Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 152/2019/00443/и |
Дугаар | 224/МА2024/00015 |
Огноо | 2024-03-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 224/МА2024/00015
Х.Б, Р.Н нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч “Х” ХХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаар шийдвэртэй,
Х.Б, Р.Н нарын нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт баригдсан Х ХХК-ийн орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарт холбогдуулан гаргасан хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Буянбат /цахимаар/, хариуцагч Л.У, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Х ХХК-ийн захирал Л.Ут холбогдуулан барилга барихад оруулсан нийт 138,269,800 төгрөгөөс Л.Уын буцаан өгсөн 37,000,000 төгрөгийг хасаад үлдэх 101,269,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн,
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Р.Нийгтатан оролцуулж, хариуцагч Х ХХК- ийн захирал Л.Уаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийн дагуу орон сууцны борлуулалтаас олсон ашиг 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг нийт 81,238,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
1.1. Нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “2016 оны 5 сараас эхлэн Х ХХК-ийн захирал Л.Утай “хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт 24 айлын орон сууц барихаар тохиролцсон. Х ХХК-ийн захирал Л.У нь барилга ашиглалтад орсны дараа ашгийн 25 хувийг надад өгөхөөр харилцан тохиролцсон. 2017 онд орон сууцыг ашиглалтад оруулж, бүх орон сууцыг худалдаж айлууд орж ордероо авсан байгаа. Гэтэл Х ХХК-ийн захирал Л.У нь одоог хүртэл тохиролцсон ашгийг өгөөгүй байна.
Миний бие тус барилгын ажил эхлэхээс өмнө Улаанбаатар хотоос 30,000,000 төгрөгийн арматурын төмөр, 3,000,000 төгрөгийн барилгын цементийг ачуулсан. Барилгын төмөр ачуулахдаа 3,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг төлсөн ба Б гэдэг жолоочид шатахууны үнэ 850,000 төгрөг өгсөн боловч "Говь-Алтай аймагт ирээд шатахуун дууслаа" гэхээр нь 250,000 төгрөг нэмж өгсөн. Мөн барилга дээр ажиллаж байсан краны төлбөрт 250,000 төгрөг, Л.Уыг баруун хил рүү цемент авахаар явахад бэлэн 1,000,000 төгрөг өгч, барилгын суурийн шороо зөөхөд 900,000 төгрөг, бохирын хоолой хийхэд 1,600,000 төгрөг зарцуулах зэргээр хөрөнгө оруулалт хийж байсан ба тооцох боломжгүй бага дүнтэй зардал барилга баригдах явцад байнга гаргаж байсан.
Х ХХК-ийн захирал Л.Утай анх тохиролцсоны дагуу 2016 оны 8 сард Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч түүнд 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Л.У нь банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлнө гэсэн боловч мөнгө орж ирэхгүй байна гэх шалтгаанаар намайг төлж бай, борлуулалтын орлогоос зээл болон зээлийн хүүг төлнө гэж хэлсэн боловч тус зээлийг төлөөгүй тул миний бие 73,769,800 төгрөгийн зээл болон зээлийн хүүг төлсөн.
Мөн миний аав Ж.Х нь барилга дээр ажиллаж, өөрийн өмчлөлийн ачааны машинаар барилгын материал зөөх зэргээр тусалдаг байсан. Л.У "Ажилчдын цалин тавих мөнгө хэрэгтэй байна. Барилгын ажил зогсох гээд байна. Танай аавын машиныг ломбардад тавиад ажилчдын цалинг тавих хэрэгтэй байна. Төлөлтийг нь би хариуцна. Байрны урьдчилгаа ороод ирэнгүүт аваад өгнө" гээд 39-49 ХОҮ дугаартай 1811211 Е1Т загварын ачааны автомашиныг “Г.Х” ХХК-д 5,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Автомашин барьцаалсан зээлээ төлж чадахгүй байсаар 6,500,000 төгрөгийн хүү төлсөн боловч автомашинаа буцаан авч чадалгүй "Г.Х" ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Дээрх ачааны автомашиныг 2013 онд 22,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.
Миний бие Х ХХК-ийн 24 айлын орон сууцыг барихад дээр дурдсан 138,269,800 төгрөг зарцуулсан бөгөөд Л.Уын зүгээс дансаар болон бэлнээр 37,000,000 төгрөг, уг барилгын 1 дүгээр орцны 4 давхар 11 тоот 96 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр буюу 96,000,000 төгрөгөөр тооцон өгсөн тул 5,269,800 төгрөг хариуцагчаас гаргуулан авна.
2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний нэг тал болох Х.Б, Р.Н бид хариуцагчаас тус гэрээний 3,2,1-т заасан А тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын ашгаас 25 хувийн хүртэнэ гэж харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №424 дугаартай Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тухай албан бичигт "2016-2017 оны байдлаар тодорхойлсон Хгийн Бн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт баригдсан 24 айлын зураг төсөвтэй 22 айлын орон сууцны барилгын ажлын үнийн дүн 1,265,825,200 /нэг тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун хорин таван мянга хоёр зуу/төгрөг болохыг тодорхойлов" гэж үнэлсэн байна.
Тус хэргийн 2 дахь хавтаст авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 575 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 00 давхрын 02, 03, 04 тоотын захиалан бариулах гэрээнүүдийг тус тус үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах Х ХХК-ийн 2017 онд барьж ашиглалтад оруулсан 22 айлын орон сууцнаас нийт 1,569,700,000 /нэг тэрбум, таван зуун жаран есөн сая, долоон зуун мянга/ төгрөгийн борлуулалтын орлого олсон байна гэж үзэхээр байна.
Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд тооцоход Х ХХК-ийн барьсан 22 айлын орон сууцны нийт ашиг нь 303,874,800 төгрөг байх бөгөөд ашгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг болон хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг нийт 81,238,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.У нь нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарт холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2.1. Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Сац-22 айлын орон сууцны барилгыг Д.Б, Б.Б, Х.Б бид хамтын хөрөнгө оруулалтаар Х ХХК-ийн нэр дээр барьж, ашиглалтад оруулсан. Х.Б нь оруулсан хөрөнгө оруулалтдаа уг орон сууцны барилгаас 4 өрөө, 96 мкв талбайтай, 96 сая төгрөгийн үнэлгээ бүхий 11 тоот байрыг авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
Х.Б нь банкнаас зээл авах үеэр хэрэг болоод байна гэхээр нь би өөрийнх нь бичиж ирсэн гэрээнд гарын үсэг зурж өгөөд явуулсан. Би тухайн гэрээтэй танилцахгүйгээр гарын үсэг зурсан. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Сац-22 айлын орон сууцны барилгыг барих талаар Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Харин амаар хэлэлцэн тохирсон зүйл бий.
Миний бие дээрх барилгын хөрөнгө оруулагч Д.Б, Б.Б нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн Х.Б, түүний эхнэр Р.Н нартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх боломжгүй.
Анх Д.Б, Б.Б бид хамтран барилга барихаар болж сүүлд Х.Б нэмэгдсэн. Уг барилгын хөрөнгө оруулалтын асуудал түүний эхнэр Р.Нт ямар ч хамааралгүй. Х.Б нь банкнаас зээл авах гэж байна гээд тухайн гэрээг уншуулахгүйгээр хуурах замаар гарын үсэг зуруулсан тул тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Х ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хүсье.
Х.Б нь уг барилгыг барихад төмөр, цемент зэргийн хөрөнгө оруулсан гэж байгаа боловч яг мөнгөн дүнгээр тооцвол Хас банкнаас авч өгсөн зээл, сүүлд өгсөн 5,000,000 төгрөг, жижиг сажиг зүйлд 3,000,000 төгрөг гэх мэт мөнгөн дүнгүүдийг би хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр нь нийт 50,000,000 орчим төгрөг болж байгаа юм. Хүү нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс хүүний эрсдэлийг өөрөө хариуцах ёстой, тэр нь надад хамаагүй гэж үзэж байна. Д.Б, Б.Б нар өөрийн боломжоор 50-70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Оруулсан хөрөнгө оруулалтдаа Д.Б 80 м.кв байр, Б.Б, Х.Б нар тус бүр 96 м.кв орон сууц авсан. Х.Бд барилгын борлуулалтаас 37,000,000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн. Д.Б, Б.Б нарт юу ч өгөөгүй. Х.Бгийн 50,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаас 37,000,000 төгрөг болон 96,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг өгчхөөд байхад хуурамч гэрээгээр далимдуулан 81,000,000 төгрөгийг давхцуулан нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан байна.
3. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Л.У нь нэхэмжлэгч Х.Б, Р.Н нартай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж маргасан байна.
4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Б Р.Н нарын хариуцагч Х ХХК-д холбогдох 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт баригдсан Сац гурван хайрхны орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, Х ХХК болон Х.Б, Р.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч Х.Б давж заалдсан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулж ойлгодог бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан нь дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд нийт ашгаа 4 хувааж авна гэж тохирсон талаар маргадаггүй бөгөөд Х.Бгийн хувьд энэхүү Л.У, Д.Б, Б.Б нартай амаар тохирсон тохиролцоогоо буюу хэлцлээ хэлбэржүүлж, гэрээг байгуулсан тул хамтран ажиллахаар тохиролцсон талуудаас зөвшөөрөл авсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан бөгөөд талууд нийт ашгаа 4 хуваах буюу нэг хүнд 25 хувийн ашиг авахаар тохиролцож хөрөнгө оруулалтыг хийсэн гэдэг нь талуудын тайлбараар нотлогддог.
Мөн Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “ хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасан бөгөөд Д.Б, Б.Б нарын зүгээс гэрээг хийх зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар мэдэгдсэн зүйл байдаггүй. Гэтэл шүүх энэхүү үйл баримтыг үгүйсгэж Х.Бгийн зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
5.2. Шүүх бидний байгуулсан хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэжээ.
“Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Өөрөөр хэлбэр хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байхыг ойлгоно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Хас банкны зээлийн гэрээнд зээл авахад ямар нэгэн хөрөнгө оруулалтын гэрээг ашиглаагүй, үйлчилгээний зориулалттай объектыг зээлийн барьцаанд тавьсан нь тодорхой байдаг.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т“нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд үйл баримтаас дүгнэхэд талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор буюу 24 айлын орон сууц барихаар харилцан тохирч, хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулахаар заасан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Х.Бгийн зүгээс хийж, барилгын суурийн шороо зөөх, арматурын төмөр тээвэрлэх, цемент авах, өөрийн эцэг болох Хайсдаваагийн ачааны машиныг ашиглан барилгын материалын тээвэр хийх зэргээр гэрээний үүргээ биелүүлсэн.
Хариуцагч Л.Уын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж Сац-22 орон сууцыг зураг төсвийн дагуу барьж ашиглалтад оруулж, иргэдэд худалдан борлуулж, тодорхой ашиг олсон нь хэлцлийн үр дүнд талууд эрх, үүрэг, хариуцлагыг хүлээж, хэлцлийн зүйл болсон орон сууцыг барьсан үйлдэл хийж, тодорхой үр дүнд хүрч, гэрээний үүргээ биелүүлсээр байтал шүүх “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-р заалтад заасан дүгнэлт бүхэлдээ хууль хэрэглээний алдаатай гэж үзэхээр байгаа тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эрхэлдэг ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан. Д.Б, Б.Б нар миний 10 жилийн ангийн найзууд бөгөөд Л.У гэх залууг дагуулж ирж уулзуулсан юм. Д.Б, Б.Б, Л.У бид 3 барилгаа бариад явж байхад сүүлд Х.Б нэмэгдэж хөрөнгө оруулахаар ажилласан талаар шүүхийн шийдвэр, гуравдагч этгээдийн өгсөн тайлбар, өөрсдийнх нь тайлбарт байгаа. Тэгээд надтай уулзаад энэ барилгад хөрөнгө оруулаач ээ гэж хэлсэн. Би өөр хүмүүстэй хамтраад барилга барих гэж байсан, надад арматурын төмөр байгаа, өөр барилга дээр хөрөнгө оруулалттай явж байсан гэдгийг мэдээд “манай барилга дээр мөнгөө өгөөд, дээрээс нь хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаач” гэх зүйлийг анхны уулзалтаар ярьсан байдаг юм. Би 10 жилийн найзууд, өмнө нь 12 айлын орон сууц яг энэ төслийн хүрээнд барьсан туршлагатай, Д.Б бол барилгын инженер хүн учраас хөрөнгө оруулалт хийгээд явахад буруудахгүй юм байна гэж хувь хүнийхээ дүгнэлтийг хийсэн. Хөрөнгө оруулалтуудаа хийсний үндсэн дээр энэ барилга баригдаж ашиглалтад орсон байдаг. Тэгээд миний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль ёсны биш гэдэг шийдвэр гарч байна.
Би үндсэндээ танихгүй хүнд өгсөн хөрөнгийнхөө баталгаа болгож хийсэн гэрээ юм. Жишээ нь танихгүй хүнд 30,000,000 төгрөгийн арматурын төмрийг амаар гэрээ хийгээд өгчихсөн бол өнөөдөр би тийм зүйл яриагүй, би аваагүй гээд яриад сууж байх боломжтой учир би тэр эрсдэлээс хамгаалж энэ гэрээг хийсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрийн зүгээс ийм зүйлүүдийг хийнэ, нөгөө талаас ийм зүйлүүдийг хийнэ гээд 2 талаас харилцан тохиролцоод хийсэн гэрээ байгаа. Тухайн гэрээнд тусгагдсан зүйлүүд бүгд биелсэн. Би Хас банкнаас зээлээ авч өгсөн, 30,000,000 төгрөгийн 30 тонн арматурын төмөр өгсөн.
Би 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд 90 гаруй сая төгрөгийн байр авсан. Үндсэндээ би хөрөнгө оруулалт хийж ашиг авах биш зүгээр байр худалдаад авчихсан юм шиг болчихсон. Би “одоо миний ашиг өг, ашгаа авъя” гэхээр “ашиг тооцоогүй байна” гээд л яваад байсан. Хууль сануулаад мөрдөн байцаагчийн авсан мэдүүлэг дээр Л.У “би ашгаа тооцоогүй байна, 14 хоногийн дараа би ашгаа тооцоолоод хэлэх боломжтой” гэж мэдүүлсэн байдаг. Өгсөн мэдүүлгүүд нь хэргийн материал дотор байгаа.
Анхан шатны шүүх гуравдагч этгээдээс зөвшөөрөл аваагүй гээд байгаа юм. Анх энэ төслийг хэрэгжүүлээд явж байсан Л.У, Б.Б, Д.Б3 жинхэнэ төслийг хэрэгжүүлэгч нар. Хоорондоо нэгнээсээ зөвшөөрөл аваад надаас хөрөнгө оруулалт татъя гэдэг шийдвэрээ энэ 3 хүн өөрсдөө гаргаад, би хөрөнгө оруулалтаа хийж, нэмэгдэж орсон. Гэтэл ямар хүнээс зөвшөөрөл авч, хэнийг гуравдагч этгээд гэж үзэх юм. Гуравдагч этгээд гэх юм бол энэ 3 хоорондоо буюу нэг нэгэндээ л гуравдагч этгээд юм байгаа биз. Энэ 3 хүн барилгынхаа зураг төсөв бүх юмыг Х гэдэг компаниараа хийгээд явж байсан ийм л үйл ажиллагаа. Энэ барилгын бүх процесс Х гээд нэг л компани дээр явагдсан. Б.Б, Д.Б нар яг ямар хамааралтай болоод зөвшөөрөл өгдөг хүн нь болчихсоныг би ойлгохгүй байгаа.
Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд хэлцлийн хэлбэрийг тайлбарласан байгаа. Хэлцлийн хэлбэр гэдгийг “хүсэл зоригийг илэрхийлэх арга гэж ойлгох ба хэлцлийг амаар хийнэ гэдэг нь хүсэл зоригийг үгээр илэрхийлэхийг хэлнэ гэж байгаа юм. Бичгээр хийнэ гэдэг нь “үгээр илэрхийлсэн хүсэл зоригийг баримт бичгийн хэлбэрт оруулахыг хэлнэ” гэж байгаа. Гэтэл бид амаар ярьсан зүйлээ би гэрээнд буулгаад, баримт бичгийн хэлбэрт оруулсан.
Шүүх хамтран ажиллах гэрээ гэж үзээд, гэрээ байгуулсан талууд нэгнээсээ зөвшөөрөл авах ёстой гэж дүгнэсэн нь буруу юм. Анх тухайн төслийг би хэрэгжүүлээд, санаачлаад, эхлүүлчихсэн хүн нь биш. Энэ 3 хүн хэрэгжүүлж эхлээд 12 айлын орон сууц барьчхаад дараагийн барилгаа барьж чадахгүй зогсчихсон байсан төслөө үргэлжлүүлэхийн тулд над дээр ирээд нэг нэгнээсээ зөвшөөрөл аваад гурвуулаа тохиролцсон процесс.
Энэ гэрээний бүх агуулга нь биелчихсэн, агуулгын хувьд хуулийн хэм хэмжээг мөрдсөн хэлцэл юм. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Х.Б 96,000,000 төгрөгийн ашгаа авсан байна гээд дүгнэсэн байна. Үүнийг ашиг гэж үзсэн бол миний хөрөнгө оруулалт хийсэн 100,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь, шүүхээс Иргэний хуулийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ мөн байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Х, Х.Б ,Р.Н нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь хамтран ажиллах гэрээний хэлбэрийг хангасан байна гэж дүгнэсэн атлаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна, бусдын, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хэлцэл гэж 56.1.2, 56.1.8-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь агуулгын зөрүүтэй, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээг хамтран ажиллах гэрээ мөн байна гэж үзсэн бол хөрөнгө оруулалтын гэрээний аль заалт нь зөрчигдсөн талаар дүгнэлт хийх, энэ гэрээ хүчин төгөлдөр эсэхийг эхлээд дүгнэсний дараа энэ гэрээ хамтран ажиллах хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхийг шийдэх ёстой байсан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж дүгнэсэн бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1.1-т А тал нь орон сууц, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барих, нийт санхүүжилтэд 50,000,000 төгрөгийн зээл авч өгөх, мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна, зээлийн хүүг Б тал хариуцан цаг тухай бүр төлж барагдуулна гэсэн заалтыг оруулсан.
Нэхэмжлэгч банкнаас зээл авч, хөрөнгө оруулалтаар оруулж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Мөн бусад хөрөнгүүдийг мөнгөн болон бусад хэлбэрээр оруулсан байдаг. А тал буюу Х.Б, Р.Н нар нь гэрээгээр заасан үүргээ зохих ёсоор 100 хувь биелүүлсэн гэж үзэхээр байгаа юм.
Харин Б тал буюу ашиг хуваарилах зарчим буюу гэрээний 3.2-т заасан барилгын ашгаас 25 хувийг өгөх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбарыг үндэслэж буюу банканд үзүүлэх зорилгоор хийсэн хэлцэл байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхээс Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасан. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд эрх үүрэг бүхий гуравдагч этгээд гэж байгаа юм. Гэрээний талууд бол нэг талаас Х буюу хуулийн этгээд, нөгөө талаас иргэн буюу Х.Б, Р.Н нар оролцсон. Энэ Х ХХК-ийн дүрэм болон гэрчилгээнд Х компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.У гэх ганц л хүн байгаа. Түүнээс зөвшөөрөл өгөх үүрэг бүхий этгээд нь Д.Б, Б.Б нар болохыг нэхэмжлэгч нар мэдэхгүй, тухайн үедээ мэдэх боломжгүй.
Мөн Иргэний хуулийн 478.1-т зөвшөөрлийг авахдаа харилцан зөвшөөрлийг авна гэж байгаа. Энэ нь гэрээний талууд өөр бусад харилцаанд орохдоо харилцан зөвшөөрлийг авах ёстой болохоос яг энэ гэрээг хийхэд энэ 2-оос зөвшөөрөл авна гэсэн агуулга үгүйсгэгдэнэ. Д.Б, Р.Б нар Х компанид ямар ч хамаарал байхгүй. Энэ төслийг хэрэгжүүлсэн субъект нь Х компани тул бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй.
Нөгөө талаас Иргэний хуулийн 53 дугаар зүйлд эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийг 53.1-т “эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийгээд байдаг, аав нь хүртэл ирээд машинаараа төлбөргүй үйлчлээд явж байсан энэ нөхцөлд эрх олгох эрх бүхий этгээд гэж үзэж байгаа гуравдагч этгээдүүд үүнийг дэмжин зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм. Ийм үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан. Х компанийн захирал Л.У болон хамтран ажилласан гуравдагч этгээд Д.Б, Б.Б нар энэ үйлдлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн атлаа ашиг хуваарилах болоход гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Буянбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Х ХХК нь эхний 12 айлын орон сууцаа ашиглалтад оруулсан, 2 дахь 12, 12 нийт 24 айлын орон сууц барих төслөө эхэлсэн байсан цаг үе. Энэ үед буюу 2016 онд банкнууд эдийн засгийн хямралтай холбоотойгоор барилгын зээлийг зогсоосон байсан. Тэгэхэд Х ХХК-д газар нь байсан, туршлага нь байсан боловч барилгыг эхлэх хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болсон. Ингээд Х ХХК өмнөх 12 айлын барилгыг барьсан туршлага дээрээ үндэслээд хөрөнгө оруулагчдыг хайж эхэлсэн. Энэ үед миний үйлчлүүлэгч Х.Бд 30,00,000 төгрөгийн арматур байсан.
Х ХХК-ийн зүгээс Д.Б, Б.Б нарт санал тавьсан. Үүнтэй адилхан Х ХХК нь Х.Бд 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад өгөөч, барилгын ажил дууссаны дараа ашгийг тооцож үзээд 25 хувийг өгнө гэсэн санал тавьсан. Үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах санал гэж үзэх бүрэн боломжтой байсан. Ингээд Х ХХК, Р.Н, Х.Б нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан.
Хөрөнгө оруулалтын гэрээг заавал нотариатаар баталгаажуулахаар хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээний саналыг зөвшөөрөөд, гарын үсгээ зураад тохиролцоогоо хийсэн тул гэрээ байгуулсанд тооцох бүрэн боломжтой байгаа юм.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэдгийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Өөрөөр хэлбэл хэлцлийн үр дүнд ямар нэгэн эрх, үүрэг, ямар нэгэн хариуцлага хүлээх хүсэл зорилго байхгүй байхыг илтгэдэг. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээнд 24 айлын орон сууц, 4 давхар барилгад өөрсдийн зүгээс хөрөнгө оруулалтыг хийх, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулсан. Мөн гэрээний 3 дугаар зүйлд А тал 50,000,000 төгрөгийн зээл авч мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна гэж заасан. Энэ гэрээний үүргээ Х.Б хангалттай биелүүлсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Б 50,000,000 төгрөгийн зээл авч өгөхийн зэрэгцээ бусад байдлаар хөрөнгө оруулаад нийт 86,00,000 төгрөгийг оруулсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Х ХХК хэд хэдэн этгээдэд барилга барих саналаа тавьсан энэ саналыг Х.Б, гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөр ч барилгаа барьсан.
“Тунгалаг бүртгэл аудит” ХХК нь Х ХХК-ийн ашгийг тодорхойлох гэсэн боловч Х ХХК-ийн анхан шатны санхүүгийн тайлан баримт байхгүй учраас ашгийг тодорхойлох, аудит явуулах боломжгүй байсан. Ийм болохоор барилгыг иргэдэд худалдсан нийт гэрээний үнийн дүнг барилга барьсан шинжээчийн үнэлгээгээр тогтоосон үнэлгээ хоёрын зөрүүнээс барилгын ашгийг тогтоогоод ашгаас өөрт ногдох 25 хувийг Х.Б нэхэмжилж байгаа. Гэтэл энэхүү гэрээг байгуулахад Л.У, Х.Б нар гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдээс буюу зөвшөөрөл авбал зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад зөвшөөрөл олгосон тухай, зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдээлсэн талаар ямар ч зүйл байдаггүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэв.
9. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Б, Л.У, Д.Б, Б.Б нар хамтраад 22 айлын орон сууцыг барья, бид 3-ын зүгээс тухайн орон сууцны барилгын ажлыг хийхэд 50, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийе, үлдэгдэл хөрөнгө оруулалтыг Л.Уын зүгээс хийе гэдэг байдлаар тохиролцоод барилгын ажлаа хийлгэхдээ “Ховд Мөнхтүшиг” гэх барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, туслан гүйцэтгэгчээр тухайн компани ажиллаж, барилгыг барьж гүйцэтгэх ажлыг “Ховд Мөнхтүшиг” компани хийсэн байгаа.
Барилга баригдсаны дараа борлуулалтыг хийхэд заавал хуулийн этгээд байх ёстой гэх шаардлага тавигдсан учраас Х компани орж ирж байгаа юм. Хамтран ажиллах гэрээ буюу анхны 50, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа энэ тохиролцоо нь гуравдагч этгээд, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцааны үүссэн байна.
Энэ харилцаа маань амаар тохирсон боловч хамтран ажиллах гэрээний хэв шинж, хэлбэрийг хангасан гэрээ байгуулагдсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд нэг талаас иргэн Р.Н, Х.Б, нөгөө талаас Х компанийн хооронд хийгдсэн, үүнийг хөрөнгө оруулалтын гэрээ гэж Иргэний хуульд нэрлэж заасан гэрээ байхгүй учраас Иргэний хуулийн ерөнхий ангийн 189 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэрлэгдээгүй гэрээ байна гэж үзээд тусгай ангид заасан иргэний эрх зүйн гэрээний харилцаануудаас хамтран ажиллах гэрээний харилцааны хэв шинжийг илүү хангаж байгаа учраас тухайн гэрээний харилцааны зохицуулалт хэрэглэгдэнэ гэж шүүхээс үзсэн байгаа.
Иймд хамтран ажиллах гэрээний зохицуулалтад хамаарах тул хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа зөвшөөрлийг авах ёстой байсан. Зөвшөөрлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гээд Д.Хуягбаатар өмгөөлөгч Иргэний хуулийн 53, 56 дугаар зүйлд заасан хожим нь зөвшөөрсөн гэж үзнэ гэж тайлбарлаад байна. Гэтэл анхан шатны хурал дээр гуравдагч этгээдээр татагдсан , Д.Б нарын зүгээс тайлбар гаргахдаа мөн анх шүүхэд тайлбар гаргахдаа ч Х ХХК болон Р.Н, Х.Б нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, ашгийн 25 хувийг Р.Н, Х.Б нар авахаар, 75 хувийг Х ХХК авахаар тохиролцсон тохиролцоог бид мэдээгүй, шүүх дээр маргаан гараад гуравдагч этгээдээр татагдахдаа мэдсэн гэх тайлбаруудыг удаа дараа гаргадаг.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хэлцэл байна гэж хүчин төгөлдөр бусад тооцсон.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад үзвэл нэхэмжлээд байгаа Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийтдээ 138,269,800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайн барилгын ажлын явцад 37,000,000 төгрөгийг Л.Уын зүгээс Х.Бд буцааж мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн баримт авагдсан. Нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй, 37,000,000 төгрөгөө хасаад 101,269,800 төгрөг гарч байгаа. Эндээс авсан 4 өрөө байрны үнэ буюу 96,000,000 төгрөгийг хасаад энэ хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр 5,269,800 төгрөгийг гаргаж ирээд нэхээд байгаа. Гэтэл 101,000,000 төгрөг бүхлээрээ Х.Бгээс энэ барилгыг барихад хөрөнгө оруулалт болоод орчихсон нөхцөл байдал харагддаггүй. Нэхэмжлэгч тал анхан шатны хурал дээр ч хэлдэг.
Хас банкнаас зээл авч өгсөн 50,000,000 төгрөг нь тусдаа иргэний эрх зүйн харилцаа буюу Х.Б, Хас банк нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлж банканд төлсөн хүү байгаа. Үүнийг өнөөдөр оруулсан хөрөнгө гэж яриад байгаа.
Мөн барилгын ажил хийгдэх явцад нэхэмжлэгч Х.Бгийн аав Ж.Х гэх хүн өөрийнхөө тээврийн хэрэгслийг банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байдаг. Гэхдээ энэ барьцаанд авах үйл процесс нь Ж.Хайсдаваа, банк санхүүгийн байгууллага нарын хооронд байгуулагдсан, бас зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан асуудал байхад үүнийг барилгад оруулсан хөрөнгө гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Эдгээр мөнгийг барилга барихад оруулсан хөрөнгө гэж үзэх боломжгүй. Хөрөнгө оруулсан гэж яриад байгаа 101,000,000 төгрөг дээр 30,000,000 төгрөгийн төмөр авсан гэж нэхээд байна. Энэ нь Х компани, М.ОХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ худалдаж авсан төмрийн үнэ байгаа. Энэ тусдаа 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан бас иргэний эрх зүйн харилцаа. Энэ гэрээний дагуу Х ХХК-аас М.О ХХК-д төлөгдсөн.
Бодит байдлаараа нэхэмжлэгчийн зүгээс оруулсан хөрөнгө нь 50,000,000 төгрөг байгаа. 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд Л.Уаас 37,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авсан баримт хэрэгт авагдсан.
Мөн байр ашиглалтад орсны дараа 96,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан ийм үйл баримт байгаа. Нийтдээ мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 110 хэдэн сая төгрөгийг авчихсан. Өөрөөр хэлбэл Х.Б оруулсан хөрөнгөө аваад цаана нь ашиг гээд дахиад нэг нугалсан хэмжээний хөрөнгийг авчихсан учраас оруулсан хөрөнгөдөө тохирсон ашиг болон оруулсан хөрөнгөө авчихсан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
10. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.ОХХК-аас авсан барилгын төмрийн төлбөрийг Х ХХК-ийн зүгээс төлж барагдуулсан ба энэ харилцах дансны хуулга хэрэгт байгаа.
Нэхэмжлэгч Х.Б зах зээлийн ханшаар тухайн барилга 1 тэрбум 200 сая төгрөгөөр баригдсан байна гэж байна. Энэ бол барилгын өртгийн үнэлгээ. Түүнээс ашиг орлогын үнэлгээ гэж гараагүй. Энэ барилга нь Х.Бгийн 50,000,000 төгрөгөөр баригдаагүй, 1 тэрбум 200 сая төгрөгөөр 150,000,000 төгрөгийг хасаад 1 тэрбум 115 сая төгрөг нь цэвэр Х ХХК-ийн хөрөнгө байгаа. Нэхэмжлэгчид Барилгын тухай хуулиар хэдий хэмжээний өртгөөр барилга баригддаг талаар ойлголт байхгүй тул 50,000,000 төгрөг өгсөн учраас би өндөр хэмжээний ашиг авах ёстой гэж хандаад байна. Гэтэл 4 өрөө 96 м.кв байр авсан, 37,000,000 төгрөгийг бэлэн буюу дансаар авсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг няцаасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.6-д заасны дагуу гаргаагүй, хууль зүйн үндэслэлтэй няцаалтууд хийгээгүй.
Харин тайлбартаа ашиг болох 303,000,000 төгрөгийн 25 хувь 101,000,000 төгрөгийг авах ёстой гэдэг ба нотлох баримтууд дээр үндэслэж ашгийг тооцохоос нэхэмжлэгчийн гаргаж байгаа тоогоор ашгийг гаргахгүй.
Х.Б нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хас банкны салбараас иргэн Б.Гын Ганган хөлөг ХХК-д автомашин барьцаалсан зээлийг оруулж байгаа буруу юм. Иргэн Б.Гтай иргэн Д.Б, Б.Б, Х.Б, Х ХХК-ийн зүгээс ямар нэгэн гэрээ хийгдээгүй.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хэн нэгнийхээ зөвшөөрлийг хуулийн дагуу авах үүрэгтэй. Гэтэл Б.Б, Д.Б, Л.У бид 4 ярилцаад би 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан юм гэж ярьж байгаа атлаа гуравдагч этгээдүүдээс зөвшөөрөл аваагүй тул энэ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл болсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байгаа.
Анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т ашгийг талууд төлсөн хураамжийг хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан ба Х.Б оруулсан хөрөнгийн хэмжээнд ашгаа авсан байгаа харин Л.У байр аваагүй үлдсэн, баригдсан барилгаас өөрөө юу ч аваагүй.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8-т заасныг тус тус шүүхээс зөв тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэв.
11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 хүн хамтарч барилга барья гэсэн яриа болсон. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэдгийг би мэдээгүй байсан. Цагдаад гомдол гарсны дараа мэдсэн. Бид 4 хүн нийлж байгаа болохоор 4 хуваана гээд байх юм. Бид ашгаасаа, хөнгөлөлттэй үнээр нэг байртай болчих юм сан гэх хувь хүний бодол байсан. Х ХХК-ийн захирал Л.У бид гуравт бараг бэлэглэсэн шахуу л байр өгсөн.
Бид нар 50, 50 сая төгрөг хөрөнгө оруулчхаад 1 тэрбум 200- 300 сая төгрөгийн үнээр босож байгаа барилгаас 25 хувийн ашиг авна гэвэл арай л сонин байгаа юм. Х.Б нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулаад, 37 сая төгрөг буцааж авчхаад дахиад 25 хувь нэхээд байгааг нь найзын хувьд ойлгохгүй байна.
Би яг адилхан 50,000,000 төгрөг оруулсан байгаа. Тэгээд энэ барилгыг хурдан шуурхай барихад нь туслаад явж байсан, би өөрөө барилгын инженер учраас байнга талбай дээр зогссон. Л.У, Б.Бтой хамт барилгын материал болон янз бүрийн тоног төхөөрөмж зээлэх, түрээслэхэд нь хамт явж байсан. Ямар процессоор, яаж баригдаж байсан, ямар ашиг олоод байгаа юм, ямар алдагдал хүлээгээд байгаа юм гэдгийг бүгдийг нь мэдсээр байж 50,000,000 төгрөг өгчхөөд 80 м.кв, 96 м.кв байр бид нар авчихсан. 50 хувиасаа ч илүү, бараг 100 хувийн ашигтай. Тэгэхэд дээрээс нь дахиад 25 хувийг бид нар авна гэх юм бол бид нар хүн биш л байна гэсэн л сэтгэгдэл надад төрж байна. Өөр саналгүй гэв.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Бямбацогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Бы хэлж байгаа саналуудтай 100 хувь санал нэг байна. Бид хамтарч ажиллаад мэргэжлийн байгууллагаар тогтоосон 1 тэрбум 200-300 сая төгрөгийн үнэлгээ бүхий барилгын 150,000,000 гаруй төгрөг бүрдүүлсэн атлаа тухайн барилгаас хамгийн том м.кв-тай байруудыг Л.У бид нарт өгсөн.Энэ нь бараг бэлэглэлийн зүйл болсон.
Л.У нь бид нарт тухайн барилгын хамгийн том м.кв-тай байруудыг өгсөн боловч өөрөө нэг байр ч үгүй хоцорсон. Хамгийн гол нь үүнийг бид 3уулаа мэдэж байгаа. Д.Б бид хоёр тус бүр 50 гаруй сая төгрөгийг банк, хувь хүнээс зээлээд хөрөнгө оруулсан. Ард нь үүссэн хүүгийн эрсдэлээ Л.У бүгдийг нь өөрөө даасан. Эргүүлж нэг ч төгрөг аваагүй, харин оронд нь 1 дахин нугалаад буюу 96 м.кв байрыг авсан нь бидний хувьд маш сэтгэл хангалуун байгаа. Нөгөө талд Х.Б 50,000,000 төгрөг өгөөд 30 гаруй сая төгрөгийг буцааж авсан, бас дээрээс нь 96 м.кв байр авчхаад дахин мөнгө нэхэмжлээд байгаа нь ёс зүйгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Х ХХК-ийн захирал Л.Ут холбогдуулан барилга барихад оруулсан нийт 138,269,800 төгрөгөөс Л.Уын буцаан өгсөн 37,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 101,269,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Р.Нийг татан оролцуулж, хариуцагч Х ХХК-ийн захирал Л.Уаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийн дагуу орон сууцны борлуулалтаас олсон ашиг 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 8,123,8500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.У нь нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарт холбогдуулан тэдгээртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Х.Б эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэлээ.
6. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б, Д.Бнарын хүсэлтээр тэдгээрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
7. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагч Л.У нь нэхэмжлэгч Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Д.Б нартай өөрийн эзэмшлийн газар дээр 24 айлын орон сууц барихаар аман хэлцлээр харилцан тохиролцсон,
дээрх зорилгоо хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд зориулж барилгын хөрөнгө оруулалтад нэхэмжлэгч Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, Б.Б нар нь 50-80 сая орчим төгрөгийг тус тус оруулж, бусад хөрөнгийг хариуцагч Л.У гаргасан,
Х.Б, Д.Б, Б.Б нар нь иргэн, хуулийн этгээдээс барилгын материал авахаар харилцан тохиролцох, барилгын материал татах, төрөөс шаардлагатай зөвшөөрөл, дүгнэлт, акт зэрэг бичиг баримтыг гаргуулах, техник хэрэгсэл, хүн хүчээр туслах, Д.Б, Б.Б нар барилгын ажилд өөрсдөө биечлэн оролцох зэрэг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажилласан, хамтын үйл ажиллагаа явуулснаар хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлж, уг барилгыг барьж ашиглалтад оруулсан,
Х.Б нь барилга барихад оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бэлнээр 37,000,000 төгрөг болон 96 м.кв 4 өрөө байр, Б.Б нь 96 м.кв, Д.Б нь 80.м.кв байр тус тус авсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байх ба зохигчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
8. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 476.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж,
мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т: хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, мөн зүйлийн 477.2-т: “хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно”, мөн зүйлийн 477.3-т: “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус хуульчилсан байна.
Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулахаар харилцан үүрэг хүлээсэн байх явдал бөгөөд нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх нь гэрээний гол онцлог байдаг.
Хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Л.У, нэхэмжлэгч Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Д.Б нарын амаар тохиролцсон тохиролцоо, үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар талууд хариуцагч Л.Уын эзэмшлийн газар дээр 24 айлын орон сууц барихаар харилцан тохиролцож, дээрх зорилгоо хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд зориулж барилгын хөрөнгө оруулалтанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажилласан үйл баримт тогтоогдсон ба үүнээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзнэ.
Хамтран ажиллах гэрээний хувьд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээг амаар байгуулж болох тул Х.Б, Л.У, Б.Б, Д.Б нар хамтран ажиллах гэрээг амаар хийсэн, хэн алиных нь хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарын: “2016 оны 5 сараас эхлэн Х ХХК-ийн захирал Л.Утай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт 22 айлын орон сууц барихаар тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Х.Б, Р.Н бид нар Л.Утай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд хамтран барих орон сууцны ашгийн 25 хувийг бид нар, 75 хувийг Л.У авахаар тохиролцсон тул уг гэрээний үүргийн дагуу орон сууцны борлуулалтаас олсон ашиг 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар хийсэн анхан шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т: хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан ба хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т: “гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж хуульчилсан ба энэ нөхцөл нь хамтран ажиллах гэрээний талуудад үйлчилнэ.
Хариуцагч Л.У нь нэхэмжлэгч Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Д.Б нартай хамтын үйл ажиллагаа явуулах гэрээний үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд аливаа хэлцэл хийхэд хамтарч буй этгээдээсээ харилцан зөвшөөрөл авсан байхыг хуулиар шаардана.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Х.Б, Р.Н, хариуцагч Л.У нар нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх хэлцлийг хийхдээ хамтран ажиллах гэрээний нэг тал болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Д.Б нараас харилцан зөвшөөрөл аваагүй байх тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан шаардлагыг зөрчиж хийгдсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Х.Б, Р.Н, хариуцагч Л.У нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн, “Хөрөнгө оруулалтын” гэх нэртэй гэрээ нь хуульд заасан шаардлагыг зөрчиж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.
Талуудын хооронд хийгдсэн гэх “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талуудын хооронд үүрэг үүсэхгүй ба нэхэмжлэгч нар нь хариуцагчаас хэлцлийн улмаас үүсэх үүргийг шаардах эрхгүй байна.
10. Мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт: гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилахаар зохицуулсан.
Хамтран ажиллах гэрээний талуудын хооронд үйл ажиллагаанаас олох ашгийн хувь хэмжээг хуваарилах талаар нарийвчлан тодорхойлсон хэлцэл хийгдээгүй боловч хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашгийг хуваарилан авсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс бусад хамтран оролцогчид маргаагүй байна.
Хариуцагч нь шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлээ: “Х.Б нь уг барилгыг барихад төмөр, цемент зэрэг материалыг нийлүүлэх байдлаар хөрөнгө оруулсан гэж байгаа боловч яг мөнгөн дүнгээр тооцвол, Хас банкнаас авч өгсөн зээл 43 сая төгрөг, сүүлд нэмж өгсөн 5,000,000 төгрөг, жижиг сажиг зүйлд зарцуулсан 3,000,000 төгрөг зэргийг би хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр нь нийт 50,000,000 орчим төгрөг болж байгаа юм. Д.Б, Б.Б нар өөр өөрийн боломжоор тус бүр 50-80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашигт Д.Б80 м.кв байр, Б.Б, Х.Б нар тус бүр 96 м.кв талбай бүхий орон сууц өмчилж авсан. Х.Бд барилгын борлуулалтаас 37,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Д.Б, Б.Б нарт байрнаас өөр юу ч өгөөгүй. Х.Бгийн 50,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаас 37,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 96,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг өгчхөөд байхад хуурамч гэрээгээр далимдуулан 81,000,000 төгрөгийг давхардуулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагчийн энэхүү тайлбарыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд: Анх Л.У, Д.Б бид хамтран барилга барихаар болж, сүүлд Х.Б нэмэгдэж, хамтын хөрөнгө оруулалтаар “Х” ХХК-ийн нэр дээр 22 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан нь үнэн. Ингэхдээ бид нар хоорондоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. Миний тухайд өөрийнхөө болон гэр бүл, ах дүү нараасаа мөнгө зээлдэх, тэдний нэр дээр зээл гаргуулах, барилгын ажилд өөрөө биечлэн ажиллах, барилгын материал нийлүүлэх зэргээр 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 96 мкв байрыг өмчлөлдөө авсан. Магадгүй, барилга илүү ашигтай байсан бол илүү авах байсан байх. Гэхдээ бид бүгдийг тооцож үзээд хамгийн боломжит хувилбараар нь ингэж шийдсэн. Дээр нь нэмж нэг ч төгрөг аваагүй. Харин Х.Б 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад 30 гаруй сая төгрөгийг буцааж авсан, бас дээрээс нь 96 м.кв байр авчхаад дахин мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Х.Б нь бусад хүмүүсийн тухайн байрнаас худалдан авсан гэрээ гэх зүйлүүдийг гаргаж ирж, нэмэгдсэн дүнгээр тооцоолол хийж, өндөр ашгийг тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед байрны борлуулалт муу байсан тул байрны үнийг бууруулан борлуулж байсан” гэх тайлбар,
- мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б: “би уг барилгад 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай бараа, материалыг нийлүүлж, техник хэрэгсэл, ажиллах хүчээр туслах болон барилгын ажилд өөрөө биечлэн хяналт тавих зэргээр оролцсон. Бид хамтдаа барилгын ажил дуустал ажиллаж, дууссаны дараа худалдан авагч нараа алдахгүйн тулд орон сууцны үнийг буулгаж худалдан борлуулсан, бартераар 3 байр өгсөн, мөн мкв-ийн үнийг буулгаж өгсөн. Х.Б нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд 37,000,000 төгрөг болон 96 мкв байр авчхаад дахиад мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна” гэх тайлбаруудыг тус тус гаргасан байна.
Хэрэгт эдгээр тайлбаруудыг няцаасан, үгүйсгэсэн баримт авагдаагүй байх тул хариуцагч Л.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалыг танилцуулж, зохигчдын хүсэлтээр тэдний өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх ба талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564,142 /таван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564,142 /таван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
Н.МӨНХЖАРГАЛ