Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0650

 

“Мк” ТӨААТҮГ-ын гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Мк” ТӨААТҮГ-ын төлөөлөгч Ж.С-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Мк” ТӨААТҮГ-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б-т холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0683 дугаар шийдвэрээр:

 Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Мк” ТӨААТҮГ-ын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.С-ын давж заалдах гомдолдоо: “...Мк” ТӨААТҮГ нь анх 2017 оны 08 дугаар сард хуучин манаачийн байр байсан акталсан 1 давхар барилгыг нурааж оронд нь 2 давхар 104.4 м.кв ашигтай талбай бүхий өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн. Уг өргөтгөлийн барилгын зураг төслийг “А п” ХХК-аар гүйцэтгүүлж, барилгын суурь болон карказын ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн. Улмаар өргөтгөлийн барилгын ажлын явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ус сувгийн удирдах газрын байцаагч Н.М ирж танилцаад бидэнд анх шаардлага тавьсан. Уг албан шаардлагад танай байгууллагын барилгын суурь бохир усны шугамыг дайран өнгөрч байна. “Техникийн нөхцөл, ажлын зураг, барилга барьж эхлүүлэх зөвшөөрөл авч ирэх, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй байх” 0007289 дугаартай албан шаардлагыг өгсөн болно. Эрх бүхий байгууллагын албан шаардлагыг манай “Мк” ТӨААТҮГ нь биелүүлж барилгыг ажлыг цаашид үргэлжлүүлээгүй болно. Гэтэл үүнээс хойш 1 жил 1 өдрийн дараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Б манай байгууллага дээр Ус сувгийн Удирдах газрын гомдлоор танай өргөтгөлийн барилга бохир усны шугам дайрсан байна гэдэг асуудлыг эргэн ярьж төлөвлөгөөт бус шалгалт явуулж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1802000440 дугаартай зөрчлийн хэрэг нээж улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065676 дугаартай шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас бичсэн.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 4-д заасан зөрчил үйлдсэн хугацаа дууссан байхад мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065676 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчигнүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Мк” ТӨААТҮГ-ын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

          Ус сувгийн удирдах газрын байцаагч нараас гаргасан гомдлын дагуу, “Мк” ТӨААТҮГ-ын өргөтгөл байр барих үйл ажиллагаанд нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065676 дугаар шийтгэлийн хуудсаар “Мк” ТӨААТҮГ-ыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14-д заасныг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн найман зуун нэгж буюу 8,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо “... Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил таслан зогсоогдож зөрчил үйлдсэн хугацаа дууссан байхад мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан” гэжээ.

          “Мк” ТӨААҮГ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын гудамжид байрлах өөрийн байранд 2017 оны 8 дугаар сард өргөтгөл барьж, 2 давхар 104.4 мкв ашигтай талбай бүхий өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлж, уг барилгын ажлын явцад тус оны 10 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас 0007289 дугаартай “... барилгын техникийн нөхцөл, ажлын зураг, барилга барьж эхлүүлэх зөвшөөрөл авах, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй байх тухай” албан шаардлагыг хүргүүлсэн байна.

          Гэтэл тус барилгыг дээрх байцаагчийн албан шаардлагад дурдсан нөхцөл байдлыг дахин тодруулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан, мөн бохир усны төвийн шугаман дээр уг барилга нь баригдсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, уг зөрчлийг үйлдэгдсэн талаар үгүйсгэж маргаагүй боловч зөрчилд тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэлийн хуудас оногдуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

             “Мк” ТӨААТҮГ-ын дээрх зөрчил буюу шугам сүлжээн дээр 2017 оноос эхэлж барилга барьсан, шийтгэл ногдуулах үед зөрчил таслан зогсоогдоогүй, арилаагүй, хэвээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

             Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.