Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 232

 

Б.Эрдэнэхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нямцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Б.Эрдэнэхүүд холбогдох 2016 2503 1926 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Батцэнгэлийн Эрдэнэхүү, 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамжны 30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:УХ95011619/;

Б.Эрдэнэхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамжинд Б.Чинзоригийг “муухай харлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар зодож, түүний биед “тархи доргилт, баруун чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Эрдэнэхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Батцэнгэлийн Эрдэнэхүүг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эрдэнэхүүгээс шүүхийн 100 900 054 06 тоот  дансанд урдчилан байршуулсан 130.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, үлдэх 1.685.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эрдэнэхүүгээс гаргуулж, нийт 1.815.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Батбаяр /РД: ЧЖ77051814/-т олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Б.Эрдэнэхүүг  “уг гэмт хэрэг нь гудамж талбайд үйлдэгдсэн бөгөөд бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна. Иймд шүүгдэгч Б.Эрдэнэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж. хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт “...үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял буюу хуульд заагаагүй ял оногдуулсан байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 56 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо: “...Эрдэнэхүүг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох-оор үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.” 3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.” гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заагдаагүй өөр төрөл, хэмжээний ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн алдаа гаргажээ.

Иймд энэ талаар прокурор П.Нямцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эрдэнэхүүд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.