдралд хэрэгтэй болов уу гэж бодоод тусад нь гэрчилгээ гаргаж өгсөн байгаа.

2-рт, хариуцагч нар хоорондоо муудалцаж, зодолдоод Д.Ц амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхдийн дэргэд архи ууж янз бүрийн маргаан  болсон учир хадам тал нь Х.Ныг цагдаад өгч шалгуулснаар баривчлах шийтгэл хүлээсэн. Тухайн үедээ Д.Ц нь “ та нар яагаад архи уугаад хүний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэхэд нь “Хөгшин төгцөг байж бид нарын амьдралд оролцож байна” гэх зэргээр доромжилж зодсон. Тэгээд цагдаад өгсөн боловч урьд нь баривчилгаа авсан учраас уучлаад баталгаа гаргуулсан. Дахин Д.Ц гуайтай ямар нэгэн асуудал үүсгэхгүй, агсам согтуу тавихгүй гэх баталгаа гаргасан өгсөн нь хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан.

 Гэтэл ийм нөхцөл байдлыг гомдоосон гэж үзэхгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд хандаж байгаа гол учир нь гомдсон учраас Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчээс эвлэрье гэхэд хариуцагч нар эвлэрээгүй. Д.Цшүүхэд хандаж учрыг нь олох гэсэн боловч улам хурцадмал байдалд оруулсан учир би анх бэлэглэлийн гэрээгээр өгсөн зүйлээ авна гэж байгаа. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан тул Д.Ц давж заалдах гомдол гаргасан байгаа. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 61 тоот шийдвэр үндэслэл бүхий бус, хууль зөрчсөн шийдвэр гэж үзсэн. Нэг талаас бэлэглэлийн гэрээ байгуулаагүй гэж бичсэн атлаа бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцно гээд дүгнэсэн тул шийдвэрийн энэ утгыг сайн ойлгохгүй байгаа” гэв.

8. Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 22,000,000 төгрөгөөр үнэлж,  49 м.кв 2 өрөө байрыг худалдсан. Тухайн 2 өрөө нь халуун усгүй учир тэндээ халуун усаа бариад, нэг өнцөгт нь амбаараа бариад ав гээд үр хүүхэдтэйгээ адил гэж бодоод өөрөө гэрчилгээг нь гаргуулаад өгчихсөн юм. Гэтэл намайг доромжлох, миний эрх чөлөөнд халдах, намайг гүтгэж, худал хэлсэн. Үүнийг Цагдаагийн байгууллага л нотлох байх. Би аргаа бараад үл хөдлөх хөрөнгийн газарт хандаж 100,000 төлөөд газрын үнэлгээ тогтоолгосон бөгөөд 166 м.кв газрыг 8,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Гэтэл анхан шатны шүүх газрын үнэлгээг огтхон ч авч хэлэлцээгүй, 8 сая гаруй төгрөг бол ариун цагаан хөдөлмөрөөр олсон миний хувийн өмч шүү дээ. Настай хүний өмчийг хуулиар үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Ийм учраас 8,000,000 гаруй төгрөгийг надад өгөх хэрэгтэй, эсвэл газрын гэрчилгээ дээр газраа хамтраад эзэмшиж болно, тэр чинь ганцхан өгүүлбэр нэмэх асуудал шүү дээ. Гэтэл Г.О би газраа өгөхгүй гэдэг. Энэ нь өөрийнх нь газар биш. Зөвхөн 49 м.кв газрын мөнгө төлсөн болохоос би 10,000,000 төгрөгийн газрыг илүү өгчхөөд байхад би авна гэж зүтгээд байдаг. Үүнийг хуульч та бүхэн ойлгоосой гэж бодож байна” гэв.

8. Хариуцагч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Товч бөгөөд тодорхой тайлбарлая.

Д.Ц нийт 5 өрөө байртай. Түүнээс 2 өрөөг нь газрын хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулж бид авсан. 1,200,000 төгрөг төлсөн, мөн татварт мөн татварт мөнгийг төлсөн байгаа. Д.Ц ах хэтэрхий бидний амьдралд оролцоод байдаг. Манай аав ээж 2 ярилцаж байгаад настай хүний хажууд байвал түшигтэй гээд амьдруулсан бөгөөд бид 2 жил гарангийн хугацаанд энэ хашаанд амьдарч байна. Манайх 3 хүүхэдтэй, би өөрөө 2 хүүхэдтэй байсан бөгөөд нөхөртэйгөө суугаад 1 жил гаран болж байгаа. Д.Ц манай ажил дээр хүртэл ирж, намайг хэл амаар доромжилж, намайг бэлэвсэн гэх мэтээр янз бүрээр хэлсэнд би үнэхээр их гомдолтой байна. Бүх зүйлд намайг буруутгадаг, чамаас хамаг зүйл шалтгаалдаг, чи 2 хүүхэдтэй энэ залуутай суусан шүү дээ гээд янз бүрийн юм хэлдэг. Хүмүүст ч хэлж явдагт би үнэхээр их гомдолтой байна.

Би өдий 29 нас хүрчхээд ээж ааваараа ч ингэж доромжлуулж, дээрэлхүүлж байгаагүй. Ажил дээр ирээд, надаас  30 метр утас нэхээд, намайг сэтгэцийн өвчтэй энэ тэр гээд, цагдаа дээр ч намайг доромжилсон. Би эмнэлэгт ажилладаг, сэтгэцийн өвчтэй байсан бол ажил хийхгүй байсан. Мөн манай гэрт гаднаас хүн орж ирэнгүүт Д.Ц ах дагаад ороод ирдэг. Манайд болсон зүйл Д.Ц ахын гэрт сонсогддог. Залуу хүмүүс хааяа наргиж, цэнгэнэ асуудал гарна, хэл ам болно. Тэр бүрт та 2 байнга хэл ам боллоо, амгалан тайван байдал алдагдаж байна гээд янз бүрийн юм ярьж явдаг, иймэрхүү асуудал зөндөө гардаг. Манай гэрт болсон зүйл, Д.Ц ахын гэрт болсон зүйл бүгд сонсогддог. Манай хадам ээж ирэх бүрт Д.Ц ах зөндөө их юм хэлдэг. Миний ээж, аав хоёрт “танай 2 хүүхэд чинь зодолдож байна, ингэж байна, тэгж байна, охиноо аваарай” гэж хэлдэг, мөн утсаар ярьж хэлдэг. Хүүхдүүдийг маань хашаандаа тоглуулдаггүй, хүүхдээрээ луйвар хийж байна гэж хэлдэг. Тухайн байрыг газрын хамт авахгүй байсан бол анхнаасаа 2 өрөө байр худалдаж авахгүй байсан. Газаргүй энэ хашаагаар би яах юм, 2 хүүхдээ тоглуулах ч газаргүй. Би урьд нь Д.Ц ахыг хүндлээд их хайрладаг байсан. Бие тань яаж байна гээд асуухад нь ерөөсөө юу ч дуугардаггүй. Яагаад гэвэл бидний амьдралд оролцсон учраас би өдийг хүртэл гомдоод явдаг. Бид хоёр хэрэлдээд шүүх, цагдаа болоод манай нөхөр 14 хоногийн баривчилгаа авсны дараа Д.Ц ах манай нөхрийг бас цагдаад өгсөн”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00061 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.О, Х.Н нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, бэлэглэсэн эд зүйлийн үнэ 464,000 төгрөг, үнэ төлбөргүй шилжүүлсэн газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч Г.О шүүхэд: ”миний газрын гэрчилгээн дээр 250м.кв гэж байгаа, 166 м.кв гэж ямар газар яриад байгааг ойлгохгүй байна. Анх 2 өрөө байр худалдаж авахад 500 м.кв газраас 2 хувааж 250м.кв хэмжээгээр тус бүр хувааж авсан. Бидэнд бэлэглэсэн гэх ялааны цохиур зэрэг эд зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч Х.Н: “Д.Ц ах Улаанбаатар хот уруу явахдаа хашаагаа сайн харж байгаарай гээд надад гар утас, цаг өгөөд явсан. Би байшинг худалдаж авахдаа газрыг нь бас хувааж авч байгаа гэж ойлгож байсан. Газар болон байшин тусдаа гэрчилгээтэй гэдгийг сая ойлголоо ” гэх тайлбаруудыг тус тус гаргасан байна.  

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргажээ.  

5.Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.О, Х.Н нарт 464.000 төгрөгийн үнэ бүхий, ахуйн хэрэглээний эд зүйлсийг бэлэглэлийн журмаар өгсөн талаар тайлбарлаж, бэлэг хүлээн авагчид нь түүнийг гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, бэлэглэсэн эд зүйлсийн үнийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс үнэ төлбөргүй хүлээн авсан эд зүйлсийн нэр төрөл, чанар, эдэлгээ болон үнийн талаар маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан болон бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болсон гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэгт тогтоогдсон үйл баримтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т : бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч, түүний өвлөгч шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч Д.Ц болон хариуцагч Г.О, Х.Н/гэр бүлийн гишүүд/ нар нь нэг хашаанд байрлах 5 өрөө бүхий байрны 3, 2 өрөөг тус тус эзэмшиж өмчилж оршин суудаг, хөршийн холбоотой хүмүүс байна.  

Нэхэмжлэгч 464000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс бэлэглэсэн гэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ: Х.Н нь байнга архи ууж амгалан тайван байдал алдагдуулдаг, архи уусан байхдаа миний биед халдсан, Г.О нь намайг элдвээр хэлж, худал үг зохиож, доромжилж  гомдоосон” гэж тайлбарласан байх боловч хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч Д.Ц амгалан тайван байдлыг алдагдуулсан, бие мах бодид нь халдсан, халдахыг завдсан үйлдэл хийсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас бэлэглэлийн гэрээний дагуу үнэ төлбөргүй шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 464.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  гэж дүгнэв.

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 мкв газрын үнэ 8,632,000 төгрөг, газрын кадастрын зураг хийлгэсэн 40000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100.000 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасныг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Д.Ц нь өөрийн өмчлөлийн, Увс аймгийн Улаангом сумын 4-р баг Харлаг бэйс гудамж, 500а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-1520002617 дугаарт бүртгэлтэй, 589,3 м.кв талбай бүхий газраас 215,1м.кв газрыг Г.От худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн, Г.О нь уг газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-1520004753 дугаарт бүртгүүлж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 000714263 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өмчлөх эрхтэй болсон  нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/ хх-ийн 74, 75-р тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Энэхүү зохигчдын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах  гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хуульд заасан шаардлагад нийцсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Д.Цээс хариуцагч нарт өөрийн эзэмшил, өмчлөлийн 166 мкв хэмжээтэй газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн буюу бэлэглэлийн журмаар үл хөдлөх хөрөнгө /газар/ шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээнээс татгалзах, гэрээ хүчингүйд тооцуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүсэхгүй гэж дүгнэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүхэд : Д.Д.Ц, Г.О нар 215 м.кв, 2 өрөө байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй.

Шүүх хурлын явцад зохигчдын маргаж буй 166 м.кв газрын талаар тодруулах үүднээс иргэний улсын бүртгэлийн байгууллагад буцаасан, гэтэл ямар нэгэн хариу, тодруулга ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, маргаж буй газар нь Д.Ций эзэмшил, өмчлөлийн газар уу, Г.Оийнх үү гэдгийг тогтоогоогүй. Учир нь газар давхацсан бол иргэний бүртгэлийн гэрчилгээ гаргахгүй шүү дээ. Д.Ц 166 м.кв илүү гарсан газраа хариуцагч нарын амьдралд хэрэгтэй болов уу гэж бодоод тусад нь гэрчилгээ гаргаж өгсөн гэж байгаа” гэх тайлбар гаргажээ. 

Анхан шатны шүүх 2024 оны 01 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг шүүхийн санаачилгаар нотлох баримт гаргуулах үндэслэлээр хойшлуулсан байх ба нотлох баримт гаргуулах тухай 126 дугаар шүүгчийн захирамжид : Зохигчид маргаан бүхий 166 м.кв газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн эсэх, эсхүл бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Увс аймгийн Улаангом сумын 4-р баг Харлаг бэйсийн 500 /4-р баг 13-45/ тоот хаягт байрлах газрын өмчлөх эрхийн талаар болон Д.Цээс Г.От газар өмчлөх эрх шилжүүлсэнтэй холбогдох гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна /хх-ийн 66-69-р тал/.

Нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн дагуу Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 92дугаар албан бичгээр Д.Ц/374 м.кв/, Г.О /215 м.кв/ нарын тус бүрийн Увс аймгийн Улаангом сумын 4-р баг Харлаг бэйсийн 500 тоотод байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын хооронд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /бүртгэлийн дугаар 0763/-г тус тус гаргаж ирүүлсэн байх ба  шүүх эдгээр баримтуудыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Иймд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ улсын бүртгэлийн байгууллагаас тодруулга, хариу ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

          7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

8. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,872 /нэг зуун жаран есөн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,872 /нэг зуун жаран есөн мянган найман зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АЛТАН 

                                 ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН