| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2023/00042/и |
| Дугаар | 224/МА2024/00016 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 224/МА2024/00016
Г.Лгийн нэхэмжлэлтэй,
У аймаг дахь Д.Ц
нисэх буудалд холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00018 дугаар шийдвэртэй,
Г.Лгийн нэхэмжлэлтэй, У аймаг дахь Д.Ц нисэх буудалд холбогдох, Нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: У аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах .
2. Нэхэмжлэгч Г.Лгийн шаардлагын үндэслэл: Миний бие У аймаг дахь Д.Ц нисэх буудалд шувууны хяналтын ажилтан, сахиулаар 13 жил ажилласан. Тус байгууллагын дарга Л.Э нь намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж дарамталсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн хүсэлтээ үндэслэн намайг У аймаг дахь Д.Ц нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр У аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын дарга Л.Э нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар намайг Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар тухайн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг үндэслэн дахин ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.
Иймд Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн надад нэг сард дунджаар 1,574,216 төгрөгийн цалин боддог. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр сард дунджаар 1,232,611 төгрөгийн цалин авдаг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Н.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Увс аймаг дахь Д.Ц нисэх буудалд холбогдуулан, нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилсөн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргаж байна. Гэвч шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалдаагүй гэж үзэх учраас шинээр ажилд авч байгаа мэт дахин танилцуулах шаардлагагүй. Мөн түүнчлэн ажилтан анх өөрийн хүсэл зоригийн дагуу буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1-д заасан үндсэн эрхийнхээ дагуу ажил олгогчид өргөдлөө өгсөн. Ажилтны өргөдлийг ажил олгогч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол ажилтан нь 30 хоногийн дотор ажлын байраа орхиж явах эрхтэй. Тухайн үед нэхэмжлэгч нь 30 хоног өнгөрсөн боловч ажлаа хийсээр байсан учраас ажлын зайлшгүй шаардлагын үүднээс ажил олгогчийн зүгээс үргэлжлүүлэн ажиллуулах тухай нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсон. Талууд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны үеэр дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Анхан шатны шүүхийн 513 дугаар шийдвэрээр тушаал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг үндэслэсэн боловч хүсэлт өгснөөс 68 хоногийн дараа шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Ажил олгогч ажлын байрны дарамт үзүүлж хүсэлт бичүүлсэн гэдэг ба энэ нь ямар ч баримтаар тогтоогддоггүй. Хэдийгээр 513 дугаартай шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосон боловч Г.Лгийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Яагаад гэвэл, Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлэх дуусгавар болгох тухай агуулгатай хүсэлтээ гаргачхаад хаяж болохгүй. Өргөдлөөсөө татгалзсан үйл баримт одоо хүртэл байхгүй, өөрөө тайлбар дээрээ хүсэлтийн тухай огт ярьдаггүй.
Өөрөө өргөдлөөсөө татгалзаагүй байж, ямар үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Ажил олгогчийн зүгээс өмнө нь ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь томилж, өмнө гаргасан алдаагаа засварлаад нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг дахин шийдвэрлэсэн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул Иргэний хуулийн 115.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагын талаар шүүхэд гаргах санал, тайлбар, хүсэлтгүй гэв.
6. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00018 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан У аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Лг өмнө эрхэлж байсан У аймаг дахь Д.Ц нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус заасны дагуу маргаан бүхий Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид “ИНЕГ” гэв/-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс /цаашид “ХЭМТК”/-т хандсан. Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр нэгэнт ИНЕГ-ын ХЭМТК-т хандсан тул тус комисс гомдлыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй буюу харилцан тохиролцоогүй үндэслэлээр тэмдэглэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу тэмдэглэл буюу шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Ийнхүү мөн хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдлыг 158.1.1-д зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримталсан атлаа тухайн зохицуулалтыг нэхэмжлэл, түүний шаардлагын хүрээнд хэрхэн үнэлж, хэрэглэсэн талаар үндэслэл бүхий тайлбарлаж шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Дээрх тэмдэглэл хүчин төгөлдөр тул нэхэмжлэл, түүний шаардлагыг тодруулахгүйгээр хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч буюу ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүргээ зөрчсөн шинжтэй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.
Ажил олгогч буюу хариуцагч Г.Лтэй Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэнчлэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Г.Лтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь түүнтэй харилцан тохиролцсон гол ба бусад нөхцөлийн дагуу сэргээгдсэн тул түүнтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэргээн үүсгэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3 дахь хэсэгт тус тус заасныг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичмэл нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгсөн байна.
Ийнхүү дүгнэхдээ анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд 68 хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаарх тайлбарыг үнэлсэнгүй. Нэхэмжлэгч талын ажлаас чөлөөлөгдөх тухай түүний хүсэлтийг хүлээн авсан ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан хугацааг өнгөрөөж шийдвэрлэх болсон талаар, үргэлжлүүлэн тодорхой хугацаанд ажиллуулаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсноо “утсаар” мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч /шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг тус шүүхээс СD-нд буулгаж өгснийг хавсаргав/, энэ талаар маргаагүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг илтэд үндэслэлгүйгээр буруутгаж, ажил олгогчийн шийдвэр гаргах эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ илтэд үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх юунд дүгнэлт өгсөн бэ гэхээр хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлэгдсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад түүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж хүлээж авсан мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримталж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэсэн тэмдэглэлийг эс зөвшөөрсөн утга нэхэмжлэл, түүний шаардлагын хүрээнд байхгүй байхад шүүх эс зөвшөөрсөн мэтээр хүлээж авч шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзээд анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Түүнчлэн энэ хэрэг өмнө нь 2 ч удаа шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны хувьд маргадаггүй нэг асуудал байдаг нь 68 хоногийн дараа цуцалсан асуудал дээр зохигч нар ерөөсөө маргадаггүй. Нэхэмжлэгч тал маань шүүх хуралдаанд утсаар надад мэдэгдсэн гэж тайлбарладаг. Юуг утсаар мэдэгдсэн бэ? гэвэл таны өргөдлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шувуу хяналтын ажилтан гэдэг бол буутай харьцдаг шувуу үргээдэг. Тухайн үед орон нутгийн нислэг идэвхтэй үйлдэгддэг тогтмол нислэгүүдтэй, одоо ч тогтмол нислэг үйлдэж байгаа энэ цаг үед шувуу үргээгчийн ажил бол маш чухал ажлын байр байдаг. Тухайн нисэх буудлын галт зэвсэгтэй шууд харьцдаг нэг л ажилтан. Тэр ажилтны тухайд хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцлах өргөдлөө өгөхөд нь ажил олгогч шийдвэр гаргахдаа хойш нь хугацаа сунгаж, та ажлын байрандаа үргэлжлүүлээд хэсэг хугацаанд ажиллаач ээ гэж утсаар мэдэгдээд, түүнийг нэхэмжлэгч буюу ажилтан Г.Л хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ажил олгогч 68 хоногийн дараа шийдвэр гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрвээ ажилтан өргөдлөө өгөөд 30 хоногийн дотор та шийдэж чадаагүй бол ажил олгогч та шийдэх үүрэгтэй байна гэж буруутгасан. Энэ үүргээ биелүүлээгүй, ажилтан чинь ажиллаад байгаа нь нэг талаасаа тухайн өргөдлөө хүчингүй болго гэж дүгнээд байгаа юм уу, эсвэл өргөдлөөсөө татгалзсантай адилтгаж үзээд байгаа юм уу, дүйцүүлж тооцоод байгаа юм уу тэр утгаар тайлбарлаж дүгнэж шийдвэр гаргасныг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн, сэргээгдээгүй эсэх дээр мөн адил шүүхийг үл хүндэтгэсэн, удаа дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасаар байхад гэдэг шалтгаанаар хүсэл зоригийн илэрхийлэл буюу ажилтны өргөдлийг хүчингүй мэтээр дүгнээд байгаа. Нэхэмжлэгч өргөдлөөсөө амаар болон бичгээр татгалзаж байгаагүй. Ажилтны хувьд өөрийнхөө цалин хөлс авдаг, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг ажил үүргээсээ хэн нэгний шахалт шаарддагаар бус өөрийнхөө хүсэл зоригоор цалин хөлсөө зогсооё, нийгмийн даатгал төлүүлэх харилцаа маань байхгүй боллоо, ажил үүргээ гүйцэтгэхгүй гээд өгсөн тэр хүсэл зоригийг ажил олгогч яагаад хүчингүй гэж үзэх боломжгүй.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэдэг нь ажил олгогчийн хувьд 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь өөрөө сэргээгдсэн гэж үзсэн учраас 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн хэлбэрийн төдий биелүүлсэн, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдөөгүй, нэмэлт нөхцөлүүд ч өөрчлөгдөөгүй. Тухайн хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан өөрөө өмнө нь ажил үүргээ гүйцэтгэдэг байсан учраас тухайлан дахин танилцуулах шаардлагагүй. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн учраас 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гаргасан.
Шийдвэр гаргахдаа хүсэл зоригийн илэрхийллээсээ татгалзаагүй, амаар болон бичгээр татгалзаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл нь хэвээрээ байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Анхан шатны шүүх бас нэг ноцтой алдаа гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нөлөөллийн мэдүүлгийг баримтжуулж, зохигч нараас авч хавтаст хэрэгт хавсаргах ёстой шүү дээ. Гэтэл тэр үйл баримтыг хариуцагчийг давж заалдах гомдол гаргах үед нөлөөллийн мэдүүлэг, нөлөөллийн баримт дээр та гарын үсэг зураад явуулаач буюу зуруулахдаа 01 дүгээр сарын 10-ны өдрөөр нөхөн зуруулах байдлаар хандсан. Үүнд хариуцагч их гомдолтой байгаа. Тухайн баримтыг шүүх хуралдааны хойно зуруулж байгаа үйл баримтыг бид нөлөөлсөн, нөлөөлөлд автсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй, хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлтэй огт маргаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс гаргасан тушаалыг ажилтан эс зөвшөөрөөд үүнийг урьдчилан шийдвэрлүүлэх үүднээс тухайн байгууллагынхаа Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комиссоос тухайн тушаал нь ажилтны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна гэж үзвэл тухайн тушаалыг хүчингүй болгож ажилтныг томилох эсвэл хэвээр нь үлдээж байгаа. Ажилтан болон ажил олгогч нь харилцан тохиролцоогүй зүйл байна. Тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хэвээр байгаа учраас энэ тушаалыг хүчингүй болгуулъя гэдэг үүднээс нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө өргөдлөөс татгалзсан эсэхэд одоо болтол дүгнэлт хийхгүй байна гээд байна. Нэхэмжлэл гаргаад яваад байгаа, би одоо ажилдаа ормоор байна, намайг шахаж байгаад өргөдөл бичүүлээд авчихсан. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Д.Ц нисэх буудлын удирдлага 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/24 тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон нь хэлбэрийн төдий гэх дүгнэлтийг анхан шатны шүүх өгсөн нь хуулийн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж байна шүү гээд ажилтныг томилсон боловч зөрүүлээд өөрийн чинь хүсэлтийн дагуу чөлөөлж байна гээд 25 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа.
Тухайн үед ажилтанд ажил үүргийг танилцуулж тайлбарлаж, хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн хуульд заасны дагуу үүсэх байтал үүнийг зөрчсөн.
Ажилтныг 68 хоногийн дараа ажлаас нь чөлөөлөхдөө тухайн ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл чинь хэвээр байгаа юу гэдгийг тодруулах ёстой байсан. Тодруулаагүй шууд ажлаас нь чөлөөлж байгаа.
Нөлөөллийн мэдүүлгийг нөхөн зуруулсан нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх болон шүүх бүрэлдэхүүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм бол хууль зөрчсөн үйлдэл учраас нэхэмжлэгчийн зүгээс болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс шүүхэд нөлөөлсөн зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00018 дугаар шийдвэртэй хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Г.Л У аймаг дахь Д.Ц нисэх буудалд холбогдуулан, нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 4,519,573 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан,
- нэхэмжлэгч Г.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилсөн байна.
3. Хариуцагч Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан Увс аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Лг өмнө эрхэлж байсан У аймаг дахь Д.Ц нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан өгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Г.Лгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5.1. Хариуцагч У аймаг дахь Д.Ц нисэх буудлын дарга Л.Э 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус газрын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилтнаар ажиллаж байсан Г.Лг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.6 дахь хэсэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.28, 4.10, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны “Жагсаалт шинэчлэн батлах тухай” А/60 дугаартай тушаалыг тус тус баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
5.2. Г.Л нь ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх бөгөөд уг комисс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон,нэхэмжлэгч Г.Л нь Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй үндэслэлээр шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.
5.3. Хэрэгт авагдсан, ажилтан Г.Лг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2022оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалд “ ажилтны өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу” гэх үндэслэл заасан байх боловч хэзээ, хэдийд ямар хүсэлт гаргасан нь тодорхойгүй, хэргийн баримтаар нэхэмжлэгч Г.Лг ажлаас чөлөөлөгдөх талаар өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зохицуулалт бөгөөд энэхүү үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл нь ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлт байхыг ойлгоно.
Ажилтан ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцлах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Г.Лг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх зөвхөн хариуцагчийн гаргаж буй тайлбарыг үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэх үндэслэлгүй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Хариуцагч нь шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлээ:” 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ажил олгогч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байна. Г.Лгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байгаа гэж үзэж байгаа. Г.Л ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээсээ татгалзсан зүйл байхгүй байгаа тул уг хүсэлт хэвээрээ гэж ойлгож байгаа. Ажил олгогчийн зүгээс өмнө нь ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь томилж, өмнө шийдвэр гаргахдаа гаргасан алдаагаа засварлаад нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахин шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргасан байна.
У аймаг дахь Д.Ц нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилтан Г.Лг өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг ажилтан Г.Л эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Г.Лг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Г.Лг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.
7. Хариуцагч нь Г.Лг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байсан, энэ хүсэлтээсээ татгалзаагүй тул 2022 оны 12 дугаар 05-ны өдрийн Б/25 дугаар ажлаас чөлөөлөх шийдвэрийн үндэслэл болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн тухайн өргөдөл /хүсэлт /-ийг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар түүнтэй үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх боловч анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгож, Г.Лг ажилд нь эгүүлэн тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байх тул ажилтны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэх өргөдөл болон ажил олгогчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүхээс дахин дүгнэлт хийх үндэслэлгүй, тодруулбал, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт:“ энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчилж болно” гэж заасан ба хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Лг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул ажил олгогч, ажилтан Г.Л нарын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлийн дагуу бүхэлдээ сэргээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхийн энэ талаар буюу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдээгүй талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх тул ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардахгүй, харин талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчилж болохоор хуульчилсан байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэж, хэвийн үргэлжлэх ёстой.
Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосноос хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуульд заасан үндэслэл шинээр бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлийг нэрлэн заасан ба нэхэмжлэгч Г.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
9. Нэхэмжлэгч Г.Л нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба талууд хөдөлмөрийн эрхийн маргааныг харилцан тохиролцож чадаагүй үндэслэлээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т заасны дагуу сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах байсан боловч У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх үндэслэлээр шууд шүүхэд гомдлоо гаргасан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-т заасны дагуу гаргасан гомдол гэж үзэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримталсан нь буруу болжээ. Иймд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөж шийдвэрлэлээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00018 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ