Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 224/МА2024/00026

 

Ш.Нын нэхэмжлэлтэй,

У хороонд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00191 дүгээр шийдвэртэй,

Ш.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч У хороонд холбогдох, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Нын нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс У хорооны даргын тушаалаар тус хорооны нягтлан бодогчоор ажилд орсон. Одоо ч нягтлан бодогчоор ажиллаж байна. У хороо нь орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд 2021-2023 оны хооронд санхүүжилт орж ирээгүй гэх үндэслэлээр миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын хоорондох хугацааны цалинг огт өгөөгүй бөгөөд би 2 жил гаруй хугацаанд цалингүй ажиллаад байна. Цалингаа авах гэхээр дарга нар санхүүжилт орж ирээгүй тул түр хүлээж бай, санхүүжилт орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрсэн. Миний хувьд тухайн хороонд одоо ч ажилладаг тул дарга нарын үгэнд итгэж ажлаа хийсээр байгаа ба  санхүүжилт орохоор өгөх байх гэж хүлээсээр байсан боловч өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Миний бие 2021, 2022 онуудад сарын 447,500 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. 2023 оны 3 дугаар сараас хорооны даргын тушаалаар намайг тус хорооны зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр болж би сард 550,000 төгрөгийн цалин авахаар болсон. Иймд У хорооноос миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оноос 9 дүгээр сар хүртэл хугацааны цалинд 13,637,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч У хорооны дарга Я.Чын татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай .

           4. Хариуцагч Я.Чын татгалзлын үндэслэл: Миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн У хорооны Бага хурлаас аймгийн У хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

           Тус хороо нь Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Монголын У холбооны дүрэм, аймгийн У хорооны дүрмийг даган мөрдөж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг олон нийтийн байгууллага буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Аймгийн У хорооны санхүүжилтийг Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар нэгж нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан энэ талаар төсөвт тусгагдаагүй санхүүжилт орж ирээгүй байна.

           Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Аймгийн Засаг дарга нь аймгийн У хорооны үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг баталж, төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагааг нь төсөл, арга хэмжээний зардлаар санхүүжүүлнэ гэсэн заалтыг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт авсны үндсэн дээр аймгийн У хорооны даргын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж, дараа нь ажилтан, ажилчид нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах эрх үүснэ. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бол санхүүжилт олгогдохгүй, үүний улмаас ажилтан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй болж, гэрээт ажлын хөлс олгох эрх үүсэхгүй болно.

           2021 онд хорооны дарга нь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй тул санхүүжилт олгоогүй. Харин манай байгууллагын дулаан халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны төлбөр тооцоог аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс дээрх зардлын сангаас төлж барагдуулж байсан гэж Засаг дарга тайлбарлаж танилцуулсан. Аймгийн засаг дарга нь аймгийн У хорооны даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгогдоогүй тул аймгийн У хорооны дарга Ё.Б нь ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй ба гэрээ байгуулж ажиллаагүй гэдгийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Ш.Н, сувилагч-үйлчлэгч Д.О, сахиул-жолооч Б.А, зохион байгуулагч М.Бын тайлбарласан тул У хороо нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна.

           Иргэн Ш.Н нь 2023 оны 3 дугаар сараас хойш тус У хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажлын байранд тушаал гарч ажиллаагүй, давхар түр хавсарч ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажил нь ачаалал байхгүй тул хавсарч байгаа. Өнөөдөр ч гэсэн аймгийн Засаг дарга аймгийн У хороотой хамтран ажиллах гэрээ байгуулах эсэх нь тодорхойгүй, 2024 оны санхүүжилт ирээгүй, мэдэгдээгүй тул ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй, гэрээ байгуулаагүй байна.

            Иргэн Ш.Нтай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан байгаа. Уг хуулийн 50.1.6-т “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх”-ээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна.

           Аймгийн У хорооны үйл ажиллагаа нь төсөл, арга хэмжээний хүрээнд санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үндэслэлгүй болохыг хуульд тодорхой заасан байна.

            Иймд С.Нтай байгуулсан хугацаагүй гэх хөдөлмөрийн гэрээ нь хуулийн үндэслэлгүй хүчингүй, зөрчилтэй гэрээ гэж үзэж эсэргүүцэж байна. Дээрх хөдөлмөрийн гэрээ гэх бичгийг үйлдэж байсан аймгийн У хорооны зохион байгуулагч М.Б гэгч эмэгтэй нь хууль эрх зүйн мэдлэг сул, тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй, байгууллагын чиг үүргээ ойлгоогүй, ерөнхийдөө хуулийн, төрийн захиргааны эрх зүйн мэдлэг боловсрол хомс учраас хугацаагүй гэж хийсэн, аль эсвэл арга заль агуулсан байх магадлалтай гэж байна.

           Аймгийн У хороо нь тогтмол санхүүжилт авдаг төрийн байгууллага биш, банк санхүүгийн эх үүсвэртэй ажилладаг төсвийн байгууллага биш, төрийн өмчит компани нь ч биш юм.

           Аймгаас олгогдох санхүүжилт олгогдоогүй, зогсоосон ба харин Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж авсан санхүүжилтээр ажил үйлчилгээ явуулж, ажилтнуудынхаа цалинг өгч байсан. Аймгийн У хороо нь ажилтнуудынхаа цалинг тухайн үед нь олгосон учраас хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Ш.Н нягтлан бодогч тогоочийн ажлыг хамт хийж байсан.

           Иймд тухайн үед ажиллаж байсан болоод одоогийн ажиллаж байгаа аймгийн У хороо, түүний дарга удирдлагууд энэ хариуцлагыг хүлээх ёсгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00191 дүгээр шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Нын хариуцагч У хороонд холбогдох 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. Сүүлийн буюу 2022 оны 05 дугаар сарыг дуустал авсан цалинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар 31-ний өдөр дууссан байна гэжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утгагүй байх зарчимд нийцээгүй. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олгогдоогүй цалинг үргэлжилсэн үйлдэл гэж үзээд байгаа юм уу, тус тусдаа бие даасан үйлдэл гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолоод байгаа эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалинг нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг яг аль хугацаанаас тоолоод байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сараас хойш 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нэхэмжилсэн цалингийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тоолоод байгаа нь ойлгомжгүй байна.Түүнчлэн талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар огт маргаагүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ өөрөөр тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан байна гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: 2022 оны 5 дугаар сарыг дуустал авсан цалингийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна гээд нэг л өгүүлбэрээр дүгнэлт хийчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл хугацааг ямар хугацаа гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны буюу 2 жил 6 сарын хугацаанд тухайн байгууллагад би цалингүй ажилласан гэж цалингаа нэхэмжилсэн. Дээрх хугацааг үргэлжилсэн гэж үзсэн эсхүл тус тусдаа гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолсон эсэх үндэслэлээ анхан шатны шүүх шийдвэртээ тайлбарлаагүй, тодорхойгүй байгаа.

2022 оны 5 дугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэж үзсэн байгаа. 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаа байгаа. Энэ үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу 90 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн. Гэтэл 90 хоногийн хугацаа нь 1 жил 7 сарын хугацаатай яаж уялдах талаар үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, орхигдуулсан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хугацаа буюу 2022 оны 5 дугаар сараас хойш 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааг хэрхэн тооцсон, хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхэлж тоологдоно гэж үзсэн талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй, үнэлээгүй шалтгаан, үндэслэлээ шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, тайлбарлаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хоёрдмол утгагүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүх ямар нотлох баримтад үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацаа дууссан гэх дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй. Ямар нэгэн нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэртээ үндэслээгүй нөхцөл байдал байгаа.

Мөн анхан шатны шүүхээс талуудын маргаагүй үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгчийн 13,637,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Маргаж байгаа татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа аудитын шалгалттай холбогдуулаад санхүүгийн зөрчил гаргасан. Мөн ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээний цалинг нэхэмжлэгч авсан гэх үндэслэлээр маргасан. Үүнийг нотолсон баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хариуцагч талаас гаргаж өгсөн. Энэ үйл баримтын талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан атлаа талуудын маргахгүй байгаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар шүүх санаачилгаараа дүгнэлт хийсэн. Ер нь талуудын маргахгүй байгаа үйл баримтын талаар шүүх санаачилгаараа дүгнэлт хийх ёсгүй гэж үзэж байгаа.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д “...шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг үндэслэн гаргана” гэж заасан буюу анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс өөр нотлох баримтыг заах, мөн нотлох баримтыг үндэслэл болгохгүйгээр шүүхийн шийдвэр гаргахыг хуулиараа хориглосон. Гэтэл энэ зөрчлийг гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна гэж харж байгаа

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

8. Нэхэмжлэгч Ш.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2 жил 6 сарын хугацаанд цалингаа аваагүй нь үнэн. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс шилжүүлсэн мөнгийг дарга бид хоёр үйлчилгээний ажилтнуудад хамгийн эхний ээлжид олгодог байсан. Намайг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас цалин авсан гээд байгаа. Би давхар тогоочийн ажил гүйцэтгэж өдрийн үйлчилгээний зардал нэг хүнээс 2500 төгрөг авдаг байсан бөгөөд би тухайн цалингаа авсан байгаа.

Цаг хугацаа алдсан шалтгаан нь би өөрөө нягтлан бодогч хүн учраас эхлээд бусад ажилчдын асуудлыг шийдвэрлэж байсан. Монгол улсын 19 аймаг, 4 дүүрэгт У хороонд санхүүжилт өгсөн зөвхөн Увс аймагт гэрээ байгуулагдаагүй. У хорооны даргын зүгээс улс төрийн үзэл бодлоос шалтгаалж надтай Увс аймгийн Засаг дарга гэрээ байгуулахгүй байна, Бага хурал хуралдах хүртэл байгууллагын хаалгыг барихгүйгээр, Увс аймгийн хэмжээний 8400 гаруй У эрх ашгийг бодолцоод ажил үүргээ гүйцэтгэ гэдэг шаардлага тавьдаг байсан. Бага хурал нь 4 жилийн хугацаанд ажилладаг бөгөөд тухайн жил хуралдах байсан. Бид тавуулаа ажил үүргээ гүйцэтгээд, бага тушаалтай ажилтнуудад орж ирсэн орлогоос цалинг нь гүйцэт олгоод, дарга бид 2 маш бага хэмжээний цалин авч байсан. Дарга маань бараг цалин авч чадаагүй бөгөөд 2022 оны 3 дугаар сараас бие нь өвдөж, хавдар судлалын эмнэлгээр эмчлүүлж, 2022 оны 8 дугаар сард нас барсан. Түүнээс хойш түр орлон гүйцэтгэгчээр В.Төөрүүл гэх хүн ажилласан. В.Төөрүүл дарга “учир нь олдоно, 2023 оны 4 дүгээр сард Бага хурал хуралдах тул та нар ажлаа үргэлжлүүлээд хийгээрэй” гэж хэлсэн. Мөн надад зохион байгуулагчийн ажлыг давхар тушаал гаргасан. Би тогооч, нягтлан бодогч, зохион байгуулагч гэх 3 ажил хийсэн. Би тухайн байгууллагын 2 дахь гарын үсэг зурдаг хүн учраас ёс зүйн хувьд өөртөө урьдчилж цалин авах нь зохимжгүй. Хэрэв би өөрийн эрх ашгаа боддог байсан бол орж ирсэн орлогыг бүгдийг нь өөртөө бодож авах байсан.

Би дарга удирдлагуудын байдлыг ажиглаад, асуудал шийдэгдэх байх гэж хүлээгээд байсан. Бусад 2 ажилчин цалингаа бараг гүйцэт авсан. Би шинэ дарга томилогдонгуут мөнгө нэхэж шүүхэд хандаад яахав, ажлаа жигдрүүлэх хүртэл хүлээе гэж бодоод мөн байгууллагынхаа эрх ашгийг бодоод явж байгаад энэ он гараад шүүхэд хандсан гэв.

9. Хариуцагч Я.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би хуулийн биш цэргийн мэргэжилтэй хүн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээж авсан. Шүүх хуулийн зүйл заалтыг олж хараад шийдвэрээ гаргасан тул шүүхийн шийдвэр зөв байх гэж бодож байгаа. Т.Уянгаа өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг хэдийнээс эхэлж тоолох талаар ярьж байна. Энэ хугацаа 2021 оны 3 дугаар сард эхэлсэн. Тухайн үед Ш.Н өөрөө нягтлан бодогчоор ажиллаж байсан. Дээрх хугацаа нь даргатайгаа ярилцаж, хуулиа уншаад хуулийн зөвлөгөө авахад хангалттай хугацаа. Урьд нь зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Бор 2021-2022 оны хооронд ажиллаж байсан цалингаа авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад У хорооны даргаас Ё.Бтай тухайн үед тохиролцоод шийдвэр гаргуулсан. Нэхэмжлэгч огт  цалин аваагүй гэж байгаа. Энэ асуудлыг би гаргаж ирээд Төрийн банкнаас 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны дансны хуулга авахад цалин гэх гүйлгээ зөндөө байсан. Үүнийг тогтоохоор өмгөөлөгч авч, зөвлөгөө аваад аймгийн санхүүгийн хяналтын дотоод аудитаар шалгуулсан. Шалгасан талаар аудитын хурлын тэмдэглэл байгаа. У хороо тухайн үедээ М.Бор, Ш.Н, үйлчлэгч, сувилагч нарт тодорхой хэмжээний цалин хөлсийг өгч байсан. Увс аймгийн Засаг дарга У хорооны санхүүжилтийг зогсоосон талаараа мэдэгдэл өгсөн. Үүнд үйл ажиллагаа явуулаагүй, ажлын тайлан өгөөгүй, нийгмийн даатгалын өртэй байх тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэх хариу өгсөн. У хороо нь аймгаас Ахмад настны хөгжил хамгааллын санхүүжилт, дэмжлэг аваад үйл ажиллагаандаа зарцуулж, ахмад настнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулаад, гэрээт ажлын хөлс тооцдог журамтай. Мөн нэмэлтээр Увс аймгийн Халамж үйлчилгээний газраас өдрийн үйлчилгээ авч, ахмадууд хөдөлгөөн дасгал хийлгэх зэрэг янз бүрийн үйл ажиллагаанаас санхүүжилт аваад хорооны ажилчдын цалинг өгч байсан.

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн баримт, материалаа бүрдүүлсэн. Маргаан үүссэн цаг хугацаа 2021 оны 3 дугаар сард эхэлсэн болохыг санхүүгийн шалгалтаар тогтоолгоод тэмдэглэл хөтөлсөн баримтыг авсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

У хорооны санхүүжилт нь зогссон учраас цалин өгөх боломжгүй байсан. У хороо нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний төв болон бусад байгууллагуудтай хамтарч ажилласан гэрээний дагуу олсон мөнгөөрөө ажилчдынхаа цалинг олгож байсан болохыг Увс аймгийн Дотоод аудитын газрын дүгнэлтээр гаргасан байдаг.

У хороо нь тайлангаа өгөөгүй, өртэй байсан тул аймгаас санхүүжилтийг зогсоосон байсан. Өмнөх У хорооны дарга Ё.Б нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон орон сууцын түрээсийн гэрээ байгуулж санхүүжилт олж, ажилчдынхаа цалинг олгож байсан.

Хөдөлмөрийн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөөн хэлэлцэнэ хугацааны асуудал яригдана. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудал яригдахгүй. Учир нь Ш.Н 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс цалин олгох боломжгүй болсон талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан. Учир нь өөрөө цалинждаг үндсэн ажилчин байсан тул цалин орохгүй байгааг мэдсэн боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин олгогдоогүй тул шаардах эрх энэ үеэс үүссэн байгаа.

Ш.Н эрх нь зөрчигдсөн болохоо мэдэж байсан, энэ хугацаанд хөдөлмөрлөх эрхээ алдаж, цалингаа авч чадаагүй тул эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй үндэслэл харагдаж байгаа. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэгч Ш.Нын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00191 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ш.Н хариуцагч У хороонд холбогдуулан, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ: У хороо нь олон нийтийн буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн салбар нэгж нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан боловч урьд нь ажиллаж байсан дарга нь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр аймгийн төсвөөс олгогдох ёстой байсан санхүүжилт олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар манай байгууллага ажилтан нартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Тухайн үеийн дарга нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаагүй талаар ажилтнууд тайлбарласан. Ш.Н нь 2023 оны 3 дугаар сараас хойш тус У хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын байранд тушаал гарч ажиллаагүй, давхар түр хавсарч ажиллаж байгаа. Аймгийн У хороо нь тогтмол санхүүжилт авдаг төрийн байгууллага биш. Урьд онуудад Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж, гэрээний дагуу авсан санхүүжилтээс үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулсан. Тухайн үед ажилтнуудынхаа цалинг олгосон тул хариуцагчаар татагдах ёсгүй” гэж тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Ныг 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс эхлэн тоолж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэл, нотолгооны талаар дүгнээгүй, мөн маргаанд эрх зүйн ямар хэм хэмжээг хэрхэн хэрэглэж байгаа талаараа тайлбарлаагүй байна.

           Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт: “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2 дахь хэсэгт: “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан ба шүүх Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгаа талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

5.2. Анхан шатны шүүх шийдвэртээ: “...нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.Сүүлийн буюу 2022 оны 05 дугаар сарыг дуустал авсан цалинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна” гэж дүгнэжээ.

           Нэхэмжлэгч Ш.Н нь шүүхэд 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2022 оны 05 дугаар сарыг дуустал авсан цалинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Ныг цалин гаргуулах шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан: “Үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

6. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2024/00191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                       

                                                           ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН    

             ШҮҮГЧ                                                   Д.КӨБЕШ   

                        ШҮҮГЧ                                                   Н.МӨНХЖАРГАЛ