Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 99

 

Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн таслан шийтгэсэн 25 дугаар тогтоолтой, Д.М-д холбогдох 17313 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар багийн харьяат, эрэгтэй, 50 настай, ард, халх, хөрөнгө тэмээ 60, хонь 100, адуу 30, ямаа 8, гэр 1, цэрэгт явж байсан,  гишүүн бус, ял шийтгэлгүй Д-ийн М нь

Дотоод явдлын яамнаас бусдыг хилс хэрэгт татаж байна, баян хүмүүсийг баривчлан хөрөнгийг нь хурааж байна, Маршал Чойбалсан нь хамаг сайд ба лам нарыг мөлжиж байгаа гэж нам засгийн шалгарсан удирдагчийг нэр хүндгүй болгохоор эсэргүү цуурхлуудыг тарааж байсан, Ардын хувьсгалт нам засгийг муулж, хуучин хаант засгийг байгуулж, бурхан шашныг дэлгэрүүлэхийг хичээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн таслан шийтгэсэн 25 дугаар тогтоолоор Д.М-ийг Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлд заасныг баримтлан 7 жил 6 сар хорих, мөн бичгийн 70 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 1 жил хорих ялаар шийтгэн, 1 жилийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж шийтгэх, хэрэгтэн Д.М-ийг гэр бүлд зөвхөн амьдралыг үлдээж хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмнөговь аймгийн Ардын шүүх таслан газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн 25 дугаар тогтоолоор Д-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлээр 7 жил 6 сар хорьж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Д.М нь тус улсын хууль цаазыг илэрхийгээр эсэргүүцэх гэсэн, хувьсгалт засаг төр ба түүний удирдагч нарыг ард олны дотор элдвээр доромжлох гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго байгаагүй. Д.М-ийн ярьсан ярианы улмаас тухайн үеийн нийгэм болон ард иргэдэд ямар хор, хохирол учруулсныг баримтаар шалгаж тогтоогоогүй байж, лам нарын ба Гэндэн, Дэмид зэрэг Японы тагнуулын байгууллагыг илрүүлэн устгасан явдалд хорсож, цуурхлуудыг тараасан гэх улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн.

Д.М нь Ардын хувьсгалт нам засгийг муулж, хуучин хаант засгийг байгуулж, бурхан шашныг дэлгэрүүлэхийг хичээсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хэргийн баримтуудаас дүгнэхэд, Д.М-ийн тараасан эсэргүү цуурхал гэгч нь ард олны дунд нийтлэг яригдаж байсан, тухайн үед болж байсан бодит зүйлийн талаар ярьсан яриа байх бөгөөд ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан, төр засгийг үймүүлэхийг уриалсан бус, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлж тухайн үеийн нийгмийн бодит амьдрал, байдлыг ярьсан хүний үзэл бодлыг нь нухчин дарах зорилготойгоор тухайн нийгмийнхээ улс төрийн бодлогын золиос болгож, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../  заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Д-ийн М-д Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн 25 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлд заасныг баримтлан 7 жил 6 сар хорих ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, Д овогтой М-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.М-ийг Дотоод явдлын яамнаас бусдыг хилс хэрэгт татаж байна, баян хүмүүсийг баривчлан хөрөнгийг нь хурааж байна, Маршал Чойбалсан нь хамаг сайд ба лам нарыг мөлжиж байгаа гэж нам засгийн шалгарсан удирдагчийг нэр хүндгүй болгохоор эсэргүү цуурхлуудыг тарааж байсан, Ардын хувьсгалт нам засгийг муулж, хуучин хаант засгийг байгуулж, бурхан шашныг дэлгэрүүлэхийг хичээсэн гэм буруутай гэж Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлд заасныг баримтлан 7 жил 6 сар хорих, мөн бичгийн 70 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, 1 жилийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж шийтгэх, Д.М-ийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд прокурорын бичсэн “...Д.М-ийн тараасан эсэргүү цуурхал нь ард олны дунд нийтлэг яригдаж байсан, тухайн үед болж байсан бодит зүйлийн талаарх яриа байх бөгөөд ард олны амгалан тайван байдлыг алдагдуулсан төр засгийг үймүүлэхийг уриалсан бус өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлж тухайн үеийн нийгмийн бодит амьдрал, байдлын ярьсан хүний үзэл бодлыг нь нухчин дарах зорилготойгоор улс төрийн бодлогын золиос болгож, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн” гэсэн дүгнэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Д.М-ийг хилсээр ял шийтгэсэн 1934 оны Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн В-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

1934 оны Шүүх цаазын бичгийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс Д.М-д 1 жил хорих ял оногдуулсан хэргийн талаар прокурор дүгнэлт, бичээгүй, уг зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн хүнд дээрхи хууль хамаарахгүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзвээс Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн таслан шийтгэсэн 25 дугаар тогтоолын энэ хэсэг үндэслэл муутай байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Мөрдөн байцаалтын 17313 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 6-10 дахь тал)-ийн ялын төлөвлөгөөнд хамаарах хэсэг болон прокурорын дүгнэлтэд “Д.М-ийг Шүүх цаазын бичгийн 70 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шийтгүүлэх саналыг төлөвлөв” гэж бичсэн талаар тусгасан бол мөн тэмдэглэлийн таслан шийтгэсэн байдал хэсэг болон прокурорын дүгнэлтэд “Шүүх цаазын бичгийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1 жил хорих ялаар шийтгэсэн” хэмээн дурджээ.

1934 оны Шүүх цаазын бичгийн 70 дугаар зүйлд “Хэн нэгэн хүнээс засгийг төлөөлөн яваа этгээд болох албан тушаалтнаас хуулиар даалгагдсан уул албан үүргийг гүйцэтгэхэд эсэргүүцэх буюу засаг захиргааны газруудаас хууль ёсоор тушаасныг үл гүйцэтгэх. Үүнд:

1.Хэрэв засгийг төлөөлөх этгээд нарыг хүчирхэн дарласан бол 1 жилээс доошгүй хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино гэж заасан байна.

Д.М-ийг 1934 оны Шүүх цаазын бичгийн 70 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн хэрэгт засгийн хэн гэдэг төлөөлөгчийг хэзээ, хэрхэн хүч хэрэглэж эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болон ямар хор уршиг учирсныг нотолсон баримт сэлт үгүй, энэ хэрэгт холбогдуулан тодорхой этгээдийг хохирогчоор тогтоож байцаагаагүй, өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад түүнд үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна гэж шүүх дүгнэж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1940 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д-ийн М 1934 оны Шүүх цаазын бичгийг 47, 48 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР 

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН