Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 94

 

Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Б.Э-д холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, 10 дугаар хэсэг, 2-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Б-ын Э.

Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 00-00 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Эрдэнэс плаза” төвийн урд  талын авто замын явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-аас 3,785,036 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын “Т” ХХК-д холбогдох болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн  заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 12 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:   

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Б.Эг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил  6  сарын хугацаагаар хассугай.”,

“З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 3,785,050 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж,

Б.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томъёог өөр өөрөөр тайлбарласан. эсвэл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгохоор Улсын дээд шүүхийн шийдвэрт тусгасан байдаг.

Анхан шатны шүүх Б.Э 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдаг нь хууль зүйн үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байхаар хуульчилсан байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тогтоосон хувь хэмжээгээр хохирлын мөнгийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн  хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хохирогчид хийлгэсэн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг дан ганцаар харгалзан үзэж болохгүй юм. Харин учирсан хохирлыг өөр зүйлээр орлуулж болох биет байдлаар солиход хохирол арилах боломжтой, хүний эрүүл мэндтэй холбоогүй эд материалын зүйлийг шүүгдэгч нөхөн төлсөн бол хохирогчид учирсан хохирол арилсан гэх давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болох байсан юм. Эрүүгийн _____ дугаартай хэргийн хувьд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлт хийсэн бол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох байсан.

Учир нь тус гэмт хэргийн улмаас нийт 23,802,343 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байдаг ба анхан шатны шүүх хохирлын заримыг хангасан ба энэ нь хохирогчийн хохирол нэхэмжлэх эрх дууссан, цаашид дахин ямар нэгэн хохирол нэхэмжлэх эрхгүй гэсэн хууль зүйн ойлголт биш ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн процесс дуусаагүй мөн иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэх эрх хохирогчид хадгалагдаж байгаа болно.

Тус хэргийн хувьд хохирогчийн тархинд хүнд гэмтэл учирсны улмаас хохирогч ойгүүтсэн, ой санамжаа алдсан, баруун зүүн тархи бяцарсан, хоёр тархи бүхэлдээ хатангиршсан, мэдрэлийн гаралтай улаан хоолойн саажилт явагдсаны улмаас ярих чадваргүй болсон. Хүнтэй харилцах нь битгий хэл танин мэдэхүйн чадваргүй болж хүний амьдралын нэгэнт хэвшсэн ойлгомжтой зүйлүүдийг ялгах, ойлгох хэмжээний чадваргүй болчхоод байна.

Эмчлэгч эмчийн зүгээс хохирогч миний аавыг ямар ч эмчилгээ хийлгэсэн өмнөх шигээ хэвийн эрүүл мэнд сэргэхгүй гэсэн дүгнэлтийг гаргадаг ба энэ талаар дүгнэсэн эмчилгээний картыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Мөн хохирогч аав минь осолд орох үедээ 54 настай, Дархан-Уул аймгийн 1 дүгээр сургуульд дүрслэх урлагийн багшаар ажилладаг байсан хөдөлмөрийн чадвартай жирийн хөдөлмөрчин хувийн байдалтай байсан хүн билээ.

Тус эрүүгийн хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг хохирол арилах боломжгүй, дээр дурдсан олон тооны, хавсарсан гэмтэл авчихсан байхад зөвхөн эмчилгээнд гарсан зарим зардлыг барагдуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хуулийг хэрэглэж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгззр тэнссэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсны улмаас буюу хохирогчид учирсан олон тооны хавсарсан хүнд гэмтлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хэзээ ч арилахгүй, арилах боломжгүй нөхцөл байдлыг зөв дүгнэж үнэлээгүйн улмаас давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэх, хоёр шатны шүүхийн шийдвэр хоорондоо зөрөлдөх нөхцөл байдал үүссэн байна.

Иймээс хяналтын шатны шүүхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний гомдлыг хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж хохирогчид учирсан хохирол болох нийт 17,167,307 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т заасныг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Э 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Э-г 1 жилийн хугацаагаар тэнсэж..." гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д "... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно" гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээс “Ослын улмаас хохирогч Х.Б-ны биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, эрүүл мэндийн хувьд хүнд, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна” гэж гэмт хэргийг улмаас учирсан хор уршиг арилаагүй талаар бодитой дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийн талаар " ... хоол хүнс авсан гэх баримтууд, гэмт хэрэг гарахаас өмнө авсан хохирогчийн зээлийн үлдэгдэл зэргийг гэм хор учирсантай шууд холбоогүй, энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн

Шүүгдэгч Б.Э-ийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоон дээр маргадаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг доорх байдлаар нэхэмжилдэг.

-Эм, тариа, эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд 11,165,709 төгрөг,

-Хохирогчийг асарч сувилах, зайлшгүй шаардлагагай хоол хүнс, барааны нийт зардал болох 1,558,917 төгрөг,

-Унаа, такси /машин үйлчилгээ/ болох 389,900 төгрөг,

-Цалингийн зээлийн үлдэгдэл 9,670,384 төгрөг, нийт 23,802,343 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгчийн зүгээс зөвхөн эмчилгээ, эм тариатай холбоотой баримтуудыг зөвшөөрдөг. Хохирогчийн төлөөлөгчөөс гаргасан эм, тариа эмчилгээний зардал нийтдээ 11,165,709 төгрөгөөс 4,922.303 төгрөгийн баримтууд нь эм, тариа, эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал гэж анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч зөвшөөрөхгүй маргаж байгаа гэх үндэслэлээр 6,243,406 төгрөгийн эмчилгээ сувилгаатай холбоотой зардлуудыг хасаж тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зайлшгүй зардал, нэмэгдэл хоолны зардал болох 1,558,917 төгрөг нэхэмжилснийг шүүх уг баримтууд нь гэм хор учирсантай шууд холбоотой бус гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хохирогчид уг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардлыг нэхэмжилсэн.

Жишээ нь: Жимс-хохирогч идэж уусан зүйлээ эргүүлж гаргадаг байсан учир шим тэжээлийн дутагдалд орж байсан учир амин дэм, шим тэжээлтэй жимс авч байсан,

Ор хөнжлийн даавуу - хохирогч хоолоо идэж чадахгүй асгаж цутгадаг байсны улмаас ор хөнжлийн даавуу болон өмссөн цамц фудволк, дэвсгэр даавууг байнга солих шаардлага үүссэн ба энэ нь хохирогчийг асарч сувилахад зайлшгүй гарсан зардал юм.

Асаадаг лаа- хохирогч тархины хүнд гэмтлийн улмаас хурц гэрэлд унтаж чадахгүй байсан ба ойр ойр сэрдэг байсан учир цахилгаан гэрлийг орлуулж лааны бүдэг гэрэл асааж байсан.

Самбар - өвчтөн ярьж чадахгүй байсан учир самбар дээр бичиж ойлголцох гэж авсан гэх мэтчилэн хохирогчийг асарч сувилахад зайлшгүй гарсан зардлыг нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн байхад гэм хор учирсантай шууд холбоотой бус гэж үндэслэлгүйгээр тус баримтуудыг хасаж тооцсон.

Мөн унаа, такси /машин үйлчилгээ/-ны зардал болох 389,900 төгрөгийг анхан шатны шүүх “хэн нэгэн рүү мөнгө шилжүүлсний гүйлгээний утгыг такси гэж бичсэнээр дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой гэж тооцох боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд түүний гэр бүлийн гишүүд асарч сувилах шаардлага үүсдэг. Хохирогчийн зүгээс зайлшгүй гарах унаа, түлшний зардлыг нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд түлшний баримтыг нотлох баримтаар гарган өгч нэхэмжилдэг. Гэвч энэхүү хэргийн хохирогчийн ар гэрийн зүгээс хувийн унаа тэрэггүйн улмаас такси хөлсөлж хохирогчид хоол хүнс зөөх, шаардлагатай эд зүйлс, эм тариа хүргэх гэх мэтчилэн хохирогчийг асарч сувилах зорилгоор гэр бүлийн гишүүд өдөрт удаа дараа нааш, цааш явах шаардлага үүссэн талаар тодорхой тайлбарладаг Такси, машины үйлчилгээний зардлыг мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар нотлохоос өөр боломжгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т "Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана." гэж заасны дагуу энэхүү гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтуудыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээгүй.

Хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хас банкнаас 21,300,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлээ ажил хөдөлмөр эрхэлж зээлийн төлөлтөө хийдэг байсан боловч энэхүү гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад гэр бүлээ тэжээн тэтгэх, зээлийн эргэн төлөлтөө төлөх боломжгүй байдалд хүрсэн. Хохирогч эрүүл байсан бол зээлийн төлөлтөө төлөөд явах бүрэн боломжтой байсан боловч гэмтлийн улмаас цаашид зээлийн төлөлтөө төлөх боломжгүй байдалтай болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. Гэтэл шүүх “гэмт хэрэг гарахаас өмнө авч ашигласан, энэ хэрэгт хамааралгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 23,802,343 төгрөгөөс зарим нэг баримтгүй зардал болон шүүгдэгчийн төлсөн мөнгийг хасаж, эцсийн байдлаар 20,952,343 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс анхан шатны шүүх 3,785,036 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул үлдэгдэл 17,167,307 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хортой холбоотой зайлшгүй зардлыг хангуулах хүсэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хангагдаагүй үлдсэн 17,167,307 төгрөгийг хангаж  шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Гомдол гаргасан үндэслэлээ дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт хохирогчийн одоо байгаа нөхцөлийг харгалзаж огт үзээгүй. Одоо байгаа нөхцөлийг гомдол дээрээ дурдсан байгаа хохирогч энгийн наад захын танин мэдэхүйн чадамжаа алдчихсан, хүн ямарваа нэгэн зүйл хэллээ гэхэд түүнийг ойлгох чадваргүй болсон. Багш мэргэжилтэй, өмнө нь хүүхдүүдэд эрдэм, ном заадаг багш хүн байсан. Өнөөдөр үсэг хараад тэр ямар зориулалттай гэх мэт наад захын жижиг зүйлийг ч ойлгох чадваргүй болчихсон нөхцөл байдал нь өөрөө энэ ослын гэм хор, хор уршиг арилаагүй,  цаашдаа ч бүрэн арилах эсэх нь тодорхойгүй байгаа байдлыг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй. Иймд одоогийн байдлаар шүүгдэгч болон хохирогчийн байр суурь солигдчихсон шүүхийн шийдвэр гарч байгаад маш их гомдолтой байна. Хохирогчийн биеийн байдал цаашдын ирээдүй, гэр бүлд үүсэж байгаа хор уршгийг харгалзаж үзэхгүйгээр зөвхөн нэг талыг барьж шүүгдэгчийн хорих ялыг тэнссэн магадлал гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрсэн, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар заасан байна. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт өөрийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч байх талаар заажээ. Тэгэхээр хэргийн хувьд бол “Т” ХХК-ийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон магадлалд шүүх хуралдаанд оролцоогүй оролцогчид, хэргийн зүйл ангийн талаар буруу бичиж алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагаа, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна.

Мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгах зүйлийг жагсаан заасан ба шүүх хуралдаанд оролцсон “...талууд, оролцогч”-ийг нэрлэн заах талаар энэ зүйл, хэсгийн 1.3-т хуульчлан зохицуулагдсан бөгөөд үүнийг зөрчсөн нь дээрх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заажээ.

Б.Э холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл (захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл гарчигтай, хэргийн 2 дахь хавтас, 41-46 дахь тал) болон 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалын (хэргийн 2 дахь хавтас, 47-55 дахь тал) удиртгал хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал уг хуралдаанд биечлэн эсхүл цахим хэлбэрээр оролцсон талаар огт дурдаагүй мөртлөө хуралдаан завсарлахаас өмнө түүний саналыг сонссон мэтээр тэмдэглэл (хэргийн 2 дахь хавтас, 45 дахь тал) болон магадлалын тодорхойлох хэсэгт (хэргийн 2 дахь хавтас, 51 дэх тал) тус тус тусгасан уг боловч өмгөөлөгч шүүх хуралдаанд огт оролцоогүй гэдгээ хяналтын шатны шүүх хуралдааны явцад мэдэгдсэнээр давж заалдах журмаар хэрэг хянан  хэлэлцэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон эрх бол императив шинжтэй хэм хэмжээг заавар хэрэглэх нь шүүхийн үүрэг бөгөөд үүнийг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдог ба энэхүү нөхцөл байдал нь мөн л шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтооно” гэсэн заавал биелэгдэх шинжтэй, үүрэг болгосон хэм хэмжээг хуульчилсан бөгөөд энэ нь мөн зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасантай харилцан хамааралтай, бие биенээ нөхцөлдүүлсэн заалт болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэсэн тохиолдолд түүнд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг заавал хэрэглэнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Э хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүнд хуульд заасан ямар ч үүрэг хүлээлгээгүй, хязгаарлалт тогтоогоогүй байна.

Иймд энэхүү тогтоолд дурдсан хоёр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож, Б.Э холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН