Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 224/МА2024/00022

 

Ж.Лын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00150 дугаар шийдвэртэй,

Ц.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лын нэхэмжлэлтэй, “Ц.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лын нэхэмжлэлийн шаардлага: Ц.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгох.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Цэвээний Ц.С 1963 онд төрсөн, 61 настай. 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гагнуурчны курс төгсөж, анх Увс аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Ц.С 1981 оны 06 сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Нефть баазад гагнуурчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгээд 1984 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оныг дуустал аймгийн Барилга угсралтын трестэд засварчин, слесариар ажилласан байна. Барилга угсралтын трестэд ажиллаж байгаад 1987 оноос хойш 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн аймгийн нефть баазад гагнуурчнаар тасралтгүй ажилласан байна. Ц.С 60 нас хүрсэн, тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд баримт бичиг дутуугаас тэтгэвэртээ орж чадахгүй хохирч байна.

Ц.Сы ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдээгүй байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, мөн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул шүүхэд хандахыг Нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөсөн юм. Иймд Ц.Сг 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазад гагнуурчнаар, мөн баазад 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засварчин, слесариар, 1987 оны 01 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн аймгийн Нефть баазад гагнуурчнаар тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү. Ц.С биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж байнгын эмчилгээтэй, Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие томилогдсон юм” гэжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00150 дугаар шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Мээрэн овогт Цэвээний Ц.Сгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, Увс аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу Увс аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, Увс аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л давж заалдсан гомдолдоо: “...Ц.Сгийн ажилласан жилийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ц.С нь Увс аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, мөн 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оныг дуустал аймгийн Барилга угсралтын трестэд засварчин, слесариар ажилласан байна. Дээрх хугацааны буюу Увс аймгийн Нефть баазад ажилласан үеийн цалингийн баримт нь аймгийн архивын газраас олдохгүй байгаа. Гэвч тухайн үед Нефть баазад хамт ажиллаж байсан Б.А гэрчээр мэдүүлэг өгсөн ба тэрээр мэдүүлэгтээ: Би 1979 онд цэргээс халагдаж ирээд 9-р баазад засварчнаар анх ажилд ороход Ц.С нефть баазад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн ба тэр 1984 онд цэргээс ирээд мөн тус баазад гагнуурчнаар ажилласан” гэж мэдүүлсэн байхад шүүхээс уг хугацааг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00150 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.Сгийн1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С 1979 онд курс төгсчхөөд цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирээд ажилд томилогдсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн боловч архиваас цалингийн тодорхойлолт олдохгүй, ажилласан хугацаанаас нь нэг жил дутаад байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа юм. Социализмын үед ямар ч хүнийг ажлын байраар хангадаг байсан. Тэгэхээр Ц.С цэргээс халагдаж ирээд гагнуурчнаар ажиллаж байсан гэж үзэж байгаа. Түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа, цэргээс халагдаж ирээд гагнуурчнаар ажилд томилсон тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Сгийн хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт хавсаргаад өгчихсөн байгаа. Тухайн дэвтэрт ажилд томилсон тушаал бичигдсэн. Харин 1 жилийн хугацааны цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа. 1 жилийн хугацааны цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийг үндэслэж ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтэй байна гэв.           

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лын давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00150 дугаар шийдвэртэй иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь “Ц.Сгийн ажиллаж байсан байдал” тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

           3. Анхан шатны шүүх Ц.Сгийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

           3.1. Шүүхээс нэхэмжлэгч Ц.Сгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, Увс аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дараах үйл баримтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.С нь Увс аймаг дахь Барилга угсралтын трестэд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто слесарьчнаар томилогдож, 1986 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэн ажилласан нь тус трестийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 9-р тал/, тухайн үед цалин хөлс авч байсан талаарх Увс аймгийн Засаг даргын Тамгын Газрын Архивын тасгийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 678 дугаар цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт/ хх-ийн 10, 11-р тал/, гэрч Т.Зоригтхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

           мөн тэрээр үргэлжлүүлэн Увс аймгийн Нефть бааз буюу Увс аймаг дахь Нефть хангамжийн газарт  1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар ажилласан болох нь Увс аймгийн Засаг даргын Тамгын Газрын Архивын тасгийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 34 дүгээр цалингийн тодорхойлолт, Нефть баазын ажилчдын цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 14-19-р тал/, Нефть баазын захиргаа, ҮЭ-ийн хорооноос Ц.Сд 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Диплом /хх-ийн 13-р тал/, Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар “Ажиллагсад чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Аийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

           3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу түүний Увс аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, Увс аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц.С нь 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гагнуурчны курс төгсөж, Увс аймгийн Нефть баазад анх гагнуурчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Нефть баазад гагнуурчнаар томилогдон 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Түүний хөдөлмөрийн дэвтэрт Нефть баазад ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн байгаа” гэж тайлбарласан байх боловч энэхүү тайлбарыг нотолсон өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичилт хийгдсэн гэх үндэслэлээр шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй  болжээ.

           Хэрэгт, Цэвээн Ц.С нэртэй, Тээврийн яамны Увс аймгийн Нефть бааз гэх тамга бүхий, эхний нүүр хуудсанд 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэх бичилттэй, хавтсан дээрээ 1983 он гэсэн бичиглэлтэй, 3-8-р талд бичилт хийгдсэн  хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 25-р тал/ авагдсан байх ба уг дэвтэрт: Увс аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс гагнуурчнаар авч ажиллуулав, цэргийн албанд явах болсон тул 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гагнуурчны ажлаас чөлөөлөв, цэргийн алба хааж ирсэн тул Нефть баазад гагнуурчнаар 1984 оны 6 дугаар сарын 27-ний өдөр авч ажиллуулав, 1994 оны 11 сарын 28-ны өдөр гагнуурчны ажлаас чөлөөлж, НИК-Тос ББХК-ийн мэдэлд шилжүүлэв гэх бичилтүүд тус тус хийгдэж, Тээврийн яамны Увс аймаг дахь Нефть бааз гэх тамга дарагдсан байх боловч уг хөдөлмөрийн дэвтэр нь нэхэмжлэгч Ц.Сг Увс аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн гэх цаг хугацаанаас хойш буюу 1983 онд хэвлэгдсэн байх тул нэхэмжлэгчийн ажилласан байдлыг нотолж тодорхойлсон баримт гэж үнэлэх боломжгүй байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.

           4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: Ц.Сгийн Увс аймгийн Нефть баазад ажилласан үеийн цалингийн баримт нь аймгийн архивын газраас олдохгүй байгаа. Гэвч тухайн үед Нефть баазад хамт ажиллаж байсан Б.Алтансүх гэрчээр мэдүүлэг өгсөн ба тэрээр мэдүүлэгтээ: Би 1979 онд цэргээс халагдаж ирээд 9-р баазад засварчнаар анх ажилд ороход Ц.С нефть баазад гагнуурчнаар ажиллаж байсан, тэр 1984 онд цэргээс ирээд мөн тус баазад гагнуурчнаар ажилласан” гэж мэдүүлсэн байхад шүүхээс уг хугацааг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

           Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Б.А, Т.З нарыг гэрчээр асуусан байх ба Б.А нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1979 оны 7 дугаар сараас 1990 оны 7 дугаар сар хүртэл засварчин, жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 1-ээс 1994 оны хооронд Увс аймгийн Нефть баазын харъяа Шатахуун тээврийн баазад жолоочоор ажилласан талаар бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ нотариатчаар гэрчлүүлсэн/, мөн шатахуун тээврийн бааз хувьчлагдаж, тус баазын албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, НИК-ийн Тээвэр ББХК-д шилжүүлсэн тухай Увс аймаг дахь Шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 11 сарын 30-ны өдрийн 105 дугаар “Ажил өөрчлөх тухай” тушаал, 

           - мөн Т.З нь Увс аймгийн Тээврийг Удирдах газарт 1979-1983 оны хооронд засварчин, жолоочоор, аймгийн Барилга Угсралтын трестэд 1983-1994 оны хооронд сантехникч, жолоочоор тус тус ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/ тус тус хэрэгт авагдсан байна.

           Ц.Сгийн Увс аймгийн Нефть бааз болон Барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдлын талаарх тэдний мэдүүлэг хэрэгт хамаарал бүхий байх боловч  зарим цаг хугацаанд тэд хамт ажиллаж байгаагүй, тухайлбал Б.А нь 1990 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Увс аймгийн Нефть баазын харъяа Шатахуун тээврийн баазад 1994 оныг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж, түүнээс өмнөх хугацаанд Тээврийг удирдах газарт ажиллаж байсан байх ба нэхэмжлэгчийн ажилласан байдлаа тогтоолгохыг хүсэж буй 1979-1985 оны хоорондох хугацаанд Б.А нь Нефть баазад ажиллаж байсан тухай нотлох баримт авагдаагүй байх тул түүний “Ц.С нь 1979 оноос эхлэн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж байсан” гэх дан ганц мэдүүлэгт үндэслэж, нэхэмжлэгчийг 1979 оноос эхлэн гагнуурчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй болно.

           Нэхэмжлэгч Ц.С Увс аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

        .  5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.   

           6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Л.АЛТАН