Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 292

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  У ын Э ,  

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, 

Гуравдагч этгээд:  Г.Б , 

Гуравдагч этгээд:  “А т б х” ХХК, 

Гуравдагч этгээд: “К М ” ББСБ,

Гуравдагч этгээд: “Х б” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э , гуравдагч этгээд Г.Б болон “А т б х” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б , гуравдагч этгээд “К М ” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Боржигон овогтой У ын Э миний бие иргэн Д овогтой Г ын Б аас амины орон сууцны байшин захиалах ба барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу амины орон сууц бариулсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн хэрнээ газрын гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. 

Дээрх захиалгын гэрээний дагуу 1 дүгээрт: 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 9600 ам.дөрвөлжин метр газрын 1294,0 ам.дөрвөлжин метр газрын эрхийг мөн 2 дугаарт: 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 9600 ам.дөрвөлжин метр газрын 1289,0 ам.дөрвөлжин метр газрын эрхийг тус тус шилжүүлэн авсан. 

Дээрх гэрээний дагуу иргэн Г.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дэзр гаргаж өгнө гэж хэлж аргацаасаар өнөөдрийг хүрээд байна. Миний тухайн газрын гэрчилгээг яагаад шилжүүлэхгүй байгааг газрын албанаас тодруулахад 2014 оны 12 дугаар сард тухайн Г.Б ы нэр дээр байсан газар өөр хуулийн этгээдэд шилжсэн байх бөгөөд хэмжээ нь мөн өөрчлөгдсөн байна. 

Иргэн Г.Б тай удаа дараа холбогдож газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсдэг боловч элдэв тайлбар тавьж цаг авсаар байсан бөгөөд сүүлдээ бүүр газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж хэлэх болсон. 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандсан боловч Өмч, газрын харилцааны албан дарга 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №1418 тоот актаар таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж Нийслэлийн Засаг даргад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан. 

Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар гэрээний нөгөө тал болон хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсний дагуу шүүхэд хандаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шийдвэрлэсэн гэх боловч гар утсанд хариу гарсан мэдээлэл 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирснээр хариугаа гарсныг мэдэж авсан” гэжээ.

Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байна. Үүнээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус эс үйлдэхүй байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна.

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай Л.Б т олгосон байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн, гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн гуравдугаар хавсралтын 51 дүгээрт дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай Л.Б аас Г ын Б д шилжүүлж, захирамжийн 5 дугаар хэсгээр дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийн Л.Б т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна. 

Дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Г.Б д олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, хэмжээг 35077 м.кв болгосон байна. Г.Б нь хүсэлтдээ “А т б х” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэй 0136090 тоот гэрчилгээний дугаартай 2 газрыг иргэн Г.Б ы нэр дээр нийлүүлэн эзэмших болсон тул “А т б х” ХХК-ийн нэр дээр байгаа эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж иргэн Г.Б ы нэр дээр болгож өгнө үү гэжээ.

Дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Г.Б д олгосон газар эзэмших эрхийг “А т б х” ХХК-д шилжүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар талууд хүсэлт гаргаж, 38.2.1-3 дахь заалтад заасан баримт бичгийг хавсаргахаар байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1418 дугаар албан бичгээр хариуг хүлээн авсан байна.

Тус хүсэлтэд хавсаргагдсан гэрээнээс үзвэл нэхэмжлэгч У.Э нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байх ба гэрээний 3 дугаар зүйлд “Уг газар нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно” гэж заасан байна. Газар эзэмших эрх “А т б х” ХХК-д шилжсэн байхад Г.Б аас У.Э д шилжүүлэх хүсэлт гаргасныг биелүүлэх хууль зүйн боломжгүй байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд У.Э гэсэн нэр тус захирамжид байхгүй байна. 

Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх хууль зүйн боломжгүй тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Харин нэхэмжлэгч нь иргэн Г.Б тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд Г.Б болон “А т б х” ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн У.Э ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Г.Б ы өмгөөлөгч Б.Б миний бие нэхэмжлэл болон хэргийн материалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

Нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах”  

Дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагын хууль болон бодит үндэслэлийн талаар: 

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: 

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А/636 дугаар захирамж гарган 13 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг нэр шилжүүлж баталгаажуулсан байдаг. Тус 13 иргэн аж ахуйн нэгжийн дунд иргэн У.Э д холбогдох ямар нэгэн хэсэг байхгүй бөгөөд уг захирамж нь хэн нэгэн гуравдагч этгээдийн тэр тусмаа У.Э ын газар ашиглах, өмчлөх, эзэмших эрхийг хөндөөгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилт нь иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдгаас гадна тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Захиргааны шүүхэд гаргах нэхэмжлэл болон түүний агуулгыг маш тодорхой заажээ. 

Үүнээс үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” болон холбогдох бусад хуулийн дагуу иргэн Г.Б аас “А т б х” ХХК-д шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, дээд шатны байгууллагад тухайн нэхэмжлэл гаргаад буй асуудлаар хандаагүй байна. Мөн тус захирамжид нэхэмжлэгч У.Э д холбогдох ямар нэгэн хэсэг байхгүй тул захирамжийг хүчингүй болгуулах шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Тус зүйлийн 38.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан бөгөөд энэ зүйлийн үргэлжлэлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар шаардагдах баримт бичиг болон журмыг шат дараалан тусгайлан заажээ. Өөрөөр хэлбэл талууд тухайн хуульд заасан шаардлагад нийцүүлэн хүсэлт гаргаагүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. 

Мөн тус хуулийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заажээ. 

Иймээс нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь Газрын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч “газар эзэмших гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл газрын тухай хуулийн 38.4-д “Эрхийн тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. 

“А т б х” ХХК нь хуульд заасны дагуу тус газрыг шилжүүлэн авсан. Газар эзэмших эрх “А т б х” ХХК-д шилжсэн байхад Г.Б аас У.Э руу шилжүүлэх хууль зүйн талаас боломжгүй бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд “А т б х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн У.Э ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэл болон хэргийн материалтай танилцаад “А т б х” ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:  

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: 

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А/636 дугаар захирамж гарган 13 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг нэр шилжүүлж баталгаажуулсан байдаг. Тус 13 иргэн аж ахуйн нэгжийн дунд иргэн У.Э д холбогдох ямар нэгэн хэсэг байхгүй бөгөөд уг захирамж нь хэн нэгэн гуравдагч этгээдийн тэр тусмаа У.Э ын газар ашиглах, өмчлөх, эзэмших эрхийг хөндөөгүй байна. “А т б х” ХХК нь У.Э ын өмчлөл, эзэмшилд байсан газрыг шилжүүлж аваагүй ба хууль тогтоомжид заасны дагуу Г.Б өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлэх хүсэлт гарган шилжүүлсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилт нь иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдгаас гадна тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Захиргааны шүүхэд гаргах нэхэмжлэл болон түүний агуулгыг маш тодорхой байдаг. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” болон холбогдох бусад хуулийн дагуу газрын өмчлөгч иргэн Г.Б аас “А т б х” ХХК-д хууль ёсны дагуу шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, дээд шатны байгууллагад тухайн нэхэмжлэл гаргаад буй асуудлаар хандаагүй байна. Мөн тус захирамжид нэхэмжлэгч У.Э д холбогдох ямар нэгэн хэсэг байхгүй тул захирамжийг хүчингүй болгуулах шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Тус зүйлийн 38.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд энэ зүйлийн үргэлжлэлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар шаардагдах баримт бичиг болон журмыг шат дараалан тусгайлан заажээ. Өөрөөр хэлбэл талууд тухайн хуульд заасан шаардлагад нийцүүлэн хүсэлт гаргаагүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй төдийгүй Засаг даргад шүүхээс тухайн асуудлаар даалгасан шийдвэр гаргах хуулийн болон бодит үндэслэлгүй билээ.  

Мөн тус хуулийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1 энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2 шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3 эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заажээ. Үүнээс үзэхэд дүүргийн Засаг дарга хуульд заасан дараах асуудлуудыг тодруулах шаардлагатай бөгөөд тодруулаагүй байхад шууд шүүхээр түүнийг даалган шийдвэрлэх боломжгүй, Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. 

Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь Газрын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “газар эзэмших гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл газрын тухай хуулийн 38.4-д “Эрхийн тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. 

“А т б х” ХХК нь хуульд заасны дагуу тус газрыг шилжүүлэн авсан. Газар эзэмших эрх “А т б х” ХХК-д шилжсэн байхад Г.Б аас У.Э руу шилжүүлэх хууль зүйн талаас боломжгүй бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ. 

Тав. Гуравдагч этгээд “К М ” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

Тус шүүхэд У.Э ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох хэрэгт “К М ” ББСБ-ыг гуравдагч этгээдээр татжээ. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Гуравдагч этгээд “К М ” ББСБ нь зээлийн үйлчилгээ, валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж юм. Манай байгууллагатай 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Б нь ЗГ1111/12/09/111 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 450.000 ам долларын зээл авч түүний барьцаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой дахь 9.600 м.кв талбай газрыг барьцаалан зээл авсан. 

Гэтэл Д.Б нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл Г.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй. Тодруулбал нэхэмжлэгч У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй юм.

2. Нэхэмжлэгч У.Э нь Д.Б тай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж хэлж байгаа нь манай байгууллагатай тухайн 9.600 м.кв газрыг Д.Б барьцаалж зээл авсны дараа болсон үйл явдал байх тул тухайн иргэд хооронд болсон маргааныг захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх бус иргэний журмаар хянан хэлэлцэгдэх асуудал байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэх бус иргэний хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэх асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Анх маргаан бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар Л.Б т олгож, улмаар тус дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн, гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар дээрх газрыг амралт сувиллын зориулалтаар иргэн Л.Б аас Г ын Б д шилжүүлсэн байна. 

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар Г.Б д олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан бөгөөд өөрийн 9600 м.кв газар дээр “А т б х” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг нэмэгдүүлэн нийт 35077 м.кв газрыг авсан байна.

Улмаар иргэн Г.Б болон “А т б х” ХХК-иас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 35077 м.кв газрыг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжаар Г.Б д олгосон газар эзэмших эрхийг “А т б х” ХХК-д шилжүүлжээ.

Иймд дээрх захирамжид иргэн У.Э ын нэр байхгүй, түүний газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй, өөрөөр хэлбэл Н.Б аас маргаан бүхий газрын эрхийг “А т б х” ХХК-руу шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан шаардлагын дагуу гаргасныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин нэхэмжлэгч нь иргэн Г.Б тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч дараах нэхэмжлэлийн үндэслэлээ “...Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргахыг даалгуулах” гэж тодорхойлсон боловч тухайн үед уг газрыг эзэмших эрх “А т б х” ХХК-д шилжсэн байсан, түүнчлэн уг эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний дагуу төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, 38.2.1-3 дахь заалтад заасан баримт бичгийг хавсаргахаар заасан ба тухайн тохиолдолд гэрээний талууд хүсэлт гаргаж байгаагүй, харин нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1418 дугаар албан бичгээр хариу өгч, хууль буюу гэрээний 3 дугаар зүйлд “Уг газар нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно” гэж заасны дагуу газар эзэмших эрх “А т б х” ХХК-д шилжсэн байхад Г.Б аас У.Э д шилжүүлэх хүсэлт гаргасныг биелүүлээгүй болон хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Э ын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан  гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн У.Э болон Г.Б  нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, У.Э болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээг У.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА