| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/03777/и |
| Дугаар | 5092 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 5092
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2016/05092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э
Хариуцагч: Б.Н нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.*******, Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 3 дугаар сарын 25-нд зуслангийн газар авах зорилгоор өөрсдийгөө компанийн захирал, ажилтан хэмээн танилцуулсан Б.*******, Л.******* нарт 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. Гэвч дээрх хүмүүс нь одоог хүртэл гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй бөгөөд миний мөнгийг буцааж өгөөгүй учир гэрээний дагуу алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 3 дугаар сарын 25-нд Ц.******* гэх хүнтэй зорьж уулзаагүй. Би компанийн захирал гэж танилцуулаагүй, тус өдөр Б.******* нь Ц.*******оос хэдэн төгрөг хэрхэн авсныг би мэдээгүй, бэлнээр мөнгө авсан асуудал байхгүй. Тухайн үед миний машинтай Б.******* хамт явж байсан нь үнэн, гэхдээ хүнээс мөнгө төгрөг авах гэж байгаа эсэх нь надад мэдэгдээгүй. Сүүлд нь таны машинд хамт явж байх үедээ Ц.******* гэдэг хүнээс мөнгө авсан юм гэж ярьж байсан нь үнэн. Ц.******* нь мөн хожим нь өөртэй чинь хамт явж байсан Б.******* гэдэг залуу 2,000,000 төгрөг зээлж авсан, одоо хүртэл өгөхгүй байна гэхэд нь та нар хоорондоо асуудлаа ярих хэрэгтэй, надад хамааралгүй, таниар удаа дараа ярьж ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл надаас мөнгө нэхэмжилж байгаа нь надад хамааралгүй асуудал юм. Ц.******* нь нэхэмжлэлдээ урьд өмнө газрын албанд ажиллаж байсан, уг хэргийг зохион байгуулсан байх магадлалтай талаар хэлж байгааг ойлгохгүй байна, тэр нь чухам ямар хэрэг зохион байгуулсан талаар ойлгомжгүй, олон хүмүүсийг залилсан байх магадлалтай гэх зэргээр бусдын нэр төр, алдар хүндэд халдаж байна. Миний хувьд одоо Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Улсын ахмадын асрамжийн үндэсний хөгжлийн төвд ахлах зөвлөх ажилтай, энэ тухайгаа ч Ц.*******т өөрт нь би хэлж, Б.*******тай гэрээнийхээ дагуу асуудлаа ярь гэдгийг нэг биш удаа хэлсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.******* нь Ц.*******оос ямар нэгэн мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Харин хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нь 2 хариуцагчийн хэн хэн нь уг зээлийг хариуцах ёстой гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Ц.******* нь 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******д хүлээлгэн өгсөн талаар хэн алин нь маргадаггүй болно.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн харилцаа үүсч, гэрээ байгуулагджээ.
Уг зээлээс хариуцагч Б.******* нь төлөлт хийгээгүй байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.7 дахь заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч алданги тооцсон нь үндэслэлтэй байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Л.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.*******гаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэг 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгож, хариуцагч Л.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ