| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0118/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 119
2019 05 02 2019/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Э.Бид холбогдох эрүүгийн 1921000530084 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ........................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ....................регистрийн дугаартай, Боржин овогт Э.Б.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Цагаан нуур” гэх газар нутаглах Н.Ганбаатарыг бусдын алдуул буюу тасарсан хонийг тууж авчирч хашсан байсныг мэдсээр байж уг хониноос 6 тооны төлөгийг /хонь/ завшсаны улмаас хохирогч С.Пүрэвдоржид 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч С.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 09 цагийн үед манай эхнэр үнээгээ саачихаад хонь гэрээс урагшаа 3 орчим км зайд бэлчиж байхаар нь хонин дээрээ очих үед хонины тал нь буюу 100 гаран тооны хонь байхгүй байсан ба 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө хонь гаргахдаа задгай хоносон байсан тул анзаараагүй байсан гэсэн. Тэгээд тэр орчмоор нь хайгаад олоогүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 05 цагийн үед сумын төвөөс ирээд шууд хонио эрээд Булган сумын 4 дүгээр багийн нутаг Бага цагаан нуур гэх газар нутаглах Төмөрөөгийн малчин Гантөмөр гэх хүний малаар очтол хонь нь урагшаа бэлчиж байсан ба манай хонь имээрээ байхаар нь гэрийнх нь гадаа очтол хонь олсон гээд ямаатай хамт хашчихсан байхаар нь Гантөмөрт манай хонь яагаад тасраад ирээ вэ? гэж асуухад Гантөмөр нь Ганбаатарыг хонь олсон гээд авч ирээд хашсан олсон хонь хашаатай байгаа гэхээр нь очоод үзтэл хашаанд Гантөмөрийн ямаатай хамт 79 толгой хонь байсан. Би хашаатай хонийг тоолж гаргачихаад Гантөмөрт та хонио аваад ирээ танай хонинд бас үзъе гэж хэлтэл Гантөмөр хонио хөөгөөд ирсэн. Хөөж ирсэн хонийг хашаад ялгаж үзтэл манай нийт хурга, төлөг, хязаалан, эм хонь нийлсэн 167 толгой хонь тоолж авсан. Одоо яг тоогоороо 12 толгой хонь дутаад байгаа ба 6 эр хонь, 6 эр төлөг дутаад байна. Би өөрийн хонио ялгаж авчихаад Гантөмөр, Ганбаатар хоёрт одоо 12 хонь дутуу байна цагдаа сэргийлэх гээд яахав учраа олъё гэж хэлсэн. Тэр хэд учир олно гээд явсан боловч ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй тэр хонь алга болох өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орой Энхбаатарын хүүхдүүд Э.Б, Ганболд нар нь ирж хөдөө Гантөмөртэй архи уусан ба ямар унаатай ирсэнийг нь мэдэхгүй, Гантөмөр нь би архи ууж байгаад согтоод унасан юу болсныг нь сайн мэдэхгүй байна гээд байсан. Би сумын төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 2 хүн авч ирж байгаад эр хонь болон эр төлөгөө хөлдөөд гаргах үед эр хонь 34 байснаас 28 болж 6 дутуу, эр төлөг нь 43 байснаас 37 болж мөн 6 дутсан байсан, тэгээд би энэ байдлыг шалгаж тогтоолгохоор цагдаад хандаж байна. ...Гэтэл манай алдагдсан 6 эр төлөгийг Э.Б гэх манай сумын залуу авсан гэдгийг цагдаагийн газарт ирээд мэдсэн. Мөн Э.Б нь надад 6 эр төлөгний хохирол болох 360000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. ...Мөн 12 тооны хонь биш 6 хонь буюу 6 төлөг дутсан талаар Ганбаатар, Гантөмөр нарт хэлээгүй тэд нар надтай уулзаагүй тул энэ талаар тэдэнд хэлээгүй юм. Тэгэхээр манай хониноос 6 төлөг алдагдсан гэсэн үг юм. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/
Гэрч Н.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байх тухайн өдөр манай хонинд 100 гаран тооны хонь нийлээд нэг хонож байсан юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган сумын төвд байсан бөгөөд Сүхбатын Амараа, Доржпаламын Цоомоо нартай таараад тэр хоёр нэг шил архи аваад Булган сумын төвд Э.Бийн гэрт очсон. ...Тэгэхээр нь би манай хонинд хэдэн хонь ирсэн одоо хүртэл эзэн нь гарахгүй сураггүй байна гэж хэлсэн. Тэр үед Э.Б тэгвэл хүн мэдээгүй байгаа дээр нь гаргачих гэж хэлэхэд Амараа болохгүй хэд хоногтоо харсан нь дээр гэж хэлсэн. ...Мижиддорж ахын гэрт нь очоод би Э.Б, Мижиддорж нарын хамтаар архи уусан ба архи ууж байхад Э.Б надад хандан гараад чамтай уулзах хэрэг байна гэхээр нь гарахад Э.Б надад хандан танай хөдөө гэрт байгаа тэр хонийг чинь зарчихья, Мижиддорж ахын энд авч ирээд кэмпийн нүхэнд хийчихье гэхээр нь би болохгүй байх хүн мэдчихвэл хэцүү хэд хоногтоо хүлээсэн нь дээр байх гэж хэлсэн. ...Эхнэр бид хоёрыг сумын төв рүү явж байхад манай эхнэр рүү Э.Б залгаад та хоёр хаана байна, хөдөө явах юм уу? гэж асуугаад байхаар нь манай эхнэр Э.Бид сумын төвд хонох байх гэж хэлсэн байсан. Тэр өдөр манай хөдөө гэрт байсан Гантөмөр ахын гэрт нь Э.Б, Мижиддорж, Ганболд нар хамт машинтай очсон байсан. Тэгээд Гантөмөр ахыг архи уулгаж согтоогоод явсан байсан. Гантөмөр ах архи уусан тул согтоод Э.Б, Мижиддорж, Ганболд нарыг хэзээ явсан талаар нь санахгүй байна гэсэн. Би Э.Б, Мижиддорж, Ганболд нарыг явахдаа манай гадаа байгаа айлын хониноос аваад явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч Э.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....аймгийн төвөөс ахын гэрт очих үед Э.Б Ганбаатарын гэр рүү нь явах уу Ганбаатар араас ирнэ гэхээр нь Мижиддорж, Э.Б хоёрыг аваад Ганбаатарын гэр рүү нь явсан. Тэр хэд нилээн архи уусан тул манай хоёр ах нилээн согтуу, том ах Мижиддорж бол их согтуу байсан, намайг очиход Ганбаатар согтуу эхнэр нь машинаа бариад хөдөлж байсан. Тэгээд орой 19 цагийн үед Булган сумын 4 дүгээр багт нутаглах Ганбаатарын гэрт нь очсон. Гэрт нь очих үед Ганбаатарын гэрт малчин Гантөмөр нь байсан бөгөөд Ганбаатар гэртээ байгаагүй. Тэгээд манай хоёр ах Гантөмөр ахтай хамт 1 шил 0,75 архи ууж дуусаад Э.Б “чи хашаатай байгаа хониноос хэдэн хонь аччих” гэхээр нь би ахад хандан энэ юун хонь юм бэ? гэж асуутал Ганбаатар надад хонь өгөх ёстой юм аа эндээс ав гэсэн Ганбаатар араас ирнэ гээд байхаар нь би гараад хашаатай хониноос 6 тооны хонь ачаад тэр хоёрыг аваад Мижиддорж ахын гэрт нь ирсэн. ...Мижиддорж ахын гэрт нь ирээд авч ирсэн 6 тооны хонио гадаа нь махлаад би аймгийн төвд авч ирээд Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах мал мах авдаг цэгт зарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
-Шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35/
-Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Цагаан нуур” гэх газар нутаглах Н.Ганбаатарын хонинд нийлсэн алдуул хонийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 6 тооны төлөгийг /хонь/ завшсаны улмаас хохирогч С.Пүрэвдоржид 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Архиа ууж байгаад Ганболдыг гараад 6 тооны төлөг бариад машиндаа хийчих гэхэд Ганболд юун хонь болох талаар асуухаар нь би Ганбаатараас авлагатай юм гэж хэлсэн. ...Мижиддорж ахын гэрт нь очоод шөнөдөө би ганцаараа 6 төлөгөө махлаад дүү Ганболдод өгч Дорнод аймгийн төв рүү заруулахаар явуулсан...“ гэж /хх-ийн 33-34/, түүнийг давхар нотолсон хохирогч С.Пүрэвдоржийн өгсөн: “ ... манай алдагдсан 6 эр төлөгийг Э.Б гэх манай сумын залуу авсан гэдгийг цагдаагийн газарт ирээд мэдсэн. ...Э.Б нь надад 6 эр төлөгний хохирол болох 360000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. ...Мөн 12 тооны хонь биш 6 хонь буюу 6 төлөг дутсан талаар Ганбаатар, Гантөмөр нарт хэлээгүй тэд нар надтай уулзаагүй тул энэ талаар тэдэнд хэлээгүй юм. Тэгэхээр манай хониноос 6 төлөг алдагдсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, гэрч Э.Ганболдын өгсөн: “...манай хоёр ах Гантөмөр ахтай хамт 1 шил 0,75 архи ууж дуусаад Э.Б “чи хашаатай байгаа хониноос хэдэн хонь аччих” гэхээр нь би ахад хандан энэ юун хонь юм бэ? гэж асуутал Ганбаатар надад хонь өгөх ёстой юм аа эндээс ав гэсэн, Ганбаатар араас ирнэ гээд байхаар нь би гараад хашаатай хониноос 6 тооны хонь ачаад тэр хоёрыг аваад Мижиддорж ахын гэрт нь ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Н.Ганбаатар /хх-ийн 18-20/, гэрч Л.Гантөмөр /хх-ийн 12-13/, гэрч Э.Мижиддорж /хх-ийн 23/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Бид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржин овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Бид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР