Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 224/МА2024/00025

 

Ш.Бийн нэхэмжлэлтэй, У.А.З.Д.Т.Г-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэртэй,

Ш.Бийн нэхэмжлэлтэй, У.А.З.Д.Т.Г-т холбогдох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,899,421 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин 13,899,421 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн У.А.З.Д.Т.Г-ын даргын Б/24 тоот тушаал, мөн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 тоот шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Бийг өмнө эрхэлж байсан У.А.З.Д.Т.Г-ын жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 11,317,661 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,581,760 төгрөгөөр нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний олговорт нийт 13,899,421 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

          3. Хариуцагч У.А.З.Д.Т.Г-ын дарга .Бийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Нэхэмжлэгч Ш.Бийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, У.А.З.Д.Т.Г-ын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хоёрдугаар хавсралтад үйлчилгээний албан хаагчдын сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг тогтоохдоо ур чадварын нэмэгдлийг нийтэд нь тогтоогоогүй бөгөөд зөвхөн тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан тухай бүр тушаал гарган тогтоож ирсэн байна. Дээрх журмын дагуу Ш.Бийн ажиллаж байсан сүүлийн 3 сард ур чадварын нэмэгдэл тооцож олгож ирээгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2.3.5-т “ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж дагуу ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцох үндэслэлгүй тул ур чадварын нэмэгдэл 25 хувиар нэхэмжилсэн 1,701,864 төгрөгийг олгох үндэслэлгүй болно.

           У.А.З.Д.Т.Г-ын Хөдөлмөрийн дотоод журам нь ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлага өндөржүүлэх, ажлын цагийг бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж сайжруулах зорилготой тухайн ажилтан ажиллаж байхдаа дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ юм. Иймд дотоод журамд заасны дагуу хоолны нэмэгдэл 900,000 төгрөг олгох боломжгүй.

           У.А.З.Д.Т.Г-ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжаар тамгын газрын бүтэц, орон тоо баталж, тус тамгын газрын жолоочийн ажлын байрыг цөөрүүлж, 5 жолоочийн орон тоотой байсныг 4 болгон баталсан тул Засаг даргын тамгын газрын цалингийн санд олгох төсөв байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэрээр:

           - Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.А.З.Д.Т.Г-аас 10,341,313 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгч Ш.Бийн 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч У.А.З.Д.Т.Г-т даалгаж,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,341,313 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 180,411 төгрөгийг хариуцагч У.А.З.Д.Т.Г-аас гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч У.А.З.Д.Т.Г-ын дарга Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, хариуцагч миний хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох, мэтгэлцэх боломж олголгүй шүүх хуралдааныг явуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж заасан ба надад шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй.

6.2. Иргэн Ш.Бийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2024 оны аймгийн Засаг даргын захирамжаар тус тамгын газрын бүтэц, орон тоо батлахдаа 4 жолоочийн орон тоо баталж, бүтцийг цөөрүүлж шийдвэрлэсэн. Нэгэнт байхгүй орон тоон дээр авч ажиллуулах гэж байгаа учраас цалингийн сан байхгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна.

6.3. Ур чадварын нэмэгдлийн тухайд, Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын дагуу зохицуулагдах бөгөөд тус журмын 2 дахь заалтад “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ”, журмын 4 дэх заалтад Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно” гэж тус тус заажээ. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өөрийгөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж үзсэн нь ямар шалгуур үзүүлэлтээр, хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрт надад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцоогүй хэмээн тусгасан байна. Гэвч 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх талаар заасан. Гэтэл надад тийм байдлаар хуралдааны тов мэдэгдээгүй, мөн утсаар ч мэдэгдэж байгаагүй. Утсаар мэдэгдсэн талаар баримт байдаг боловч тэр баримт нь алдаатай, бодит биш баримт юм. Ийнхүү хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс болж хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож чадсангүй. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү. Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд хандахаас өмнө Хөдөлмөрийн маргаан таслах комисс, 3 талт хороог хороо зэрэг байгууллагуудад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Нэхэмжлэгч нь тус журмыг баримтлаагүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар огт шийдвэрлүүлээгүй байдаг. Хэдийгээр өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргааныг тус журмаар шийдвэрлүүлсэн хэдий ч ажилгүй байсан хугацаанд ноогдох цалин хөлсний асуудал бол тусдаа, шинэ маргаан учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн маргааныг 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлэх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацааг хэтрүүлсэн. Тухайлбал, нэхэмжлэгчийг 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн болон 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар чөлөөлсөн тус тушаалуудыг шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд тушаал гарсан үеэс тоолсон ч, шүүхийн шийдвэр гарсан үеэс тоолсон ч хуульд заасан 3 сарын хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нэхэмжлэхээр шүүхэд хандах хугацаа дуусгавар болсон байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй асуудлаар шийдвэр гаргалаа. Тодруулбал, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, шүүх түүнийг шийдвэрлэх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч цалин нэхэмжилж байхад шүүх олговор гаргуулах, гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал юм. Харин ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нэхэмжлэх, гаргуулах үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Дээр дурдсан нэмэлт тайлбар, үндэслэлийн дагуу давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

8. Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж даалдах шатны шүүхэд хариуцагч тал 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, хариуцагчийн мэтгэлцэх боломжийг олгоогүй гэсэн байна. Хариуцагчид шүүх хуралд оролцох боломжийг шүүхээс олгосон байгаа. 2024 оны 02 дугаар сарын 29, 2024 оны 3 дугаар сарын 18, 2024 оны 3 дугаар сарын 25, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гээд нийт 4 удаагийн хурал зарлагдсан байдаг. Эдгээр хуралд би өөрийн биеэр оролцсон. Эхний 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хуралд хариуцагч нь шалтгаангүйгээр ирээгүй. Хариуцагч талд мэтгэлцэх боломжийг олгож шүүх хуралдаан хойшилсон. Улмаар 2024 оны 3 дугаар сарын 18, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдэд хариуцагчаас хүсэлт ирүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хуралд ирээгүй учраас би шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Иймд Г.Бд шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Ш.Бийн урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч талаас цалингийн сан байхгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй гэх тайлбар гаргасан байна. Би Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хүсэлт гаргасны дараа шүүхэд хандаж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 455 дугаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Тус шийдвэрт У.А.З.Д.Т.Г-ын дарга Г.Б давж заалдах болон бусад газарт гомдол гаргаагүй. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 455 тоот шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Хариуцагч тал намайг ажилд эгүүлэн томилох үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч У.А.З.Д.Т.Г-аас урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй. Энэ хүрээнд миний бие 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалин болох 13,899,421 төгрөгийг нэхэмжилсэн болно. Хариуцагч У У.А.З.Д.Т.Г нь албан тушаалын эрх мэдлийн байдлаа ашиглан надад 2023 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн картын хуулбарыг олгосон. Иймээс 2022 оны 12 дугаар сард ажилласан цаг хугацааг нөхөх боломжгүй учраас би “И-монголиа”-аас нийгмийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүхэд хуулбар хэлбэрээр гаргаж өгсөн. Харамсалтай нь үүнийг нотлох баримт гэж үзсэнгүй. Үүнээс үүдэж миний цалингийн олговрыг 2 сарын дунджаар бодож 3,548,000 төгрөг хасагдсан байсан. Хоолны мөнгө 900,000 төгрөгийг олгох боломжгүй гэж маргасан байна лээ. Хоолны мөнгийг тухайн байгууллага сарын 100,000 төгрөгөөр ажилчдад татвар авахгүйгээр бэлнээр өгч байгаад маргах үндэслэл байхгүй. Хоолны 100,000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, татаж авдаг учраас үүнийг цалин хөлсний орлоготой адилтган үзэх үндэслэлтэй байх тул би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хоолны 900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч У.А.З.Д.Т.Г-ын дарга Г.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг бүхэлд нь хянав.

           2. Нэхэмжлэгч Ш.Б У.А.З.Д.Т.Г-т холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11,317,661 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага тус тус гаргасан,

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2.581.760 төгрөгөөр нэмэгдүүлж, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 13,899,421 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

3. Хариуцагч У.А.З.Д.Т.Г-ын дарга Г.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, У.А.З.Д.Т.Г-аас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 10,341,313 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,558,108 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

           5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

           5.1. У.А.З.Д.Т.Г-ын дарга Г.Б 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ш.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгож, жолоочийн ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Нэхэмжлэгч Ш.Бийг У.А.З.Д.Т.Г-ын жолоочийн  ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч уг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

           5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба Ш.Бийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцоолсон байна.

           Шүүх нэхэмжлэгч Ш.Бийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт нийцсэн байна.

           Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоолны үнийн хөнгөлөлтийг хасаж, дундаж цалин хөлсийг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн байна.

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.5 дугаар зүйлд: “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасны дагуу хоолны үнийн хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасаж тооцон, дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

           7. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд: “анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ирүүлээгүй, бүтцийн өөрчлөлтөөр жолоочийн орон тоог цөөрүүлж цалингийн сан байхгүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй, мөн ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох эсэхийг хууль, журамд заасны дагуу төсвийн захирагч шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь ур чадварын нэмэгдэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

           7.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 450 дугаартай захирамжаар Ш.Бийн нэхэмжлэлтэй У.А.З.Д.Т.Г-т холбогдох иргэний хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулахаар товлосон, уг шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Бд хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгджээ.Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны товыг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн, тэрээр “шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт”-д шүүх хуралдааны тов мэдсэн талаараа баталгаажуулж гарын үсгээ зурсан нь хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

           7.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй бөгөөд цалингийн сан хүрэлцэхгүй байх нь ажил олгогчийг энэхүү үүргээс  чөлөөлөх үндэслэл болохгүй.

           7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэж заасан байна.

           Ш.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан үндэслэлээр буюу шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд өмнө үүсгэсэн хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөөгүй гэж үзнэ.

           Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн картаас үзвэл /хх-ийн 4 дүгээр тал/ тэрээр урьд нь буюу ажлаас халагдахаас өмнөх саруудад ур чадварын нэмэгдэл 25 хувиар авч байсан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо өмнө олгож байсан ур чадварын нэмэгдэл тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

           9. Хариуцагч Г.Бийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Ш.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороонд хандаж маргаанаа урьдчилан шийдвэрлүүлээгүй, мөн цалин хөлстэй холбоотой маргаанд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн “ гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

           9.1 Нэхэмжлэгч Ш.Б нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан  байх бөгөөд уг хороо 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр маргааныг хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон,

           нэхэмжлэгч Ш.Б нь Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн аваад, шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч нь шүүхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон  маргааны үр дагавар буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах шаардлага  бүхий нэхэмжлэл гаргасан байх тул дахин хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шаардлагагүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг  зөрчөөгүй байна.

           9.2. Нэхэмжлэгч Ш.Бийг У.А.З.Д.Т.Г-ын жолоочийн  ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч уг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, уг маргааны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоогүй үйл баримт хэрэгт  тогтоогдсон тул нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

          10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2024/00159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                  ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                      ШҮҮГЧ                                                  Д.КӨБЕШ

                                   ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ