Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 224/МА2024/00021

 

Г.Бийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн

С.Х.З.Х-т холбогдох иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00087 дугаар шийдвэртэй,

Г.Бийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн С.Х.З.Х-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн С.Х.З.Х-ийн дарга Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн С.Х.З.Х-ийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай .

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2020 онд Хөдөө аж ахуйн их сургууль төгсөөд 2021 оноос одоог хүртэл С.Х.З.Х-т ажиллаж байсан.

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/33 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас халагдах болсон шалтгаан нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хилээр орж ирсэн 50 тонн гурилын дээжээс суранимын гурилч цох гэх манай улсад байдаггүй маш хортой шавж илэрсэн бөгөөд энэ талаар эрхлэгч Д.Уд хэлж лимс программд шинжээч Б.Нээр шивүүлсэн. 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн давтан дээжид шинжээч Б.Н шинжилгээ хийж, гадаад хорио цээртэй шавж илэрсэн ч шинжилгээний хариуг өөрчлүүлж илрээгүй болгож шинжилгээний хариуг өөрчилж гаргасан байсан. Эхний өдөр ирсэн дээж нь бор өнгөтэй, дараагийн өдөр давтангаар авч ирсэн дээж нь цагаан өнгөтэй байсан. Шинжилгээний хариу солигдсон талаар хариуг батлаагүй бөгөөд тухайн дээжний шинжилгээний хариу өөрчлөгдсөн гэж хэлтсийн дарга Г.У болон Хүнс хөдөө аж ахуйн газрын таримал ургамал үр хорио цээрийн хяналтын улсын байцаагч Х.От мэдэгдсэн. Дахин дээж авч ирэхэд гурил нь цагаан өнгөтэй байсан, шинжилгээ хийхэд илрээгүй. Илэрсэн гурилын дээжийг аж ахуйн нэгж нь дээж сольж гэрээсээ авч ирсэн талаар хэлсэн. Шавжтай гурил байгаа эсэхийг асуухад хогны сав руу хор хөнөөлтэй шавж гэхээр нь хаячихсан тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь тэр гурилыг хогийн савнаас авч ирж шинжилгээ хийхэд шавж илэрсэн ба хариу нь шавж илэрснээр шивэгдсэн.

Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн орон нутаг хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхийг хүссэн боловч лабораторийн эрхлэгч тэгэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Хэлтсийн даргаас дээш нь мэдэгдэх талаар асуухад энэ асуудлыг томруулах хэрэг байхгүй, хилээс орж ирсэн дээжнээс биш гэрээсээ авч ирсэн гурилнаас илэрсэн нь батлагдсан  гэж хэлсэн. Иймд миний бие тухайн гурилыг шавжтайг нь Х.О байцаагчид хүргэн өгч Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжилгээнд явуулж өгөхийг хүссэн. Энэ үеэр ахлах мэргэжилтэн Х.Л, эрхлэгч Д.У нар нь хориотой дээж зөвшөөрөлгүй авч гарсан ашиг сонирхлын зөрчил гаргасан гээд дээжийг авч явсан. Ажил дээр яваад очиход лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хориотой, хадгалагдсан дээжийн үлдэгдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс хулгайн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халагдсан тушаал өгсөн. Миний бие нь хүнсний аюулгүй байдлын төлөө шавжтай 1.5-2.0 кг гурилыг давтан шинжилгээнд явуулж үнэн бодит шинжилгээний үр дүнг хүссэн миний бие үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдэж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Г.Уын татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус хэлтсийн лабораторийн дээж хадгалах өрөөнөөс хадгалагдаж байсан гурилын дээж болон суранимын гурилч цох (гадаад хорио цээртэй Монгол улсад байхгүй хор хөнөөлтэй шавж)-ны аюулыг мэдсээр байж санаатайгаар, үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнөөс нууцаар дүрэм журам  зөрчиж, нотлох баримтыг устгах ноцтой гэм буруутай үйлдэл гаргасан тул уг үйлдлийг таслан зогсоож Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь заалтыг удирдлага болгон сахилгын шийтгэл ногдуулж, Б/33 тоот тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Тухайн лаборатори нь хортой болон аюултай бодисын ангилалд хамаарах 234 нэр төрлийн химийн бодис ашигладаг бөгөөд лабораторийн хувьд тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис ашигладаг онцгой объект, лабораторийн орчноос гарч буй дээж нь лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэй, бүртгэл хяналттай, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох ёстой гэдгийг Г.Б нь мэдсээр байж санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэм буруутай. Иймд энэ нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00087 дугаар шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийг Увс аймгийн С.Х.З.Х-ийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Г.У давж заалдсан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний 152/ШШ2024/00087 дугаар бүхий шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Иргэн Г.Б нь С.Х.З.Х-ийн даргын 2023 оны А/142 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтын 1.4, 3 дугаар зорилтын 3.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, мөн  Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны А/210 дугаар тушаал, ХАБУЛЛ-ийн ерөнхий захирлын 2023 оны А/44 дугаар хамтарсан тушаалаар баталсан менежментийн тогтолцооны журмын Дээжтэй харьцах журмын 5.2.6, 5.2.7 дахь заасан шинжилгээний явцад дээж хадгалах журмуудыг тус тус  зөрчиж, эерэг дээжийг шавжийн хамт байгууллагаас зөвшөөрөлгүйгээр нууцаар хулгайлан гарсан тул сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад нийцэж байгаа төдийгүй нотлох баримтыг санаатай устгасан нь жижүүрийн камерын бичлэг, хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан шинжээч Б.Н нарын мэдээллээр нотлогдож байна.

Иймээс лабораторийн орчноос гарч буй дээж нь лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэй, бүртгэл хяналттай, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох ёстой гэдгийг Г.Б нь мэдсээр байж санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэм буруутай. Мөн шүүх хуралд нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч хэн хэн нь оролцоогүй нь ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйл буюу мэтгэлцэх зарчим хангаагүй хэтэрхий нэг л барьсан шийдвэр гарсан байна гэж үзэж байна.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх дутуу үнэлж, шийдвэр гаргасан. Тухайлбал, хариуцагчаас гаргаж ирүүлсэн албан тушаалын тодорхойлолт, шинжилгээний үр дүнг тайлагнах, мэдээлэх журам, шинжилгээний дүн гэх мэт баримтууд болон  хулгай хийсэн гэх 1 ширхэг СD-г нотлох баримтаар үнэлээгүй. Эдгээр нотлох баримтуудад Г.Бийг хууль бусаар лабораториос эерэг дээж авч гарч буй дүрс бичлэг, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зөрчсөн зөрчил бүгд тодорхой байгаа ба шүүхийн шийдвэр нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.21-ний 152/ШШ2024/00087 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрэн үнэлүүлэн, мэтгэлцэх зарчим хангуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.

7. Хариуцагч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гарсан талаар гомдол гаргасан байгаа.

Г.Бийн албан тушаалын тодорхойлолтын 1.4 дэх хэсэгт заасан “Шинжилгээний дээжийн үлдэгдлийг зохих журмын дагуу хадгалах, холбогдох бүртгэлийн маягтад тэмдэглэн устгуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Үүнийг хэрэгжүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг 123.1-т зааснаар зөрчил гэж үзэхээр тодорхой заасан. Сахилгын зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар сахилгын шийтгэл ноогдуулна гэж хуульчилсан. Үүний дагуу би Г.Бийг ажлаас чөлөөлсөн.

Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч Г.Б оролцоогүй. Миний хувьд би иргэний үнэмлэхээ орхисон тул авч ирэхээр яваад шүүх хуралд 1-2 минут хоцорсон, орж чадаагүй. Тэр миний буруу, гэхдээ мэтгэлцэх зарчим алдагдсан. Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь байгаагүй, зөвхөн Г.Бийн өмгөөлөгч гэх Д.Дамдинсүрэн ганцаараа хуралд оролцсон байдаг. Тийм учраас шүүх хурал бүхэлдээ мэтгэлцэх зарчим алдагдсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан.

Миний бие нэхэмжлэгчид яагаад сахилгын шийтгэл ногдуулсан бэ гэдэг үндэслэлээ нотлохоор эд зүйл аваад гарч буй дүрс бичлэг CD-г шүүхэд авч ирж өгсөн байхад нэг ч зүйлийг нотлох баримтын түвшинд үнэлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т: Г.Б гэдэг хүнийг ямар үндэслэлээр шүүх буцааж томилох шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоосноо тодорхой тайлбарлаагүй байна.

Хэнд ч мэдэгдэхгүйгээр байгууллагаас нэг ширхэг ч зүйлийг авч гарах ёсгүй ба уг дээжийг авч гарч байгаа нь санаатай үйлдэл. Үүнийг би хулгай гэж үзэж байгаа.

Төрийн албан хаагч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэх ёстой ба нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            8. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хил дээрээс ирсэн гурилаас 10 сарын 28-ны өдөр шинжилгээ хийхэд дээжээс суранимын гурилч цох илэрсэн юм. Намайг 10 дугаар сарын 30-ны өдөр ажил дээр ирэхэд шинжилгээний хариуг өөрчлөөд, суранимын гурилч цох илрээгүй болгоод, хил дээр ирсэн ачаа нь дотогш ороод ирчихсэн байсан. Шинжилгээний хариу гарсан өдрийг нь харахад 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр гаргасан байсан. 10 дугаар сарын 29-ний өдөр камазтай, ачаатай 50 тонн гурил нь Монгол Улсын хилээр ороод ирчихсэн байсан юм.

Ийм асуудал болсон байсан болохоор би эрхлэгч Д.Уд хандаж, “10 дугаар сарын 28-ны өдрийн гурилын дээжээс шинжилгээгээр гадаад хорио цээртэй, хор хөнөөлтэй шавж илэрсэн талаар байгууллагын дарга, хэлтсийн дарга нарт хэлье, хариуцсан байцаагчид нь хандъя, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид мэдэгдье” гэхэд эрхлэгч Д.У “би мэдэж байна, эерэг дээж болгоныг хэлтсийн даргад хэлэх шаардлагагүй” гэж хэлээд тоогоогүй. 10 дугаар сарын 29-ний өдөр өөр цагаан өнгөтэй гурилын дээж авч ирж давтан шинжилгээ хийгээд хариуг нь сөрөг буюу шавж илрээгүй болгож гаргасан байсан. Мөн эрхлэгч Д.У 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гурилын дээжид хийсэн шинжилгээний хариуг батлаагүй, хэвлэж гаргаагүй байхад тухайн өдөр гаалийн байцаагч Б гэх хүнтэй утсаар ярьж, ирүүлсэн дээжээс хортой дээж илрээгүй гэж хэлсэн бөгөөд үүний дагуу улсын хил дээр ирсэн байсан 50 тонн гурил нь Монгол Улсын хилээр орж ирсэн.

Шинжилгээний хариуг баталгаажуулаагүй байхдаа шинжилгээний талаар хэн нэгэнд мэдэгдэх, утсаар ярих зэргээр мэдээлэл гаргахыг хориглодог журамтай. Би 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирээд шинжилгээний хариу өөрчлөгдсөнийг мэдээд хэлтсийн даргад хэлсэн. Би хэлтсийн даргад мэдэгдчихээд улсын байцаагч Х.Отай уулзахаар аймгийн ХАА-н газарт очсон. Эрхлэгч Д.У нь суранимын гурилч цох илэрсэн гурилыг дур мэдэн өөр гурилаар сольж шинжлээд, шинжээч Б.Нээр шавж илэрснийг илрээгүй болгож, шинжилгээний хариуг солиулсан байсан. Бид нар хүнсний аюулгүй байдлын төлөө ажилладаг болохоос илэрсэн зүйлийг илрээгүй болгож, өөр ямар нэгэн хариугаар солих ёсгүй. Бид шударгаар ажиллана гэж гарын үсэг зурчхаад шинжилгээ хийдэг тул ийм зөрчил гаргах ёсгүй. Шинжилгээтэй холбоотой энэ асуудлыг би хэлсэн учраас ажлаасаа халагдсан ” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Болсон үйлд явдлыг ярихад, 2023 оны 10 дугаар сарын 28 буюу хагас сайн өдөр 11 цагийн орчим улсын хил дээр ОХУ-аас камазтай гурил ирсэн байна. Хандгайтын гаалиас шинжлүүлэх дээжийг Улаангом уруу машинд тавиад явуулбал өдрийн 12 цаг өнгөрнө. Гэтэл тухайн өдрийн 12 цаг өнгөрөөгүй байхад гурилын дээж Улаангомд ирээд лабораторид шинжилгээ хийсэн юм шиг харагддаг, гэтэл энэ нь хилээр орж ирсэн гурилын дээж биш, өөр гурилын дээжийг тус лабораторид авчирсан байсан. Уг дээжээс гурилын хортой цох шавж илэрсэн байна. Г.Бийг нэг дэх өдөр ажилдаа ирэхэд 28-ны өдөр гурилд хийсэн шинжилгээний эерэг хариу нь сөрөг болж өөрчлөгдсөн байсан.

Энэ талаар  байгууллагын дарга нартаа хэлсэн боловч  хүлээн зөвшөөрөөгүй, гурил нэгэнт ороод ирчихсэн, дотоодоосоо илэрсэн учраас бид нар дотооддоо шийдье гэсэн. Иймд энэ хүн дараачийнхаа шатанд хандсан. Ийм л үйл баримт болсон.

Энэ гурилаас илэрсэн шавж нь Г.Бийн буруутай үйлдлээр лаборатороос гадагшаа гарсан гэхээсээ илүү урьд нь Улаангомд уг гурил нь борлуулагдаад тархчихсан байсан.

Хариуцагч мэтгэлцэх зарчим алдагдсан гэж ярьж байна. Шүүхийн шийдвэрт ирцийн талаар тодорхой бичсэн. Г.Бт шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд “би Сагил сумын хилийн застав дээр байна, хүүхэд маань төрөөд 1 сар хүрээгүй байна, тийм учраас би шүүх хуралд оролцож чадахгүй, өмгөөлөгч оролцоно” гэж хариу хэлсэн байсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх учраас би энэ шүүх хуралд хуулийн дагуу оролцсон. Харин хариуцагч тал шүүх хуралдаанд цагтаа ирээгүй. ИХШХШТХ-д нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж болно гээд тодорхой заачихсан байгаа. Ийм учраас шүүх хуралдаан үргэлжилсэн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүх шийдвэртээ нотлох баримтыг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийсэн байгаа. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн албан тушаалын тодорхойлолт, шинжилгээний үр дүнг тайлагнах, мэдээлэх журам, шинжилгээний дүн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримт байсан бөгөөд хэргийн оролцогч өөрөө нотлох баримтынхаа шаардлагыг хангаж ирүүлэх үүрэгтэй. Г.Бийг хулгай хийсэн талаар тусгагдсан гэх нэг ширхэг СD бичлэгийг хэн, ямар арга хэрэгслээр бэхжүүлсэн нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар Г.Бийг хулгай хийснийг шалгаад эцэслээд шийдсэн зүйл байхгүй. Харин С.Х.З.Х-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг бусдад давуу байдал үүсгэсэн гэдэг утгаар Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч Г.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00087 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Г.Б нь Увс аймгийн С.Х.З.Х-ийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан.

3. Хариуцагч Г.У нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус хэлтсийн лабораторийн дээж хадгалах өрөөнд хадгалагдаж байсан гурилын дээж болон суранимын гурилч цохны аюулыг мэдсээр байж санаатайгаар, нууцаар зохих дүрэм, журмыг зөрчиж, нотлох баримтыг устгах гэм буруутай үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн лаборатори нь хортой болон аюултай бодисын ангилалд хамаарах 234 нэр төрлийн химийн бодис ашигладаг, тэсэрч дэлбэрэх аюултай онцгой объект хадгалагддаг тул тухайн лабораториас гарч буй дээж нь лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэй, бүртгэл хяналттай гардаг ба Г.Б нь үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох ёстой гэдгийг мэдсээр байж санаатайгаар энэ үйлдлийг хийсэн” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгч Г.Бийг Увс аймгийн С.Х.З.Х-ийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв. 

5.1. Хариуцагч Увс аймгийн С.Х.З.Х-ийн дарга Г.У 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар тус хэлтсийн ургамал хорио цээрийн шинжээчээр ажиллаж байсан Г.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 8.1.7, Стандарт хэмжил зүйн газрын 2023 оны А/210 тоот Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн даргын 2023 оны А/44 тоот хамтарсан тушаалын “Дээжтэй харьцах журам”-ын 5.2.6, “Үр дүнг тайлагнах журам”-ын 5.5.6, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны Х/142 тоот тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4 дэх заалт, Стандарт хэмжил зүйн салбарын дотоод журмын 11.2.5, 11.3.5 дахь заалтуудыг тус тус баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

           5.2. Нэхэмжлэгч Г.Б нь ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсанаар, уг хороо 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр маргааныг хэлэлцэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт ажилтныг хулгай хийж ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл заасан тул уг үндэслэлийг хороо хянах боломжгүй, тушаалд заасан үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

          Нэхэмжлэгч Г.Б нь Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн аваад, шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

6. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.5-т тус тус нэрлэн заасан байна.

Хэрэгт, нэхэмжлэгч Г.Бийг Увс аймгийн С.Х.З.Х-ийн ургамал хорио цээрийн шинжээчээр ажиллаж байхад нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар “лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр, хориотой, хадгалсан дээжийн үлдэгдлийг хулгайлж, ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

         Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн /халсан/ тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, түүнчлэн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд уг эрх зүйн акт буюу тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-т: ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

 Хуулийн дээрх зохицуулалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэрэг этгээд хамаарахаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан байна.

Ажил олгогч нь ажилтан Г.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг баримтлан ажилтныг буруутгасан байх боловч нэхэмжлэгч нь энэ зүйл, хэсэгт заасан зөрчил үйлдсэн талаар болон тухайн байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцах, эд хөрөнгийн хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-т заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

7. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ Стандарт хэмжил зүйн салбарын дотоод журмын 11.2.5, 11.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба хавтаст хэргийн 83-90-р талд авагдсан, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.2.5-т: Газрыг төлөөлөх эрх бүхий этгээд Газраас албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр өөрийн хувийн байр суурийг илэрхийлэх, эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл өгөх, тараах, мөн журмын 11.3.5-т: Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ.

Хэргийн үйл баримтаар, нэхэмжлэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын хилээр импортоор орж ирсэн 50 тонн гурилаас ирүүлсэн дээжид тус лабораторт шинжилгээ хийж,  уг дээжээс хортой шавж илэрсэнтэй холбоотой, уг шинжилгээний дээж буюу гурилыг байгууллагын холбогдох албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр авч гарч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын таримал ургамал, үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Х.Ойнбаяртай уулзсан үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгчийн энэхүү үйлдлийг хулгайлах зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоосон, нотолсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

           8. Хариуцагч Г.У анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “Г.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт болон холбогдох дээжтэй харьцах журмын заалтуудыг зөрчиж, эерэг дээжийг шавжийн хамт байгууллагаас зөвшөөрөлгүйгээр нууцаар хулгайлан гарсан үйлдэл нь нотлогдсон тул сахилгын зөрчилд тооцож, уг арга хэмжээ авсныг шүүх авч хэлэлцээгүй шийдвэр гаргасан. Мөн шүүх хуралд зохигчдыг оролцуулаагүй нь мэтгэлцэх зарчим хангаагүй, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан болох нь ойлгомжгүй байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нотлох баримтаа бүрэн үнэлүүлэх, мэтгэлцэх зарчим хангуулж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч ажилтан хэзээ, ямар зөрчил гаргасан гэдгийг нотолж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, зөрчлийн талаар тайлбар авч, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, эсхүл зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл тус тус ногдуулна. 

 Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Г.Бийн үйлдсэн гэх зөрчлийг шалгах, нотлох ажиллагаа явуулаагүй, түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй байх тул ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа урьдчилан мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр зохицуулалт нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд юуг тооцох болон сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлон заасан ерөнхий зохицуулалт тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Мөн хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд: “нэхэмжлэгч нь дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүй, байгууллагаас шинжлүүлэхээр ирүүлсэн гурилын дээжийг хулгай хийж авч гарсан тул уг үйлдлийг нотлуулахаар эд зүйл авч гарч буй дүрс бичлэг буюу CD-г шүүхэд авч ирж өгсөн байхад нотлох баримтын түвшинд үнэлээгүй” гэх тайлбарыг гаргаж, дүрс бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан бөгөөд тухайн дүрс бичлэгийг ямар эх сурвалжаас хэн, хэзээ, хэрхэн бэхжүүлсэн болох нь тодорхойгүй байх тул хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т: “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж, мөн зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул өөрийн сонгож авсан өмгөөлөгчийг оролцуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, хариуцагч Г.У нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдлын талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул шүүх хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг явуулсан нь зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, тэдний мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

            9. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

          10. Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Уын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн С.Х.З.Х-ийн дарга Г.Уын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

            

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Л.АЛТАН

 

                                                   ШҮҮГЧ                                                             Н.МӨНХЖАРГАЛ