Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019       05        02                                         2019/ШЦТ/118

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Хохирогч Б.Дашдолгор

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гачид овогт Ц.Бод холбогдох эрүүгийн 1921002720114 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, армоторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 9-13 насны 3 хүүхдийн хамт амьдрах, ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар 3 жилийг хасч,  4 сар 6 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, Гачид овогт Ц.Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 26-05 тоотод иргэн Б.Дашдолгорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчиийн нэхэмжлээд байгаа хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ би одоо мөнгөгүй байгаа тул хугацаа өгөхийг хүсч байна...” гэв.

  Хохирогч Б.Дашдолгор шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Б нь би шоронд явж байсан, шоронгийн атаман байсан хүн чамайг алчихад дүү нар чинь олохгүй шүү гэж айлган сүрдүүлж үснээс зулгааж, архины шилээр нүүр рүү цохисон. Ц.Б надад 50000 төгрөг л өгсөн, харин би одоо 1000000 төгрөг нэхэмжилж байна. Миний танидаг хүн маань надад шүүх хурал дээрээ мөнгөө нэхэж болдог гэж хэлэхээр нь би өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө нэхэх зүйлгүй гэж мэдүүлсэн юм. Аавыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон гэхдээ аав маань өнөөдөр ажилтай тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй болоод намайг өөрөө шүүх хуралдаа орж гомдол саналаа хэл гэсэн учраас би өөрөө ирсэн юм...” гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 255 тоот дүгнэлтэд: “1. Б.Дашдолгорын биед баруун зүүн чамархайн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойронд, зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дээд хэсэг, дотор талд цус хуралт, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, доод баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдлөл гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 24/

-Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 26-05 тоотод хохирогч Б.Дашдолгорыг зодож, биед нь баруун зүүн чамархайн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойронд, зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дээд хэсэг, дотор талд цус хуралт, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, доод баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдлөл бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн:  “...Ууж байхдаа юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд л бид хоёр хоорондоо маргалдаж байснаа би түүнийг үсдэж унагаагаад нүүрэн тус газар нь хэд хэд цохисон...“ гэж /хх-ийн 29-31/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Дашдолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Ц.Б нь ...гэнэт намайг цохиж эхэлсэн. Нүүр рүү маань л цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 255 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч Б.Дашдолгорын эрүүл мэндэд учирсан “баруун зүүн чамархайн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойронд, зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дээд хэсэг, дотор талд цус хуралт, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, доод баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдлөл” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь хохирогчийн нүүрэн тус хэсэгт цохисон шүүгдэгч Ц.Бын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.  

Иймд шүүгдэгч Ц.Бод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.        

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Дашдолгор нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилж байгаа дээрх мөнгийг хүлээн зөвшөөрч байна, ойрын хугацаанд төлж барагдуулна, энэ талаар маргах зүйлгүй гэж хүсэл зоригоо илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1000000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дашдолгорт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

1.Шүүгдэгч Гачид овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бод мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Боос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дашдолгорт олгосугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бын ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР