Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 5095

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2016/05095

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХКнэхэмжлэлтэй, 

       

    Хариуцагч: Б.Б холбогдох

 

   18,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ гэрээт харилцагчаараа дамжуулан борлуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг. 2015 оны 11 дүгээр сард 228 тоот бөөний павилон эзэмшигч Б.******* нь манай компанийн гэрээт харилцагч болох Нарантуулын бөөний борлуулалт өргөтгөлийн хэсэг дэх 16 дугаар павилоны худалдагч н.*******гаас 8,877,940 төгрөгийн бараа, 54 тоот павилоны худалдагч н.*******гаас 5,000,000 төгрөг, нийт 13,877,940 төгрөгийн барааг дараа тооцоо хийхээр хэлэлцэн тохирч хүлээн авсан байдаг. Дээрх төлбөр тооцоог дуусгахаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн дагуу хэлэлцэн тохирч 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай, үүрэг нэмэгдүүлсэн гэрээ хийсэн. Б.*******тай 2015 оны 12 дугаар сарын 29-нд өр төлбөрөө барагдуулах бололцоотой юу гэхэд 01 дүгээр сарын 05-нд төлөх боломжтой гэсэн боловч барагдуулаагүй болно. Үүнээс хойш 150,000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийсэн болон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар 30 хувийн хүү тооцохоор тохирсон.

Иймд Б.*******гаас үндсэн төлбөр 13,877,940 төгрөг, хугацаа олгож үүрэг нэмэгдүүлсэн гэрээний үүрэг 522,060 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн үүрэг 30 хувийн торгууль 4,320,000 төгрөг, нийт 18,720,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 30 хувийн торгууль 4,320,000 төгрөгөөс 1,320,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 3,000,000 төгрөг болгож, нэхэмжлэлийн нийт шаардлага 17,400,000 төгрөг болгов гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие “*******” ХХК-ийн борлуулагч н.*******, н.******* нараас бараа авч худалдан борлуулж байсан нь үнэн болно. Нийт 13,877,940 төгрөгийн өртэй яваа нь үнэн. Н.*******, н.******* нарт өгсөн мөнгөн тоогоо санахгүй байна. Миний ажил 12 дугаар сараас эхлэн доголдож компанийн тооцоог хийж чадаагүй явсаар өдийг хүрсэн. Нарантуул захын павилоноо хүнд түрээслүүлэн түрээсээ төлж байгаа, баярын дараа зарж өрөө барагдуулах болно гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн төлбөр 13,877,940 төгрөг, хугацаа олгож үүрэг нэмэгдүүлсэн гэрээний үүрэг 522,060 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн үүрэг 30 хувийн торгууль 4,320,000 төгрөг, нийт 18,720,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд 30 хувийн торгуулиас 1,320,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 17,400,000 төгрөг болгосон болно.

 

Хариуцагч Б.******* нь 2015 оны 11 дүгээр сард “*******” ХХК-ийн борлуулагч нараас 13,877,940 төгрөгийн бараа зээлээр худалдан авч, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 200,000 төгрөг төлсөн, энэхүү хугацаанаас хойш 2 удаа 150,000 төгрөгөөр нийт 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, одоо үндсэн үлдэгдэл нь 13,377,940 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Өр төлбөр барагдуулах батлах тохиролцоо” гэсэн баримт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатай, энэхүү журмыг зөрчсөн бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан тооцох үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, зөвхөн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг хүлээх юм.

 

Харин хариуцагч Б.*******тай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Өр төлбөр барагдуулах батлах тохиролцоо”-г “*******” ХХК-ийн хуулийн албаны хуульч байгуулж, уг хэлцлийнхээ дагуу хугацаа олгож үүрэг нэмэгдүүлсэн гэрээний үүрэг 522,060 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн үүрэг 30 хувийн торгууль 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус зааснаар дээрх хэлцлийг Б.*******тай байгуулах эрхийг эрх бүхий этгээдээс хуулийн албаны хуульчид олгож, хэлцэл байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн үүрэг 30 хувийн торгууль тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дээр дурьдсанчилан зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй тул худалдагч хүү авах эрхээ алдсан байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Б.*******гаас барааны үлдэгдэл төлбөр 13,377,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.*******д 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болох шүүх хуралдааны товыг түүний 88960173 дугаарын утсаар 6 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, тэрээр 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирж шүүхийн мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зуржээ.

 

Ийнхүү хариуцагч Б.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд дээр гаргасантай адилтгаж үзэн, хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас барааны үлдэгдэл төлбөр 13,377,940 /арван гурван сая гурван зуун далан долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,022,060 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 224,839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ