Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 152/2023/00491/и |
Дугаар | 224/МА2024/00018 |
Огноо | 2024-03-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 224/МА2024/00018
Ж.Бын нэхэмжлэлтэй, Б
ТӨХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэртэй,
Ж.Бын нэхэмжлэлтэй,Б ТӨХК-д холбогдох, Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлага:Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 тоот тушаалаар Б ТӨХК-д ашиглалт засварын албаны монтёрын ажилд түр тушаалаар орж, ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/179 тоот тушаалаар ашиглалт засварын албаны монтёрын үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. Тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж ирсэн юм.Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж тус шүүхэд хандаж байна.
Миний хийж байсан ашиглалт засварын хэлтсийн монтёрын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийг гэрээ цуцалсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шинэ бүтэц орон тооны талаар танилцахаар хандаж байсан боловч энэ талаар надад танилцуулаагүй явсаар Увс аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр энэ талаар мэдээлэл авсан.
Иймд миний өмнө нь эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, миний эрхэлж байсан ажлын байрыг хассан гэх боловч ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсанд хууль бус гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байна. Мөн надад миний ажлын байртай дүйцэх хэмжээний ажлын байрны санал гаргах боломжтой байхад энэ талаар надад ямар нэгэн санал гаргаагүй болно. Намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь анх намын дотоод сонгуулиас болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний аав Монгол Ардын Намын дотоод ажилд идэвхтэй оролцдог, намын идэвхтэн хүн байгаа. Манай захирал П.Б нь намын дотоод сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд манай аавыг өөрийнх нь эсрэг санал өгсөн гэдэг үндэслэлээр “намайг ажлаа өг” гэж хэлсэн. Байгууллагын бүтэц орон тоо нь ямар ч ажилтан, иргэдэд нээлттэй ил тод байх ёстой. Ямар шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийснийг ойлгохгүй байна. Иймд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай .
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүхэд гаргасан татгалзлын үндэслэл: Иргэн Ж.Бын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор ашиглалт засварын алба нь албаны дарга 1, ашиглалтын ахлах инженер 1, ашиглалтын инженер 1, тоноглолын инженер 1, шугамын мастер 1, тоноглолын мастер 1, монтёр жолооч 2, засварын монтёр 4, кранчин 2, гагнуурчин 1, жолооч 2, тракторын жолооч 1, нийтдээ 18 хүний бүтэцтэйгээр батлагдаж байсан. Ж.Б нь тус албаны засварын монтёроор албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын хүрээнд ашиглалт засварын алба нь Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталж өгсөн бүтцийг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллаж байгаа дүгнэлт гаргасан. Тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж ажиллах үүрэг чиглэлийг ирүүлсэн. Тухайн шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгаж бүтцээр ажиллах хүрээнд засварын монтёроор ажиллаж байсан Ж.Б, Б нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, шинээр батлагдсан бүтцийн хүрээнд ажиллаж байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тус тогтоолд: ашиглалт засварын алба нь ашиглалт засварын хэлтэс нэртэйгээр, хэлтсийн дарга 1, ашиглалт засварын ахлах инженер 1, механик инженер 1, ашиглалт засварын инженер 1, шугамын мастер 1, монтёр 6, монтёр жолооч 2, тоноглолын инженер 1, тоноглолын мастер 1, машин механизмын техникч 3, гагнуурчин 1, жолооч 3 нийтдээ 22 бүтэц орон тоотойгоор батлагдсан. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор засварын монтёр 4 байсныг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 тоот тогтоолоор 6 болон нэмэгдэж батлагдсан.
Шинэ бүтцээр ажиллаж байгаа засварын монтёрын орон тоон дээр дараах ажилчид ажиллаж байна. Үүнд: Я.С /2018.07.02/, Н.Ө /2017.05.23/, Б.П/2013.02.02/, Ж.Ж /2017.05.30/, Г.А /2019.01.23/, Б.Ц / 2016.11.04/ тус тус ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажил олгогчийн зүгээс ажилтанд бичгээр мэдэгдсэн. Ингээд засварын монтёр Ж.Быг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/158 тоот тушаалаар ажлаас чөлөөлөн, Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох заалт, мөн Б ТӨХК-ийн хамтын гэрээнд заасны дагуу 4 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Ж-Бд олгосон.
Засварын монтёр албан тушаалтай байсан Ж.Б нь хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралтын цалин хөлсийг компанийн зүгээс бүрэн олгосон.Б ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийг дотооддоо хэрэгжүүлэн, удирдан зохион байгуулах үүрэгтэй билээ.Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, Бөөгүүд овогт Жанцансамбуугийн Бат-Оргилыг өмнө эрхэлж байсан Б ТӨХК-ийн ашиглалт, засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ББЭХС” ТӨХК-д Ж.Бын эрхэлж байсан монтёрын ажлын байр байхгүй байхад ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь давж заалдах үндэслэл боллоо. Үүнд:
6.1.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ж.Быг орон тоо байхгүй байхад нь хууль бусаар ажилд авч ажиллуулан цалинжуулж байсныг нотлох баримтаар тогтоосон байхад шүүх үнэлээгүй.
6.1.б. Анхнаасаа ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн монтёрын орон тоогүй байхад Ж.Быг монтёроор ажиллуулах тушаал гаргаж хууль зөрчсөн байсан. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-т : Ж.Бын ажиллаж байсан орон тоог хассан биш, байхгүй байсан орон тоонд авч ажиллуулсан байсан. Энэ нь байгууллагын удирдлага эрх мэдлээ хэтрүүлсэн алдаа байх магадлалтай гэдгийг дурдсан байдаг. Энэ нь УДШ-н 33-р тогтоолд дурдсан ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэсэн заалтад огт хамаарахгүй. Анхнаасаа орон тоогүй байхад ажилд авсныг зөвтгөснийг шүүх үнэлээгүй нь буруу болсон. Шүүхийн шийдвэрт: Ж.Б гэдэг хүнийг анх монтёрын ажилд томилсон тушаалыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн 17-р хуудасны 3 дахь мөрд: “байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажилтан авч ажиллуулсан нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй” гэж илтэд хууль бус дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль бус гарах нөхцөл болсон гэж үзэж байна.
6.1.в. ББЭХС-ТӨХК-д Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас хийсэн хяналт шалгалтын ажлын тайланд:
- “ТУЗ-өөс баталсан Ашиглалт засварын албаны орон тоог 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллаж байна” гэдгийг тогтоогоод дүгнэлт хэсэгтээ цаашид авах арга хэмжээний санал дээр “ТУЗ-өөс баталсан орон тоо, бүтцийг баримтлан хүний нөөцийг бүрдүүлж ажиллахыг” даалгасан. Үүний дагуу Ж.Быг ажилласан жил, ажлын дадлага туршлага, хууль бусаар ажилд томилогдсон зэргийг харгалзан үзэж, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал хууль ёсны дагуу сонгож, шударгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байсан.
6.2. Ж.Бд орон тоо танасан гэдэг үндэслэлээр мэдэгдэл өгсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай зохицуулалт нь 2023 оны 6-р сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн бол 2023 оны 7-р сарын 27-ны өдөр шийдвэр гаргахыг ажил олгогчид үүрэгжүүлсэн зохицуулалт бус ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд 30 буюу түүнээс доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэхийг үүрэгжүүлсэн шинжтэй зохицуулалт байна гэж шүүх зөв дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 33-р тогтоолд “танасан” гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй байгааг шүүх бас анхаарч үзэх ёстой байсан.
6.3.Нэхэмжлэгчийг ажлын байртай дүйцэхүйц өөр ажлын байранд ажиллуулах боломжтой байхад тийм боломжоор хангаагүй гэж ажил олгогчийг буруутгасан ба энэ талаар ажилтан өөрөө санал тавиагүй байгаа нь аль алиных нь буруутай үйлдэл байхад шүүх тэгш, шударга байх зарчмаа алдаж, буруу дүгнэлт хийснээс болж шүүхийн шийдвэр буруу гарсан.
6.4. ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэйг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
6.4.а. Хэн, хэдэн онд, ямар ажлын байранд, хэрхэн томилогдсоныг шалган тогтоож, Ж.Б ажлын байргүй болохыг нотлох баримтаар тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн дотоод журамд заасан сонгоно гэдэг заалтад хамаарч байгаа. Үүнийг шүүх сонгон шалгаруулалт хийх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тийм учраас шүүхийн шийдвэр буруу гарсан.
6.4.б. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас орон тоо хэтрүүлэн ажиллаж байсныг арилгах даалгавар өгснийг гүйцэтгэх захирал биелүүлсэн. Үүнийг Ж.Б мэдэж байсан.
6.4.в. Гүйцэтгэх захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу асуудлыг хууль зүйн дагуу шударгаар шийдвэрлэж дүгнэлт гаргасан. ТУЗ-ын 2023 оны 2-р сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолыг хэрэгжүүлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлсэн зэрэг нь энэхүү тушаал хууль зүйн үндэслэлтэй болохыг нотолж байгаа. Гэтэл шүүх сонгон шалгаруулалт зарлаагүй гэж ажил олгогчийг буруутгасан нь хууль бус байна. Яагаад гэвэл гүйцэтгэх захирал энэхүү шийдвэрийг гаргахдаа ашиглалт засварын хэлтэст ажиллаж байгаа ажилтнуудын анх ажилд орсон нөхцөл байдал, эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвар, дадлага туршлага зэргийг харгалзан сонголт хийнэ гэсэн заалтыг зөрчөөгүй.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2 дахь хэсэгт: “байгууллагын өмнө тавигдсан зорилтуудыг ханган биелүүлэх явцад зайлшгүй шаардлагатай ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор зохих мэргэжил эзэмшсэн иргэнийг ажилд авахдаа үнэнч шударга байдал, ажиллах сонирхол, боловсролын түвшин, мэргэжил эзэмшсэн болон урьд ажил эрхэлж байсан байдал, дадлага туршлага, мэдлэг чадвар, эрүүл мэнд, сахилга бат зэргийг харгалзан сонголт хийнэ гэж заасныг захирал зөрчөөгүй. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн хариу тайлбарын товчид тодорхой бичсэн баримт хавтаст хэрэгт байгаа болно.
6.5. ББЭХС-ТӨХК Ж.Бын дансанд албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний 3,624,036 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагын дансанд шилжүүлээгүй нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрсний бодит нотолгоо гэж үзэж байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт: түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна анхнаасаа орон тоогүйгээр цалин авч байсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл болж байгаа, гэхдээ энэ талаар ажил олгогч, иргэн Ж.Бтой маргаан үүсгээгүй байгаа. Түүний дансанд орсон мөнгийг ашиглаад явж байгаа нь миний ажлаас чөлөөлөгдөх нь зөв гэж үзээд дээрх мөнгийг ашиглаад явж байна гэж үзэх бүрэн боломжтой. Шүүх үүнийг анхаарч узээгүйд харамсаж байна. Шаардлагатай бол хууль бус тушаал гаргаж, хүнийг орон тоогүйгээр цалинжуулж байсан асуудлыг хөндөж тавих эрх нь байгууллагад нээлттэй байгаа. Энэ талаар ББЭХС ТӨХК иргэнд илүү хүндэтгэлтэйгээр хандаж байгааг бас ойлгох учиртай.
6.6. Ажил олгогчийн шийдвэр бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байдаг бол ажилтан батлагдсан орон тоон дээр ажиллах үүрэгтэй. Хэн нэгэн том даргын даалгавраар сул орон тоонд ажиллуулж байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Ийм шударга бус зүйлийг хууль бус шийдвэр гаргах байдлаар хамгаалах эрх шүүхэд байхгүй. Энэ бол энэ хэргийн бодит үнэн.
6.7. Гүйцэтгэх захирал сонголт хийнэ гэж хөдөлмөрийн дотоод журамд дурдсаныг шүүгч сонгон шалгаруулалт хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэж, шүүх ямар ч орон тоогүй ажилд цалин авч байсан Ж.Быг эгүүлэн тогтоосон нь хууль бус байна. Шүүх нөхцөл байдлыг бодитой үнэлэхийн оронд сонгон шалгаруулалт хийгээгүй гэж дүгнээд, Ж.Быг ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болсон. Энэ нь гүйцэтгэх захирлын эрх мэдэлд хөндлөнгөөс дүгнэлт хийж байгаа хууль бус үйл ажиллагаа юм.
Аливаа шийдвэрийг гаргахдаа нотлох баримтад үндэслэх ёстой болохоос биш өөрөө бие даан шийдвэр хийх эрх шүүгчид байхгүй.
Ж.Б ямар ч орон тоогүй анх томилогдсоныг шүүгч мэдсээр байж, үүнийг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хяналт шалгалтын ажлын тайлангаар тогтоосоор байхад шүүгч ямар ажилд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ж.Быг өмнө нь эрхэлж байсан ББЭХС-ТӨХК-ийн Ашиглалт, засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоосугай гэсэн нь ямар ч ажлын байргүй, ямар ч орон тоогүй, сул цалин авч байсан Ж.Быг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнө нь батлагдсан орон тоон дээр ажиллаж байсан хүмүүс нь ажилдаа үлдэж, батлагдсан орон тоогүйгээр ажиллаж байсан Ж.Б чөлөөлөгдсөн. Тийм учраас нэхэмжлэгч батлагдсан орон тоонд томилогдоогүй мөртлөө ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага ч ойлгомжгүй байгаа юм.
Ж.Бын ББЭХС-ТӨХК-ийн ажилд томилогдох үеэсээ чөлөөлөгдөх үе хүртлээ батлагдсан орон тоо байгаагүйг шүүх анхаарч үзээгүй. Аливаа маргааныг төгс байдлаар бүрэн гүйцэт нотлох баримтад үндэслэн хууль зүйн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагыг шүүхийн шийдвэр хангаагүй учраас давж заалдах гомдол гаргасан. Аливаа хууль бус үйлдлийг шүүхийн шийдвэр гаргах байдлаар дэмжих боломжгүй, тийм эрх шүүхэд хуулиар олгогдоогүй гэж үзэж байна.
Ийм учраас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргаж байна” гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “ББЭХС” ТӨХК-ийн Ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд “2023 оны 08 сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлээс ямар ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг"... өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэж тодорхойлж байгаа нь шүүх хөндлөнгийн байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт: “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээд багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэснээс харахад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх, үүрэгт хамаарах асуудал байна.
Түүнчлэн “ББЭХС” ТӨХК-ийн Ашиглалт засварын хэлтэст Ж.Б монтёроор ажиллах ажлын байр байхгүй, ажиллуулсан тохиолдолд түүнд цалин хөлс олгох санхүүжилт байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүй. Энэ нь Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас “ББЭХС” ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар тухайн компани нь 2022 оны байдлаар Ашиглалт засварын албанд 4 монтёрын орон тоог хэтрүүлэн ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба тухайн хяналт шалгалтаар батлагдсан бүтэц орон тоондоо тохируулан ажиллахыг үүрэг болгосон байгаагаас харагдаж байна.
“ББЭХС” ТӨХК нь Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага” -д хамаарах төрийн өмчит хуулийн этгээд байна.
“ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй этгээд ба санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.2.43 дахь хэсэгт заасан зарцуулалтын эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэх нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнээд нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан байна.
Шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байна. Нөгөө талаас, “ББЭХС” ТӨХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтыг баталгаажуулах бүрэн боломжтой байна.
Хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох ач холбогдол бүхий баримтууд байсан ба тухайн баримтыг шүүх үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрч 7 үндэслэл бүхий тайлбар гаргаж, давж заалдах гомдол гаргасан.
1-рт, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Анх Ж.Быг ажилд авахдаа сул орон тоо байхгүй байхад авч ажиллуулсан нь нотлох баримтаар тогтоогддог. 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллуулсан нь аудитын дүгнэлтээр батлагдсан учраас ТУЗ-өөс баталсан орон тоо, бүтцийг баримтлан хүний нөөцөө бүрдүүлж ажиллахыг компанийн захиралд үүрэг болгосон. Иймд захирлын зүгээс ажилтныг сонгож чөлөөлөхдөө анх ажилд томилогдсон нөхцөл байдал, ажилласан дадлага туршлага, эзэмшсэн мэргэжил, бусад нөхцөл байдлуудыг харгалзсан байдаг.
Шүүх Ж.Быг анх ажилд авсан нөхцөл байдлыг зөв дүгнэж, байгууллагын удирдлага эрх мэдлээ хэтрүүлсэн алдаа байх магадлалтай гэдгийг шийдвэртээ дурдсан. Гэтэл өмнөх даргын гаргасан алдааг дараачийн дарга зассан байхад шүүх үүнийг буруу гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдсан.
2-рт, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар эхлээд 2, дараа нь 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллаж байсан гэдгийг тогтоогоод, цаашид батлагдсан орон тоо, бүтцийн хүрээнд ажиллуулахыг үүрэгжүүлсэн. Захирал энэ үүргийг биелүүлэх ёстой тул хууль бус шийдвэрийг зөвтгөж шийдвэрээ гаргасан.
3-рт, Ж.Бд мэдэгдлийг орон тоо танасан гэх үндэслэлээр өгсөн байгаа. Орон тооноос илүү ажилтан авч ажиллуулсан гэдэг нь тогтоогдсон гэдгийг нотолсон.
Нэхэмжлэгч нь миний ажлын байртай дүйцэхүйц өөр ажлын байранд намайг ажиллуулах боломжтой байсан, гэтэл 20 гаруй хүнийг шинээр ажилд авсан атлаа намайг ажиллуулаагүй гэх тайлбарыг гаргасан, шүүх хурал дээр энэ талаараа хэлсэн. Энэ саналыг ажил олгогч бус ажилтан өөрөө гаргах үүрэгтэй. Гэтэл тэр нөхцлийг ажил олгогч олгоогүй байна гэх байдлаар удирдлагыг буруутгаж байгааг тэгш шударга байх зарчмаа шүүх алдсан байна гэж үзэж гомдол гаргасан.
4-рт, Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болохыг хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Шийдвэр гаргахдаа хэн, хэн, хэдэн онд ямар ажлын байранд хэрхэн томилогдсоныг байгууллагын удирдлага харж, сонгож, бусад ажиллаж байгаа хүмүүстэйгээ харьцуулж үзсэн.
Мөн Ж.Бд ажлын байр байхгүй болохыг нотлох баримтаар тогтоосон. Энэ талаар шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн. Харин шүүх яагаад нотлох баримтаар үнэлээгүй гэж шүүхийн шийдвэрт тусгагдсаныг ойлгохгүй байгаа. Гүйцэтгэх захирал сонгоно гэж Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заасан байгаа. Гэтэл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж шүүх шийдвэртээ дурдаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон.
Энэ тушаалаа гаргахдаа гүйцэтгэх захирал ажиллаж байсан бүх ажилтнуудынхаа ажилд орсон нөхцөл байдал, эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсрол, дадлага туршлага зэргийг харгалзаж үзээд Ж.Быг ажлаас чөлөөлсөн болохоос өөр ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс энэ асуудалд хандаагүй гэдгийг энд хэлмээр байна.
5-рт, Компанийн зүгээс Ж.Бын дансанд албан тушаалын болон тарифт цалинтай нь тэнцэх хэмжээний 3,624,036 төгрөгийг маргааш нь шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ мөнгийг өнөөдөр хүртэл ашиглаж байгаа, хөдөлмөрийн маргааны асуудлаа шүүхэд гаргах үедээ буцааж төлөх ёстой байсан болов уу гэж бодож байгаа. Иргэн хүний хувьд, шударга үнэний хувьд тийм үүрэгтэй байсан байх гэж бодож байгаа. Гэтэл энэ мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж тушаагаагүй, хэрэглээд явж байгаа нь Ж.Б чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан, энэ мөнгийг би өөрийн эзэмшилдээ байлгаж байя, ашиглаж байя гэсэн бодлоор хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгохыг өөрөө мэдэж байсан нөхцөл байдал байгаа болов уу гэж бодож байгаа юм.
6-рт, Ажил олгогчийн шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байхыг шүүгч бичсэн байгаа. Ажилтан өөрөө батлагдсан орон тоонд ажиллах үүрэгтэй. Батлагдсан орон тоонд ажиллаагүй болохыг тогтоосон нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Хяналт шалгалтын комиссын актаар тогтоосоор байхад үүнийг шүүх анхаарч үзээгүйд манай байгууллага гомдолтой байгаа. Энэ талаар байгууллагын удирдлага, удирдах ажилтнуудын түвшинд ч энэ тухай асуудал яригдаж, хэлэлцэгдсэн байгаа. Анхнаасаа орон тоог хассан байна, тийм учраас чамайг чөлөөлж байна гэдгээ хэлсэн бол бас өөр асуудал болохыг үгүйсгэхгүй.
Шүүхийн шийдвэр шударга бөгөөд тэгш, бодит нөхцөл байдалд тулгуурласан байх ёстой гэж үзэж гомдлоо гаргасан юм.
7рт, Гүйцэтгэх захирал сонголт хийнэ гэж хөдөлмөрийн дотоод журамд дурдсаныг шүүх сонгон шалгаруулалт хийсэн гэх баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Ямар нөхцөл байдлууд дээр сонголт хийсэн бэ? гэдгээ анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2 удаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа Б.О төлөөлөгч ч бичсэн байгаа, миний бие бичиж өгсөн. Сүүлийн нэмэлт тайлбартаа ч бичсэн. Ажилласан жил, ажилд томилогдсон нөхцөл байдал, дадлага туршлага, мэдлэг боловсрол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сонголт хийсэн гэдгээ удаа дараа тайлбарласаар байхад сонгоно гэдгийг сонгон шалгаруулалт хийгээгүй гэж ажил олгогчийг буруутгасан явдал нь шүүхийн шийдвэр буруу гарах нөхцөл байдал болсон болов уу гэж үзэж байна. Ж.Бын урьд эрхэлж байсан ажил, орон тоо гэж ерөөсөө байхгүй юм. Цаг хугацааны хувьд бодоод үзэхэд тодорхой зүйлүүд харагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ ч энд байгаа гэдгийг хэлмээр байна. Гүйцэтгэх захирлыг хөндлөнгийн байр сууринаас хэтэрхий буруутгасан нь хууль бус үйл ажиллагаа болсон болов уу бодож байгаа юм. Аливаа шийдвэрийг гаргахдаа нотлох баримтад үндэслэх ёстой болохоос өөрөө бие даан шийдвэр гаргах эрх шүүгчид байхгүй гэж үзэж байгаа.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 62 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргасан байгаа. Гомдлоо гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Эцэст нь товчхон хэлэхэд, батлагдсан орон тоонд албан ёсоор ажиллаж байсан хүмүүс ажилдаа үлдээд, ямар нэгэн орон тоогүй, даалгавраар ажиллаж байсан ч гэдэг юм уу, хууль бусаар томилогдон ажиллаж байсан хүн л чөлөөлөгдсөн байгаа юм. Түүнээс бусад үзэл бодол, наана, цаана асуудал нөлөөлөөгүй гэдгийг хэлмээр байна. Тэгээд ч урьд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох гэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 62 тоот шийдвэрийг ойлгохгүй байгаа. Нэхэмжлэгч урьд нь ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажилд томилогдсон зүйл байдаггүй” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүх хөндлөнгийн байна гэх зарчим алдагдсан болов уу гэдэг байдлаар гомдлынхоо үндэслэлийг тодорхойлсон. Яагаад вэ гэхээр, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгоё гэж бичсэн байдаг. Хаана, ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Энэ байдлыг тодруулсан, энэ асуудлаар мөн ярьсан. Намайг ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэх шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй. Ийм зүйлийг тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулаагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч шүүхээс юу хүсээд байгаа вэ? гэдгээ тодорхойлох, түүнийхээ үндэслэлийг нотлох үүрэг хуулиар зохигчдод олгогдсон байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй, тодорхойлоогүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоод, шүүхээс ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоогоод өгөөч гэж хүсэж байгаа юм байна гэж үзээд тогтоогоод шийдчихсэн гэж харагдахаар нөхцөл байдал байгаа.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан зохигч, нэхэмжлэгчийн эрх, үүрэгт хамаарах асуудалд шүүх хөндлөнгөөс оролцчихсон, шүүх хөндлөнгийн байх гэдэг зарчим алдагдчихсан гэдэг байдлаар гомдол гаргасан. Дараагийн үндэслэл, ББЭХС ТӨХК-ийн ашиглалт засварын хэлтэст Ж.Б монтёроор ажиллах ажлын байр байхгүй юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд ажиллуулсан тохиолдолд олгох цалин, санхүүжилт байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа. Энэ нөхцөл байдал юугаар тогтоогдоод байгаа юм бэ? гэхээр Эрчим хүчний яамны яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас ББЭХС ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон. Тухайн компани нь 2022 оны байдлаар ашиглалт засварын албанд 4 монтёрын орон тоо хэтрүүлэн ажиллаж байна, батлагдсан бүтэц, орон тоотой тохируулж ажиллахыг үүрэг болгосон. Яагаад энэ үүргийг хэрэгжүүлэх ёстой, яагаад бүтэц орон тоондоо батлагдсан төсвийн хүрээнд ажиллах ёстой юм бэ? гэхээр тухайн компани нь төсвийн байгууллагад хамаарах төрийн өмчит хуулийн этгээд учраас Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Тэгэхээр ажлын байр байхгүй, түүнд олгох санхүүжилт байхгүй тохиолдолд Ж.Быг ажиллуулах боломжгүй гэсэн үг. Иймээс шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх боломж байна уу гэдэг дээр шүүх дүгнэлт хийх ёстой юм болов уу харж байгаа юм.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хариуцагч хууль зөрчих асуудал яригдаж байгаа. Цаана нь ямар үр дагавар үүсээд байна вэ гэхээр төрд хохирол учрах эрсдэл бий болж байна гэдэгт шүүх бас дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид 2 гомдлоо тус тусдаа гаргасан. Аль болох нэгнийхээ гаргасан гомдолд дурдагдсан байгаа үндэслэлүүдийг давхардуулахгүй байдлаар гаргасан. Бусад үндэслэлийн тухайд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан байгаа. 3 дахь үндэслэлийн хувьд хариуцагч талаас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн баримтуудыг шүүх үнэлэхгүй гэдэг дүгнэлт хийсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т тус тус заасан шаардлагын дагуу нотлох баримтуудад байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулаад өгсөн. Эдгээр нотлох баримтууд нь ямар ач холбогдолтой байсан гэхээр ажилтнуудыг сонгоход ач холбогдолтой байсан. Хариуцагчид 8 монтёр ажиллаж байснаас 6-г авч үлдэх хэрэгцээ шаардлага үүссэн. Ингээд монтёроор ажиллаж байсан Я.С, Н.Ө, Б.П, Ж.Ж, Г.Ат, Б.Ц нараас сонголт хийх болсон. Үүнээс Б.П, Б.Цн нарын хувьд тухайн байгууллагад тус бүр 10 жил, Я.С, Н.Ө, Ж.Ж нар 6 жил, Г.А 4 жил ажилласан байсан, энэ нөхцөл байдал болон ажлын туршлага, энэ бүх зүйлийг нь үндэслээд сонголт хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаагаа хариуцагч тодорхойлдог. Үүнтэй холбоотойгоор эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл энэ баримтуудыг хуулийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байна гэж шүүх үзсэн. Ингэж үнэлсэн нь буруу. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг нотолж байгаа баримтуудыг шүүх үнэлээгүй гэсэн үг. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэсэн өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, сая төлөөлөгчийн дурдсан үндэслэлүүдийг шалгуур болгоод хөдөлмөрийн харилцааг бол дуусгавар болгосон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хөндлөнгийн байх, төвийг сахих гэдэг энэ зарчмууд алдагдсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан” гэв.
9. Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6 дугаар сард мэдэгдэл авсан байгаа. Мэдэгдэл авчхаад байгууллагын бүтэцтэй танилцах зорилгоор захиралтай орж уулзаад “Та надад энэ баталсан бүтцээ танилцуулаач ээ” гэсэн чинь “Боломжгүй” гээд надад танилцуулаагүй. Мөн байгууллагын хүний нөөцийн ажилтан Ц эгчид бас хүсэлт гаргаад “Би байгууллагын бүтэцтэй танилцмаар байна, миний орон тоог хассан гэж байна, манай байгууллагад монтёр гэдэг орон тоо байхгүй болоод хасаж байгаа юм уу” гэхэд “ чамд танилцуулах боломж байхгүй” гэж хэлсэн байгаа. Би П.Б захиралтай уулзаад “би өөр ямар нэгэн орон тоонд ажиллах хүсэлтэй байна, намайг ажиллуулах боломж байна уу” гэхэд “би шийдвэрээ гаргасан, өөр орон тоонд ажиллуулах боломж байхгүй” гэж хэлсэн. Улмаар 8 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан. Мөн дээрх шийдвэр гаргахад улс төрийн нөлөө буюу манай гэр бүлийн хүрээнд, манай аавыг өөрийнх нь эсрэг явсан гэх үндэслэл нөлөөлсөн байх магадлалтай гэж би хардаж байгаа” гэв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч талын гаргаж байгаа гомдолтой холбогдуулаад хэд хэдэн зүйлийг тайлбарлая. 1 дүгээрт, дотоод хяналт, аудитын хэлтсээс хийсэн шалгалтын дагуу батлагдсан орон тооноос төсөв хэтрүүлээд танайх хүн ажиллуулчихсан байна гээд шахсан учраас бид илүү орон тоогоо халсан юм, илүү орон тоонд ажиллаж байсан хүнийг чөлөөлсөн, анхнаасаа энэ хүнийг орон тоо байхгүй байхад ажиллуулчихсан юм гэдэг зүйлийг яриад байгаа. Ж.Бын хувьд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр анх тус компанид монтёроор ажилд томилогдсон байдаг. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэртэй өнөөдөр бид нар маргах, энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Яагаад гэхээр энэ захиргааны акт аль хэдийн гараад хуулийн хүчин төгөлдөр болчихсон. Энэ акттай холбоотой гараагүй учир өнөөдөр бид нар энэ шийдвэр үндэслэлгүй байсан эсэх талаар дүгнэлт хийх нь илүүц болов уу гэж харж байна.
2-рт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгоё гэж гаргасан болохоос 2022 оны тушаалтай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй гэдгийг хэлье. Хариуцагч талаас бол гомдлынхоо үндэслэлийг тайлбарлахдаа Төрийн хэмнэлтийн тухай хууль, мөн цалингийн сан хүрэлцэхгүй байсан нөхцөл байдлууд байсан учраас аргагүйн эрхэнд халсан гэдэг зүйлийг яриад байгаа юм. Үнэхээр энэ байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлээд, цалингийн сандаа багтаах зорилгоор энэ бүтцийг хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Бүтцээс харахад тийм нөхцөл байдал байхгүй л байгаа. Учир нь 2023 оны шинэчилсэн бүтэц болон өмнө нь мөрдөгдөж байсан 2021 оны бүтэц аль аль нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2021 онд баталсан бүтцээр тус компани нийлбэр дүнгээрээ 421 албан хаагчтай байсан. Гэтэл шинэчилсэн буюу 2023 онд баталсан бүтцээр 443 болгож, 20 орон тоогоор нэмэгдүүлчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20 орон тоо хасах биш нэмчхээд байхад энэ байгууллага яаж төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлсэн, цалингийн сандаа багтаасан гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн энэ тайлбар нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийг 3 сая төгрөгийн тэтгэмжийг авчихсан, өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэх зүйлийг яриад байна. Уг мөнгийг Ж.Бын зүгээс тус компаниас нэхээд, хууль бусаар авчихсан зүйл биш. Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасны дагуу, мөн тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэмжийг олгосон байх.
Гэхдээ тэтгэмж авсан бол тухайн ажлаас чөлөөлсөн тушаалд гомдол гаргах эрхээ алддаг хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийн хугацаандаа гомдлоо гаргаад явж байгаа. Тухайн байгууллага ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлөөд байгаа. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэн боловч Улсын дээд шүүхийн 33 дугаар тайлбар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 33 дугаар тайлбарын 15 дугаар зүйлийн 15.1.1-т: орон тоо хасагдсан гэдэг нь “тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, ажлын байр үгүй болсныг хэлнэ” гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, монтёр гэдэг албан тушаал байхгүй болчихсон, монтёрын хийж гүйцэтгэх чиг үүрэг энэ байгууллагын бүтцэд огт байхгүй болчихсон, хэрэггүй болчихсон тохиолдолд орон тоо хасагдсан гэдэг ойлголт яригддаг. Гэтэл байгууллагын 2021 оны бүтцээр ашиглалт засварын алба гэх нэршилтэй байсан. Энэ алба нийт 17 ажилтантай буюу 4 засварын монтёртой, 2 монтёр жолоочтой байсан. Гэтэл 2023 оны шинэчилсэн бүтцээр тухайн албыг Ашиглалт засварын хэлтэс нэртэйгээр нэрийг нь өөрчлөөд өргөжүүлсэн. Нийт албан хаагчдын тоо 17-оос 22 болж буюу 5 албан хаагчаар нэмэгдсэн байгаа. Монтёрын албан тушаал өмнө нь 4 байсан бол шинэчилсэн буюу 2023 оны бүтцээр 6 болж, 2 орон тоогоор нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр 2 орон тоогоор нэмэгдчихээд байхад орон тоо хасагдсан юм, хасагдсан учраас бид энэ хүнийг ажиллуулах боломжгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас гаргасан тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдож тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь Б ТӨХК-д холбогдуулан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ :“...Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан бүтцийг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллаж байгаа талаар аудитын дүгнэлт гарсан. ТУЗ-өөс тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу зөрчлийг арилгаж, батлагдсан бүтэц, орон тоогоор ажиллах хүрээнд засварын монтёроор ажиллаж байсан Ж.Б, Б нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Бөөгүүд овогт Жанцансамбуугийн Бат-Оргилыг өмнө эрхэлж байсан Б ТӨХК-ийн ашиглалт, засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Ажил олгогч нь ажилтан Ж.Бтой үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримтлан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлын байр хасагдсан тул Ж.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байх ба ажил олгогчийн энэхүү шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт тогтоогдсон үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
Б ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 02 дугаар “Компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын дагуу тус компанийн Ашиглалт, засварын алба засварын монтёрын 4 орон тоотой байсан, мөн ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус компанийн бүх албыг хэлтсийн зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлсэн, тухайлбал, Ашиглалт, засварын албыг хэлтэс болгож, тус хэлтэс засварын монтёрын 6 орон тоотой ажиллахаар бүтэц, орон тоог баталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Быг ажлаас чөлөөлсөн тушаалдаа тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлын байр хасагдсан гэх үндэслэл заасан нь үндэслэлгүй. Учир нь, ТУЗ-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор засварын монтёрын орон тоог хассан буюу тухайн компанийн бүтцээс засварын монтёрын ажлын байрыг байхгүй болгосон, мөн монтёрын орон тоог цөөрүүлсэн шийдвэр гаргаагүй байна.
Энэхүү компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тогтоолоор нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөрлөх эрх хөндөгдөх нөхцөл байдал бий болоогүй байхад хариуцагч нь засварын монтёрын орон тоо хасагдсан гэж үзэж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь буруу болжээ. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар засварын монтёрын орон тоо 4 байсныг 6 болгож нэмэгдүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Хэргийн баримтаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Быг засварын монтёрын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнтэй үүсгэсэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдлыг тус тус хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “Анхнаасаа Ж.Быг сул орон тоо байхгүй байхад хууль бусаар авч ажиллуулж, цалинжуулж байсныг нотлох баримтаар тогтоосон байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй. ББЭХС ТӨХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн монтёрын сул орон тоогүй байхад Ж.Быг монтёроор ажиллуулах тушаал гаргаж хууль зөрчсөн байсан. Энэ нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ зөрчлийг арилгах үүрэг чиглэл өгсний дагуу гүйцэтгэх захирал нь Ж.Быг ажилласан жил, ажлын дадлага туршлага, хууль бусаар ажилд томилогдсон зэргийг харгалзан үзэж, хууль ёсны дагуу сонгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байсан. Шүүхийн шийдвэрт: байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажилтан авч ажиллуулсан нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй” гэж илтэд хууль бус дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль бус гарах нөхцөл болсон” гэх тайлбар нь үндэслэлгүй.
Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Ж.Быг тус компанийн Ашиглалт засварын албаны засварын монтёрын үүрэгт ажилд томилж, үндсэн ажилтнаар ажиллуулсан байх ба нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэвийн үргэлжилж байсан байна.
Нэхэмжлэгчийг анх ажилд томилсон ажил олгогчийн шийдвэр хууль бус байсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилд томилсон гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, мөн шүүх нэхэмжлэгчийг анх ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянах үндэслэлгүй болно. Иймд анхнаасаа хууль бусаар ажиллаж байсан нь түүнийг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, ажил олгогчийн шийдвэр хууль бус байх нь ажилтныг буруутгах, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй.
6.2. Эрчим хүчний яамны сайдын баталсан 2022 оны 10 сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-31-ний өдрийн хооронд БТӨХК-д хийгдсэн хяналт шалгалтын тайланд: тус компанийн ашиглалт засварын алба нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоог 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор тус тус хэтрүүлэн ажилласан талаар тусгасан нь нэхэмжлэгч Ж.Быг засварын монтёрын албан тушаалаас чөлөөлсөн тушаалд заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлтэй хамааралгүй байна.
6.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд “2023 оны 08 сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлээс ямар ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг"...өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэж тодорхойлж байгаа нь шүүх хөндлөнгийн байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна” гэх гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Быг ажлаас чөлөөлсөн тушаалд, түүнийг Ашиглалт засварын хэлтсийн монтёрын ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч нь энэхүү тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, шүүх уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа өмнөх байдлаар бүхэлдээ сэргээгдэх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгоно гэснийг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэхгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.
8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН