Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 04

 

Б.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 476 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Лувсанрэнчинд холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Хариуцагч: Б.Лувсанрэнчин,

Хариуцагчийн өмгөөлөгч:Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лувсанрэнчинтэй гэр бүл болж амьдарч байгаад шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдэдээ хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулахаар шийдвэрлүүлж байсан. Лувсанрэнчин нь 2006 онд эргэж ирээд бид дахин хамт амьдрах болсон. Хамтдаа нийт 9 жилийн хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2 хүүхэд шинээр төрсөн бөгөөд бага хүү Л.Отгондаваа 5 настай, түүний дээд талын охин Л.Отгонбуян одоо 7 настай. ... Гэтэл 2014 оны 3 дугаар сараас хойш нөхөр маань намайг хот руу эмчилгээнд явсан хойгуур гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мал, өвлийн хашаа байшин зэрэг бусад эд хөрөнгүүдээ хаачуулсныг нь мэдэхгүй алга болгосон байсан.

Иймд Б.Лувсанренчин бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү Л.Отгондаваа, охин Л.Отгонбуян нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 5 ханатай гэр 500.000 төгрөг, өвөлжөөний хашаа 2 ширхэг 4х6-ын харьцаатай зуны байшин 10.000.000 төгрөг, өнгөт зурагт, нарны цахилгаан үүсгүүр, олон сувгийн антень 240.000 төгрөг, аксент маркийн суудлын жижиг машин 5.000.000 төгрөг, хятад мотоцикль 1.000.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг 150.000 төгрөг, эр хонь 27 толгой 1 үнэ 150.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, эр бүдүүн ямаа 20 толгой нэгж үнэ 100.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг, эм ямаа 25 толгой нэгж үнэ 80.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг, эр шүдлэн ямаа 30 толгой нэгж үнэ 70.000 төгрөг нийт 2.100.000 төгрөг, эм шүдлэн ямаа 45 толгой нэгж үнэ 70.000 төгрөг нийт 3.150.000 төгрөг бүгд 30.640.000 төгрөгийн хамтран өмчлөх эд хөрөнгө байгаагаас өөрт болон 3 хүүхдэдээ оногдох хувийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би анх шүүхэд хүү Л.Отгондаваа, охин Л.Отгонбуян нарыг миний асрамжид үлдээж, тэдний эцгээр Лувсанренчинг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж хамтын амьдралын явцад бий болсон бүгд 30.640.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэдээ оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эцэг тогтоолгох болон дружба хөрөө буюу 50.000 төгрөг, унадаг дугуй 1 ширхэг буюу 150.000 төгрөг, цахилгаан хадуур буюу 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Мөрөн сумын 3 дугаар багийн 102-4 тоотод байрлах хашаа байшингаас өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж Мөрөн сумын 3 дугаар багийн 102-4 тоотод байрлах хашаа байшингаас өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 5 ханатай гэр буюу 500.000 төгрөг, өвөлжөөний хашаа 2 ширхэг, 4х6 харьцаатай зуны байшингийн хамт 9.000.000 төгрөг, өнгөт зурагт, нарны үүсгэвэр, олон сувгийн антень буюу 240.000 төгрөг, аксент маркийн суудлын авто машин буюу 5.000.000 төгрөг, хятад мотоцикль 1 ширхэг буюу 1.000.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг буюу 150.000 төгрөг, эр хонь 27 толгой буюу 4.050.000 төгрөг, эр бүдүүн ямаа 20 толгой буюу 2.000.000 төгрөг, эр ямаа 25 толгой буюу 2.000.000 төгрөг, эр шүдлэн ямаа 30 толгой буюу 2.100.000 төгрөг, эм шүдлэн ямаа 45 толгой буюу 3.150.000 төгрөг, борлон 80 толгой буюу 4.000.000 төгрөг, төлөг 80 толгой буюу 6.400.000 төгрөг, нийт 40.590.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байгаагаас 5 ханатай гэр 5.000.000 төгрөг, өвөлжөөний хашаа, зуны байшингийн хамт 9.000.000 төгрөг, өнгөт зурагт, цахилгаан үүсгүүр, антень 240.000 төгрөг, хүүхдийн дугуй 150.000 төгрөг, эр хонь 27 толгой 4.050.000 төгрөг, эр бүдүүн ямаа 20 толгой 2.000.000 төгрөг, эм ямаа 25 толгой 2.000.000 төгрөг, эр шүдлэн ямаа 30 толгой 2.100.000 төгрөг, эм шүдлэн ямаа 45 толгой 3.150.000 төгрөг, суудлын жижиг машин аксент маркийн 5.000.000 төгрөг бүгд 32.690.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Б.Лувсанрэнчин бид хоёр банкинд 1.000.000 төгрөгийн зээлтэй байсан.

Иймд өвөлжөөний хашааны үнэлгээнээс 1.000.000 төгрөг, эцэг мал харсны хөлсөнд бусдаас авсан гэх малаас 10 төлөг, 30 борлонг өөрийн төрсөн охин Л.Бумандарьд өмч болгож өгснийг зөвшөөрч байх тул дээрх 1.000.000 төгрөг, 10 төлөг, 30 борлон нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Эцэг мал харсны хөлсөнд 80 толгой борлон, 80 толгой төлөг авсан нь үнэн. Түүнээс Бумандарьд өгсөн 40 тооны малыг хасч үлдэх 120 толгой малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулна. Л.Буманзаяад тусад нь гарахад нь өмч тасалж өгсөн байхад дахиж 38 тооны мал, мотоциклийг миний зөвшөөрөлгүй өгсөн байх тул зөвшөөрөхгүй байна. 5 ханатай гэр болон мотоциклийг Б.Лувсанрэнчингээс өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэмжид аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлээгүй. Харин энэ хэрэгт шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байгаа. Хэдийгээр нэхэмжилж байгаа гэрт би амьдарч байгаа нь үнэн боловч энэ гэр бид хоёрын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж өөрт хуваарилуулахаар нэхэмжилсэн болно. Учир нь Б.Лувсанрэнчин нь хэзээ ч хамаагүй ирээд авчих боломжтой тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.Лувсанрэнчин шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Батжаргал нь 2014 оны 4 дүгээр сард хаашаа явсан нь тодорхойгүй алга болсон. Нэхэмжилсэн эд зүйлсийг тодруулахад 5 ханатай гэрийг бид хоёрыг эргэн нийлэх үед миний төрсөн дүү нар худалдан авч өгсөн. Б.Батжаргал бид хоёр банкнаас зээл аваад Б.Батжаргал зээлээ төлж чадахгүй зугтаад, би өвөлжөөний хашааг нүүлгэн шилжүүлээд хамаатны Доржпалам гэдэг хүнд 1.000.000 төгрөгөөр зараад банкны зээлийг төлсөн. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Би нэг унадаг дугуйг нь буцааж өгсөн. Нөгөө унадаг дугуй нь манай дүүгийн гэрт хулгай ороод алдагдсан. Суудлын машиныг Алаг-Эрдэнэ сумын иргэн Шижирбаатараас 5.000.000 төгрөгөөр авна гэж байсан боловч төлбөрийг төлж чадаагүй учраас машинаа буцааж авсан. Хятад мотоциклийг хүргэн, охин хоёртоо өгсөн. ...147 толгой мал манайд байгаагүй. ...хүргэн Сэнгэравдан, охин Буманзаяа нарт 38 толгой ямаа өгсөн. Хүргэн Б.Зул, охин Бумандарь нарт 20 толгой ямаа өгсөн. Б.Батжаргал нь өөрөө Улаанбаатар хот руу явахдаа малаа зарж эмчилгээнд явсан, 2 хүүхдэдээ өмчинд өгсөн зэргийг өөрөө мэдэж байгаа хирнээ надаас байхгүй эд хөрөнгөө нэхээд байгаад би гайхаж байна. Надад байгаа эд хөрөнгийг хуваалцаад хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагч Б.Лувсанрэнчин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн 40.590.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байгаагаас 5 ханатай гэр 5.000.000 төгрөг, өвөлжөөний хашаа 9.000.000 төгрөг ... бүгд 32.690.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5 ханатай иж бүрэн гэр, мотоцикль зэргийг өмнөх шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж нэхэмжлэгчид өгсөн. Одоо өөрөө амьдарч байгаа. Үүнийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манайд 147 толгой мал байгаагүй. Байсан малаасаа өөрийн төрсөн охин Л.Буманзаяад 38 тооны мал, хятад мотоциклийг өмч болгон тасалж өгсөн. Мөн бусдын эцэг малыг нэг жилийн хугацаанд маллаж байхаар гэрээ хийж авсан боловч Батжаргал нь өөр хүнтэй суугаад намайг орхиод явсан тул уг малыг маллаж дийлэхээ байгаад хүнд харуулахаар өгсөн бөгөөд уг малыг харсны хөлсөнд бусдаас 50 тооны мал буюу 15 төлөг, 35 борлон авснаас охин Л.Бумандарьд 10 төлөг, 30 борлон өмч болгон өгсөн. Үлдсэн 10 тооны мал буюу 5 толгой төлөг, 5 толгой борлонг тухайн үед зарж хүүхдийн хичээлийн хэрэглэл гэх мэт ойр зуурын хэрэглээнд хэрэглэсэн. Иймд эцэг мал харсны хөлсөнд 80 толгой төлөг, 80 толгой борлон авсан гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Харин хүүхдийн унадаг дугуйг бол зөвшөөрч байна. ... Өвөлжөөний хашаа, зуны байшингийн хувьд Б.Батжаргал банкнаас зээл аваад зээлээ төлөхгүй алга болсон тул тэр хашаа, байшингаа зарж банкны зээл төлсөн. Мотоциклийг хүргэн Сэнгэравданд, өнгөт зурагтыг Бумаа, Зул хоёрт өгсөн. Автомашиныг Шижирбаатар гэдэг хүнээс худалдаж авсан боловч үнийг нь өгч чадаагүй тул буцааж өгсөн. Олон сувгийн антен бол байгаа гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 476 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-т зааснаар Тогруутан Батаахүүгийн Лувсанрэнчин, Онхот Батнасангийн Батжаргал нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Л.Отгонбуян 9 нас 11 сартай,  2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Л.Отгондаваа нарыг төрсөн эх Б.Батжаргалын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Л.Отгонбуян, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Л.Отгондаваа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Лувсанрэнчингээс гаргуулан тэжээн тэтгүүлж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргалын 32.690.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагынхаа зарим хэсгээс татгалзсаныг баталсугай. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3-д зааснаар таван ханатай гэр буюу 500.000 төгрөг, Супер вена маркын мотоцикль буюу 600.000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид үлдээж, хариуцагч Б.Лувсанрэнчингээс өвөлжөөний хашаа 2 ширхэг 1.400.000 төгрөг, 4х6 харьцаатай зуны байшин 2.880.000 төгрөг, өнгөт зурагт 150.000 төгрөг, нарны үүсгэвэр 50.000 төгрөг, олон сувгийн антень 50.000 төгрөг, эр хонь 27 толгой 3.510.000 төгрөг, эр бүдүүн ямаа 20 толгой 1.800.000 төгрөг, эр ямаа 25 толгой 2.000.000 төгрөг, эр шүдлэн ямаа 30 толгой 1.800.000 төгрөг, эм шүдлэн ямаа 45 толгой 2.700.000 төгрөг, төлөг 5 толгой буюу 325.000 төгрөг, борлон 5 толгой буюу 200.000 төгрөг, нийт 16.985.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.Батжаргалаас 3.617.000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.025.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, 32.690.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөл зохих 321.400 төгрөгийг нэхэмжлэгчээс, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 төгрөг, хүүхдийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих 2.006.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хангагдсан 14.468.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 230.290 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Лувсанрэнчин давж заалдах гомдолдоо: ...Тус шүүх үндсэндээ манай гэр бүлийн хэдхэн өмчийг шийдвэрлэхдээ дан ганц нэхэмжлэгчийн талд орж хэргийг шийдвэрлэсэн. Манай хөрөнгийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээгээр өвлийн хашаа байшин 10 сая, 5 ханатай гэр 500.000, өнгөт зурагт, нарны үүсгүүр, олон сувгийн антен 240.000, суудлын аксент машин 5.000.000 төгрөг, хятад мотоцикль 1.000.000, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг 300.000, цахилгаан хадуур 250.000, дружба хөрөө 50.000 төгрөг, малын хувьд эр хонь 27 толгой буюу 4.050.000, эр бүдүүн ямаа 20 толгой буюу 2.000.000, эм ямаа 25 толгой буюу 2.000.000, эр шүдлэн ямаа 30 толгой буюу 2.100.000, эм шүдлэн ямаа 45 толгой буюу 3.150.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

... Дээрх эд хөрөнгөөс гэр бүлийн эд хөрөнгөд хуваагдах эд хөрөнгө нь 5 ханатай гэр буюу 500.000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн надаас шаардсан гэрээс бусад эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүх байхгүй эд хөрөнгийг босгож ирж үнэлж, улмаар тодорхой хэсгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Дээрх мал хөрөнгө байхгүйг Б.Батжаргал сайн мэдэж байгаа бөгөөд банкнаас зээл авахдаа хуучин 2013, 2014 оны мал тооллогын дансыг барьцаа хөрөнгө болгож 1.000.000 төгрөгийн зээл авч түүгээр Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн нутаг Эрхэл нуурын Адуучин толгой гэх газар өвөлжөөний газар, зуны 4х6 хэмжээтэй зах банзаар хийсэн, дээвэр байхгүй байшин буюу үнэндээ сараалж худалдан авч банкны зээл, хүүгийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн тул буцаан 1.000.000 төгрөгөөр зарж хаасан юм. Энэ бүх байдал талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхад гэр бүлийн өмч гэж үзэж шийвэрлэсэн нь буруу байна.

Шүүх дээрх өвөлжөөний хашаа байшинг байна гэж шийдвэрлэхээр түүнд барьцаа хөрөнгийг байна гэж шийдэхээс өөр аргагүй байдалд хүрч мөн тийм хэмжээний мал байна гэж дахин гаргуулж намайг хохироогоод байна. Шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэг ойлгомжгүй байна. Жишээ нь 32.690.000 төгрөгийн эд хөрөнгөөс татгалзсаныг баталсугай гэснийг ойлгохгүй байгаа ба ямар эд хөрөнгө батлаад байгаа нь мэдэгдэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн “...шүүх үндсэндээ манай гэр бүлийн хэдхэн өмчийг шийдвэрлэхдээ дан ганц нэхэмжлэгчийн талд орж хэргийг шийдвэрлэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.Лувсанрэнчин нь нэхэмжлэлийн шаардлагаас хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч Б.Лувсанрэнчин нар нь 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулснаас хойш  2006 оноос 2014 оны 3 дугаар сар хүртэл хамтран амьдарч, энэ хугацаанд 2007 онд охин Л.Отгонбуян, 2009 онд хүү Л.Отгондаваа нарыг төрүүлсэн нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Зохигч нь хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй тул Л.Отгонбуян, Л.Отгондаваа нарыг эх Б.Батжаргалын асрамжид үлдээж, эцэг Б.Лувсанрэнчингээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчид нь гэрлэлтээ сэргээгээгүй хамтран амьдарч байсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ салгаж авахаар нэхэмжлэх эрхтэй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нь дундаа хамтран өмчлөх 32.690.000 төгрөгийн эд хөрөнгөнөөс өөрт болон Л.Отгонбуян, Л.Отгондаваа нарт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад дружба хөрөө буюу 50.000 төгрөг, унадаг дугуй 1 ширхэг буюу 150.000 төгрөг, цахилгаан хадуур буюу 250.000 төгрөг, Мөрөн сумын 3 дугаар багийн 102-4 тоотод байрлах хашаа, байшингаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэг, өвөлжөөний хашааны үнээс 1.000.000 төгрөг, эцэг мал харсны хөлсөнд бусдаас авсан гэх малаас 10 төлөг буюу 650.000 төгрөг, 30 борлон буюу 1.400.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх ба шүүх татгалзлыг батлахдаа ямар шаардлагаас татгалзсаныг тодорхой тусгаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Зохигч нь 2001 онд гэрлэлтээ цуцлуулж, 2006 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхдийн хамт 5 ханатай гэр, мотоцикль, өвөлжөөний хашаа, 4х6 м хэмжээтэй зуны байшин, өнгөт зурагт, нарны үүсгүүр, олон сувгийн антень, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд хөрөнгөтэй байсан талаар нэхэмжлэл, тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тусгай мэдлэг бүхий үнэлгээчнээр үнэлүүлсэн байх ба зохигч үнэлгээний талаар маргаагүй байх тул шүүх 28.960.000 төгрөгөөр хөрөнгө үнэлсэн тайланг /2-р хх-ийн 128-р хуудас/  үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчаас 16.985.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчид 3.617.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийж  маргааны зүйл болох эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө хэмээн үзсэн боловч нэхэмжлэгчид 16.985.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, хариуцагчид 3.617.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хариуцуулан ногдуулсан талаарх үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Хариуцагч Б.Лувсанренчин  “...дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байхгүй, мал, өвөлжөөний хашаа, зуны байшингаа зарж өр төлбөртөө тооцсон, хүүхдүүдээ малнаасаа тасалж өгсөн гэж, нэхэмжлэгч “...намайг хот яваад ирэхэд мал бусад эд хөрөнгөө байхгүй болгосон байсан” гэж тус тус тайлбарлаж байх боловч  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч өөрийн татгалзлыг нотолж чадаагүй энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгт авагдсан 2014 оны мал тооллогын баримт болон зохигчдын гаргасан тайлбар бусад нотлох баримтыг үндэслэж зохигчдын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хувь тэнцүүлсэн байдлаар хувааж ногдуулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өвөлжөөний хашаа 2, төлөг 80 толгой, борлон 80 толгой, аксент маркийн автомашин нэхэмжилсэн байх боловч өвөлжөөний хашаа 1 ширхэгтэй болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014 оны тооллогын баримтаар, Б.Лувсанрэнчингийн нэр дээр авто машин бүртгэлгүй болох нь авто тээврийн үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбарын лавлагаа /хх-ийн 108-р хуудас/-р нотлогдож байх ба харин зохигч нь 80 толгой төлөг, 80 толгой борлонтой байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан журмаар холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлээс дээрх шаардлага буюу төлөг 70 буюу 4.550.000 төгрөг, борлон 50 буюу 2.000.000 төгрөг, аксент маркийн автомашин буюу 2.000.000 төгрөг, өвөлжөөний хашаа буюу 1.200.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн нэхэмжлэгч нь дундаа хамтран өмчилж байсан 147 толгой мал нэхэмжилсэн байх ба  шүүх нэхэмжлэгчид 157 толгой мал олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Б.Лувсанрэнчин нь 147 толгой мал тоолуулсан байх боловч энэ нь дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч нь “...намайг хот руу эмчилгээнд явсан хойгуур гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мал, өвлийн хашаа, байшин зэрэг бусад эд хөрөнгүүдээ хаачуулсныг нь мэдэхгүй алга болгосон” гэж, хариуцагч  нь “...дээрх мал хөрөнгө байхгүйг Б.Батжаргал сайн мэдэж байгаа” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, 147 толгой мал одоо байхгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул  дээрх малыг зохигчид хувааж буюу нэхэмжлэгч Б.Батжаргалын өмчлөлд эр хонь 13 нэгж үнэ 130.000 буюу 1.690.000 төгрөг, эр бүдүүн ямаа 10 нэгж үнэ 90.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эр ямаа 12 нэгж үнэ 80.000 төгрөг буюу 960.000 төгрөг, эр шүдлэн ямаа 15 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эм шүдлэн ямаа 20  нэгж үнэ 60.000 төгрөг буюу 1.200.000 төгрөг буюу нийт 70 толгой мал, хариуцагч Б.Лувсанрэнчингийн өмчлөлд эр хонь 14 нэгж үнэ 130.000 төгрөг буюу 1.820.000 төгрөг, эр бүдүүн ямаа 10 нэгж үнэ 90.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эр ямаа 13 нэгж үнэ 80.000 төгрөг буюу 1.040.000 төгрөг, эр шүдлэн ямаа 15 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эм шүдлэн ямаа 25 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг буюу 77 толгой мал үлдээх нь зүйтэй байна.

Иймд үлдсэн эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч Б.Лувсанрэнчин, охин Л.Отгонбуян, хүү Л.Отгондаваа нарт тэнцүү хэмжээгээр буюу  нэхэмжлэгч Б.Батжаргалд гэр буюу 500.000 төгрөг, зуны байшин буюу 2.280.000 төгрөг, хашааны үнээс 100.000 төгрөг,  хариуцагч Б.Лувсанрэнчинд  мотоцикль буюу 600.000 төгрөг, нарны үүсгүүр буюу 50.000 төгрөг, зурагт буюу 150.000 төгрөг, антень буюу 50.000 төгрөг, хашааны үнээс 100.000 төгрөгийг тус тус үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1774 дүгээр захирамжаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэтэл хойшлуулсан байх ба хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан тул түүнээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Б.Лувсанрэнчингийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 476 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/  Шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтын “зарим хэсгээс” гэснийг “дружба хөрөө буюу 50.000 төгрөг, унадаг дугуй 1 ширхэг буюу 150.000 төгрөг, цахилгаан хадуур буюу 250.000 төгрөг, Мөрөн сумын 3 дугаар багийн 102-4 тоотод байрлах хашаа, байшингаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэг, өвөлжөөний хашааны үнээс 1.000.000 төгрөг, эцэг мал харсны хөлсөнд бусдаас авсан гэх малаас 10 төлөг буюу 650.000 төгрөг, 30 борлон буюу 1.400.000 төгрөг гаргуулах шаардлагаас” гэж,

б/  Шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтыг: “5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч Б.Лувсанренчингээс эр хонь 13 нэгж үнэ 130.000 буюу 1.690.000 төгрөг, эр бүдүүн ямаа 10 нэгж үнэ 90.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эр ямаа 12 нэгж үнэ 80.000 төгрөг буюу 960.000 төгрөг, эр шүдлэн ямаа 15 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эм шүдлэн ямаа 20  нэгж үнэ 60.000 төгрөг буюу 1.200.000 төгрөг буюу нийт 70 толгой мал, гэр буюу 500.000 төгрөг,  зуны байшин буюу 2.280.000 төгрөг, хашааны үнээс 100.000 төгрөг, нийт 8530000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батжаргалд олгож, хариуцагч Б.Лувсанрэнчингийн өмчлөлд  эр хонь 14 нэгж үнэ 130.000 төгрөг буюу 1.820.000 төгрөг, эр бүдүүн ямаа 10 нэгж үнэ 90.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эр ямаа 13 нэгж үнэ 80.000 төгрөг буюу 1.040.000 төгрөг, эр шүдлэн ямаа 15 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 900.000 төгрөг, эм шүдлэн ямаа 25 нэгж үнэ 60.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг буюу 77 толгой мал,  мотоцикль буюу 600.000 төгрөг, нарны үүсгүүр буюу 50.000 төгрөг, зурагт буюу 150.000 төгрөг, антень буюу 50.000 төгрөг, хашааны үнээс 100.000 төгрөг, нийт 7.110.000 төгрөгийн эд хөрөнгө үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас төлөг 70 буюу 4.550.000 төгрөг, борлон 50 буюу 2.000.000 төгрөг, аксент маркийн автомашин буюу 2.000.000 төгрөг, өвөлжөөний хашаа буюу 1.200.000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

в/ Шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтын “14.468.000” гэснийг “8.530.000” гэж, “230.290” гэснийг “151.430” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэтэл хойшлуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                              ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                   Т.ГАНБАТ