Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 224/МА2024/00020

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй, Б

ТӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэртэй,

Ц.Б нэхэмжлэлтэй, Б ТӨХК-д холбогдох, тус компанийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлага: Б ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар Б ТӨХК-д хэмжүүрийн техникчээр ажилд орсон. 2019 оноос Техник бодлого зохицуулалтын албаны хэмжүүрийн инженерийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд 2023 онд Түлш, Эрчим хүчний яамны Жуух бичгээр, 2018, 2019 онд Байгууллагын өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж байсан. Гэтэл Б  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлснийг миний бие үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөх ёстой гэх заалт нь хэлбэрийн төдий заалт биш. Дээрх хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн боловч ажлын байрны шинэчилсэн бүтэцтэй танилцуулаагүй, ажил олгогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдсаны улмаас намайг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж цуцалсан шийдвэр гаргасан. Миний бие бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас авснаас хойш мэдэж удаа дараа шинэ бүтэц орон тоотой танилцахаар хандаж байсан боловч энэ талаар надад танилцуулаагүй явсаар Увс аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр мэдээлэл авсан. Тус бүтэц орон тоо нь миний өмнө нь эрхэлж байсан ажлыг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер гэж өөрчлөн баталсан талаар мэдсэн.

Иймд миний өмнө нь эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн зүйлгүй тул намайг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хууль бус гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас чөлөөлсний дараа миний ажлыг өөр хүнд хавсаргах талаар удирдлагын зүгээс хамт ажиллаж байсан инженерт хүсэлт тавьсан байсан. Мөн миний ажлын байртай дүйцэх хэмжээний ажлын байрны санал гаргах боломжтой байхад энэ талаар надад ямар нэгэн санал гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлснөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тухайн байгууллагын бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлыг байр хасагдсан юм уу гэхээр хасагдаагүй, туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрыг нэгтгэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн намайг ажлаас халж байгаа шалтгааныг орон тооны цомхотголын дагуу халсан гэж үзэхгүй байна. Би Монгол ардын намын хорооны гишүүн бөгөөд Аймгийн Монгол ардын намын даргыг сонгох сонгуулиар С.Б, Б нар өрсөлдөхөд би С.Бд саналаа өгсөн. Ингэхдээ би намын хорооны гишүүний хувиар саналаа өгснөөс БТӨХК-ийн ажилтны хувиар саналаа өгөөгүй. Энэ явдлаас хойш П.Б дарга намайг ажлаа өг гэдэг байсан ба ажилд ирсэн, очсон цагийг байнга хянадаг, намайг ажлаас халах шалтаг хайдаг болсон. Энэ асуудалтай холбогдуулан намайг ажлаас халсан гэж би ойлгож байгаа.

Иймд Б ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай .

           4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүхэд гаргасан татгалзлын үндэслэл: Иргэн Ц.Б2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь албаны дарга, РХА-ийн инженер 3, туршилт тохируулгын инженер 1, хэмжээрийн инженер 1, РХА-ийн монтёр 1 нийт 7 хүний бүтэцтэйгээр батлагдаж байсан бөгөөд Ц.Б нь тус албаны хэмжүүрийн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тус тогтоолд: Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь татан буугдаж техник бодлого зохицуулалтын хэлтэстэй нэгдэж батлагдаж ирсэн бөгөөд хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан.

Шинэ бүтцээр хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдаж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн. Тус орон тоонд цахилгааны инженер мэргэжилтэй хүн байх ёстой бөгөөд өмнө нь туршилт тохируулгын инженер хийж байсан Р.Эийг олон жил ажилласан туршлага болон мэргэжлийг нь харгалзан үзэж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр томилон ажиллуулсан билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан.

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн хуулийн 80.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх мэдэгдлийг бичгээр ажил олгогчийн зүгээс ажилтанд мэдэгдсэн.

Хэмжүүрийн инженер Ц.Бийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/168 тоот тушаалаар ажлаас чөлөөлөн, Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох, мөн “Б” ТӨХК-ийн хамтын гэрээний дагуу 8 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

Мөн хэмжүүрийн инженер албан тушаалтай байсан Ц.Б нь хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралтын цалин хөлсийг компанийн зүгээс бүрэн олгосон.

Б ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийг дотооддоо хэрэгжүүлэн, удирдан зохион байгуулах үүрэгтэй билээ. Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүй болгож, Булгадар ургийн овогт Цийн Бийг өмнө эрхэлж байсан Б ТӨХК-ийн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20124-02-06 өдрийн 152/ШШ2024/00076 тоот шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдлоо гаргаж байна. Үүнд:

          6.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т: Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.1.1-д зааснаар ББЭХС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023-08-09 өдрийн Б/168-р Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.Бийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай гэжээ.

           Ц.Б нь 2017 оны 07-р сарын 04-нд ББЭХС ТӨХК-д хэмжүүрийн техникчээр ажилд орсон. Ц.Бнь 2016-05-26-нд Сити дээд сургуулийг менежмент маркетингийн чиглэлээр төгссөн. Үүнээс үзвэл Ц.Бийг мэргэжлийн бус байхад нь хэмжүүрийн техникчээр ажилд авчээ.

6.2. 2021-01-05-аас 2023-08-09-ийг хүртэл хэмжүүрийн инженерээр ажилласан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт Ц.Бийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр эгүүлэн тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн асуудал болсон. Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр огт ажиллаж байгаагүй хүнийг эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн асуудал юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “техникийн бодлого, зохицуулалтын орон тоог 10 байсныг 9 болгон хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн нэг орон тоотой болгосон байна” гэж зөв дүгнэсэн мөртлөө ажилд эгүүлэн тогтоох гэж буруу шийдвэрлэсэн.

6.3. Хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулгын инженерийн нэг орон тоотой болгосон тохиолдолд сонгон шалгаруулж авбал зохино гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй, хөдөлмөрийн дотоод журамдаа талууд энэ талаар тохиролцоонд хүрч тусгаагүй байхад шүүх анхаарч үзэхийн оронд сонгон шалгаруулаагүй гэж ажил олгогчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Б БЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын эрх мэдэлд хөндлөнгөөс оролцож ямар ч хууль, дүрмээр зохицуулаагүй асуудлаар шүүх ажил олгогчийг буруутгаж байгаа нь буруу болсон. Тийм учраас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Р.Э мэргэшсэн сертификаттай учраас авч үлдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэжээ. Ямар шалтгаанаас шүүх хүлээж аваагүйгээ нотлоогүй, түүгээр ч зогсохгүй туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах гол шаардлага болох “цахилгааны хэмжилзүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх” гэсэн гол мэргэшлийн шаардлагыг хангаагүй Ц.Бийг энэ ажилд эгүүлэн тогтоохоор шүүх шийдвэрлэсэн нь Р.Э-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ноцтой асуудал боллоо. Ц.Б нь цахилгааны хэмжилзүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх үндсэн шаардлагыг огт хангаагүй байхад энэ ажилд ажиллах ёстой гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.5. Маргаж байгаа хэмжүүрийн инженер Ц.Бажлын байрны тодорхойлолт, одоо ажиллаж байгаа Р.Э нарын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн гаргасан ажил мэргэжлийн харьцуулсан дүгнэлтийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Б БЭХС ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар гүйцэтгэх захирал сонголт хийнэ гэж заасныг шүүх сонгон шалгаруулалт хийнэ гэж гүйцэтгэх захирлын эрх мэдэлд халджээ. Сонгон гэдгийг гүйцэтгэх захирал анх мэргэжлийн бус хүнийг хэмжүүрийн техникчээр ажилд авсан нөхцөл байдал, ажилласан жил, дадлага туршлага, мэргэшил, хэмжүүрийн инженер Ц.Б, туршилт, тохируулгын инженер Р.Э нарын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн гаргасан “ажил мэргэжлийн харьцуулсан дүгнэлт зэргийг үндэслэн одоо нэгтгэсэн туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлтод нийт З0 ажил байгаагаас туршилт, тохируулгын инженерийн 26, хэмжүүрийн инженерийн ажил 4 заалт байгаа зэргийг харгалзан үзэж сонголт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. ИХШХШТХ-д хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаагаа заахаар хуульчилсан. Гэтэл сонголт хийнэ, сонгон шалгаруулалт гэсэн нэг агуулга бүхий заалтыг ажил олгогч хэрэглэсэн байхад сонгон шалгаруулалт хийгээгүй гэж шүүх нэхэмжлэгчийн байр сууринаас дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр буруу гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэл муутай байвал хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.

6.6. Б БЭСХ ТӨХК Ц.Б дансанд цалингийн зөрүү, тэтгэмжид 8,957,156 төгрөгийг 2023-08-15 өдөр шилжүүлсэн. Энэ мөнгийг нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагын дансанд шилжүүлээгүй нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаа бодит нотолгоо гэж үзэж байна. Үүнийг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй орхисон нь харамсалтай санагдаж байна. Тийм учраас Ц.Бнь дээрх 8,957,156 төгрөгийг хүлээж авахгүй талаараа мэдэгдээгүй, буцааж байгууллагын дансанд тушаагаагүй зэрэг нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч, тэтгэмж авах ёстой гэж ойлгож өнөөг хүртэл хэрэглэж байгаа нь бодит нөхцөл байдал болно.

Ийм учраас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргаж байна” гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг “Б БЭХС” ТӨХК-ийн “Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд “2023 оны 08 сарын 09-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлээс ямар ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад шүүхийн шийдвэрээр түүнийг “Б БЭХС” ТӨХК-ийн “Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын эрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэснээс харахад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх, үүрэг хамаарах асуудал байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бийг “Б БЭХС” ТӨХК-ийн Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл Ц.Б өмнө нь “Б БЭХС” ТӨХК-д туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаагүй байхад түүнийг “өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь өмнө “Б БЭХС" ТӨХК-ийн Техник бодлого зохицуулалтын албанд хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан байх ба “Б БЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлын байр байхгүй болсон байна.

“Б БЭХС” ТӨХК нь Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” хэлнэ гэсэнд хамаарах төрийн өмчит хуулийн этгээд байна.

“Б БЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй этгээд ба санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.2.43 дахь хэсэгт заасан зарцуулалтын эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг ажлын байранд 2 хүнийг ажиллуулах нөхцөл байдал үүсэж байгаа нь Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчихөд хүргэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1дэх хэсэгт “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй” гэж ажил олгогчийн эрхийг хуульчилж өгсөн байх ба хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага, шалгуурыг 2 ажилтнаас хэн нь илүү хангаж байна гэдэгт дүгнэлт хийж, Ц.Эийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна.

          Туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлыг Ц.Б хийж байгаагүй. Гэтэл тухайн ажлыг огт хийж байгаагүй хүнийг тухайн ажлын байранд  эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Ц.Б, Р.Э нарын ажлыг харьцуулж байгууллагаас дүгнэсэн дүгнэлтэд нийт 30 ажил байгаагаас 26 ажлыг туршилт тохируулгын инженер хийх ажил, 4 нь хэмжүүрийн инженерийн хийх ажил байдаг. Харьцуулаад үзэхэд бараг тавны нэг нь туршилт тохируулгын инженерийн хийх ажил байдаг юм. Туршилт тохируулгын инженер нь тусгай мэргэжлийн сертификаттай байх шаардлага тавигддаг, мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай байх ёстой. Энэ нөхцөл байдлуудыг шүүх бас анхаарч үзээгүйд гомдолтой байгаа.

          2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Ц.Б нь тус байгууллагад хэмжүүрийн инженерээр ажилласан байдаг, харин тохируулгын инженерээр ажиллаагүй. Тийм учраас огт ажиллаж байгаагүй хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосугай гэж шүүх шийдвэрлэсэн нь буруу болсон. Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаагүй хүнийг ажилд тогтоогоод зогсохгүй туршилт тохируулгын инженер, хэмжүүрийн инженер гэх 2 ажлаас хэмжүүрийн инженерийг хассан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр зөв бөгөөд орон тоогүй байхад орон тоо гаргаж ав гээд шүүхийн шийдвэрт бичсэн байгаа.

          Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6-д: техник бодлого зохицуулалтын орон тоо 10 байсныг 9 болгон нэгтгээд туршилт тохируулга, хэмжүүрийн инженер гэх орон тоог гаргасан гэж бичсэн. Шүүх нотлох баримтын үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байгаа. Р.Э-с ямар байдлаар давуу болохоо нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч дурдаагүй, анхан шатны шүүх хурал дээр ч дурдаагүй байдаг. Бидний давж заалдах гомдолтой танилцаад ч ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тийм учраас энэ асуудал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэмжүүрийн инженерийн орон тоонд сонгон шалгаруулалт хийгээгүй гэж шүүхээс ажил олгогчийг буруутгаж бичсэн байсан. Гэтэл сонгон шалгаруулалт гэж юу болох талаар Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд ч тусгайлан заагаагүй, зохицуулаагүй. Мөн талууд хоорондоо тохиролцоогүй ийм асуудал байхад шүүх зөвхөн ажил олгогчийг буруутгаж байгаа нь буруу юм.

Дадлага туршлага, ажилласан жил, анх ажилд орсон нөхцөл байдлуудыг харахад Ц.Б гэх мэргэжлийн бус хүнийг тусгай мэргэжил шаардлагатай энэ байгууллагад авч ажиллуулснаас эхлээд буруутаж ирсэн байдаг юм. Ажилтан өөрөө давуу талаа, илүү гэдгээ харуулж бид хоёрын хооронд сонгон шалгаруулалт явуулж өгөөч гэх саналаа нэг ч удаа тавиагүй байдаг. Үүнийг ажилтны зөв гэж үзэх боломжгүй, ажил олгогчийг сонгон шалгаруулалт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй. Р.Э нь мэргэшсэн сертификаттай учраас авч ажиллуулсан гэх тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 4 дүгээрт дүгнээгүй гэж үзсэн. Яагаад шүүх түүнийг дүгнэхгүй байгаа юм. Хэдэн оны, хэдэн сард сертификат авах нь хамаагүй, хамгийн гол нь мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдаад тухай байгууллагаас сертификат олгосон байгаа. Шүүх үүнийг нотлох баримтаар үнэлээгүй бол ямар шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд зөрчилтэй учраас үүнийг нотлох баримтаар үнэлээгүй гэсэн хууль зүйн үндэслэлийг хармаар байна.

Шүүгч өөрийн үзэмжээр дүгнэх, дүгнэхгүй гэдэг нь байж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль бус гарах гол нөхцөл болсон болов уу гэж үзэж байна. 5 дугаарт Ц.Б, Р.Э нарын ажлын байрны тодорхойлолтыг гаргасан мэргэжлийн байгууллага, мэргэжлийн комиссын дүгнэлт байгаа. Түүнийг хариуцагч өөрөө гарын үсэг зураад, тамгаа дараад ирүүлсэн. 30 ажлаас 26 ажлыг хэвээр үлдээж бусад орон тоог цөөрүүлсэн дүгнэлт зөв байсан. Үүнээс тохируулгын инженерийн ажил 26, хэмжүүрийн инженерийн ажил 4 байхад арай илүү ажилтай байгаа тохируулгын инженерийг л авч үлдэнэ шүү дээ. Ажилласан жилийн хугацаа, мэргэжил чадвар, туршлагын хувьд ч зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үндэслэл болгосон нотолгоонд хууль зүйн дагуу бодит үнэлгээ хийгээгүйгээр зогсохгүй ажил олгогчийг буруутгаж, нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь буруу болсон гэж үзэж байна.

Мөн Б ТӨХК Ц.Бөд 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний 8,957,156 төгрөгийг шилжүүлсэн. Өнөөдөр хүртэл тухайн цалингаа буцааж төлөөгүй байгаа нь 10 байсан орон тоог 9 болгосон, хамгийн цөөхөн жил ажилласан нь би бөгөөд анх мэргэжлийн бус байгаад нарийн мэргэжил шаардах ажилд орсон гэх энэ нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрөөд мөнгөө эргүүлж тушаагаагүй өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа байх гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь Ц.Б туршилт тохируулгын инженерийн ажлыг хийж байгаагүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж бичээгүй. Огт ажиллаж байгаагүй хүнийг эгүүлэн тогтооно гэж байж болохгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна.

1-рт, Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлдээ 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгоё гэсэн шаардлагыг гаргасан. Ямар ажилд эгүүлэн тогтоолгох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байна гэж харах үндэслэл байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг Б ТӨХК-ийн туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, түүнийгээ нотлох үүрэг нь зохигч буюу нэхэмжлэгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал байгаа.

2-рт, Анхан шатны шүүх Ц.Бийг урьд эрхэлж байсан Б ТӨХК-ийн Техник бодлого зохицуулалтын албаны туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэр гаргасан. Ц.Б Б ТӨХК-д туршилт тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаагүй байхад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин Ц.Б Б ТӨХК-ийн Техник бодлого зохицуулалтын албанд хэмжүүрийн инженерээр урьд нь ажиллаж байсан. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан орон тооны бүтцээс хэмжүүрийн инженер гэх ажлын байр хасагдсан байдаг. Тэгэхээр түүний урьд эрхэлж байсан ажил гэдэг байдлаар эгүүлэн тогтоож байгаа нь үндэслэлгүй болжээ. Тухайн компанийн гүйцэтгэх захирал нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх 1 ажлын байранд 2 хүн ажиллуулах шийдвэр гаргасан нь Төсвийн тухай хуулийг ажил олгогч зөрчих нөхцөл, эрсдэлийг бий болгож байна. Үүнийг шүүх анхаарах ёстой байсан.

Ажил олгогч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрийг гаргасан байна. Ажил олгогч энэ шийдвэрийг гаргахдаа тухайн туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага, шалгуурыг тухайн 2 ажилтнаас хэн нь илүү хангаж байгаа вэ гэдэгт дүгнэлт хийгээд Р.Эийг туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэх шийдвэрийг гаргасан байна. Үүнийг хууль бус шийдвэр гаргасан байна гэж буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1 дүгээр зүйлийн 1.1-т орон тоо хасагдсан гэдэг нь “тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан. Тэгэхээр хэмжүүрийн инженер гэх албан тушаалын ажлын байр байхгүй болчихсон. Энэ үндэслэлээр Ц.Б хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна.

3 дугаарт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаартай тогтоолд Техник бодлого зохицуулалтын алба, Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба гэх 2 алба байгаа. Техник бодлого зохицуулалтын алба нь нийтдээ 5 ажлын байртай. Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь 7 ажлын байртай, нийт 12 ажлын байртай байсан. Нэхэмжлэгч тал намайг бодлогоор ажлаас халаад, нэмээд хүмүүс авсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Техник бодлого зохицуулалтын хэлтэс болж, нийт 9 ажилтантай байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Үүнд туршилт тохируулга, хэмжүүрийн инженер 1 гэсэн байгаа. 2023 оны 02 дугаар сард байгууллагын бүтэц өөрчлөгдөөд туршилт тохируулга, хэмжүүрийн инженер гэдэг бүтэцтэй болоод ажлын байр нь үгүй болж байгаа гэдгийг ажилтны хувьд мэдчихсэн байсан хугацаа гэж харж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтны үндсэн үүргийг хуульчилсан бөгөөд 42.2.11-т зааснаар мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй байгаа. Ц.Б нь Р.Эийн адил ажлын байрны шаардлагыг хангах, мэргэших үүргээ өнөөдөр хүртэл яагаад хэрэгжүүлээгүй юм бэ? Хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж миний эрхийг зөрчлөө гэдэг байдлаар хандаад байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Өмнөх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

9. Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая гаргасан тайлбаруудыг сонслоо. Хариу тайлбар хэлэхэд хэмжүүрийн инженерийн хийдэг ажил, туршилт тохируулгын инженерийн хийдэг ажлыг харьцуулаад ярьж байх шиг байна. Ажил мэргэжлийн хувьд туршилт тохируулгын инженерийн албан тушаал бол хамгаалах хэрэгсэл буюу бээлий, гутал зэргийг шалгаж, туршилт тохируулга хийж, хугацаа тогтоодог ажил байгаа. Хэмжүүрийн инженер гэдэг бол мэргэжлийн хэллэгээр анхдагч хэлхээ гэж ярьдаг бөгөөд анхдагч хэлхээнээс аваад хоёрдогч хэлхээ хүртэл бүх ажлыг хийдэг, зүгээр нэг хүн хийдэг ажил биш шүү дээ. 10 хувийг хэмжүүрийн инженер хийдэг гэдэг нь өрөөсгөл дүгнэлт гэж бодож байна. Р.Э надаас олон жил ажилласан ажлын туршлагатай гээд ярьж байна. Тэрээр Хяргас суманд монтёрын албан тушаалыг 7, 8 жил хашаад, туршилт тохируулгын инженерээр сүүлд шилжиж ирсэн хүн юм. Р.Э миний доор ирээд миний монтёроор ажиллаж, миний шавь болж дагалдаж явж байгаад гэнэт туршилт тохируулгын инженер болсон. Ажил мэргэжлийн туршлагын хувьд олон жил ажилласан гэдэг бол өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Хэмжүүрийн инженерийн ажлыг Р.Э ойлгоход хэцүү, хийж үзээгүй, миний шавь гэж явж байгаад туршилт тохируулгын инженерээр 2021, 2022 онд ажиллаж эхэлсэн хүн байгаа. Тийм болохоор Р.Э миний ажлыг хийж чадах, надаас илүү туршлагатай гэдэгт би эргэлзэж байна. 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан гээд ярьж байна. Байгууллагын дотоод журмаараа халагдсан ажилтан болгонд олгодог тэтгэмж байгаа. Түүнийг буцааж шилжүүлэх, би авахгүй байна гэж санал гаргах боломжгүй. Үүнийг бас нөгөө талаас нь тайлбарлаад байх шиг байна. Намайг ажлаас гарахад 02 дугаар сарын 17-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан хэмжүүрийн инженер, туршилт тохируулгын инженерийг нэгтгэсэн гэх тогтоолыг надад огт танилцуулаагүй. Би шинэ баталсан албан тушаалын талаар ажлаас халагдах хүртэл танилцахыг хүссэн. Нэг ч удаа надад харуулаагүй, тайлбарлаагүй. Намайг ажлаас халахдаа ажил олгогч өөрөө надтай огт уулзаагүй. Тухайн тушаалыг 8 дугаар сарын 10-ны өдөр гаргачхаад өөрөө явчихсан байсан. Би одоо үргэлжлүүлж ажиллах сонирхолтой, өөр албан тушаалд намайг ажиллуулах боломж байсан. Нэг ч удаа тэгж хандаагүй” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан хэдэн зүйлийг тайлбарлая. Ажил мэргэжлийг харьцуулсан захирлын гаргасан дүгнэлтийг шүүх үнэлээгүй гэх ийм зүйлийг яриад байгаа. Гэтэл БТӨХК-ийн захирал П.Б гэдэг хүн хуулийн этгээдийн захирал гэдэг утгаараа тухайн хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй этгээд болохоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээчийн эрхийг эдэлдэг субъект биш, харьцуулсан дүгнэлтийг гаргах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна гэж үзэж байгаа юм. Ийм учраас тухайн харьцуулсан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж харж байгаа.

Мөн тухайн тушаалыг гаргахдаа Р.Эийг сонгон шалгаруулчихсан, энэ хүн олон жил ажилласан, илүү дадлага туршлагатай байсан, сертификаттай, Ц.Бөөс илүү болзол шаардлагыг хангасан гэдэг зүйлийг хариуцагч талаас яриад байгаа юм. Тэгвэл хэрэгт авагдсан баримт буюу Ц.Б болон Р.Э нар хэдэн жил тухайн байгууллагад ажилласан, ямар, ямар ажлыг хашиж байсныг харвал Ц.Б 2017 онд анх хэмжүүрийн инженерээр томилогдсон. Өөрөөр хэлбэл халагдах хүртлээ 6 жил гаруй хугацаанд хэмжүүрийн инженер буюу инженерээр ажилласан туршлагатай, тухайн мэргэжлээрээ мэргэшсэн хүн байгаа. Р.Э ажилласан цаг хугацаа, ажилласан жилийнхээ хувьд 2011 оноос хойш буюу Ц.Бөөс илүү хугацаанд ажилласан боловч 2011-2021 оны хооронд 10 жилийн хугацаанд Хяргас суманд ээлжийн монтёроор ажилласан. Тэгэхээр тухайн ажлын байранд хэн нь илүү мэргэшсэн, хэн нь илүү дадлагажсан, туршлагатай вэ гэдгийг харьцуулах ёстой болов уу. 2021 онд байгууллагын бүтцийг өөрчлөхөд туршилт тохируулгын инженерийн ажилд Р.Эийг томилсон бөгөөд Ц.Бийг халагдах хүртэл хугацаанд буюу 1 жил гаруй хугацаанд туршилт тохируулгын инженерээр ажилласан туршлагатай хүн байна. Мөн туршилт тохируулгын инженер болон хэмжүүрийн инженер хоёрын өдөр тутамдаа хийдэг ажлын чиг үүрэг нь юугаараа ялгаатай, хэн нь хэнийхээ ажлыг хийх боломжтой гэдгийг сая Ц.Б хэллээ. Туршилт тохируулгын инженер гэдэг бол гутал хувцас, хамгаалах хэрэгсэл, бүх зүйлсийн аюулгүй байдлыг шалгадаг, ажилчдыг ажилд гарахаас өмнө тэдгээрийг туршиж үздэг, аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг л хариуцдаг мэргэжил байгаа. Гэтэл хэмжүүрийн инженер гэдэг ажлын байрны онцлог нь тоолуурын аюулгүй байдал, мөн анхдагч холбоо хэлхээний аюулгүй байдлууд, тэнд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн зүйлсийг засах, тоолуурын хэмжилтүүдийг шалгаж дүгнэлт гаргадаг илүү нарийн мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг субъект байгаа. Тэгэхээр хэн нь туршлагатай вэ гэдгийг иймэрхүү нөхцөл байдлыг харьцуулж харах ёстой болов уу гэж харж байгаа. Р.Э нь Ц.Бөөс давуу, шинэчилсэн бүтцээр буюу туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны шаардлагыг илүү хангасан, сертификаттай буюу чадамжийн гэрчилгээгээр илүү байна гэж яриад байгаа. Чадамжийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний хооронд сургалтад хамрагдсанаар Р.Эт олгосон байдаг. Байгууллагын 2023 оны шинэ бүтцээр туршилт тохируулга, хэмжүүрийн инженер гэсэн ажлын байрны тодорхойлолтыг батлаад Р.Эийг сургалтад сууж эхлэх өдөр буюу 6 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын захиргаанаас түүнтэй ажлын байрны тодорхойлолтыг байгуулсан байгаа. Ц.Бөд 6 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах мэдэгдлийг өгдөг. Мэдэгдэл өгөхөөс 10 гаруй хоногийн өмнө шинэ ажлын байрны бүтэц нь тодорхой болоод дараагийн ажиллуулах хүнээ сонгоод ажлын байрны тодорхойлолтыг баталсан байгаа. Энэ баталсан тодорхойлолтын болзол шаардлагыг илүү хангасан, давуу болгож харагдуулахын тулд сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон. Энэ асуудал болохоос өмнө сургалтдаа хамрагдаад гэрчилгээгээ авчихсан байсан бол давуу байна гэж харах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл хэмжүүрийн инженерийн ажил дээр ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, ажлаас халах тухай мэдэгдэл өгөөгүй, ажлаас халагдана гэдгээ тухайн хүн мэдээгүй байхад аль хэдийн дараагийн ажиллах хүн нь тодорхой болчихсон, ажлын байрны тодорхойлолтыг батлаад, ажлын байрны шаардлагыг хангуулаад байгаа нь энэ байгууллага бүтцээ батлахаасаа өмнө Ц.Бийг халъя гэдэг санаа зорилготой байсан болов уу гэж харж байгаа.

Тэтгэмжийн 8,000,000 төгрөг авсан асуудлыг анхан шатны хурал дээр ч ярьж байсан. Ц.Бөөрөө хүсээд авсан асуудал биш. Энэ тэтгэмжийг авснаараа Ц.Б ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа ойлголт биш. Хөдөлмөрийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй. Энэ нь Ц.Б хүсэл зоригоос үл хамаараад ажил олгогч гаргасан шийдвэр бөгөөд шийдвэрийнхээ дагуу олгогдож байгаа мөнгө учраас авсан. Тэгэхээр илүү шаардлага хангачихсан, чадамжийн гэрчилгээтэй байгаа асуудал нь шаардлага хангасан болгож харагдуулахын тулд гэрчилгээ авсан болов уу гэх нөхцөл байдал харагдаж байна. Мөн тухайн байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, компанийн дүрэм зэргээс үзэхээр ажилчдыг мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах үүрэг ажил олгогчид олгогдсон байдаг. Ажил олгогч энэхүү үүргүүдээ биелүүлээгүй байна. Ц.Б нэхэмжлэл гаргахдаа ч хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас халъя, орон тоо чинь хасагдчихсан шүү гэдэг мэдээллийг 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн, 8 дугаар сарын 09-ний өдөр тушаал гарсан боловч энэ хүн хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд ирэх хүртлээ тухайн байгууллагын шинэчлэгдсэн бүтэц буюу 04 тоот тогтоолоор батлагдсан бүтцийг олж хараагүй, танилцъя гэдэг хүсэлтийг байгууллагын удирдлага болон хүний нөөцийн ажилтанд удаа дараа хэлсэн ч танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй. Харин 3 талт хороон дээр ирээд тухайн бүтцийг харсан гэдэг зүйлийг ярьдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсвэл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргийг ажил олгогч хүлээдэг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын батлаад байгаа шинэчилсэн бүтэц нь байгууллагын болон улсын нууцад хамаарах нууцын зэрэглэлтэй баримт биш. Ажил олгогч тухайн байгууллагадаа ажиллаж байгаа бүх хүнд танилцуулах үүргийг хүлээдэг. Тухайн байгууллагын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хамтын гэрээнд заасны байгууллагын бүтэц орон тоог өөрчилж байгаа тохиолдолд 1 сарын өмнө үйлдвэрчний эвлэл болон ажилчдын саналыг авна гэж заасан. Ажлаас чөлөөлөхдөө хүртэл нуугаад явж байх ёстой биш, гаргахаасаа өмнө нь ажилчдадаа бүтэц, өөрчлөлтийг хийх гэж байгаа гэдэг нөхцөл байдлыг урьдчилаад танилцуулаад, ажилчдаас, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас саналыг нь аваад тусгаад явах ёстой. Гэтэл эдгээр үүргүүдээ ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлээгүй нөхцөл байдал байна гэж харж байна.

2023 оны 04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан шинэ бүтцээр хэмжүүрийн инженер хийдэг ажлын байр нь нэршлийн хувьд ч, ажлын байрны чиг үүргийн хувьд ч байхгүй болоогүй бөгөөд туршилт тохируулга, хэмжүүрийн инженер гэсэн нэршилтэй болсон. Хэрэгт туршилт тохируулгын инженер болон хэмжүүрийн инженер, шинэчилсэн нөхцөлийн дагуу шинэчилсэн нэр томьёо буюу туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны 3 тодорхойлолт авагдсан. Тухайн ажлын байрны тодорхойлолтуудын чиг үүргийг нь багцлаад үзэхээр хэмжүүрийн инженерийн чиг үүрэг нь одоо туршилт хэмжүүрийн инженер гэсэн ажлын байранд орчихсон. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтцээс тухайн ажил, албан тушаал нь мэргэжлийн хувьд ч, гүйцэтгэх чиг үүргийн хувьд ч хасагдаагүй одоо ч гэсэн тухайн байгууллагын бүтцэд байна гэж харагдаж байгаа учраас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлөөд байгаа даргын гаргасан тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь “Б” ТӨХК-д холбогдуулан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “Техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдсан үндэслэлээр  намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас авснаас хойш мэдэж,  удаа дараа шинэ бүтэц орон тоотой танилцахаар хандаж байсан боловч танилцуулаагүй, сүүлд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны хурал дээр миний ажлын байр туршилт тохируулга, хэмжүүрийн инженер болж өөрчлөгдсөн талаар мэдсэн. Миний өмнө нь эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн зүйл байхгүй, орон тоо хасагдсан гэдэг нь үндэслэлгүй. Тухайн байгууллагын бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлын байр хасагдаагүй, харин туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрыг нэгтгэсэн гэж үзэж байна” гэж тайлбарласан байна.

           3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тус тогтоолд: Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь татан буугдаж техник бодлого зохицуулалтын хэлтэстэй нэгдэж батлагдаж ирсэн бөгөөд хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан. Шинэ бүтцээр хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдаж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн. Тус орон тоонд цахилгааны инженер мэргэжилтэй хүн байх ёстой учир туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Бийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Булгадар ургийн овогт Цгийн Бийг өмнө эрхэлж байсан “Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах журмаар гомдол гаргасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн маргааны үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.1. Хариуцагч Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус компанийн Реле хамгаалалт, туршилт тохируулгын албанд хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримтлан хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэв.

“Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь тус компанийн дүрмийн 7дугаар зүйлийн 7.3.4-т зааснаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хэмжээг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд, 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, албадыг хэлтсийн зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлж, шинээр захиргаа удирдлагын, техникийн бодлого зохицуулалтын, ашиглалт засварын, дотоод хяналтын, санхүү төлөвлөлтийн, шуурхай зохицуулалтын гэсэн 6 хэлтэс байгуулж, компанийн хуучин бүтцэд байсан Реле хамгаалалт, туршилт тохируулгын албыг татан буулгаж, тухайн албанд харьяалагдаж байсан зарим ажлын байрыг өөр нэгжид шилжүүлэх, мөн түүнчлэн компанийн зарим нэгжийн ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлэх, заримыг нэмэгдүүлэх зэргээр бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон,  

- өмнөх буюу Б ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 02 дугаар  тогтоолоор баталсан компанийн бүтцэд байсан Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь дарга 1, реле хамгаалалт, автоматикийн инженер 3, туршилт тохируулгын инженер 1, хэмжүүрийн инженер 1, РХА-ийн монтёр 1, нийт 7 орон тоотой,

- техникийн бодлого, зохицуулалтын алба нь дарга 1, горим тооцооны инженер 1, холбоо мэдээллийн инженер 1, сэргээгдэх эрчим хүчний инженер 1, эрчим хүчний хэмнэлтийн инженер 1, нийт 5 орон тоотой тус тус үйл ажиллагаа явуулж байсан, 

- шинэ бүтэц, зохион байгуулалтын нэгж болох Техникийн бодлого зохицуулалтын хэлтэс нь дарга 1, ахлах инженер 1, горим тооцооны инженер 1, холбоо мэдээллийн инженер 1, сэргээгдэх эрчим хүчний инженер 1, реле хамгаалалт, автоматикийн инженер 2, туршилт тохируулга, хэмжүүрийн инженер 1, нийт 9 орон тоотой байхаар батлагдсан  зэрэг үйл баримт тус тус хэрэгт авагдсан “Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2дугаар тогтоол, хавсралт, 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоол, хавсралт /1-р хх-ийн 31-42-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

6.2. Нэхэмжлэгч Ц.Б нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 02дугаар тогтоолоор баталсан компанийн зохион байгуулалтын бүтцэд байсан Реле хамгаалалт, туршилт тохируулгын албанд хэмжүүрийн инженерийн ажлын байранд ажиллаж байсан ба компанийн шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтаар түүний ажиллаж байсан алба, ажлын байр нь компанийн бүтэц, орон тооноос хасагдсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. 

           6.3. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр цуцлах эрхтэй бөгөөд Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажлын байргүй болсон ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл, шаардлагын дагуу Реле хамгаалалт, туршилт тохируулгын албанд хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Бийг ажлын байр хасагдсан үндэслэлээр 2023 оны 08 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасантай нийцсэн байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Бтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 06 сарын 26-ны өдөр бичгээр мэдэгдэл гардуулсан нь 1-р хавтаст хэргийн 28, 29-р талд авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх ба ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтанд урьдчилан мэдэгдэх журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Бийг ажлын байр хасагдсан үндэслэлээр хэмжүүрийн инженерийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.               

7. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан: “Хэмжүүрийн инженерийн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тухайн байгууллагын бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлын байр хасагдаагүй, харин туршилт тохируулгын инженер болон хэмжүүрийн инженерийн ажлын байрыг нэгтгэсэн гэж үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр тогтоолоор баталсан шинэ бүтцээр хэмжүүрийн инженерийн хийдэг ажил үүрэг хэвээр байгаа, нэршлийн хувьд туршилт тохируулга, хэмжүүрийн инженер болсон. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтцээс тухайн ажил, албан тушаал нь мэргэжлийн хувьд ч, гүйцэтгэх чиг үүргийн хувьд ч хасагдаагүй, одоо ч гэсэн тухайн байгууллагын бүтцэд байна гэж харж байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 4дүгээр “ Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор компанийн Техникийн бодлого зохицуулалтын хэлтэст туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байр 1 орон тоотой байхаар баталсан байна.

Нэхэмжлэгч Ц.Б ажиллаж байсан хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-94-р тал/-оос үзвэл, ажлын байр нь: хэмжүүр тоолуурын хэлхээ, тэдгээрийн баланс, тоолуур хэмжүүрийн найдвартай ажиллагааг хангах, шинэчлэх зорилготой, 

- компани, салбаруудын технологийн процессын цахилгаан хэмжүүр, хэмжих хэрэгслүүд, хэмжүүрийн трансформаторуудын найдвартай ажиллагаа хариуцах, насжилт, шинэчлэлтийн судалгааг байнга судлах, хэмжүүрийн трансформаторуудад холбогдох норм стандартын дагуу хэмжилт, алдааг хэмжих, мөнгөн тооцооны болон балансын тоолууруудын судалгааг нарийвчлан гаргаж, баталгаат хугацаа дууссан бол яаралтай солих үндсэн чиг үүрэгтэй байжээ.

Харин шинэ бүтцээр бий болсон туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байр нь: “Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн харьяа  салбар дэд станцуудын тоноглолуудын хөндийрүүлэлт, хэт хүчдэл, аянга хамгаалалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах,

- системийн шугам сүлжээ, тоноглолын найдвартай ажиллагааг бүрэн хангаж, графикт туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийж, кабель шугам тоноглолуудыг бэлтгэлд бэлэн байлгах, 

компани, салбаруудын технологийн процессын цахилгаан хэмжүүр, хэмжих хэрэгслүүд, хэмжүүрийн трансформаторуудын найдвартай ажиллагааг хангах зорилгын хүрээнд,

           - бүх тоноглолуудын өндөр хүчдэлийн туршилт, техникийн бичиг баримтын хөтлөлтийг норм журмын дагуу хийж гүйцэтгэх, шаардлагатай багаж хэрэгсэл, туршилтын лабораторийг ямагт бэлэн байлгах, системийн харьяа дэд станцуудын тоног төхөөрөмжүүдэд хяналт тавьж, туршилтын судалгаа гаргах,

           - өндөр хүчдэл, хөндийрүүлэлт, аянга хамгаалалттай холбогдсон техникийн бодлого боловсруулж, техникийн шинэчлэл хийх зорилт, чиг үүрэгтэй байхаар ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 99-101-р тал/-ыг баталжээ.

Дээрх ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд, компанийн шинэ бүтцэд орсон туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны зорилго, зорилт өргөжиж, хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөн байх тул компанийн шинэ бүтцэд хэмжүүрийн инженерийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэх  үндэслэлгүй байна.

           8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, түүнчлэн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б“Б эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                              Н.МӨНХЖАРГАЛ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.АЛТАН