Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019       05        02                                         2019/ШЦТ/120

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1921002170116 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Таван толгойн уурхайн туслан гүйцэтгэгч компанид жолооч ажилтай, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, ............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж өршөөлийн хуулиар суллагдсан, мөн шүүхээр 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,  бие эрүүл гэх, ....................... регистрийн дугаартай, Халх овогт Г.Б.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” буудлын өрөөнөөс иргэн Ц.Батдоржийн эзэмшлийн “Самсунг А-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ч.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...19 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Баян буудалд буцаад ирэх үед тэр хоёр буудалдаа унтаж байсан, би тэр буудалд нь хэсэг унтаж байгаад сэрэх үед миний унтаж байсан орны толгой дээр байсан Самсунг А-6 маркийн гар утас алга болсон байсан ба Амармөрөн орон дээрээ унтаж байсан ба харин Г.Б гараад явсан байсан. Утсаа хайгаад олохгүй, Г.Бтэй холбогдож чадахгүй хэд хонож байгаад утсаа асуух санаатай гэрт нь очиход эгч нь Г.Б гэрээсээ гараад хэд хоног ирээгүй байна гэхээр нь би утсаа алдсан талаараа цагдаад хандсан. Гэтэл Г.Б нь миний гар утсыг намайг унтаж байх хооронд Баян буудлаас авч гараад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Парис баарны урд талын цэнхэр дэлгүүрт худалдагч хийдэг эмэгтэйд зарсан байсан ба тэр эмэгтэй нь миний утсыг худалдаж аваад кодыг нь гаргуулахаар Улаанбаатар хот руу явуулсан байсан тул цагдаагийн алба хаагч миний утсыг авчруулан уг дэлгүүрээс авч надад хүлээлгэн өгсөн. Одоо утсаа буцааж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

Гэрч О.Маралцэнд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн үед улбар шаргал өнгийн куртка өмссөн 30 орчим насны залуу орж ирээд “утас зарах гэсэн юм” гээд Самсунг А-6 маркийн гар утас байхаар нь би “чиний утас мөн юм уу?” гэж асуутал “миний утас мөн ямар ч асуудал байхгүй” гээд байхаар нь “хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухад “80000 төгрөгөөр зарна” гэхээр нь би “утас чинь цэнэггүй юм байна, тэгээд ч цэнэг сайн орохгүй байна 50000 төгрөгөөр авч болох юм” гэтэл “тэг тэг” гээд 20000 төгрөгөнд нь архи аваад бэлэн 30000 төгрөг авсан тэгээд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа нөгөө авсан утсаа Улаанбаатар хот руу кодыг нь гаргуулахаар явуулсан байсан. Тэр үед цагдаа нар ирээд намайг хулгайн утас худалдаж авсан байна гэхээр нь би тэр утсаа Улаанбаатар хотоос авчруулаад цагдаагийн газраас уг утсыг хурааж авсан.  Утас хурааж авсаны маргааш нь Г.Б гэх залуу надад 50000 төгрөг бэлнээр нь авчирч өгсөн. Би утас худалдаж авсан мөнгөө Г.Б гэх залуугаас бүрэн авсан, иймд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/

-Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

     Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” буудлын өрөөнөөс хохирогч Ц.Батдоржийн эзэмшлийн “Самсунг А-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...нилээн согтоод орой нь буудлаас ганцаараа гарсан, Батдорж унтаад үлдсэн. Гараад явж байхад би Батдоржийн гар утсыг авчихсан байсан, түүний гар утсыг хэрхэн яаж авснаа санахгүй байгаа юм. Ингээд нэгэнт авчихсан юм чинь дэлгүүрт тавьж мөнгө болгоод архи авна, маргааш нь буцаагаад аваад өгчихнө гэж бодоод Хэрлэн сумын 6 дугаар баг “Парис” баарны урд талын дэлгүүрт тавьж нэг шил архи, бэлнээр 30000 төгрөг авч гаран архийг нь уугаад согтсон. Тэгээд өглөө нь Баян-Уул сум руу том тэрэг бариад явчих гэж хүн гуйхад нь явсан. Баян-Уул суманд 2 хоночихоод ирэхэд эгч цагдаагаас чамайг хүн асуугаад байна гэж хэлэхэд нь би өөрөө цагдаа дээр очиж гар утас авсан талаараа үнэнээ хэлсэн...“ гэж /хх-ийн 17-18/, түүнийг давхар нотолсон хохирогч Ц.Батдоржийн өгсөн: “ ... Г.Б миний гар утсыг намайг унтаж байх хооронд Баян буудлаас авч гараад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Пари”с баарны урд талын цэнхэр дэлгүүрт худалдагч хийдэг эмэгтэйд зарсан байсан ба тэр эмэгтэй нь миний утсыг худалдаж аваад кодыг нь гаргуулахаар Улаанбаатар хот руу явуулсан байсан тул цагдаагийн алба хаагч миний утсыг авчруулан уг дэлгүүрээс авч надад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, гэрч О.Маралцэндийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн үед улбар шаргал өнгийн куртка өмссөн 30 орчим насны залуу орж ирээд утас зарах гэсэн юм гээд Самсунг А-6 маркийн гар утас байхаар нь “би чиний утас мөн юм уу?” гэж асуутал “миний утас мөн ямар ч асуудал байхгүй” гээд байхаар нь “хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухад “80000 төгрөгөөр зарна” гэхээр нь би “утас чинь цэнэггүй юм байна, тэгээд ч цэнэг сайн орохгүй байна 50000 төгрөгөөр авч болох юм” гэтэл “тэг тэг” гээд 20000 төгрөгөнд нь архи аваад бэлэн 30000 төгрөг авсан тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Бийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

1.Шүүгдэгч Халх овогт Ганбаатарын Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбаатарын Г.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Бийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Бд мэдэгдэж, шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Бийн ..................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР