Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 224/МА2024/00024

 

М.Бийн нэхэмжлэлтэй,

О.Жд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00213 дугаар шийдвэртэй,

М.Бийн нэхэмжлэлтэй, О.Жд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, хариуцагч О.Жгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 23,292,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч О.Ж /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

           1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь нөхөр О.Жтай 2011 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хамт амьдарч эхэлсэн. 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Ж.Ч нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдээс эхлэн нөхөр, хадмын дарамт, шахалт эхэлсэн. Тун удалгүй нөхрийн ааш авир эрс өөрчлөгдөж, гэр орондоо байхаас илүү байхгүй нь их байдалтай амьдарсаар өдийг хүрсэн, Амьдарч байх хугацаандаа үргэлж хэрүүл маргаантай, зарим үед гар хүрч зоддог байсан. Намайг үргэлж хараандаа байлгаж, цаг тутамд хянаж, цагддаг. Нөхөр цалин мөнгөө гэр бүлдээ зарцуулдаггүй байсаар ирсэн. Миний хувьд нэгэнт эхлүүлсэн амьдралаа нураахгүйг хичээж, өдийг хүртэл амьдарсан. Үүнтэй зэрэгцэн хадмууд гэр бүлийн амьдралд оролцсон хэвээр, сүүлдээ 2020 оноос эхлэн гэр орон булаалцалдаж, намайг хурдан салж нутаг руугаа зайлахыг хүлээж, нөхөр ч ялгаагүй тэдэнтэй нэг тал болж, байж суухын аргагүй байдалд ортол дарамталсан.

           Гэтэл О.Ж нь 2013-2023 он хүртэлх хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаатай байсныгаа үгүйсгэж явсаар 2022 онд бүх үнэнээ ил болгосон. Үүний дараагаар намайг байж суухын аргагүй байдалд ортол дарамталж, асуудал улам хүндэрч 2023 оны 2 дугаар сард төрсөн нутагтаа 2 хүүхэдтэйгээ зугтааж ирсэн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай аймагт ирж намайг Хөвсгөл аймагт дахин очиж амьдрахыг хүсэж зодож дарамталсан. Намайг зодсон үйлдэлдээ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  шүүхийн шийтгэврээр баривчилгаанд орсон. Би үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна ” гэжээ.

2. Хариуцагч О.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь М.Бтай 2011 оноос хойш Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хамт амьдарч эхэлсэн. 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэл хамт амьдарсан. М.Б бид хоёрын дундаас 2012 оны 05 дугаар сарын 14-нд охин Ж.С, 2021 оны 10 дугаар 07-д хүү Ж.Ч нар төрсөн. Хамтын амьдралын 12 жилийн хугацаанд манай төрөл садан, ах дүү нар манай гэр бүлийн амьдралд оролцдоггүй, оролцуулахыг ч хүсдэггүй байсан. Мөн бид хоёр айлын хашаанд анх гэрт амьдарч байснаа дараа нь өөрийн хашаа байшинтай болж түндээ амьдарч байгаад 2021 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 49 мкв хэмжээтэй 2 өрөө шинэ байранд орсон.

Уг байрыг худалдаж авахдаа, амьдарч байсан хашаа байшингаа борлуулж, мөн би сар бүр цалингаасаа 1,000,000 төгрөг хуримтлуулж байж худалдаж авч байсан юм. Миний бие цалингийн 70-80%-ийг хашаа байшин, байрны урьдчилгаа болон хүнсэнд зарцуулдаг байсан бол эхнэр М.Б харин өөртөө, 2 хүүхдийн хадгаламж болон машины зээлд зарцуулдаг байсан. Машинаа надад хэрэглүүлдэггүй байсан. Энэ бүх хугацаанд хашаа байшин болон байрны урьдчилгаанд эхнэр нэг ч төгрөг оруулаагүй болно. 2023 оны 2-р сард эхнэр бид хоёр маргалдаж эхнэр 2 хүүхдээ авч Увс аймаг руу явж, тэндээ 3-р сургуулийн Х.О захиралд намайг араас ирнэ гэж худлаа хэлж ажилд орсон байсан. Хожим захирал нь надад хэлсэн. 2023 оны 8-р сарын 18-нд эхнэр Хөвсгөлд ирж, 4-үүлээ хамт амьдаръя хэмээн амлалт өгсөн. Үүнд би итгэн шинэ байраа 100,000,000 төгрөгөөр зарж, үүнээс 28,000,000 төгрөгийг өөрийн 5845317397 дугаартай данс руу авч үүгээрээ байрныхаа үлдэгдэл зээлийг дарсан. Харин үлдсэн 72,000,000 төгрөгийг эхнэр М.Бийн 5800580278 дугаартай данс руу хийлгэсэн. Мөн гэрийн бүх тавилгыг том тэргээр ачин Увс аймаг руу авч явсан. Ингээд би Увс аймгийн 6 дугаар сургуульд Мэдээллийн технологийн багшаар 10 гаруй хоног түр ажилласан. Гэтэл энэ хугацаанд эхнэрийн үнэнч бус байдлаас шалтгаалж 2023 оны 9-р сарын 23-нд бид хоёр маргалдан миний нүүр маажсан тул зөрүүлж нэг гараараа цохисон. Гэтэл М.Б өөрийгөө зодуулсан гэж цагдаад дуудлага өгөн намайг зөрчлийн хуулиар 15 хоног баривчилсан. Энэ бүх шалтгаанаас болж би одоо Хөвсгөл аймагт тусдаа амьдарч байгаа бөгөөд Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуульд багшилж байна. Хэдийгээр 2 хүүхдээ бодоод гэрлэлтээ хэвээр нь авч үлдэхийг хүсэж байгаа боловч М.Б бид хоёр цаашид нэг гэрт амьдрах ямар ч бололцоогүй, ойлголцолд хүрэх нөхцөлгүй байгаа тул би М.Бийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, бага хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин том охиноо өөрийн асрамжид авч, ээжээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна” гэжээ.

3. Хариуцагч О.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эхнэр М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж худал бичсэн байна. Бид хоёр 12 жилийн хугацаанд хамт амьдрахдаа хамтын хөдөлмөр, мөнгөн хуримтлалын үр шимээр тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй болсон. Бид хоёр анх гэр бүл болохдоо айлын хашаанд миний эцэг эхийн худалдаж авч өгсөн гэрт амьдарч эхэлсэн. Ингээд 2015 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-23-28 тоотод байрлалтай хашааг худалдаж авч байшин барьж амьдарч байгаад, 2021 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 324 дүгээр байрны 2-р орцны 53 тоотод байрлалтай 49.35 м.кв хэмжээтэй 2 өрөө шинэ байрыг худалдаж авсан. Анх уг байрыг авахдаа өөрсдийн хуримтлалаасаа 21,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж орсон. Ингээд ипотекийн зээл хүлээгдэж удсан тул 2023 онд хашаа байшингаа худалдаж олсон 25,000,000 төгрөгийг мөн байрны эзэнд өгсөн. Ингээд 28,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр хүлээгдэж байх хугацаанд буюу 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байраа худалдсан. Ингэхдээ байраа 100,000,000 төгрөгөөр худалдаж, 28,000,000 төгрөгийг нь байрныхаа өмнөх үлдэгдэл төлбөрт зарцуулж, үлдсэн 72,000,000 төгрөгийг М.Бийн5800580278 тоот данс руу авсан. Мөн энэ үедээ гэрийн бүх тавилгыг том тэргээр ачин Увс аймаг руу авч явсан. Надад юу ч үлдээгүй гэдгийг М.Б  сайн мэдэж байгаа.

Би одоо Хөвсгөл аймагт тусдаа амьдарч байгаа бөгөөд Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуульд багшилж байна. Би өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ямар ч зүйл аваагүй, зөвхөн өөрийн биеэр Хөвсгөл аймагт ирж амьдарч байна. Би М.Бтай гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: - Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 324-р байрны 53 тоотод байрлалтай, Ү-1723010664 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг худалдан борлуулсны 100,000,000 төгрөгөөс /байр худалдан авсан Б.Х гэгч хүний данснаас/ М.Бийн 5800580278 дугаарын данс руу шилжүүлсэн 72,000,000 төгрөг,

- М.Бийн нэр дээр бүртгэлтэй, 2021 онд худалдаж авсан 9059 ХӨВ улсын дугаартай байж байгаад одоо Увс аймгийн сери бүхий улсын дугаар авсан Тоуоtа аquа авто машин буюу үнэ 10,000,000 төгрөг,

- 3 салдаг, Бэст буйдан 1,800,000 төгрөг, 42 инчийн Рhilips брэндийн зурагт 1,340,000 төгрөг, байрны гал тогооны тавилга /чулуун тавцантай, солонгос хавтангаар хийлгэсэн / 2,500,000 төгрөг, ханын стенк 700,000 төгрөг, орны матраас 250,000 төгрөг, 4x4 метрийн хэмжээтэй дрож 130,000 төгрөг, хувцасны шүүгээ 600,000 төгрөг, гутлын тавиур бүхий хувцасны өлгүүр 200,000 төгрөг, хиншүү сорогч 130,000 төгрөг, тоос сорогч 220,000 төгрөг, шарах шүүгээ 1,200,000 төгрөг, гэрлийн бүрхүүл 900,000 төгрөг, угаалгын машин 300,000 төгрөг, 2 хос хөшиг 500,000 төгрөг, хоолны ширээ 2 сандлын хамт 130,000 төгрөг, бичгийн ширээ 1 сандлын хамт 70,000 төгрөг, хөлдөөгч 200,000 төгрөг, бүгд 93,170,000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно.

Иймд М.Бийн эзэмшилд байгаа эдгээр хөрөнгө буюу бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох бэлэн мөнгө болон авто машин, гэр ахуйн тавилга буюу нийт 93,170,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 23,292,500 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ж нь нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйлүүд бичсэн байна. Жавхлангийн нэхэмжлээд байгаа мөнгө төгрөг надад байхгүй.

Бид 2 хамт амьдрах хугацаандаа хоосон хашаа худалдаж аваад, байшин барьж амьдарч байсан нь үнэн. Хувийн хашаа байшингаа зарж борлуулсан талаар би мэдэхгүй, би өөрт нь үлдээгээд ирсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 324-р байрны 53 тоотод байрлалтай, 49.35 мкв хэмжээтэй, 2 өрөө байрыг худалдаж авахдаа урьдчилгаанд 21 сая төгрөг өгсөн, үүний 3 сая төгрөгийг би өөрөөсөө, мөн том хүүхдийнхээ нэр дээр хуримтлуулсан байсан 5 сая төгрөгийн хуримтлалыг барьцаалж, 2021 оны 6-р сард 4,800,000 төгрөг зээлж авсан, мөн хүнээс 5 сая төгрөг зээлж, нийт 14 сая төгрөгийг бүрдүүлсэн, нөхөр үлдсэн 7 сая төгрөгийг нэмж, нийт 21 сая төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Нөхөр дангаараа 21 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн асуудал огт байхгүй, сөрөг нэхэмжлэлдээ худлаа бичсэнд гомдолтой байна.

Би 2018-06-25-нд цалингийн зээл 10 сая төгрөг авч, 2018-06-29-нд Toyota Aqua маркийн авто машиныг худалдаж авсан. Машиныг унаж ашигласан 6 жилийн хугацаанд нөхөр барьж явахдаа машинд шүргүүлж, зураас гаргасан, мөн обудыг тэр чигт нь сүйтгэсэн, мөн эд анги гэмтэлтэй, жолоочийн эсрэг талын 2 хаалга гүн зурагдаж, хонхойж сэвтсэн, ард, урд гупер хагарсан, яндан цуурсан, засварт оруулах мөнгөний боломжгүй учир яндан гагнуулахаас өөр засвар үйлчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Энэ бүхнийг нөхөр Жавхлан өөрөө мэдэж байгаа. Энэ машин 10 сая байтугай, 4-5 сая ч хүрэхгүй.

Орон сууцаа худалдан борлуулсан мөнгөнөөс миний дансанд 70,000,000 төгрөг орж ирсэн нь үнэн. Үүнээс:

- гэрийн тавилга хэрэгслийг Увс уруу ачуулсны хөлсөнд 2 сая төгрөг,

- Улаангомд 2 өрөө байр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 46,800,000 төгрөг шилжүүлсэн,

- байр худалдан борлуулсны татварт 2 сая төгрөг төлсөн,

- 15 сая төгрөгийг нөхөр Жавхлан машин худалдаж авна гээд надаас авсан.

- үлдсэн 5 сая төгрөгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. Улаангомд авсан 2 өрөө байрандаа бид 2 хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд амьдарсан, гэтэл О.Ж Хөвсгөл аймагт амьдрахаар явахдаа “байраа буцаа” гэж хэл ам, хэрүүл хийсээр байгаад буцаалгасан. Тухайн компани нь урьдчилгаа төлбөрөөс 3 сая гаруй төгрөгийг суутган авч, үлдэгдэл 43 сая төгрөгийг буцаан өгсөн, уг мөнгөөр өр зээлээ төлөөд дуусгасан.

Гэрийн тавилга, эд хэрэгслийн хувьд Хөвсгөл аймгаас ачиж, Улаангомд авчрах явцад зарим нь эвдэрч гэмтсэн байсан. Тавилгууд нь олон жил ашигласан, нэхэмжлэлд дурдсан үнэлгээнд хүрэхгүй, бүгдийг нь зарсан ч 3 сая төгрөг хүрэхгүй. Тэр тавилгууд нь тоо, ширхэгээрээ байгаа. Гал тогооны тавилга 2.500.000 гэж үнэлснийг зөвшөөрөхгүй. Уг тавилгыг өөрөө захиалж, 1.500.000 төгрөгөөр авч байсан ба ачилтанд эвдэрч хагараад ирсэн тул хогонд ачуулсан, үүнийг өөрөө сайн мэдэж байгаа.

Гэр бүл, үр хүүхдийнхээ эрх ашгийг бодохгүйгээр, зөвхөн өөрийн эрх ашгаа бодож, надаас 23 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 3-т амьдрах орон байр шаардлагатай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00213 дугаар шийдвэрээр:

           - Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т ургийн овогт Оийн Ж, Ш ургийн овогт Мын Б нарын гэрлэлтийг цуцалж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Ж.Ч нарыг эх М.Бий насрамжид үлдээж,

- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Ж.Чингүүнийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Ж.С, хүү Ж.Ч нарыг 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг О.Жгаар тэжээн тэтгүүлж,

- Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 85,310,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч О.Жногдох хувь болох 21,327,500 төгрөгийг нэхэмжлэгч М.Баас гаргуулан хариуцагч О.Жолгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,965,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00213 дугаар шийдвэр нь үндэслэлгүй гарсан. Учир нь, О.Ж бид хоёрын хамтын амьдрал 2011 онд эхлээд шүүхийн шийдвэр гарснаар төгсгөл болох ёстой. Өөрөө хэлбэл, шүүхийн шийдвэр гараагүй байхад салсан гэж үзэхгүй. Энэ тохиолдолд салаагүй байх хугацааны дундын хөрөнгө гэж салах хүртэл цуглуулсан хөрөнгө орох бол харин шүүхийн шийдвэр гарах үед байсан бодит хөрөнгийг хуваах ёстой, гэтэл шүүх энэ тал дээр анхаарч үзээгүйн улмаас байхгүй хөрөнгийг хуваасан нь үндэслэлгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрээс дундын хөрөнгө хуваасан хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна” гэжээ.

7. Нэхэмжлэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ....Бид 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт ирсэн бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд О.Ж бид хоёр Увс аймгийн бүх байрнуудыг судалж, хамтдаа гүйсний эцэст “Ундарга Увс” ХХК-ийн барьсан орон сууцанд орохоор болсон. Би 2023 оны 3 дугаар сард Увс аймагт ажилд орсон байсан учраас гэрээг миний нэр дээр гэрээ байгуулсан. О.Жгийн нэр дээр гэрээ байгуулах гэсэн боловч О.Ж зөвшөөрөөгүй.

2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймагт орон сууц худалдаж авсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Тухайн байрны урьдчилгаа 30 хувь буюу 46,800,000 төгрөг төлсөн байсан. Ингээд байраа авч чадахгүй буцаасан.

О.Ж ирж, бидэнтэй хамт амьдарсан бөгөөд энэ хугацаандаа сүүлд шилжүүлсэн байрны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг машин авна гээд О.Ж өөрөө авсан. Надад хадгал гэх утгатай мөнгө шилжиж ирдэг боловч надад түүнээс хэрэглэх эрх байдаггүй. Би О.Жгийн виза картыг авч хэрэглэж байгаагүй, харин О.Ж миний данс руу мөнгө хийгээд миний картыг байнга авч ашигладаг. Гэтэл 15,000,000 авсан талаар яагаад хэлэхгүй байгааг гайхаж байна, Хөвсгөл аймагт байр авсан талаар яагаад хэлэхгүй байна вэ. О.Ж худлаа ярьж, намайг гүтгэж байна.

Би анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг зөвшөөрч байна. 

Мөн О.Жг бэлгийн замын халдварт өвчин авсныг би 2022 онд мэдсэн. Энэ талаар ээж болон эгчид нь хэлснээс хойш О.Жгийн зан ааш маш их эвдэрсэн. Намайг алах гэж завдсан учраас би 2 хүүхдээ аваад зугтааж ирсэн. О.Ж гэрийн түлхүүр, ажлын түлхүүр, хашаа байшингийн түлхүүр, машиныхаа түлхүүрийг булааж аваад “Зайл, тэгэхгүй бол ална шүү” гэж хэлээд би гарт таарсан хувцастайгаа гэрээс гарч ирсэн.

Мөн намайг 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүүхдийн тэтгэлгийн мөнгө болон 6, 7, 8 сарын мөнгийг хасуулж тооцож болох уу. О.Ж би мөнгө өгөх боломжгүй. О.Жгаас надад хүүхдийн тэтгэлэг өгөх ёстой тул үүнийг О.Ж өгөх мөнгөнд оролцуулж тооцож өгнө үү”  гэв.

8. Хариуцагч О.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр М.Б худлаа ярьсаар байна. Байр зарсан 72,000,000 төгрөг эхнэр М.Бийн дансанд орсон.  Увс аймагт байр худалдаж авахаар хамт явсан гээд байна. Би ямар байр авах талаар мэдээгүй, байр авсныг дараа нь мэдсэн. Манай эхнэр байр худалдан авах гэрээнд ганцаараа гарын үсэг зурсан байсан. Байраа буцааж зарсан талаар ч би мэдээгүй. Хашаа байшингийн хувьд ипотекийн зээл 2 удаа буцаагдсан тул би эхнэр рүүгээ холбогдож хашаа байшингаа зарсан. Хашаа байшинд байсан хувцсыг эхнэр маань Хөвсгөлд аймагт шатаасан. Мөн 10 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг орж ирснээс намайг 15,000,000 төгрөг авсан гэдэг бас худал. Учир нь, би 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт шүүх хуралд оролцохоор явсан. Түүнээс өмнө манай эхнэр 3 удаагийн гүйлгээгээр 5,000,000, 5,000,000 төгрөгөөр авсан баримт байгаа. Би тухайн үед Хөвсгөл аймагт байсан. Нийт 72,000,000 төгрөг эхнэрийн дансанд орсноос надад нэг ч төгрөг өгөөгүй. Би одоо Хөвсгөл аймагт төрсөн эгчийндээ, хажуу өрөөнд нь амьдарч байна. Би ганц чемодан хувцастай ирсэн. Манай эхнэр үлдэгдэл мөнгийг надад мэдэгдэхгүйгээр өөрөө зарцуулж байгаа. Манайх 2 хүүхдийн дансанд 11,000,000 төгрөг байсан бөгөөд надад хэлэхгүйгээр дүүгийнхээ данс руу шилжүүлсэн байсан” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байгаа.

Миний үйлчлүүлэгч шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дахь хэсэгт заасантай маргаагүй. 4 дэх хэсэг буюу дундын өмчлөлийн хөрөнгийг хуваасан хэсэг дээр маргаж байгаа.

Учир нь, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 2.2, 2.4 нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгийг тодорхойлж байгаа хуулийн зохицуулалт буюу юуг дундын өмч гэж үзэхийг тодорхойлж байгаа зохицуулалт. Жишээлбэл: дундын өмчийг 85,310,000 төгрөг байна гэж тодорхойлж болох юм.

Харин дундын өмчийг хувааж байгаа хэсэг дээрээ ямар хуулийн, ямар зүйл, заалтыг баримталж хуваасан нь тодорхой байхгүй.

Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлийг шүүх зайлшгүй хэрэглэх ёстой байсан. Үүнд хууль хэрэглээний алдаа гарсан гэж миний хувьд харж байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасныг хэрэглэхдээ 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг анхаарах ёстой байсан. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “гэрлэлт цуцалсан буюу гэрлэлт хүчингүйд тооцогдсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгсдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно”, 129.4-д “Энэ хуулийн 129.3-д зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран оролцох, дундын эд хөрөнгийг бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоог хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсвэл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж заасан байдаг.

М.Б нь Увс аймагт 2 хүүхэдтэйгээ ээжийнхээ гэрт амьдарч байгаа. Мөн дүү нар гээд 6 ам бүл нэг жижигхэн гэрт амьдарч байгаа. О.Ж 2 удаа бэлгийн замын халдварт өвчин халдааснаас М.Бийн эрүүл мэндийн байдал хүндрэлтэй, зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай байгаа. Увсад байгаа хүмүүс нь асран хамгаалж, тусалж дэмжээд явах боломжгүй. Гэтэл О.Ж дундын өмч хөрөнгө болох 17 төрлийн хуучин тавилгыг хүртэл нэхэж байна. Энэ тавилгууд хүүхдүүдийн эрүүл саруул, ая тухтай байхад зайлшгүй шаардлагатай зүйлс шүү дээ. Гэтэл үүнийг дундын өмчид тооцож хувааж байгаа нь дээрх хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Мөн 85,000,000 төгрөгөөр дундын өмчлөлийг тооцохдоо зарим нэг зүйлийг огт тооцоолоогүй. Сая хэлсэн 15,000,000 төгрөгийн асуудал байгаа. Хөвсгөл аймагт хамт амьдарч байхдаа 9,300,000 төгрөгийн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл анх авсан байдаг, одоо 12,000,000 төгрөг болсон. Өмч хөрөнгийг хувааж байгаа бол зээлийг бас хуваах ёстой. Зээлийг хуваагаагүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгчийг 72,000,000 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр зарцуулчихсан гэж хариуцагч тайлбарлаад байгаа.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т: “үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахад заавал бичгээр зөвшөөрөл авна” гэж заасан. Иргэний хуулийн128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт үүнийг уялдуулж үзвэл үл хөдлөх хөрөнгө дээр маргахаас бэлэн мөнгө дээр зөвшөөрөл авах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул энэхүү гэр бүлийг салсан гэж одоо үзэх боломжгүй. Тэгвэл өнөөдрийг хүртэл олсон орлогыг яах вэ. Анхан шатны шүүх дээр хэргийг хэлэлцэх үед М.Бийн дансанд 300,000 төгрөг байсан. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүл салаагүй байхад өмч хөрөнгийг хэрэглээд дуусчихсан байхад байхгүй хөрөнгийг хувааж байгаа шүүхийн шийдвэр үндэслэлгүй болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дахь хэсгийг хэвээр үлдээж, 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч талаас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа.

Энэ талаар миний үйлчлүүлэгч бичгээр тайлбараа хүргүүлсэн. Нэмж хэлэхэд, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар тодорхойлсон байгаа. Хариуцагч талаас амьдралын хэрэгцээ, хувийн хэрэгцээнд зарцуулсан хуваарьт хөрөнгөтэйгөө холбогдуулж тайлбарлаж байгаа. Үүнийг би тодруулж хэрэгт авагдсан нотлох баримтаас дурдаж үндэслэлээ хэлье. Хөвсгөл аймагт байрлах орон сууц худалдах, худалдан авах гэрээнд: 28,000,000 төгрөгийг О.Жгийн данс руу шилжүүлэхээр, үлдсэн 72.000.000 төгрөгийг Баттунгалагт шилжүүлэхээр заасан байсан. М.Бийн дансанд 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 44,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжиж орсон, нийт 72,000,000 төгрөг шилжүүлсэн, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. 

 17 нэр төрлийн гэрийн тавилгыг Увс аймагт ачиж авч ирсэн талаар талууд маргаагүй.

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчид машин аваарай гээд өгсөн гэх утга бүхий тайлбарыг нэхэмжлэгч хэлдэг. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөнгө шилжүүлэх байтугай, миний үйлчлүүлэгчийг гэр бүлийн хүчирхийлэлд холбогдуулан шүүхэд өгсөн. Үүнийг шийдвэрлэх шүүх хурал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тухайн өдөр О.Ж Хөвсгөл аймгаас Увс аймагт очоод Зөрчлийн тухай хуулийн дагуу 15 хоног баривчлагдсан байдаг. 

2-рт, 15,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчид шилжүүлж өгсөн баримт байдаггүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг харахаар 20,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 3 удаа 5, 5 саяар АТМ-ээс бэлнээр гаргаж авсан байдаг. Үүнийг миний үйлчлүүлэгчид өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хашаа байшингаа Б.Б гэх хүнд худалдсан талаар яриад байгаа. Үүнээс өмнө нийт 25,000,000 төгрөг О.Ж орж ирснийг 2023 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдөр Хөвсгөл аймагт байгаа байрны мөнгөнд О.Ж байрны урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, О.Жгийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд байсан байр, хашаа байшингийн үлдэгдэл үнэ 72,000,000 төгрөг М.Бийн данс руу орсон нь тодорхой байдаг. М.Б тухайн мөнгийг зарцуулахдаа Увс аймагт байр авсан, аваагүй гэж маргаж байгаа.

Байр авсан эсэхэд хариуцагч маргаагүй. Байр авсныг мэдээгүй, сүүлд Увс аймагт очиход байранд орсон байсан, дараа нь намайг байрнаасаа хөөсөн. Байраа яагаад зарсныг би мэдэхгүй гэх тайлбар хэлдэг. Мөн тавилгын талаар М.Б маргаад үнэлгээ хийлгэсэн. Гэтэл 2, 3 төрлийн тавилга байдаггүй. Үүнийг шинжээчийн үнэлгээгээр шүүхээс хуваасан.

Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч 21,000,000 төгрөгийн урьдчилгаа бүрдүүлсэн талаар тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч бас бүрдүүлсэн мөнгөний талаар баримтаа өгсөн. Гэхдээ энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамтын амьдралтай байх хугацаанд хэн хэнийх нь хүч хөдөлмөрөөр бий болсон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Хамгийн гол нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэн яаж захиран зарцуулах талаар шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэж байна.

          Нэхэмжлэгч зээлийн талаар яриад байна. Энэ нь хэргийн материалд авагдаагүй, маргаж байгаа үйл баримтын хүрээнээс хэтэрсэн асуудал болов уу. Хэргийн материалтай танилцахад энэ талаар нотлох баримт байгаагүй. Анхан шатны шүүхээс 85,310,000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд миний үйлчлүүлэгчид 21,327,500 төгрөг өгсөн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтын үндэслэлийг яриад байна. Эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4-т заасныг үндэслэсэн. Хуваахдаа Иргэний хуулийн 130 дугаар зүйлд заасныг үндэслээгүй гэж байна. Би ойлгохдоо Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 85,310,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хуваасан гэж ойлгож байгаа.

           Үүнд давж заалдах шатны шүүхээс нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Бийн давж заалдаах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00213 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч О.Жд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ж.Ч нарыг өөрийн асрамжид авч, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгож, сар бүр эцэг О.Жгаар тэжээн тэтгүүлэх тухай шаардлагыг гаргасан,

- хариуцагч О.Ж нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь буюу 23,292,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус тус маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгч М.Б, хариуцагч О.Ж нарын гэрлэлтийг цуцалж, охин Ж.С, хүү Ж.Ч нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг О.Жгаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр тус тус тэтгэлэг тогтоож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсэг буюу 21,327,500 төгрөгийг нэхэмжлэгч М.Баас гаргуулж О.Жд олгохоор тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгч  эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ. 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

4.1. М.Б, О.Ж нар 2011 оноос хамт амьдарч, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Ж.Ч нар төрсөн нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тус тус нотлогдсон.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр О.Ж нь эхнэр М.Бийн биед халдаж зодсон, мөн хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврээр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон тайлбартаа дурдаж, гэрлэлтээ цуцлуулахыг шаардсан байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

4.2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол шүүх “хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх”-ээр, мөн хуулийн 14.7-д “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх”-ээр тус тус зохицуулсан.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед 2 хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, санал зэргийг харгалзан 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ж.Ч нарыг эх М.Бийн асрамжид үлдээж, эцэг О.Жгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-т заасныг зөрчөөгүй байна.

5. Хариуцагч М.Бийн давж заалдах журмаар гаргасан: “О.Ж бид хоёрын хамтын амьдрал 2011 онд эхлээд шүүхийн шийдвэр гарснаар төгсгөл болох ёстой. Өөрөө хэлбэл, шүүхийн шийдвэр гараагүй байхад салсан гэж үзэхгүй. Энэ тохиолдолд, шүүхийн шийдвэр гарах үед байсан бодит хөрөнгийг хуваах ёстой, гэтэл шүүх энэ тал дээр анхаарч үзээгүйн улмаас байхгүй болсон хөрөнгийг хуваасан нь үндэслэлгүй болсон.

Иймд шүүхийн шийдвэрээс дундын хөрөнгө хуваасан хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

           5.1. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс гэр бүлийн хөрөнгө бүрдэх бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамт амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлахад, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар маргаж байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох журамтай.

5.2. Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлдээ эд хөрөнгийн маргаангүй гэж дурдсан боловч хариуцагч О.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тусгай эрх бүхий үнэлгээчнээр үнэлүүлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээний талаар зохигчдын хэн аль нь  гомдол гаргаагүй, мөн дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг зохигчид хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй.

Зохигчдын маргаж буй хөрөнгө болох байр худалдан борлуулсны үнийн үлдэгдэл 72,000,000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд шилжин орсон, мөн автомашин болон гэрийн тавилга, хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн буюу Хөвсгөл аймгаас Увс аймагт авчирсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд “гэрийн тавилга хэрэгслүүд нь олон жил ашигласан, нэхэмжлэлд дурдсан үнэлгээнд хүрэхгүй, бүгдийг нь зарсан ч 3 сая төгрөг хүрэхгүй. Тэр тавилгууд нь тоо, ширхгээрээ байгаа. Гал тогооны тавилга 2,500,000 гэж үнэлснийг зөвшөөрөхгүй. Уг тавилгыг би өөрөө захиалж, 1,500,000 төгрөгөөр авч байсан ба ачилтад эвдэрч хагараад ирсэн тул хогонд ачуулсан” гэж тайлбарласан байх боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж, тайлбарын үндэслэлээ нотлоогүйг дурдах нь зүйтэй.

5.3. Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилахдаа гэрлэгчдийн өмчид байсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 324-р байрны 53 тоотод байрлалтай, 49.35 мкв хэмжээтэй, 2 өрөө байрыг худалдан борлуулсны үнийн үлдэгдэл 72,000,000 төгрөг, нийтдээ 10,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Aqua” маркийн суудлын автомашин, гэрийн хэрэглэж байсан тавилга, хэрэгсэл болон 2,870,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга, угаалгын машин, бичгийн ширээ, сандал зэрэг нийт 85,310,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг мөнгөн илэрхийллээр тооцож, гэр бүлийн 4 гишүүнд хуваарилж, нэг гишүүнд ногдох хувийг 21,327,500 төгрөгөөр тогтоож, хариуцагчид ногдох хувийг нэхэмжлэгч М.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасантай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа баримтлах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байх тул  шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэг гэсэн нэмэлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

5.4. Нэхэмжлэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд: О.Ж Увс аймагт ирж, бидэнтэй хамт амьдарсан бөгөөд энэ хугацаандаа сүүлд шилжүүлсэн байрны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг машин авна гээд О.Ж өөрөө авсан” гэж тайлбарласан боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, тодруулбал, нэхэмжлэгч нь байр худалдан борлуулсны орлого 72,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хариуцагч О.Ж өгсөн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй.

5.5. Хариуцагч О.Ж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй ба тэрээр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд: “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар гаргасан, тодруулбал, хариуцагч нь гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн талаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна. 

6. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 264,587.00 /хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтад: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэг гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,587.00 /хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                  Д.КӨБЕШ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН