| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0117/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 117
2019 05 02 2019/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овогт Б.Б, Самбуу овогт Э.Э нарт холбогдох эрүүгийн 1921000000080 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, ............................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .............регистрийн дугаартай, Самбуу овогт Э.Э.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, .................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл гэх, ..................регистрийн дугаартай, Тангад овогт Б.Б.
Шүүгдэгч Э.Э нь Б.Бтай хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Очиртын говь” гэх газраас иргэн В.Ганжаргалын 3 тооны хонийг “Тоёота креста” маркийн 03-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 540000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Э.Этой хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Очиртын говь” гэх газраас иргэн В.Ганжаргалын 3 тооны хонийг “Тоёота креста” маркийн 03-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч В.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн төвд байхад манай дүү Ганцогт над руу утсаар залгаад манай гэрээс урагшаа 5 орчим км зайд Зүүн улаан гэх газар нутаглах Жаргал гэх хүн утсаар ярьж байна. Жаргалын гэрийн ойр орчим цагаан өнгийн жижиг суудлын авто машинтай хүмүүс хонь үргээгээд яваад байна, би сая гэрээс урагш Бааз худаг гэх газар руу яваад ирлээ, танай хонийг цагаан өнгийн жижиг суудлын авто машинтай хүмүүс хөөгөөд гэрээс чинь зүүн хойшоо орж байна гэж хэлэхээр нь би хүү Хангалбаатар руу залгаад очоод хонио хараатах гэж хэлэхэд за гэсэн. Удалгүй Хангалбаатар хонио бүртгэж үзлээ нэг хязаалан эр хонь дутуу байна гэж хэлсэн. Удалгүй Баянтүмэн сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад Хэрлэн сумын 1 дүгээр баг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байна энд хэдэн хонь хулгайлж байгаад баригдсан байна та ирж харах уу гэхээр нь би очоод харахад буруу талын чих тайрсан, зөв талын чих цуулбар имтэй хар толгойтой эм хонь, хув бор алаг хязаалан эр хонь, буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй шар халзан эм хонь байхаар нь эдгээр 3 хонь манай хонь мөн байна гэсэн. Би өөрийн хонио им болон зүсээр нь танисан. Тэгээд 3 хонио хүлээж аваад хөдөө гэр рүүгээ авч явсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан 3 хонио буцааж авсан, мөн хонио буцааж хүргэсэн түлшний мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч Ү.Амгаланбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн төвд ажил дээрээ байж байхад 102 жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Тулга утсаар Баянтүмэн сумын 3 дугаар баг Очиртын говь гэх газраас иргэн В.Ганжаргалын 3 тооны хонийг жижиг цагаан өнгийн суудлын авто машинтай хүмүүс аваад зугтсан гэх дуудлагын дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Чинзоригийн хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы хорооллын төв замаар явж байхад 03-96 УНК улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгсэлтэй 23-28 насны 2 залуу явж байсан. Тээврийн хэрэгслийн тээшийг онгойлгож үзэхэд буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй хар толгойтой эм хонь, хув бор алаг хязаалан эр хонь, буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй шар халзан эм хонь буюу 3 тооны хонь байхаар нь хэний хонь болох талаар асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу нь /Б.Б гэх/ буруу зүйл хийчихлээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09/
-Гэрч Г.Хангалбаатарын мэдүүлэг /хх-ийн 16/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39/
- Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/
-Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Очиртын говь” гэх газраас хохирогч В.Ганжаргалын 3 тооны хонийг “Тоёота креста” маркийн 03-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн хонин дээр очоод би Э.Эод хандан эндээс ганц хоёр хонь аваад буцаад явья гэхэд Э.Э яах гээд байгаа юм бэ? гэхээр нь би гайгүй байлгүй дээ ахын дүү зүгээр гээд тухайн хониноос би хоёр хонь хөлдөж бариад Э.Э нэг хонийг нь бариад машины тээшинд амьдаар нь ачсан...“ гэж /хх-ийн 46-47/, шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд цааш 10 орчим км явж байгаад хонхор газарт айлын хонь байхаар нь тэнд Б.Б ах машинаа барьж явж байгаад хонины хажууд зогсоод энэ хониноос аваад явчихья гэхээр нь “би яах юм бэ хэрэггүй” гэхэд Б.Б нь чамд хамаагүй, дуугүй наад хониноосоо барь гээд өөрөө яваад нэг хонь авч ирсэнийг нь би машины тээшинд хийсэн, дахин авч ирсэн 2 тооны хонийг нь машинд ачихад би оролцоогүй...“ гэж /хх-ийн 50-51/, түүнийг давхар нотолсон хохирогч В.Ганжаргалын өгсөн: “ ... Удалгүй Баянтүмэн сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хэдэн хонь хулгайлж байгаад баригдсан хүмүүс байна, та ирж харах уу гэхээр нь би очиж харахад буруу талын чих тайрсан, зөв талын чих цуулбар имтэй хар толгойтой эм хонь, хув бор алаг хязаалан эр хонь, буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй шар халзан эм хонь байхаар нь эдгээр 3 хонь манай хонь мөн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Ү.Амгаланбатын өгсөн: “...Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы хорооллын төв замаар явж байхад 03-96 УНК улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота крест”а маркийн тээврийн хэрэгсэлтэй 23-28 насны 2 залуу явж байсан. Тээврийн хэрэгслийн тээшийг онгойлгож үзэхэд буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй хар толгойтой эм хонь, хув бор алаг хязаалан эр хонь, буруу талын чих тайрсан зөв талын чих цуулбар имтэй шар халзан эм хонь буюу 3 тооны хонь байхаар нь хэний хонь болох талаар асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу нь /Б.Б гэх/ буруу зүйл хийчихлээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Г.Хангалбаатарын мэдүүлэг /хх-ийн 16/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бын ..............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Э.Эын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тангад овогт Б.Б, Самбуу овогт Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг тус бүр 240 /Хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бын ................... регистрийн дугаартай, шүүгдэгч Э.Эын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР