Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2024/00023

 

М.Уын нэхэмжлэлтэй, Увс аймаг

 Х ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00172 дугаар шийдвэртэй,

М.Уын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг Х ХХК-д холбогдох, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, хариуцагч Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Уын нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

           2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Х ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалаар ажлын байр хасагдан шалтгаанаар ажлаас халагдсан. Намайг ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д Бүтэц орон тооны цомхотгол, ажлын байр, татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын алба, хэлтэс татан буугдсан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал дур мэдэн бүтэц өөрчилж, захиргаа, хүний нөөцийн албыг захиргаа, санхүүгийн алба болгоод дотоод харилцааны ажилтан гэдэг орон тоог тухайн албанд оруулсан. Дотоод харилцааны ажилтан эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гээд намайг эрх зүйч мэргэжилтэй учраас энэ ажлын байранд тэнцэхгүй гэдэг үндэслэлээр халсан. Намайг ажлаас халагдахаас 5 өдрийн өмнө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар “Ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх” тухай тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслээд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Увс болон Ховд аймгийн Х ХХК-ийн ажилтнуудын цалингийн жишгийг баталсан байдаг. Энэ цалингийн жишиг дээр шинээр бий болсон дотоод хяналтын ажилтных нь орон тоо байхгүй, харин хүний нөөцийн ажилтны цалинг баталсан байгаа. Тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж байсаар байтал намайг ажлын байр хасагдсан гэх шалтгаанаар халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Өмнөх бүтэц дээр миний ажиллаж байсан орон тоог хүний нөөцийн ажилтан гэж баталсан боловч намайг Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилж,  компанийн хүний нөөцийн ажлыг хийлгэж байсан. Ер нь бол хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн ажилтан 2 нэг утгатай ажлын байр, ажлын байрны тодорхойлолтууд надад эх хувиараа байгаа. Би хүний нөөцийн ажил хийж байсан нь ажлын байрны тодорхойлолтоор батлагдаж байгаа. Бүтэц, орон тоо баталсан тушаалаар миний ажлын байр болох хүний нөөцийн ажилтны албан тушаалын нэршлийг дотоод харилцааны ажилтан гэж баталсан. Би өмнө нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж гаргахдаа дотоод харилцааны ажилтны ажлын байранд дүйцүүлэн томилж өгөхийг хүссэн боловч одоо хүний нөөцийн ажилтны ажлын байранд томилж өгөхийг хүсэж байна. Тухайн үед Г.З дарга надад монтёр байцаагчийн ажлыг санал болгосон нь аюулгүй ажиллагаа болон миний эрх зүйн орчинг дордуулж байна гэж үзэж татгалзсан. Би бага насны буюу 8 нас, 4 нас, 1 нас 3 сартай хүүхдүүдтэй, мөн өвлийн цагаар халагдсандаа гомдолтой байна.

 Иймд Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зын татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай .

           4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Миний бие нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манай компанийн хувьд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компанийн бүтэцтэй ажилладаг. М.У нь тус компанид захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Х ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан шинэ бүтцийн дагуу Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсантай холбоотой тухайн албаны даргын ажлын байр хасагдсан.

            Гэтэл М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна. Түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй болно. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлагдсан бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг мөрдөх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч нь цалингийн жишиг баталсан тушаал дээр хүний нөөцийн ажилтан гэж батлагдсан байгаа талаар ярьж байна. Тухайн тушаалаар Ховд, Дөргөн, Увс аймгийн Х ХХК буюу 3 охин компанийн цалингийн жишгийг хамтад нь баталсан.

            Тэгэхээр Ховд, Дөргөний цахилгаан түгээх сүлжээд хүний нөөцийн ажилтан байгаа учраас тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж тусгагдсан. Тус компанийн хүний нөөцийн алба яагаад татан буугдсан бэ гэхээр ХХХК-ийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрийн осол огт гараагүй байсан.

            Гэтэл 2023 оны 4 дүгээр сард үйлдвэрийн осол гарч, нэг хүний нүүр  түлэгдсэн. Энэ асуудал яамны хэмжээнд яригдаж нэлээн том асуудал болсон. Тийм учраас Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн бүтцийг өөрчлөн Хүний нөөцийн албыг татан буулгаж Аюулгүй ажиллагааны алба байх шаардлагатай гэж үзэн тус албыг шинээр байгуулсан.

            М.Уд ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлөх талаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Хуульд мэдэгдлийг өгөөд 30 хоног хүлээх шаардлага тавьсан байсан боловч 60 хоног хүлээсэн. Би бүх боломжуудыг хэлсэн, М.У хүлээн аваагүй. Иймд дээрх үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00172 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Уын хариуцагч Увс аймгийн Х ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн ажилтны ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч М.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00172 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

6.1. Шүүхийн шийдвэрт: “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 тоот дугаартай Х ХХК-ийн бүтэц баталсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэжээ. “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал компанийн бүтэц өөрчлөх, алба нэгжийг татан буулгах эрхгүй. ТУЗ-ын тогтоолын хүрээнд ажиллах ёстой гэж үзэж байна. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн шийдвэр байна.

6.2. “ББЭХС” ТӨХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/80 дугаартай бүтцэд байхгүй орон тоонд ажиллаж байсан гэжээ. Энэ нь мөн үндэслэлгүй юм. Мөн л тухайн үеийн ТУЗ-ын тогтоолоор батлагдсан бүтэц орон тооны хүрээнд тухайн үеийн удирдлагаас, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гарган ажиллуулж байсан тул шүүхээс үүнийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

6.3. Анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд миний гомдлыг үнэн зөвөөр хянаж, “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 тоот болон ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалыг хүчингүйд тооцож, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч М.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б дур мэдэн ТУЗ-ийн тогтоолыг зөрчиж, бие дааж байгууллагын бүтэц, орон тоог зохион байгуулах эрхгүй субъект гэж үзэж байгаа.

“ББЭХС” ТӨХК-ийн захирал П.Б нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зтай үгсэн хуйвалдаж зөвхөн надад зориулсан бүтэц орон тоо баталсан. Надаас өөр бүтэц орон тооны цомхотголд орсон хүн байдаггүй. “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь босоо удирдлагатай бөгөөд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компанид тооцогддог.

Харин “ББЭХС” ТӨХК нь тус компанийн ТУЗ-ийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн бүтэц, төсвийг батлах эрх бүхий субъект байдаг. Мөн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь төрийн өмчийн компанийн статустай ажилладаг бөгөөд компанийн 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг, нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 66,925,112 ширхэг хувьцааг эздийн өмч болгон эзэмшүүлж, дээд удирдлага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна, хувь нийлүүлэгчдийн хурлаас томилсон Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажиллана гэсэн дүрмийн хүрээнд ажилладаг.

Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, орон тоог баталсан тогтоолыг зөрчиж хувийн үзэмжээр нэг талыг барьж шийдвэр гаргасан, нэг намын хүмүүс болохыг хэлмээр байна. Би хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажилд орсон. Намайг орсны дараа захирал өрөөндөө дуудаад “би өөрийнхөө баг бүрэлдэхүүнийг авч ажиллана” гэж хэлээд түүнээс хойш тасралтгүй намайг дарамталж байгаад эцэстээ бүтэц өөрчилж, ажлаас халсан.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг ганцаараа эдэлж, хууль зүйн үндэслэлгүй бүтэц орон тоо баталсан тушаалыг гаргаж намайг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээр миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад дур мэдэн шийдвэр гаргасан. Аливаа харилцаа хуулиас гадуур явагдахгүй, нийгмийн ямар нэгэн харилцааг хуулиар зохицуулдаг. Манай байгууллагын дүрэмд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон байдаг. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхээс өөрт хамааралтайг хэлэхэд компанийн бүтэц зохион байгуулалт, төсвийг батална гэж заасан байдаг. Энэ бол Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хуулийн хүрээнд гарсан байх ёстой шүү дээ. Миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байгаа. Надад ажлын байр санал болгож, 60 хоног хүлээсэн гэж ярьж байна. Намайг байнга дарамталж байсан учраас би салбарынхаа сайдад хандах гэхэд зөвлөхөөр яриулаад намжсан байсан юм. Тэгээд 60 хоног өнгөрөөд Төлөөлөн удирдах зөвлөлөөс цалин батлагдаад ирэхэд урд өдөр нь намайг халсан шийдвэр гаргасан байсан. Компанийн бүтцэд аюулгүй ажиллагааны салбар нэгж нэмэх нь намайг ажлаас халахтай ямар холбоотой болохыг би ойлгохгүй байгаа. Ховд аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д аюулгүй ажиллагааны алба байхгүй бөгөөд намайг ажлаас гарчихсан байхад хуулийн зөвлөх нь надтай ярьж “удахгүй аюулгүй ажиллагааны салбар нэгжийг нэмэх гэж байгаа” гээд зөвлөлдөж байсан. Сая хариуцагч болон өмгөөлөгч нар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилладаг гэдгийг хэллээ. Гэтэл 3 охин компанитай байж нэгнийх нь орон тоог хасаж, бусад компанийн орон тоо хэвээр хадгалагдаад байгаа нь ямар учиртай юм бэ. “Х” ХХК нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хажууд ойр байрладаг учраас манай компанийн хүний нөөцийн асуудлыг “ББЭХС ХХК” хариуцаж үйл ажиллагаа явуулна гээд байгаа нь хуульд нийцэхгүй тайлбар гэж харж байна. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 74 хүнтэй өөрсдийнхөө ажил үүргийг гүйцэтгэх ядаж байж, 106 хүнтэй ЦТС компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна гэдэг нь боломжгүй юм. 100 гаруй ажилтантай байгууллагын хүний нөөцийн албыг татан буулгачхаад аюулгүй ажиллагааг бий болгож байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

8. Хариуцагч Г.З давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг 2023 оны 7дугаар сард ажилд томилогдоход Хүний нөөцийн алба, борлуулалтын алба, техникийн алба гээд 4 албатай байсан. 20 23 оны 4 дүгээр сард үйлдвэрийн осол гарчихсан байсан. Үүнтэй холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас бүтцийн өөрчлөлт хийсэн. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь дотроо Дөргөний усны цахилгаан станц, Ховд аймгийн “Х” ХХК, Увс аймгийн “ЦХ” ХХК гэх 3 охин компанитай.

Ховд болон Дөргөний усны цахилгаан станцад хүний нөөц, захиргаа удирдлагын хэлтэс байгаа, Увс аймгийн хувьд хүний нөөцийн албыг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК өөртөө төвлөрүүлэн ажиллахаар болсон. Эдгээр 2 байгууллага хоорондоо 10-20 метрийн зайтай байрлаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хүний нөөцийн албыг яагаад татан буулгасан учир нь үйлдвэрийн ослоор хүн түлэгдсэн учраас аюулгүй ажиллагааны алба нэн чухал шаардлагатай байна гэх үндэслэлээр татан буулгаж аюулгүй ажиллагааны алба шинээр бий болсон. Аюулгүй ажиллагааны алба гэж 5 хүний орон тоотой. Үүний дагуу ажилчдын дунд хурал зохион байгуулж тухайн шийдвэрийг танилцуулж, дараа нь би М.Уыг дуудаж “бүтэц орон тоогоор чиний орон тоо хасагдсан байна, чамд ажлын байр санал болгоё” гэж хэлээд 30 хоногийн хуулийн хугацаанд хүлээсэн боловч хариу өгөөгүй. Түүний дараа ажлын байр санал болгосон албан бичгийг албажуулж өгсөн бөгөөд нялх хүүхэдтэй хүн учраас бүтэц орон тоог хасахад болохгүй байна” гээд дахин 30 хоног, нийт 60 хоног хүлээсэн. Нэгэнт би хуульд нийцүүлж арга хэмжээ авах ёстой учраас Хөдөлмөрийн хуулийн дагуу биелүүлсэн. Одоо манай байгууллагад хүний нөөцийн алба гэх орон тоо байхгүй тул энд тавьсан саналыг зөвшөөрөхгүй байдалтай байгаа.

М.У хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2023 оны 3 дугаар сард миний өмнөх захиралд ажилд орох өргөдлөө  2, 3 удаа өгсөн юм байна лээ. Тэгээд ажилд нь эгүүлэн авахгүй болохоор Ундрал шүүхэд хандсан юм байна лээ. Намайг ажилд орсны дараа 2023 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэр манай байгууллагад ирсэн. Би тус шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 9 дүгээр сард М.Уыг ажилд нь эгүүлэн томилсон.

Тус компанийн хувьд, 10 жилийн хугацаанд үйлдвэрийн осол огт гараагүй байсан бөгөөд энэ онд үйлдвэрийн ослын улмаас хүн түлэгдсэн. Хөдөлмөрийн хуульд зааснаар 100-аас дээш ажилтантай байгууллага аюулгүй ажиллагааны албатай байх ёстой байдаг боловч хэрэгжихгүй явж ирсэн. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд заавал алба бий болгох шаардлага гарсан. Одоохондоо хүний нөөцийн албыг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК хариуцаж ажиллахаар болсон. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь толгой компани, манайх охин нь компани шүү дээ. Толгой компанид хүний нөөцийн ажилтан, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга гэх 2 орон тоо байгаа. Ажлын байр нь ойрхон байгаа тул танай хүний нөөцийг толгой компани хариуцна, та нар аюулгүй ажиллагаагаа сайжруул, дахиж осол гарахгүй байхад анхаар гэсэн чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөл болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас өгсөн тул өөрчлөлт хийсэн.

Би Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирал бүтэц, орон тоо баталсан тушаал гаргаад намайг хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн тул хэрэгжүүлсэн .

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь толгой компани, манайх охин компани. Бараг нэг компани шүү дээ, нийтдээ 600 ажилтантай”  гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч М.У нь гомдлоо Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай гаргасан байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь,  Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоол болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаал байхгүй болсон. Бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо хасагдсан тохиолдолд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд М.Уыг Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалд томилж, цалин өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Ажил олгогчийн зүгээс боломжит ажлын байр санал болгоход М.У өмнөх ажилдаа эгүүлэн тогтоолгоно, нэршил өөрчлөгдсөн ч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэх байр суурьтай байсан. Нэгэнт байхгүй болсон ажлын байранд хүн томилох боломжгүй учраас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах субъект учраас ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Хүний нөөцийн алба татан буугдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

2 дугаарт, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нь үндэслэлгүй. Мөн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 172 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэгч М.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00172 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

           2. Нэхэмжлэгч М.У нь анх нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Х ХХК-д” холбогдуулан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан,

- шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 3 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өмнө эрхэлж байсан хүний нөөцийн албаны даргын ажлын байртай адил чанарын ажлын байр болох компанийн шинэ бүтцээр бий болсон “дотоод харилцааны ажилтан”-ы ажлын байранд тогтоолгох  тухай гэж өөрчилсөн,

- харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр нэхэмжлэлийн шаардлагаа: 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, компанийн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчлөн тодорхойлж, энэхүү шаардлагаа дэмжиж тайлбараа гаргасан байна. 

           3. Хариуцагч Г.З нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...М.Уын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал компанийн бүтцээс хасагдсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Би Увс аймгийн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлагдсан бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг мөрдөх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.   

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, түүнчлэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.  

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч М.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           5.1. Хариуцагч Увс аймаг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр тушаалаар тус компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан М.Уыг бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

            5.2. М.У нь ажил олгогчийн Б/159 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.             

           5.3. Хариуцагч буюу ажил олгогч нь компанийн орон тоо, бүтцэд өөрчлөлт орсон үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэв. 

           Хөдөлмөрийн тухай хуулийн Аравдугаар бүлэг /135-146 дугаар зүйл/-т: Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тусгайлан зохицуулж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т: Энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

           Нэхэмжлэгч М.У нь 2022 оны 9 сарын 13-ны өдөр хүү Эг төрүүлсэн, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед түүний хүүхэд 1 нас 2 сартай байсан нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 11-р тал, нотариатчаар гэрчлүүлсэн/-ний хуулбар баримтаар нотлогдсон байна.

           Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “ажлын байр хасагдсан” үндэслэлээр М.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд ажил олгогчийн энэхүү  шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан хориглолтыг зөрчсөн, тодруулбал, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна. Ажлын байр хасагдсан гэх үндэслэл нь хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан ...аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан...гэх үндэслэлд хамаарахгүй болно.

           Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны, тэр дундаа нийгмийн тодорхой бүлгийн асуудлыг тусгайлан зааж, тэрхүү бүлгийн нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг нь энгийн ажилтнаас ялгаатай буюу илүү давуу эрх олгох, хөнгөлөлт үзүүлэх зэрэг хэлбэрээр эдлүүлэхээр зохицуулсан,

           түүнчлэн энэ агуулгаар, хуульд заасны дагуу зарим бүлгийн ажилтанд үзүүлэх хамгаалалтын зарим арга хэмжээ, дэмжлэг зэргийг бусдаас давуу байдал тогтоосон, ялгаварласан гэж үзэхгүй талаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-д зохицуулснаараа энэхүү бүлэгт хамаарах ажилтны хөдөлмөрлөх эрхийн баталгааг илүү баталгаажуулж, хамгаалсан байна.

           Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн эрхийн харилцаанд оролцохдоо хуулийн дээрх агуулга, зарчмыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч Увс аймаг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З нь компанийн шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Уыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасныг зөрчсөн нь нотлогдсон тул хариуцагч Увс аймаг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

           6. Нөгөөтэйгүүр, хэргийн үйл баримтаар, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, Увс Х ХХК 115 орон тоотой байхаар тогтоосон,

           - уг тогтоолын 3 дахь заалтаар : батлагдсан орон тоонд багтаан Увс Х ХХК, Ховд Х компани,  Дөргөний усан цахилгаан станц ХХК-уудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж ажиллахыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Бд даалгасан,

           - “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар  тушаалаар “Увс Х ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа өмнөх бүтцэд байсан Захиргаа, хүний нөөцийн алба /12 орон тоо/ болон Санхүүгийн алба /7 орон тоо/-ыг нэгтгэж, шинээр Захиргаа, Санхүүгийн албыг 17 орон тоотой, уг албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч 1 байхаар тус тус баталсан нь тогтоогдсон байна.

           Хариуцагч нь шүүхэд “ Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Х” ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан шинэ бүтцийн дагуу тус компанийн Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсантай холбоотой тухайн албаны даргын ажлын байр хасагдсан.

            Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Би Увс аймгийн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлагдсан бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг мөрдөх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ажилтны эрх, ашиг сонирхол, хуулиар олгосон баталгааг хөндөхгүйгээр, хуульд нийцүүлсэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

           Түүнчлэн, нэхэмжлэгч нь адил чанарын ажлын байранд, тухайлбал компанийн бүтцэд шинээр бий болсон дотоод харилцааны ажилтны ажлын байранд томилж ажиллуулахыг хүссэн өргөдөл гаргасан байх ба хариуцагч талаас нэхэмжлэгч М.Уд өөр ажлын байр буюу монтёр байцаагчийн ажлын байр санал болгосон тухай баримт бичиг /хх-ийн 59-р тал/ хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагчийн санал болгосон монтёр байцаагчийн ажлын байр нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан, тус компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байртай адил чанарын ажлын байр гэж үзэх боломжгүй буюу адилтгах нөхцөлгүй байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

           7. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Увс аймаг “Х”  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

           8. Нэхэмжлэгч М.Уын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж, буцаан олгох үндэслэлтэй байна.   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,

  ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймаг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Уыг Увс аймаг “Х” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай гэж,

- шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймаг “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Уын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                                              Д.КӨБЕШ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.АЛТАН