Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2021/0556/З |
Дугаар | 001/ХТ2023/0033 |
Огноо | 2023-05-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2023/0033
“Г ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт,
арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2023/0063 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ч.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч “Г ...” ХХК-аас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Б.А, Ц.М нарын 1,805,110,159.95 төгрөгийн нөхөн татвар, 541,533,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,665,240.66 төгрөгийн төлбөр тавьсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн *********** дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар 1,805,110,159.95 төгрөгийн нөхөн татвар, 541,533,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,665,240.66 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас тухайн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2023/0063 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7.2.5, 16.1, 16.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4.1.6, 5.4, 5.4.2, 7.1, 17.2.9, 21.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ...” ХХК-иас Татварын улсын байцаагч Б.А, Ц.М нарт холбогдуулан гаргасан “... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Г ...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
5.1. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна” гэж заасан байжээ. Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 8.2.1 дэх заалтыг шинээр нэмж, “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого” гэж төлбөртэй гэсэн үгийг хассан найруулга хийгдсэн байна.
5.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т орсон өөрчлөлт, шинэ найруулгыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан байхад 2016 оны 08 дугаар сарын үйл баримтад 2020 оны 12 дугаар сард буцаан хэрэглэснийг үндэслэлтэй гэж захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан буцаан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.3. “А л м” ХХК нь компанийхаа үйл ажиллагааг зогсоож уг компанид байгаа эрх үүрэг, хариуцлага, хөрөнгийг нэгдэж байгаа “Г г” ХХК-д шилжүүлэн улмаар тухайн нэгдсэн “Г ...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон үйл ажиллагааг Монгол Улсын компанийн тухай хуулийн компанийг нэгтгэх тухай 20 дугаар зүйлийн заалтыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тайлбарлаж хэрэглэсэнгүй.
5.4. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.-ийн г/-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого гэж заасныг хууль буруу тайлбарлан, нэгдэж байгаа компаниудын толгой компаниуд хооронд хувьцаа солилцох гэрээ байгуулсныг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийдвэр, магадлалд үндэслэлгүй хэрэглэсэн бөгөөд 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “Г ...” ХХК-ийг албан татвар суутган тооцож төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд мөн гэж дүгнэсэн байна.
5.5. Татварын ерөнхий газраас баталсан, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр байсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай журмын” 1 дүгээр хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3 дугаар заалтад тусгагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэх тохиолдолд татвар ногдуулахаар заасан. Энэ журамд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тусгайлан заасан компани нэгдэх, нийлэх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд татвар ногдуулахаар заагаагүй байна. Гэтэл компани нэгдэх, нийлэх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд эрх борлуулсан орлогын татвар ногдохгүй байх татварын орчныг ийнхүү бүрдүүлсэн байхад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргааныг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжийг хэрэглэсэнгүй.
5.6. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл элэгдэл хорогдол тооцох хөрөнгөд хамаарч байгаа бөгөөд НББОУС-16 ба НББОУС-38-д зааснаар “А л м” ХХК нь хайгуулын 7 тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны 5,7 тэрбум төгрөгийн зардлыг элэгдэл хорогдол тооцон 4,7 тэрбум төгрөгөөр үнийг бууруулан хөрөнгөд бүртгэж, өрийг хувьцаанд шилжүүлэн бүртгэж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын тайлан балансдаа тусгасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “А л м” ХХК-ийг “Г г” ХХК-д нэгтгэх замаар 7 тусгай зөвшөөрлийг шилжүүлж, зардлыг хувьцаанд шилжүүлснийг их хэмжээний ашиг олсон мэтээр нягтлан бодох бүртгэлийн нарийвчилсан зохицуулалттай олон улсын болон Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэглээгүй.
5.7. “А л м” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааны зардал нь толгой компанид өгөх өр учир өрийг хөрөнгөд бүртгэж, өрийг хувьцаанд шилжүүлсэн – санхүү нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагаа нь бодит олсон орлого биш гэдгийг анхан шатны шүүхийн томилсон шинжээч тодорхой тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны нэхэмжлэгч талыг үлэмж хэмжээний алдагдлаа хөрөнгө болгож, улмаар хувьцаа авч ашиг олсон гэж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх тухай хуулийн заалтад нийцээгүй.
Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:
5.8. Татварын нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт мөн тул хууль ёсны хүчин төгөлдөр байх шаардлагад эрх зүйн зөрчилгүй байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт “... хяналт шалгалтын баримтад нотлох баримт аваагүй, ... үйл баримтыг тодруулахтай холбоотой ажиллагааг хариуцагчаас авч хэрэгжүүлээгүй, ... бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан шалгаагүй, ... хууль хэрэглээний алдаа гаргасан гэж” татварын улсын байцаагчдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай нөхөн ногдуулалтын актын эрх зүйн зөрчилтэй болох тухай дүгнэлт хийсэн.
5.9. Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн хууль бус захиргааны акт гэж эрх зөрчилтэй актыг ойлгоно гэсэн заалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй шийдвэрлэж, татварын улсын байцаагчдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
5.10. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг дахин нягтлан шалгаж шинэ акт гаргах 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэснийг хуульд нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүх манай гомдлыг хүлээн авсан гэж бидний зүгээс үзэж давж заалдах гомдлын үндсэн шаардлага хангагдсанд тооцож байна.
5.11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянав” гэсэн атлаа гомдлын хүрээнээс давж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Тухайлбал, хариуцагч татварын байцаагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад хэргийг бүхэлд нь хянасан, давж заалдах гомдол гаргаагүй асуудлаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь давж заалдах шатны шүүх хуулиар олгогдоогүй эрх хэмжээ хэтрүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Шийдвэр, магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:
5.12. Шүүхийн шийдвэрийн тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх бөгөөд тогтоолын 3.3-д “... шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй болно” гэж тайлбарласан байна. “Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоосон гэж үзэх, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн” гэжээ.
5.13. Анхан болон давж заалдах шатны шүүх татварын хяналт шалгалт бодит нөхцөл байдалд нийцээгүй, татварын улсын байцаагч нар томилолт байхгүй, удирдамжгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, нөхөн ногдуулалтын актад хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргасан, актын 1 ба 2 дахь зөрчилд дурдсан асуудлаар шалгаагүй, нотлох баримт аваагүй, зөрчлийн 3-т дурдсан асуудлын нөхөн татвар ногдуулан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолын дээр дурдсан тогтоолын тайлбарт зааснаар “шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлага зөрчсөн” гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй боловч актыг түдгэлзүүлсэн атал давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаж актыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөрүүтэй бөгөөд ойлгомжгүй байна.
5.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.
5.15. Гэтэл нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай “Г ...” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын лицензийн хугацаа дууссан, төрд 2018-2020 онд эргүүлэн өгсөн байхад хайгуулын 7 ширхэг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан үеийн 2016 оны нөхцөл байдалд их хэмжээний орлого олсон гэх татварын албаны 2016 оноос хойш хяналт шалгалтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
5.16. Шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол – Канад улс хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай хоёр талын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар нь тус гэрээний 6 дугаар зүйлийн дагуу шударга бөгөөд эрх тэгш байдлаар хөрөнгө оруулагчдад хандах, 10 дугаар зүйлд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг шууд буюу шууд бусаар хураахад хүргэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх олон улсын гэрээг зөрчсөн шийдвэр боллоо.
5.17. Иймд Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо нэмэлт тайлбар гаргаж, залруулга хийжээ.
6.1. Хяналтын журмаар гаргасан гомдлын дөрөв дэх хэсэгт: Шийдвэр, магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх тухайд “Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх ...” гэсэн тул тухайн хэсэгт залруулга бүхий нэмэлт тайлбар гаргаж байна.
6.2. Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал батлах тухай Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор дээр дурдсан 2006 оны 21 дүгээр тогтоол хүчингүй болсон байх боловч энэ тухай мэдээлэл Эрх зүйн нэгдсэн мэдээлэлд (legalinfo.mn) тусгагдаагүй байна.
6.3. Улсын дээд шүүхийн 2021 оны 29 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтын 3.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2023/0063 дугаар магадлалын эхлэл хэсэг буюу хяналтын хүрээг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянасан” гэсэн байна.
6.4. Гэтэл Улсын дээд шүүхийн 29 дүгээр тогтоолын 3.3-т “... гомдлын хүрээнд хянасан бол давж заалдах гомдлын үндэслэл бүрд (хэргийн үйл баримт болон хууль хэрэглээтэй холбоотой) хариу өгөх байдлаар гомдол үндэслэлтэй эсэхийг дүгнэнэ” гэж заасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөрчсөн байх бөгөөд манай давж заалдах гомдлын үндэслэл бүрд хариу өгөх байдлаар магадлалд заагаагүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
8. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “А л м” ХХК-ийн Сингапур Улсад бүртгэлтэй толгой компани “Э п э” компанийг эзэмшдэг “Эйч Пи Ви” компани болон “Г г” ХХК-ийн толгой компани “К к л” компаниудын хооронд хувьцаа солилцох гэрээ байгуулсан. Уг гэрээнд Монгол Улсын хуулийн этгээд “А л м” ХХК-ийг “Г г” ХХК-тай нэгтгэх талаар тусгагджээ.
9. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “А л м” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг “Г г” ХХК-д шилжүүлэн нэгтгэхээр “А л м” ХХК-ийг нэгтгэх тухай гэрээг байгуулжээ.
10. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “А л м” ХХК-ийг нэгтгэснийг бүртгэж, “Г ...” ХХК-д гэрчилгээ олгосон байна.
11. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслэн “А л м” ХХК-ийн эзэмшлийн 7 тусгай зөвшөөрлийг “Г ...” ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.
12. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын 3 дахь хэсэгт “А л м” ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг 5,781,890,085.00 төгрөгийн дансны үнэ бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2016 онд “А л м” ХХК-ийг “Г г” ХХК-тай нэгтгэх замаар “Г ...” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4, 5.4.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөрчсөн гэжээ.
13. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна” гэж заасан байжээ.
14. “А л м” ХХК-ийн эзэмшлийн 7 тусгай зөвшөөрлийг Г ...” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг тооцоолсон дүн үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
15. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжиж буй энэ тохиолдолд албан татвар ногдуулахдаа тусгай зөвшөөрлийн үнэлгээг хэрхэн тооцох талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөөгүй байх тул уг тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр хийгдсэн хайгуулын ажлын зардлын дүнг эрх борлуулсны орлого гэж тооцсон нь үндэслэлтэй эсэхийг хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна.
16. Түүнчлэн, “А л м” ХХК-ийг “Г г” ХХК-тай нэгтгэх шийдвэр нь тэдгээрийн толгой компаниудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Хувьцаа солилцох гэрээ”-ний зөвхөн нэг зүйл болсон байх бөгөөд уг гэрээнд тусгагдсан хувьцаа болон баталгааг “А л м” ХХК-ийн хөрөнгийн зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөлд дүйцэх орлого гэж үзсэн эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.
17. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” ойлгохоор заасан бөгөөд энэ тохиолдолд “А л м” ХХК-ийг “Г г” ХХК-тай нэгтгэсний үр дүнд бий болсон “Г ...” ХХК суутгагч гэх ойлголтод хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
18. Анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн эрх борлуулсан гэж үзэх эсэх талаар дүгнэж, орлогын хэмжээг хайгуулын ажлын зардлаар тооцсон талаар болон орлого олсон этгээдийн талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
19. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0748 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2023/0063 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ