Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 400

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-11-54 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ64032361 регистрийн дугаартай, Номгон хайрхан овогт Лувсандоржийн Бадмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Бадмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1964 онд Баянхонгор аймагт төрсөн. 52 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон учир 1984 оны 3 сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 11-р сар хүртэл Баянхонгор аймгийн НААҮ-ний газрын харъяа 2-р халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Бадмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1983-1984 онд Баянхонгор аймгийн Номгон зочид буудалд үйлчлэгч, 1985-1988 онд НААҮ-ний 2 дугаар халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар Л.Бадмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаал, 1983 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр тушаал, 1987, 1988 оны баярын бичгийн бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрч Д.Батсайханы мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Л.Бадмаа нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 05-ныг дуустал Баянхонгор аймгийн “Номгон” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байснаа тогтоолгохоор ихэсгэсэн байна.

Л.Бадмаа нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн “Номгон” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь “ажилд авах тухай” Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр тушаал, “ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаал зэргээр

1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа 2-р халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1988 оны ажлын амжилтаа дүгнүүлж шагнагдсан 1988 оны баярын бичиг, гэрч Д.Батсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрхи хугацаагаар ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Харин 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.Батсайханы “...Л.Бадмаа нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ажилласан...” гэх мэдүүлэгийг давхар нотлох бичмэл нотлох баримтгүй байх тул 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан 1987 оны гэх баярын бичигт он, болон Л.Бадмаа гэх нэр бүхэлдээ засвартай байх тул нотлох баримтад авч үнэлэх боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номгон хайрхан овогт Лувсандоржийн Бадмаагийн 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн “Номгон” зочид буудалд үйлчлэгчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа 2 дугаар халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Л.Бадмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ