Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 378

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.Д

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь.

 Нэг.  Нэхэмжлэгч У.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Би төрийн үйлчилгээний албыг алдагдуулахгүй албан үүргээ гүйцэтгээд явж байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Яагаад намайг ажлаас чөлөөлж байгаа юм бэ гэхэд чиний оронд шинээр ирж байгаа хүний тушаалтай танилц гэсэн. Тэгээд тушаалтай нь танилцаж баримталсан заалтуудыг нь харахад Монгол Улсын Засгийн газрын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн заалтыг баримталсан байна. Намайг үүрэг гүйцэтгэгчээр томилоход сонгон шалгаруулалт зарлаагүй ч гэсэн сая шинээр томилсон хүнийг ажилд авахдаа мөн адил сонгон шалгаруулалт зарлаагүй. Тэгсэн мөртлөө Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн мэргэжлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж гэсэн заалтыг баримталсан байсан. Намайг ажиллаж байхад болон ажиллахаа больсноос хойш ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй байж дээрх заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн баримталсан заалтуудыг харахад сайд эрх мэдлийнхээ хүрээнд гэсэн заалт байсан. Сайд эрх мэдэлтэй гэдгээр хүнийг дураараа ажлаас халаад байж болдог юм уу. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан нь үнэн. Сая сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд намайг ажлаас чөлөөлсөн. Шын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд би сургуулиа төгсөөд очсон цагаас хойш тухайн төвд миний хийж үзээгүй ажил гэж байхгүй. Намайг ажлаас чөлөөлөгдөхөд миний өмнө нь хийж байсан Захиргаа, аж ахуйн менежерийн ажлын орон тоо байсан. Гэтэл яагаад намайг ямар нэг ажлын байраар хангаагүй вэ? Улс төр, намаас хамаарч намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ардчилсан намын хүн гэж бодоод байх шиг байсан. Төрийн үйлчилгээний албан хаагч нь нам бус байх ёстой. Өмнө нь эрхэлж байсан ажилд буцаан томилох асуудал яригдаж байтал гэнэт өөр хүн ажилд авсан. Сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан нь үнэн. Сая сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд намайг ажлаас чөлөөлсөн” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Бичгээр гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нь сонгон шалгаруулалт явагдсан эсэх талаар тодорхойлох бүрэн боломжтой субъект. Иргэн У.Дийг анх ажилд томилохдоо Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Салбар зөвлөлийн ажиллах журам, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж томилсон байсан учраас сайд эрх хэмжээнийхээ хүрээнд хууль бус томилгоог өөрчилж, У.Дийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй. У.Д нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдсон бол хууль ёсны эрх, ашиг сонирхол гэдэг зүйл яригдах боломжтой байсан. Төрийн албаны тэгш, шударга сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд томилохгүйгээр У.Дийг шууд тухайн албан тушаалд томилсон нь  хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт хууль бусаар томилогдсон томилгоог сул орон тоо гэж үзэхээр заасан. Үүний цаад агуулга нь тухайн ажил, албан тушаалд ажиллаж байгаа хүний эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн үг. Гуравдагч этгээдээр түр орлон гүйцэтгэгчдийг татдаггүй. Учир нь тухайн хүний эрх, ашиг сонирхол нь зөрчигдөхгүй. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн нэг шаардлага нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд цалинг олгох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.

           Нэхэмжлэгч 2003 оноос С аймгийн  Ш сумын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/57 тоот тушаалаар тус төвийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан байна. 

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “У.Дийг ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр У.Дийг С аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

           Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д “хууль тоогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж чөлөөлнө, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д “төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг батлах” гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

         Хариуцагч тал нэхэмжлэгчийг хууль бусаар томилогдсон гэж, нэхэмжлэгч тал миний оронд  сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон гэж маргадаг.

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4-д “Яам агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн хэрэгжүүлэх үүргийг”, 2.4.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны  зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх”  гэж заажээ. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр тухайн ажил албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан гэдэгт маргадаггүй. 

         Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага  нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршдлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч У.Д нь төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож байна.

         Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн дээрх шаардлагыг хангахгүйгээр тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэж үзсэн хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаас үзэхэд тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий  этгээд нэхэмжлэгчийг хууль бусаар томилогдсон гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлж байгаа бол сул орон тоон дээр, ажиллаж байгаа төрийн албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, зэргээр өрсөлдүүлэн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулж, сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрхтэй байна.

           Иймд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзолыг хангасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж үзэх боломжгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол",  мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.            

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4,  Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасныг баримтлан У.Дийн нэхэмжлэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргаснаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ